Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0092

 

“Н з т н”

ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Гуравдагч этгээд Д.Ж-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Гуравдагч этгээд Ч.А-ын өмгөөлөгч Д.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дүгээр батламжийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59 дүгээр тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Троллейбус JEA800” шинэ бүтээлийн 2927 дугаар патент, Монгол Улсын Шадар сайдын 2008 оны 13 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлийн 3181 дугаар патент, Монгол Улсын Шадар сайдын 2008 оны 06 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, Ч.А нарт олгогдсон “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”-ийн 3177 дугаар патент, “JAF-01” тогтмол гүйдлийн хувиргуур”-ийн 3178 дугаар патентуудыг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 793 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Э.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.У, Д.О

Гуравдагч этгээд Ч.А, түүний өмгөөлөгч Д.Н

Гуравдагч этгээд Д.Ж-ы өмгөөлөгч Б.Д

Гуравдагч этгээд С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н з т н” ОНӨААТҮГ-аас Оюуны өмчийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дүгээр батламжийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59 дүгээр тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Троллейбус JEA800” шинэ бүтээлийн 2927 дугаар патент, Монгол Улсын Шадар сайдын 2008 оны 13 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлийн 3181 дугаар патент, Монгол Улсын Шадар сайдын 2008 оны 06 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, Ч.А нарт олгогдсон “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”-ийн 3177 дугаар патент, “JAF-01” тогтмол гүйдлийн хувиргуур”-ийн 3178 дугаар патентуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 793 дугаар шийдвэрээр: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн /2006/ 3 дугаар зүйлийн 3.1, Патентийн тухай хуулийн /2006/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.8, Төрийн албаны тухай хуулийн /2002/ 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н з т н” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаартай оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дүгээр батламжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Маргаан бүхий шинэ бүтээлүүдийг бүтээж, холбогдох патентуудыг гаргуулахаар мэдүүлэг гаргах үед буюу 2006-2014 онд гуравдагч этгээд Д.Ж нь захирлаар, С.Э нь 2006-2016 онд ерөнхий инженерээр, Ч.А нь 2006 оноос хойш электроникийн инженерээр тус тус ажиллаж байгаа бөгөөд ийнхүү албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ажил олгогч байгууллагын өмчид хамаарах шинэ бүтээлүүдийг хувийн өмчид бүртгүүлж, нэхэмжлэгч байгууллагын удирдлагаар ажиллаж байхдаа патентийг өөрсдийнхөө нэр дээр гаргуулсан нь хууль бус байна.

3.2. Патентийн тухай хуулийн /2006/ 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу дээрх шинэ бүтээлүүдийг гуравдагч этгээдүүдийн нэр дээр бүртгэж, патент олгох нь хууль бус талаар няцаасан нотолгоо гаргах эрх бүхий этгээд нь “Н з т н” ОНӨААТҮГ хуучнаар “Ц т” ОНӨААТҮГ бөгөөд дээр дурдсанчлан маргаан бүхий шинэ бүтээлүүдийн патент олгосон 2007-2008 онуудад гуравдагч этгээд Д.Ж нь тус газрын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр буюу захирлаар ажиллаж байсан тул өөртөө давуу байдал бий болгож, санаатайгаар маргаан бүхий патентуудыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байхад анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

3.3. Гуравдагч этгээдүүдэд олгосон маргаан бүхий патентууд болон шинэ бүтээлүүдийг өмчлөх эрхийг бүртгэх, баталгаажуулахтай холбоотой харилцааг Патентийн тухай хууль /2006/-аар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлд “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогчийн эрх” гээд 16.6-д “Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ” гэж заасны дагуу гагцхүү ажил олгогч нь патент эзэмших эрхтэй этгээд болно.

3.4. Хэрэв гуравдагч этгээд Д.Ж, С.Э, Ч.А нар нь тухайн үед “Н з т н” ОНӨААТҮГ ажилладаггүй байсан бол дээрх шинэ бүтээлүүдийг зохион бүтээх боломжгүй байсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59 дүгээр тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Троллейбус JEA800” шинэ бүтээлийн 2927 дугаар патент, 2008 оны 06 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, Ч.А нарт олгогдсон “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”-ийн 3177 дугаар патент, “JAF-01” тогтмол гүйдлийн хувиргуур”-ийн 3178 дугаар патент, 2008 оны 13 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлийн 3181 дугаар патентуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ч.А-ын өмгөөлөгч Д.Нэргүй дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “Дүгнэлт, батламж нь захиргааны акт биш: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан хүчингүй болгуулах нэхэмжлэлийн зүйл нь зөвхөн “захиргааны акт” байх ёстой. Шүүхийн шийдвэр болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 3/76 дүгнэлт, 04 дүгээр батламж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 болон Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тодорхойлсон захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй ба захиргааны шийдвэр биш. Дүгнэлт, батламж нь заавал биелэгдэх шинжгүй буюу түүнийг биелүүлээгүй тохиолдолд албадлага хэрэгслээр гүйцэтгэдэггүй, мөн дүгнэлт нь тодорхой эрх зүйн нөлөөлөл үзүүлэхэд чиглэсэн хэдий ч ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэдэггүй. Мөн дүгнэлт, батламж нь оюуны өмчийн эрх зүйн харилцааны хөгжил, үе шатаас хамаарсан хэлбэрийн төдий баримт бичиг юм.

4.2. Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаартай оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, Оюуны өмчийн газрын 04 дугаартай батламж нь зөвхөн Патентийн тухай хуулиар зохицуулсан харилцаа юм. Мөн Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006/ болон Зохиогчийн эрхийн тухай хууль /2020/-д хамаарах асуудлаар хэргийн оролцогчид огт маргаагүй.

4.3. Гэтэл шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт уг дүгнэлт, батламжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006/ болон Зохиогчийн эрхийн тухай хууль /2020/-ийг тус тус баримталж хууль буруу хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг /Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаартай оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, Оюуны өмчийн газрын 04 дугаартай батламж/-ийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. “Анхан шатны шүүхийн шийдвэрт “... Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаартай оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дүгээр батламжийг хүчингүй болгож” гэсэн байна. Үүнийг гуравдагч этгээдийн зүгээс дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

5.2. Зохиогчийн эрхийн тухай хууль нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлд “Кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлийн зохиогчийн эрх”-ийн талаар зохицуулсан байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь маргаан бүхий харилцааг зохицуулаагүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн гэх Зохиогчийн эрхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлээ болгож, “... эрх бүхий хөрөнгийн үнэлгээчнээр тогтоолгох нь хувийн эрх зүйн зарчимд нийцэхээр байх тул” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь гуравдагч этгээд болон хариуцагч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн бөгөөд үүний үр дүнд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

5.3. Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаартай оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дүгээр батламж нь захиргааны акт биш юм. Хувийн эрх зүйн хүрээнд чиглэгдсэн, ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байна. Иймд оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, батламж нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн “... Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаартай оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дүгээр батламжийг хүчингүй болгож” гэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Ч.Аын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.1. Д.Ж, Ч.А, С.Э нараас Оюуны өмчийн газарт 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Троллейбус JEA-800” бүтээгдэхүүний загварын өргөдөл[1], Д.Ж, Ч.А нараас 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Тогтмол гүйдлийн хувиргуур”, “Дуобус”, “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах систем” нэртэй шинэ бүтээлийн өргөдөл[2], 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Оюуны өмчийн газарт “JEA 800F, дуобус-МЛ шинэ бүтээлийн шийдлийн хамтран эзэмшигчээр С.Эийг нэмж оруулах” тухай өргөдлийг тус тус гаргасны дагуу Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр тушаалаар[3] Д.Ж, Ч.А, С.Э нарыг “Троллейбус JEA-800” шинэ бүтээлийг /2927 дугаар патент/, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тушаалаар[4] Д.Ж, Ч.А нарыг “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N” /3177 дугаар патент/, “JAF-01 тогтмол тоон гүйдлийн хувиргуур” шинэ бүтээлийг /3178 дугаар патент/, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тушаалаар[5] Д.Ж, Ч.А, С.Э нарыг “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” шинэ бүтээлийн /3181 дугаар патент/ өмчлөгчөөр баталж, шинэ бүтээлийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөгч нарт патент олгохыг Оюуны өмчийн газарт зөвшөөрсөн байна.

Энэхүү тушаалуудыг үндэслэн Д.Ж, Ч.А нарт “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N” шинэ бүтээлийн 3177 дугаар патент, “JAF-01 тогтмол тоон гүйдлийн хувиргуур” шинэ бүтээлийн 3178 дугаар патент, Д.Ж, Ч.А, С.Э нарт “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” шинэ бүтээлийн 3181 дүгээр патентыг 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 20 жил, “Троллейбус JEA-800” шинэ бүтээлийн 2927 дугаар патентыг 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 20 жилийн хугацаатай тус тус олгожээ.

2.2. Үүнийг эс зөвшөөрч “Н з т н” ОНӨААТҮГ-аас хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Д.Ж, С.Э, Ч.А нар нь ... ажиллаж байх хугацаандаа “Ц т” ОНӨААТҮГ-ын хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бүтээлүүдийг албан тушаалын байдлаа ашиглан өөрсдийн нэр дээр бүртгүүлж авсан нь хууль, холбогдох дүрэм, журамд нийцэхгүй” хэмээн тайлбарлан маргасан байна.

2.3. Анхан шатны шүүх энэхүү маргааны тохиолдолд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “... Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59, 2008 оны 06, 13 дугаар тушаалуудаар Д.Ж, С.Э, Ч.А нарыг “Троллэйбус JEA800”, “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем” “JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур”, “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус-Дуобус МЛ” шинэ бүтээлүүдийн өмчлөгчөөр бүртгэж, патент олгосон нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзнэ” хэмээн хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.4. Патентийн тухай хуулийн /2006/ 7 дугаар зүйлийн 7.1-д “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана”, 16 дугаар зүйлийн 16.6-д “Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ”, 16 дугаар зүйлийн 16.7-д “Ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ” хэмээн заажээ.

2.5. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч гаргах эрхтэй, гэхдээ албан үүргээ гүйцэтгэх явцад бүтээсэн бол ажил олгогч уг эрхийг эдлэхээр, хэрэв ажил олгогчоос шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрхийг эдлэхээр нарийвчлан зохицуулсан байна.

2.6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Ц т” НӨҮГ-ыг татан буулгаж, “Н з т н” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулсан, “Ц т” НӨҮГ нэртэй байхад гуравдагч этгээд Д.Ж 2006[6]-2014 онуудад тус газрын захирлаар, гуравдагч этгээд С.Э 2005-2016[7] онуудад ерөнхий инженер, нэгтгэлийн 2 дугаар баазын даргаар, гуравдагч этгээд Ч.А 2006[8] оноос цахилгаан хангамж, техник засварын албаны даргаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон, үүнтэй талууд маргаагүй байна.

2.7. Түүнчлэн “Ц т” УҮГ-ын захирал Д.Жаас Нийслэлийн тээврийн газрын дарга, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, Монгол Улсын Ерөнхий сайд, Нийслэлийн өмчийн харилцааны газарт шинэ троллейбус угсрах зардлыг шийдвэрлүүлэхээр “...тус компанийн хамт олон 2006 онд JEA-800 маркын троллейбусыг өөрсдийн засвар үйлчилгээний бааз суурийг ашиглан компанийн зардлаар угсарч үйлдвэрлэн шугамын үйлчилгээнд ажиллуулсан ... дахин троллейбус угсрах зардлыг төсөвт суутгаж дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн агуулга бүхий албан бичгээр хандаж байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “ ... ажиллаж байх хугацаандаа “Ц т” ОНӨААТҮГ-ын хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бүтээлүүдийг ... өөрсдийн нэр дээр бүртгүүлж авсан нь хууль, холбогдох дүрэм, журамд нийцэхгүй” талаарх нэхэмжлэлийг үндэслэлийг үгүйсэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас хуульд заасан нягталж шалгах, шүүлт хийх үүргээ хангалттай хэрэгжүүлэлгүйгээр ажил олгогчийг төлөөлж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд нь өөрийн нэрээр мэдүүлэг гаргасныг анхааралгүй мэдүүлгийг хүлээн авсан нь буруу байна.

2.8. Тодруулбал, Патентийн тухай хуулийн /2006/ 16 дугаар зүйлийн 16.7-д “Ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ” гэж зааснаар 6 сарын дотор мэдүүлэг гаргах, хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Шинэ бүтээлийн ном зүй, томьёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш З сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно” хэмээн заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хандах, маргаан үүсгэх эрх бүхий этгээд нь “Ц т” НӨҮГ-ын захирал Д.Ж өөрөө байхын зэрэгцээ, уг үүргээ хэрэгжүүлээгүй энэ тохиолдолд Д.Ж, С.Э, Ч.А нарыг маргаан бүхий шинэ бүтээлийн өмчлөгчөөр баталж, улмаар шинэ бүтээлийн патент олгосныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

2.9. “Троллейбус JEA-800”, “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N, “JAF-01 тогтмол тоон гүйдлийн хувиргуур”, “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” шинэ бүтээлийн зохиогч нь гуравдагч этгээд Д.Ж, С.Э, Ч.А нар байхыг үгүйсгэхгүй боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан Патентийн тухай хууль /2006/-д албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг ажил олгогч эдлэхээр заасан, энэ агуулгаараа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Патентын тухай хуулийн /2021/ 11 дүгээр зүйлийн 11.2-т “Ажлын байран дахь шинэ бүтээл, ашигтай загварын патент авах эрхийг ажил олгогч эдэлнэ” хэмээн тусгагдсан байна.

3. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээд Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Ч.Аын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

3.1. Оюуны өмчийн газраас 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар албан бичгээр “Ц т” ОНӨААТҮГ-т оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлтийг хүргүүлжээ. Уг дүгнэлтээр “2927 тоот патент бүхий “Троллейбус JEA-800”, 3177 тоот патент бүхий “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N, 3178 тоот патент бүхий “JAF-01 тогтмол тоон гүйдлийн хувиргуур”, 3181 тоот патент бүхий “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” шинэ бүтээлүүд, 1801 тоот патент бүхий “Троллейбус JEA-800” бүтээгдэхүүний загварын үнэлгээг аудитын тооцоо, гаргасан хэмнэлт зэргийг харгалзан үзсэнээр “4 260 000 000” /дөрвөн тэрбум хоёр зуун жаран сая/ төгрөгөөр үнэлэгдэх боломжтой болохыг тогтоож” баталгаажуулсан, Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Оюуны өмчийн газраас “Ц т” ОНӨААТҮГ-т 04 дугаар батламжийг олгосон байна.

3.2. Патентийн тухай хуулийн /2006/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Монгол Улсад шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ”, 26.1.12-т “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын үнэлгээг зохиогчийн хүсэлтээр баталгаажуулах”, Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 65 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах журам”-ын 2.9-д “Комиссын гишүүд 80-аас доошгүй хувийн ирцтэйгээр зөвлөлдөж шийдвэр гаргана”, 2.10-д “Үнэлгээ тогтоох болон баталгаажуулахад дараах зүйлүүдийг харгалзан үзнэ”, 2.10.2-т “Эдийн засгийн үзүүлэлт, хэмнэлт, үр ашиг, орлого, зарлага”, 2.10.3-д “үнэлгээний зүйлийг бүтээхэд гаргасан оюуны болон бусад зардал” хэмээн Оюуны өмчийн газрын даргын тушаалаар томилогдсон комисс шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын үнэлгээг тогтоож, баталгаажуулах эрхтэй байх бөгөөд ингэхдээ Эдийн засгийн үзүүлэлт, хэмнэлт, үр ашиг, орлого, зарлага, үнэлгээний зүйлийг бүтээхэд гаргасан оюуны болон бусад зардал гэх мэт зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр үнэлгээг тогтоож, баталгаажуулах талаар зохицуулжээ.

3.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 36 дугаар тушаалаар үнэлгээний комиссын гишүүдийг томилсон байх боловч уг үнэлгээний комисс маргаан бүхий патентуудын үнэлгээг тогтоохдоо дээр дурдсан журамд заасан ажиллагааг хэрхэн хэрэгжүүлсэн, ямар баримтад үндэслэн үнэлгээг тогтоож, баталгаажуулсан нь тодорхойгүй, Үнэлгээний комиссын хурлын тэмдэглэл, холбогдох баримтууд байхгүй, оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлтэд “бүтээгдэхүүний загварын үнэлгээг аудитын тооцоо, гаргасан хэмнэлт зэргийг харгалзан үзсэнээр ... ” гэснээс үзэхэд дан ганц аудитын тооцоо, түүнд тусгагдсан хэмнэлтэд үндэслэн үнэлгээг тогтоож, баталгаажуулсан гэж үзэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт болон батламжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв байна.

3.4. Түүнчлэн гуравдагч этгээд Ч.Аын өмгөөлөгч болон гуравдагч этгээд Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Дүгнэлт, батламж нь захиргааны акт биш” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 65 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах журам”-д үнэлгээ тогтоох болон баталгаажуулах үйл ажиллагааг томилогдсон комисс явуулах бөгөөд комисс хуралдаанаараа асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргахаар зааснаар Үнэлгээний комисс оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт гаргаж, түүнийг үндэслэн 04 дүгээр батламжийг олгосон нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас ...тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхээр байна. Уг дүгнэлт, батламжид үндэслэн “Патентийн лицензийн гэрээ”-г патент эзэмшигч бөгөөд “Ц т” УҮГ-ын захирал Д.Ж, ерөнхий инженер С.Э, цахилгаан хангамж, техник засварын албаны дарга Ч.А нар нь тус улсын үйлдвэрийн газрын орлогч захирал Я.Л-тэй байгуулж, энэ нь өнөөг хүртэл эрх зүйн болоод эдийн засгийн үр дагаврыг үүсгэсээр байгааг дурдах нь зүйтэй.

Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд Д.Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Ч.Аын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 793 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Патентийн тухай хуулийн /2006/ 16 дугаар зүйлийн 16.6, 16.7, 26 дугаар зүйлийн 26.1.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н з т н” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 04 дүгээр батламж, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59 дүгээр тушаалын Д.Ж, С.Э, Ч.А нарт холбогдох хэсэг болон уг тушаалаар тэдэнд олгосон “Троллейбус JEA800” шинэ бүтээлийн 2927 дугаар патент, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 13 дугаар тушаалын Д.Ж, С.Э, Ч.А нарт холбогдох хэсэг болон уг тушаалаар тэдэнд олгосон “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлийн 3181 дүгээр патент, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 06 дугаар тушаалын Д.Ж, Ч.А нарт холбогдох хэсэг болон уг тушаалаар тэдэнд олгосон “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”-ийн 3177 дугаар патент, “JAF-01” тогтмол гүйдлийн хувиргуур”-ийн 3178 дугаар патентуудыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд Д.Ж-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Ч.Аын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр талд,

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар талаас,

[3] 3 дугаар хавтаст хэргийн 237 дугаар талд,

[4] 4 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар талд,

[5] 4 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар талд,

[6] 2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар, 3 дугаар хавтаст хэргийн 211 дүгээр талд,

[7] 2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар, 3 дугаар хавтаст хэргийн 214 дүгээр талд,

[8] 2 дугаар хавтаст хэргийн 126 дугаар, 3 дугаар хавтаст хэргийн 217 дүгээр талд,