Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0721

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

хохирогч М.А ,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008012430744 дугаар нэг хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2,  хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Орбитын ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан.

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн, М овогт М-ын А (РД:...........).  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч М.А нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 131 тоотод найз охин Б.Л-тэйгээ маргалдаж байхад иргэн М.А “эмэгтэй хүнийг болиоч, гарч хэрэлдээч” гэж хэлсний улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар онц харгис хэрцгийгээр олон тооны гэмтэл шарх учруулан, архины шилээр толгой хэсэг рүү нь цохин газар унагааж толгой, гар, дал хэсэг рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулайд няцарсан шарх, баруун зулай, хоёр нүдний доод зовхи, гадна буланд цус хуралт, дээд, доод уруулд язарсан шарх, цус хуралт, баруун тохиод цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Хохирлыг барагдуулна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.А мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай найз, түүний нэг найзын хамт манайд ирсэн. Манай эмэгтэй найзын найз М.А-ийг дуудсан байсан. М.А ирэхдээ нэг шил архитай ирсэн. М.А манай гэрт намайг ямар нэг шалтгаангүйгээр зодсон. Би зодуулахаасаа өмнө эмчилгээ хийлгэж хөл дээрээ боссон байсан. Одоо 3.000.000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилж байна. Би зодуулснаас хойш 3 сар ажил хийгээгүй. Орлогогүй болсон. Би хохирлоо аваад эмчилгээ хийлгэмээр байна” гэв. 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо 101 дүгээр байрны 131 тоот гэртээ унтаж байхад манай найз М.А над руу залгаад “Хар хорин дээр хүрээд ирээч” гэхээр нь би “хэнтэй байгаа юм бэ” гэж асуутал “найзтайгаа байна” гэсэн “би очиж чадахгүй” гэдгээ хэлсэн...М.А “эмэгтэй найзын хамт танайд яваад очиж болох уу” гэхээр нь би “хүрээд ирэхгүй юу” гэж хэлсэн. ...удалгүй М.А, найзынхаа хамт манайд ирсэн...0,75 литр архи, нэг ундаа авчирсан. ...Тэгээд авчирсан архийг бид гурав ууж дуусаагүй...М.А-тай хамт ирсэн найз нь найз залуу руугаа залгаад “хүрээд ир” гэсэн...гаднаас М.А ирсэн...дахиж 0,75 литр архи авчраад бид дөрөв хуваангаа танилцаж байхад М.А, найз эмэгтэйн хамт “Содон” гэх цайны газраас хоол захиалсан. ...идээд байж байтал М.А өөрийн найз охинтойгоо маргалдаад эхэлсэн. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй...тухайн үед М.А найз охины хамт гэрийн үүдэнд байсан. Би тэр хоёрын дундуур ороод М.А-ийг “эмэгтэй хүнийг болиоч та хоёр гарч хэрэлд” гэсэн... Тэгтэл М.А үгийн зөрүүгүй миний толгой хэсэгт архины шилээр цохиж, би газар унасан. М.А архины шилээр миний толгой руу цохиод байсан...би М.Аийн хөлнөөс бариад “ахын дүү одоо болно шүү дээ” гэхэд М.А намайг зодохоо болихгүй...гаднаас цайны газрын эгч ирж таараад харсан...би ухаан балартаад нэг ухаан орсон чинь цайны газрын эгч, М.А нар явчихсан байсан...би гэрээс лифтээр буугаад орцны жижүүр эгч дээр орж цагдаа дуудуулчихаад буцаад гэртээ орсон. Намайг гэрт байхад цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2924 дүгээр дүгнэлт: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулайд 0,5х0,2см зах ирмэг тэгш бус шархтай, шархнаас цус гарч хатсан, баруун зулайд 5х4см талбайд хавдсан, улаан ягаан цус хуралттай. Хоёр нүдний доод зовхи, гадна буланд хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дээд уруулын гадна 0,8х0,5см, доод уруулын дотор салстад 1х1см язарсан шархтай, орчны эдэд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун тохойн ар хэсэг овойж хавдсан, хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун далны доор 3x1 см, баруун сарвууны ард 2,5х0,2см, 0,5х0,5см улаан өнгийн зулгаралттай. Баруун шууны дотор доод хэсэгт 8х6см хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай.

1. М.А-н биед тархи доргилт, зүүн зулайд няцарсан шарх, баруун зулай, хоёр нүдний доод зовхи, гадна буланд цус хуралт, дээд, доод уруулд язарсан шарх, цус хуралт, баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

 

3. Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би А руу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өглөөний 05 цагийн үед залгаад “Хар хорин дээр хүрээд ирээч” гэж хэлсэн. А “очиж чадахгүй” гэсэн. Би “найзынхаа хамт яваад очиж болох уу” гэтэл А “хүрээд ир” гэхээр нь би А-ын урд талын дэлгүүрээс 0,75 литр архи аваад Ц-гийн /Б.Л/ хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 131 тоотод ороход М.А  ганцаараа байсан...бид гурав авчирсан архиа уусан...Ц өөрийн найз залууг дуудсан байсан...гаднаас Ц-гийн найз залуу болох М.А 0,75 литр архи авчирсан. ...авчирсан архийг А, Ц бид гурав уусан...М.А жолоо барьж байгаа гээд уугаагүй...М.А, Ц-тэй үүдэнд маргалдаад байхаар нь А “гэрт битгий муудалцаад бай гарч маргалд” гэтэл М.А, А-ыг үгийн зөрүүгүй архины шилээр цохиод газар унахад хөл болон гараараа толгойд олон удаа цохиж, архины шилээр толгойг цохисон. Архины шил хагарсан. Би айгаад цагдаа дуудах гээд гэрээс гарчихсан. Байрны ойр хавиар явж байгаад буцаад гэрт ороход М.А, Ц, А нар зүгээр сууж байсан...би гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

 

4. Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...М.А өөрийн найз гэх залуу руу залгаад...бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололд байрлах дэлгүүрээс архи аваад тэр залуугийн гэрт орсон. Тэр залуу гэртээ ганцаараа байсан...0,75 литр архийг гурвуулаа хувааж уусан... 13 цагийн үед найз залуу М.А рүү залгаад “ирээд авчих гэж” хэлсэн...А утсаар залгаад хоол захиалж идэцгээсэн...тэр эгч “идсэн хоолныхоо тооцоог хийж чадахгүй байж хоол захиалдаг юм бэ” гээд байсан...гаднаас М.А орж ирж таарсан. М.А-тэй хамт явах гэтэл М.А “эр хүн юм бол нэг шил архи аваад өгчих” гэхэд М.А 0,75 литр архи авахуулсан. А, М.А бид гурав хувааж уусан. М.А намайг явъя гэхээр нь би явахгүй гээд уурласан. ...М.А надтай хэрэлдээд...А бид хоёрын дундуур ороод “чи эмэгтэй хүнийг болиоч хэрэлдмээр байгаа бол гарч хэрэлд” гэсэн...М.А А-ыг үүдний хажуу талд байсан архины шилээр толгой руу нь цохисон чинь А газар унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

5. Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 2 дугаар орцны жижүүрийн өрөөндөө байсан...нэг эмэгтэй “6 давхарт хүмүүс орилоод байна” гэхээр нь би 6 давхарт гараад...газраар бага зэрэг цус дуссан байдалтай хүн байхгүй байсан...би буцаад өрөөндөө орж ирээд байж байсан чинь 131 тоотод оршин суух А орж ирээд “та цагдаад дуудаад өгөөч” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...А буцаад гэртээ орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

6. Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын “Содон” цайны газарт ажлаа хийгээд байж байтал дуудлагын утсанд тус  хорооллын 101 дүгээр байрны 131 тоотод хоол захиалсан...хоолыг нь хүргэж өгсөн...тухайн айлд хоёр эмэгтэй, нэг залуу архи уугаад байж байсан...би 17 цагийн орчим хоолныхоо тооцоо болон тавгаа авах гээд орсон… А гэх залуу хаалгаа тайлж өгсөн. ...М.А гэх залуу найз охинтойгоо маргалдаж хэрэлдээд байсан...хажуунаас нь А “маргалдахаа болиоч гарч хэрүүлээ хий” гэж хэлсэн. ...М.А нь А-ыг зодоод байсан. Яг юугаар цохиж байгааг би хараагүй. Ямарч байсан гар, хөлөөрөө нүүрэнд өшиглөөд...А “чи болиоч” гэж орилоод байсан. Би салгаад М.Аийг шатаар дагуулаад буусан...М.А-ээр хоолны тооцоог хийлгээд ажил дээрээ үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

 

7. Шүүгдэгч М.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчим гэртээ байж байхад...манай эхнэр Лхагварсүрэн над руу залгаад “намайг ирээд авчих гэхээр” нь Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 131 тоотод орсон...манай эхнэр Лхагвасүрэн, М.А, нэг танихгүй залуу байсан...би эхнэрийгээ аваад явах гэсэн...М.А “чи чаддаг юм бол нэг шил архи аваад өгчих” гэсэн...би дэлгүүр орж нэг шил архи авсан...манай эхнэр утсаа алдсан гэхээр нь уур хүрээд маргалдсан хажуу талаас А “та нар гарч хэрэлд, манай гэрээс явцгаа” гээд байхаар нь би А-той барьцалдаж үүдэнд байсан архины шилийг аваад А-ын толгой хэсэгт нь нэг удаа цохиод хоёр хөлөөс нь гараараа өргөж байгаад газарт шидсэн...хөлөөрөө дэвссэн..миний хөлийг гараараа бариад авахаар нь...архины шилээр А-ын толгойд хэд хэдэн удаа цохисон...хажуугаас нэг танихгүй эмэгтэй салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар тал),

 

8. Шүүгдэгч М.А-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 53-59 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.А нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 101 дүгээр байрны 131 тоотод иргэн М.А-ын “эмэгтэй хүнийг болиоч, гарч хэрэлдээч” гэж хэлсний улмаас архины шилээр толгой хэсэг рүү нь цохиж, зодон олон тооны шарх, гэмтэл үүсгэж  түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зулайд няцарсан шарх, баруун зулай, хоёр нүдний доод зовхи, гадна буланд цус хуралт, дээд, доод уруулд язарсан шарх, цус хуралт, баруун тохиод цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, баруун шуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан болох нь:

- хохирогч М.А-ын мэдүүлэг (хх 13-14) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2924 дүгээр дүгнэлт (хх 32-33), гэрч М.А-ын мэдүүлэг (хх-22), гэрч Б.Л-ийн мэдүүлэг (хх-24), гэрч А.С-ийн мэдүүлэг (хх-28), шүүгдэгч М.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч М.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж ялалсан.

Онц харгис хэрцгий гэдгийг хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэхийг ойлгох ба шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.А-ын биед олон тооны шарх, гэмтэл учирсан болох нь тогтоогдсон ба гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

Иймд хууль зүйн хувьд шүүгдэгч М.А нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч М.А-ын биед олон тооны шарх, гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Харин улсын яллагчаас шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч М.А-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйл хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар “аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх” явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй болно.

Нөгөөтээгүүр хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн.

Иймд шүүгдэгчийг тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон болно.  

Иймд шүүгдэгч М.А-ийг гэм буруутайд тооцуулах талаар улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч М.А  нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг талаарх баримтаа гаргаж өгөөгүй ба шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт “130.000 төгрөгийг хохирогчид өгсөн” гэж, хохирогч “130.000 төгрөгийг авсан” гэж тус тус мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.А  нь эмчилгээ хийлгэх зардал болон эрүүл мэндийн улмаас ажил хийх боломжгүй болж, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого гэж нийт 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба түүний ажил эрхэлж байсан талаар болон ажилгүй байсан хугацаанд хэдий хэмжээний орлого олох байсан эсэх, мөн эмчилгээ хийлгэх зардлын талаарх баримтуудыг хэрэгт ирүүлээгүй, улмаар нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй тул энэ тогтоолоор дээрх хохирлын мөнгийг шийдвэрлэх боломжгүй байна.

Харин хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр учруулан үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.А холбогдож тэнссэн, уг хугацаа 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дуусах байсан. Дээрх зүйл, хэсэг нь “болгоомжгүй” гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “санаатай” гэж заасан байдаг гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасныг шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзах үндэстэй.

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “шударга ёсны зарчим”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”гэж заасан бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч М.А-д торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэв.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон цалин хөлс, бусад орлогогүй, түүний өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөгүй /хх-66/ зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийн, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэргээс үзвэл шүүгдэгч М.А нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоол /хх55-59/-оор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/18192 тоот албан тоот /хх-84/-д “М.А-ийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч эрх, үүргийг танилцуулж хяналтад авч, хяналтын хугацаа 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дуусна” гэх баримт хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

Шүүгдэгч М.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн байх ба, тус гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон байна.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар М.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.”, тогтоолын 3 дахь заалтаар “Шүүгдэгч М.А-ийг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, мөн зүйл, хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэстэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчид 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан байх ба, энэхүү нэмэгдэл ялын хугацаа 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дууссан байх тул нэмэгдэл ялыг эдэлсэнд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно,

2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”:

2.2 дахь заалтад “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” гэж тус тус заасан.

Тиймээс шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож 62 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008012430744 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт М-ын М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар М.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.”, 3 дахь заалтаар “Шүүгдэгч М.А-ийг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, мөн зүйл, хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.А-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 62 хоногийн  буюу 2 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 (нэг) жил 2 (хоёр) сар 2 (хоёр) хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.А  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн 2008012430744 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.А-д 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР