| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0630/Э |
| Дугаар | 0659 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 0659
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Ж.Отгончимэг,
хохирогч Н.С,
шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008014420628 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ... дүгээр сарын .....-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, эрэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа бетон арматур хийдэг, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянцагаан ... дүгээр гудамж .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Э-гийн Т (РД:.............).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны Жанцангийн автобусны буудал дээр иргэн Н.С-той таксины мөнгө өгөхгүй гэж марган улмаар гараараа нүүр, хамар хэсэг рүү нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.С мэдүүлэхдээ: “Тухайн өдөр харих замдаа хоёр залууг Жанцангийн буудлаас авсан. Баруун салааны Нэгдүгээр буудал ороод буцаж ирээд Жанцан дээр буусан. 2500 төгрөг гарсан байна гэхэд мөнгө байхгүй гээд нэг доллар өгсөн. Би авахгүй гэсэн. Байгаа нь энэ байна. Авбал ав гэж хэлсэн. Би хариуд нь мөнгөө бэлдээд машинд суудаггүй юм уу гэж хэлсэн. Тэгээд маргаан эхэлж зодоон болсон. 30 гаруй минут үргэлжилсэн. Цагдаа дуудах гэсэн боловч миний утсыг аваад шидчихсэн. Би айлын хашаа руу ороод цагдаа дуудаад өгөөч гэсэн. Удалгүй цагдаа ирсэн. Хашаанд байхад хамар луу Э.Т цохисон” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 13-ны 18 цагийн үед Баянхошууны Жанцан дээр.. үл таних 2 залуу гар өргөөд суусан...Баруун салаа орно гэхээр нь Баруун салаа орсон...очих гэсэн айл нь хүнгүй болохоор буцаад Баянхошуу Жанцан дээр ирсэн...2500 төгрөг болсон байна гэхэд тэр хоёр залуу мөнгө байхгүй гэсэн. Тэгсэнээ тэр хоёр залуугийн том биетэй биеэрхүү залуу нь “чамд өгөх мөнгө алга, зайл лалар минь” гэж хэлээд миний баруун шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би тэр залуутай барьцалдаад авсан...биеэрхүү залуу миний хамар руу гараараа нэг удаа цохисон...гудамжинд хүн цагдаа дуудаж өгсөн... тухайн үед том биетэй залууг цагдаагийн хэлтэс дээр ирээд нэрийг нь мэдэж авсан. Э.Т миний хамар луу цохиж миний хамрыг гэмтээсэн. Э.Т миний гар утсыг эвдэж гэмтээсэн. ...тухайн үед Э.Т-тай хамт явж байсан гэх залуу намайг цохиж зодоогүй. Эмчилгээний зардал болох баримтаар 10 ширхэг падаан бүхий эмчилгээний 2.059.600 төгрөгийн хохирол учирсан. Э.Т эмчилгээний зардал гэж одоогоор мөнгө огт өгөөгүй. Одоо хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг. (хавтаст хэргийн 9, 12 дугаар тал),
2. Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би Э.Т-ын хамт гудамжид Нийслэл нэртэй пиво уучихаад Баруун салаанд байдаг ээжийн дүүгийнд очих гээд 8 дугаар хорооны байрны замын эсрэг талаас такси бариад явж байтал тухайн очих айлд хүн байхгүй байсан учир буцаад нөгөө такситай хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны байрны харалдаа зогссон...жолооч залуу бид хоёроос 2500 төгрөг гарсан байна гэхэд Э.Т “данс байна уу” гэхэд жолооч “данс байхгүй. Бэлэн мөнгөтэй явахад яадаг юм” гэсэн. Тэгтэл Э.Т “тэгвэл данстай байхад яадаг юм” гээд жолооч залуу Э.Т-тай маргалдаад барьцалдаад авсан...Э.Т, жолооч залуугийн баруун шанаа руу нэг удаа гараараа цохичихоод дараа нь хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр машинаас буусан чинь цагдаа ирсэн...тухайн үед Э.Т, Н.С нар хоорондоо таксины мөнгөнөөс болоод маргалдсан...Н.С цагдаа дуудна гээд гар утсаа гаргаж иртэл Э.Т, Н.С-той барьцалдаж аваад зууралдахад гар утас нь газар унаад хагарчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),
3. Шүүгдэгч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 13-ны орой найз Д.Т-ийн хамт...хүний хоёр хоёр, лааз Нийслэл пиво уугаад Д.Т-ийн ээжийн дүүгийнх рүү явахаар болоод Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жанцангийн автобусны буудал дээрээс такси бариад Баруун салаа руу очсон. Баруун салаанд очиход тэнд хүн байгаагүй. Нөгөө таксины хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жанцангийн автобусны харалдаа очсон чинь таксины жолооч 2500 төгрөг гэхээр нь би бэлэн мөнгөгүй байсан учир “1 доллар өгъе” гэхэд авахгүй гэсэн. Тэгэхээр нь би “дансаа өгчих” гэхэд “данс байхгүй” гэсэн. Би “дансгүй бол яах гэж таксинд явж байдаг юм бэ” гэхэд жолооч “бэлэн мөнгөгүй юм бол яах гэж такси барьдаг юм бэ” гээд бид хоёр зууралдаад авсан...би жолоочийн баруун хацар, хамар луу нь нэг, нэг удаа цохисон. ...Д.Т бид хоёрыг машинаас буугаад явах гэтэл жолооч залуу цагдаа дуудна гээд гар утсаа гаргаж ирэхээр нь би жолооч залуутай дахин барьцалдаж авсан. ...гар утас нь газар унаад хагарчихсан...Д.Т, Н.С-ыг цохиж зодоогүй... би Н.С-ын эмчилгээний зардлыг өгч хохиролгүй болгоно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3973 дугаар дүгнэлт: “...Хэсэг газрын үзлэгт: Хамрын хянга тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. 2020-03-13-ны ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош Тархи доргилт, хамрын ясны далд хугарал. 2020-03-13-ны Лазар мед эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй КТГ-ийн шинжилгээнд: Толгойн томограммуудад ...хамар яс бяцарсан хугаралтай. Хамрын таславч баруун тийш бага зэрэг мурийсан. Хугарлын харалдаа хаван хавдартай.
...2020-03-14-ны “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмчийн үзлэгт: Хамрын таславч мурийх. Хамрын ясны шинэ хугарал. Гадна хамрын хэлбэр алдагдсан, тэмтрэлтээр эмзэглэлтэй, таславч муруй...”.
Дүгнэлт
1. Н.С-ын биед хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
3,6. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18, 19 дүгээр тал),
5. “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №20/011 дугаар хөрөнгийн үнийн тодорхойлолтод: “...Самсунг фирм, А-3 загварын, хуучин гар утас 2020 онд худалдан авсан...үнэ: 200.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээ (хавтаст хэргийн 23 дугаар тал),
6. Хохирогч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримтууд (хавтаст хэргийн 29-31 дүгээр тал), хохирлын нэхэмжлэл... “2.059.600” төгрөг...” (хавтаст хэргийн 32 дугаар тал),
7. Шүүгдэгч Э.Т-ын хувийн байдалтай холбоотой баримт:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 36 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э.Т нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны Жанцангийн автобусны буудал дээр тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.С-ын эрүүл мэндэд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:
- хохирогч Н.С-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 12 дугаар тал), гэрч Д.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3973 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 18, 19 дүгээр тал), шүүгдэгч Э.Т-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т нь хохирогч Н.С-ын нүүрэн тус газар гараараа цохиж, хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.Т-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ.
Иймд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.859.600 төгрөг, түүний эд хөрөнгөд /гар утас/ учирсан хохиролд 200.000 төгрөг, нийт 2.059.600 төгрөгийг шүүгдэгч Э.Т-аас гаргуулж хохирогч Н.С-д олгох үндэстэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Т-аас “хохирогч Н.С-д учирсан хохирлыг барагдуулах тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.Т-ын хохирогч Н.С-д учруулсан хохирол, хор уршиг арилгаагүй, хувийн байдлын тухайд эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2008014420628 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсэн хоногүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Т-аас 2.059.600 (хоёр сая тавин есөн мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Сод олгосугай.
6. Эрүүгийн 2008014420628 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР