| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0649/Э |
| Дугаар | 0674 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 0674
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908020850806 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ....дүгээр сарын ...-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтггэдсэн, М овогт Б-ийн Д (РД:...........).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2-6-11 тоотод хохирогч Т.С-тай “мөнгөний талаар маргалдаж” улмаар толгойд нь архины шилээр цохиж тархи доргилт, няцарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дугаар тал),
3. Хохирогч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байхад найз Б.Д ирсэн...найз Баяржаргалтай очиж уулзаад гадаа сааданд нэг шил архи гурвуулаа хувааж ууж дуусах үед Баяржаргал гэртээ харихаар явсан. Б.Д бид хоёр үлдээд дахин нэг шил архи авч нэг эмэгтэйтэй уулзаж бид гурав хамт Б.Д-ын хуучин амьдарч байсан хашаанд очиж амбаарт нь... ууж байтал гэнэт Б.Д миний дух орчимд ууж байсан архины шилээр хүчтэй цохисон. Нүүрнээс цус гараад ирэхээр нь би гармаар байна гэж хэлтэл дуугүй байгаарай пизда минь гэж хэлсэн...тэр амбаараас гараад найз Баяржаргалын гэрт ороод ухаан алдсан...ээжтэй гэмтлийн эмнэлэг орж дух хамартаа нийлээд 8 оёдол тавиулсан...Б.Д-тай хамт явж байсан эмэгтэйг танихгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
- Хохирогч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Миний биед учирсан гэмтлийг Б.Д архины шилээр цохиж учруулсан...өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97 дугаар тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 179 дугаар дүгнэлт:
1. Т.С-н биед осол, гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, толгойн компьютерийн томографикийн шинжилгээгээр тархи доргилт, няцарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
5. Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай том хүү Т.С нь 2019 оны 04 дүгээр сард найз Б.Д-тай архи ууж байгаад толгойгоо хагалуулсан асуудлыг мэднэ...Б-ын ээж над руу яриад толгой нь хагарсан цус алдаад байна гэж хэлсэн. Тэрнээс хойш гэртээ байж байгаад 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 3 хүний хамт таслагдаж шоронд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дугаар тал),
6. Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр...Т.С бид хоёр манай хуучин хашаа руу очиж амбаарт нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан...мөнгөнөөс болж маргалдаад ууж байсан архины шилээр би Т.С-ийн дух руу цохисон...Т.С-ийн дух орчмоос цус гарсан...мөнгийг Т.С надаас нэхээд байхаар нь би өгөхгүй гэснээс болж маргалдсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 115-116 дугаар тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Шүүгдэгч Б.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал), түүний ял шийтгэгдсэн талаарх шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 70-93 дугаар тал), ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 129 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2-6-11 тоотод хохирогч Т.С-тай “мөнгөний талаар маргалдаж” улмаар түүний толгойд архины шилээр цохиж тархи доргилт, няцарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
- хохирогч Т.С-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 96-98 дугаар тал), гэрч С.С-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 179 дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал), шүүгдэгч Б.Д-ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Д нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Б.Д-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх дүгнэв.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Д-ын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.
Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар “аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх” явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.
Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй болно.
Нөгөөтэйгүүр хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн.
Иймд шүүгдэгчийг тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон болно.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Т.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн мөрдөн шалгах ажиллагаанд “гомдол, саналгүй, биед учирсан гэмтлүүд бүгд эдгэрсэн, эмчилгээ хийлгээгүй учир нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Д-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял онодуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 4 жил 3 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 10 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 8 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Д нь “Гэм буруу дээр маргах зүйлгүй. Би эхнэр, 2 ихэр хүүхэдтэй. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж мэтгэлцсэн болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзах үндэстэй.
Шүүгдэгч Б.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 81-93 дугаар тал)-оор шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 3 сарын хорих ял шийтгэсэн байх ба, уг шийдвэрийн дагуу ялыг эдэлж байгаад Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа хорих 413 дугаар нээлттэй хорих ангийн ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 129 дүгээр тал)-оор шүүгдэгч Б.Д нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 9 сар 20 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн, 3 жил 5 сар 10 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”,
2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож 90 хоногийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан 4 жил 3 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 1908020850806 дугаар хэрэгт Б.Д-ыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарсан байх боловч уг өдрөөс хэрэгжээгүй, харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 413 дугаар нээлттэй хорих ангиас түүнийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж, тус өдрөөс яллагдагчаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангид цагдан хоригдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх зааснаар шүүгдэгч Б.Д-ын цагдан хоригдсон хугацааг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 18 хоногоор тооцон, түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй юм.
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 90 хоногийн хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1082 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 3 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурван) жил 8 (найм) сар 10 (арав) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 18 (арван найм) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 1908020850806 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР