| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0665/Э |
| Дугаар | 0729 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 0729
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгч Ө.У,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б (үнэмлэхийн дугаар:2814) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908006490736 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Яармагийн ..... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байранд хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 248 дугаар магадлалаар шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн,
Э овогт Ө-ийн У (РД:.................).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ө.У нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр хөтөл 1-18 тоотод байрлах “Баянбулаг” хүнсний дэлгүүрийн лангуун доороос иргэн Л.М-ын “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.У мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч И.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би нөхөр Мын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо 1-118 тоотод Баянбулаг гэх хүнсний дэлгүүр ажиллуулдаг... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би хоёр давхарт гэртээ байж байтал нөхөр М 17 цагийн үед... намайг дуудсан... 19 цагийн үед гар утсаа хайтал олдоогүй... М гар утсаа алдсан байна гэж мэдээд хяналтын камер шүүхэд үл таних эрэгтэй хүн аваад явсан байсан...2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр М миний төрсөн өдрөөр авч өгч байсан миний эзэмшлийн утас... Мобикомоос 900.000 төгрөгөөр авч байсан...”,
“... би гар утасныхаа хохирлыг барагдуулаад авчихвал, надад өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 25 дугаар тал),
2. Гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 1-18 тоотод хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр жижиг биетэй, шар царайтай, куртик өмссөн залуу орж ирээд “Нүүдэл бууз байна уу” гэсэн “Нүүдэл бууз байхгүй, өөр бууз байна” гээд үзүүлсэн... тэр залуу гараад явсан. 10 минутын дараа нэг ширхэг живэх аваад утсаар яриулаач гэсэн... би Нокиа маркийн утсаар яриулах гэж өгчхөөд... эхнэрээ дуудчихаад ирсэн чинь утсаар яриад зогсож байсан... ярьж дуусчхаад утас оролдоод байхаар нь утсаа авсан... би утсаа алдсан гэдгээ мэдээгүй... 19 цагийн үед манай эхнэр Уранчимэг гар утсаа хайсан... залгахад холбогдох боломжгүй байсан... утсаар ярьсан залууг хулгайлсан байна гэж бодоод хяналтын камераа шүүж үзэхэд лангуун доор байсан эхнэр У-ийн Самсунг Жи-7 гар утсыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
3. “Мастер үнэлгээ” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19/048 дугаар тайлан (хавтаст хэргийн 47-48 дугаар тал)
4. Шүүгдэгч Ө.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр... Хөтөл дээр зам дагуу байдаг нэг хүнсний дэлгүүр лүү орж утсаар ярих шаардлага гараад орсон... худалдагч нэг ах байсан... шилэн лангууны доод талд Самсунг Жи-7 маркийн гар утас байхаар нь нөгөө ахаас би утсаар ярьж болох уу гэтэл надад хар өнгийн товчлууртай Нокиа маркийн гар утас гаргаж өгөхөөр нь утсаар ярьж байгаа дүр үзүүлээд зогсож байтал нөгөө ах цаашаа хараад юм хийгээд байхаар нь лангууны араас... гар утсыг аваад халаасандаа хийгээд нөгөө ахад утсаар ярьсан мөнгийг нь өгөөд шууд гараад явсан... гар утсаа Монтел дээр очоод явуулын хүнд 110.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь рс тоглоом тоглоод, идэж уугаад дууссан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар тал),
5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дугаар тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 91-96 дугаар тал), Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 248 дугаар магадлалын хуулбар (хавтаст хэргийн 97-102 дугаар тал), эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.У-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон зүйлчлэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Ө.У нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Хөтлийн 1-18 тоотод байрлах “Баянбулаг” хүнсний дэлгүүрийн лангуун доороос иргэн И.У-ийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:
- хохирогч И.У-ийн мэдүүлэг (хх-21-22, 25), гэрч Л.М-ын мэдүүлэг (хх 26-27), “Мастер үнэлгээ” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19/048 дугаар тайлан (хх 47-48), шүүгдэгч Ө.У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-45) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ө.У нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн И.У-ийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох “Самсунг Жи-7” загварын гар утасыг 320.000 төгрөгөөр үнэлсэн /хх-47/ ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээний хохирлоос дээш гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-аас хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг тав хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол 320.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирогч И.У-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн талаарх баримтыг гаргаж өгсөн.
Иймд шүүгдэгч Ө.У-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У-т 6 сарын хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ Ө.У нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 104 дугаар шийтгэх тогтоол гарахаас 3 хоногийн өмнө дээрх гэмт хэрэгт холбогдсон. Улсын яллагчийн зүгээс санал болгож байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй. Хэргийн нөхцөл байдлыг харахад Ө.У нь хэрэг гарах үед 14 насанд хүрсэн боловч 18 насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар заасан ба уг бүлэгт гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэх үедээ арван найман насанд хүрсэн боловч гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг хуульчилжээ.
Мөн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх зорилготой юм.
Шүүгдэгч Ө.У нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн байх ба тус өдөр тэрээр 17 нас 16 хоногтой буюу арван найман насанд хүрээгүй байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-18/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-66/ зэргээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан, шүүхээр шийтгүүлэх үед арван найман насанд хүрсэн хүнд энэ бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүгдэгч Ө.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 160 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Ө.У-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал буюу эцгийн хамт амьдардаг, мэргэжил эзэмшихээр өөрийгөө хөгжүүлэн коллежид суралцаж 0байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан ял дээр нэмж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Мөн улсын яллагчаас шүүгдэгч Ө.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ял дээр 2019 онд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэх дүгнэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.У-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 248 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.У-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /хх97-102/ албадлагын арга хэмжээг авсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.
3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж заажээ.
Харин шүүгдэгч Ө.У нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч Ө.У нь шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дах хэсэг, 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял нэмж нэгтгэх хууль зүйн боломжгүй тул энэ үндэслэлээр улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1908006490736 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.У цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Ө-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У-ыг 160 (нэг зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн 1908006490736 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ө.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР