Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 0727

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Б (үнэмлэхийн дугаар:1141) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Д-гийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008017670917 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Бэлх ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Д-гийн М (РД: ...............).

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын задгай тоотод оршин суух Л.М-ийн байнга оршин суух монгол гэрийн хаалганд түлхүүр тааруулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг (хавтаст хэргийн 4-8 дугаар тал),

2. Цагдаагийн ахлагч О.А-ын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн: “...Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн “Дизи” дуудлагатай нохойн хамт очиж үзлэг хийхэд албаны нохой ашиглах боломжгүй... ул мөр үгүй... цааш ойр орчмоор биечлэн сурвалжлага хийхэд хажуу айл Бынд 2-3 хоног хонож, амьдарч байсан М гэх хүнийг сэжиглэж байна гэх мэдээллийг олов...” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 12 дугаар тал),

3. Хохирогч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг өнгөрч байхад эхнэр бид хоёр ажилдаа явсан... эхнэрийн дүү З.М үлдсэн... З.М 08 цаг өнгөрч байхад гэрийг цоожлоод түлхүүрийг нь хаалганы дээд талд гэрийн эсгийний завсар хийсэн гэсэн... эхнэр, дүү, бид гурав 20 цаг өнгөрч байхад гэртээ харьсан... гэрийн түлхүүр байхгүй байхаар нь дүү, бид хоёр хаалгаа нугасаар нь салгаж гэртээ ороход гэрийн хойморт байсан 49 инчийн ТСL маркийн зурагт алга болсон байсан...зурагтаа 2016 онд 1.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан... манай гэрийн хажууд баз Б-ын гэр байдаг... өмнө нь хамт ажилладаг байсан Мийгаа гэх залуу ирж хоёр өдөр хоносон. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дүү М-ийг ажилдаа явахад Мийгаа Б-ын гэрт ганцаараа үлдсэн гэсэн... орой бид нарыг ирэхэд М алга болсон байсан болохоор би тэр залууг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

4. Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...эх нь байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт надтай хамт айлын хашаа түрээсэлж амьдардаг... хувиараа барилгын ажил хийдэг... хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө ажилдаа яваад орой гэртээ ирээгүй... миний хүү М-той Хөшөөтийн уурхайд цуг ажиллаж байсан Б гэх залуу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр... залгаад М манай гэрт 2-3 өдөр хонохдоо манай хашаанд байдаг базын гэрээс зурагтыг нь хулгайлаад явсан байна гэж хэлсэн... би Б-тай холбогдож...“Үлэмж оргилуун мөрөн” нэртэй ломбардад очиж барьцаанд тавьсан зурагтын төлбөр болох 486.500 төгрөгийг ломбардад тушаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

5. Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал (хавтаст хэргийн 30 дугаар тал) 

6. “Үлэмж оргилуун мөрөн” ХХКомпанийн барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

7. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 32 дугаар тал) 

8. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

9. “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 703 дугаар хөрөнгийн үнэлгээний: “...TCL маркийн зурагт...нийт үнэлгээ 790.000 төгрөг...” гэх тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

10. Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би баз Л.М-ийн гэрийн хаалганы түлхүүр хаана байдаг талаар найз Мид огт хэлж байгаагүй... 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цагийн үед би айлаас хүүхдээ авч ирэх гээд М-ийг гэртээ цай чанаад байж байгаарай гэж хэлээд үлдээсэн... М манай гэрт ирчхээд Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн тойрог дээр Замын цагдаад машинаа хураалгасан, мөнгөний хэрэг гарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар тал),

11. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэст явуулсан албан тоот болон холбогдох материалууд (хавтаст хэргийн 57-73 дугаар тал),

12. Шүүгдэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн:

 “...найз Б-ын гэрт 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр очиж... 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн үед... нэг шил архи уучхаад... 23 цагийн үед  машинаа барьж яваад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоо, Баянбүрдийн тойрог дээр замын цагдаад баригдаж машинаа журмын хашаанд хийлгэсэн...2020 оны 04 дүгээр сарын 21-ний шөнийн 04 цагийн үед буцаад Б-ын гэрт ирсэн... Б би оройхон хүүхдээ айлаас аваад ирье гэж хэлээд явахаар нь Б-ын дүү М-нийн гэрт хүн байхгүй байхаар нь би гэрийн хаалганы хатавчнаас түлхүүрийг аваад... гэрт нь орж 49 инчийн TCL маркийн хар өнгийн зурагтыг аваад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд ломбардад 450.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал),        

13. Шүүгдэгч Д.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дугаар тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр тал), сурагчийн хувийн хэрэг (хавтаст хэргийн 82-87 дугаар тал), Хаан банк дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 88-95 дугаар тал) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч шүүгдэгч Д.М-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Д.М нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын задгай тоотод оршин суух иргэн Л.М-ийн байнга оршин суух зориулалттай монгол гэрийн хаалганд түлхүүр тааруулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг (хх 4-8), Цагдаагийн ахлагч О.А-ын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн илтгэх хуудас (хх-12), хохирогч Л.М-ийн мэдүүлэг (хх20-21), гэрч Х.О-ийн мэдүүлэг (хх25-26), “Үлэмж оргилуун мөрөн” ХХКомпанийн барьцаат зээлийн гэрээ (хх-31), “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх36-37), шүүгдэгч Д.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-47), гэрч М.Б-ын мэдүүлэг (хх-55) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Д.М нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Л.М-ийн орон байранд нэвтэрч түүний эзэмшлийн ТСL маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-д “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 703 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх36-37)-ээр 790.000 төгрөгийн хохирол учирсан ба 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл”(хх-34)-ээр ТСL маркийн зурагтыг биет байдлаар бүрэн бүтэн буцаан хүлээлгэж өгсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт”-ийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,“хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүний гэм буруугаа хүлээж байгаа, хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээнээс доогуур ял буюу нэг жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Д.М нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй (хх-56) буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.М-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Д.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008017670917 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.М-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2008017670917 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР