| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 124/2018/0016/з |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-07-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суугч, иргэн Төгөлдөр овгийн Д.П-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,
“Төрсөн он, сар, өдөр солигдсоныг зөвтгөх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1958 оны 12 дугаар сарын 25-нд төрж Д.П нэртэйгээр 1959 оны 1 сарын 22-нд улсын бүртгэлд анх бүртгэгдсэн байна. Гэвч анх сургуульд ороход миний ах намайг бүртгүүлэхдээ 1960 оны 7 сарын 1-нд төрсөн, Д.П гэж буруу бүртгүүлснээс одоог хүртэл миний бүх бичиг баримт энэ нэрээр бүртгэгдэж ирсэн. Миний төрсөн эгч Д овогтой С 1938 онд, эгч Р 1939 онд, ах Дү овогтой Ц 1954 онд би Д.П 1958 онд тус тус төрсөн. Миний ээж 8 удаа төрсөн боловч эсэн мэнд өссөн хүүхдүүд нь бид 5 юм. Д.П миний төрсөн он, сар, өдөр, нэрийг анх төрөлтийн бүртгэлд бүртгэгдсэн 1958 оны 12 сарын 25-нд төрснөөр Д.П болгож зөвтгөхийг даалгаж өгнө үү. Миний бие нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Р.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.П-ийн хувийн хэргийг архиваас татан үзэхэд 1981 оны 12 сарын 11 өдрийн паспорт олгосон маягт-1, 1987 оны хаатр1 маягт, 2002, 2010 оны иргэний үнэмлэх олголтын хаатр-21 маягт, 2010, 2012 оны ИУБ-31 маягт зэрэг хувийн хэргүүд нь ОК60070119 тоот регистрээр Д.П гэж олгогдож ирсэн байна. Хувийн хэрэгт ямар нэг засвартай зөрчилтэй зүйл байхгүй байна. Өндөрхангай сумын 1958-1960 оны төрөлтийн бүртгэлийн журналыг шүүн үзэхэд Д.П-ийн төрсний бүртгэл бүртгэлгүй байна. Өндөрхангай сумын 1958 оны төрсний бүртгэлийн журналын 3-рт Д.П-ыг 1958.12.25 өдөр төрснийг 1959.01.22 өдөр бүртгэсэн бүртгэл байна. Энэхүү 1958 оны төрсний бүртгэлийг П-ийн төрсний бүртгэл гэж үзэх нь учир дутагдалтай байна. Үүнд: нэр зөрүүтэй, төрсөн он, сар, өдөр зөрүүтэй, 1958 онд П-оос өөр хүүхэд тэр айлд төрсөн байх магадлалтай зэрэг зөрчлүүд байгаа тул манай байгууллага шууд засах боломжгүй байна. Иймд заавал иргэний шүүхээр нас, нэрээ зөвтгүүлэхийг зөвлөж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Д.П нь 1958 оны 12 дугаар сарын 25-ний өдөр төрсөн гэсэн Увс аймгийн Өндөрхангай сумын төрсний бүртгэлийн журнал байна. Нэхэмжлэгч Д.П-ыг архивын баримтаас шүүн үзэхэд 1980 оноос хойших бүх бичиг баримт нь 1960 оноор Д.П нэрээр иргэний бүх мэдээлэл бүртгэлтэй байдаг. Манай улсын бүртгэлийн зүгээс энэ хүнийг 1958 онд төрсөн, Д.П нэртэйгээр бүртгэгдсэнийг нотлох боломжгүй учир шүүхэд хандахыг зөвлөсөн. 1980 онд регистрийн дугаар олгосон маягт дээр Д.П, 1960 онд төрснөөр, 2000 онд олгосон маягт нь дээр бас адилхан Д.П, 1960 онд төрснөөр нь 1987 оноос хойших бүх бичиг баримт нь бүгд 1960 оноор Д.П гэсэн нэрээр бүртгэгдсэн учраас манай улсын бүртгэл нь бүртгэлийн хэмжээнд засах боломжгүй. Нэр нь зөрүүтэй, төрсөн он нь зөрүүтэй учраас бид бүхэн 1 хүн гэж үзэхгүй байна. Төрсний журналыг үндэслэн иргэний үнэмлэх олгох ёстой. Тухайн үед энэ хүний нэр зөрүүтэй, төрсөн он сар өдөр 1 жил 7 сараар зөрүүтэй учир шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь шүүхэд анх “Төрсөн он, сар, өдөр солигдсоныг зөвтгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн “нэр солигдсоныг зөвтгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж, үлдсэн “төрсөн он, сар, өдөр зөвтгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлэхийг хүссэн байна.
Иймд шүүх үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “төрсөн он, сар, өдөр зөвтгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.П-ийн “шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөх”-ийг хүссэн хүсэлтийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг зааснаар хүлээн авч түүний тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэв.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан нэмэлт тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “нэр солигдсоныг зөвтгөхийг даалгах” тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Д.П миний төрсөн он, сар, өдрийг анх төрөлтийн бүртгэлд бүртгэгдсэн өдөр буюу 1958 оны 12 сарын 25-нд төрснөөр бүртгэхгүй байна” гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс “1958 оны төрсний бүртгэлийг П-ийн төрсний бүртгэл гэж үзэх нь учир дутагдалтай байна. Учир нь нэр зөрүүтэй, төрсөн он, сар, өдөр зөрүүтэй, 1960, 1958 гэсэн 2 жилийн зөрүүтэй, 1958 онд П-оос өөр хүүхэд тэр айлд төрсөн байх магадлалтай зэрэг зөрчлүүд байгаа тул манай байгууллага шууд засах боломжгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй байна.
Увс аймгийн Өндөрхангай сумын 1959 оны төрөлтийн бүртгэлийн 3 дугаарт Д.П эрэгтэй, 1958 оны 12 сарын 25-нд гэртээ төрснийг 1959 оны 1 дүгээр сарын 22-ны бүртгэснээр тэмдэглэжээ. Энэ нь хариуцагчаас ирүүлсэн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж байгаа Өндөрхангай сумын 1959 оны төрөлтийн бүртгэлтэй таарч байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн төрөгсдийн гэрчилгээнд Д.П 1958 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрснийг, Өндөрхангай сумын иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх товчооны эрхлэгч Н 1959 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэснийг тэмдэглэсэн байх ба бичилт нь 2 өөр өнгийн чернилээр бичигджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “Д.П нэрээр Өндөрхангай сумын 1958 оноос хойшхи нас баралтын бүртгэлийг шүүж үзэхэд тухайн овог нэрээр нас барсны бүртгэл байхгүй байгаа ба мөн паспорт, иргэний үнэмлэх олгогдоогүй байна” гэсэн тайлбар гаргажээ.
Гэрч Д.Эн “Д.П бид хоёр 1967 оноос хойш 8 жил нэг ангид хамт сурсан. Би өөрөө 1959 онд төрсөн. Д.П надаас нэг насаар ах. Ангийн хүүхдүүдээс дотно найз нөхөд байсан учраас сайн мэдэж байна. Манай ангид надаас 1 насаар ах 4, 5 хүүхэд байсан...”,
Гэрч Д.Нн “Д.П нь эцэг эхээс 5-уулаа. Миний ээж Дүүн С дараа нь Дн Рэгзэдма, Дн Ц, Дн Ц, Дн П гэсэн 5 хүүхэд байгаа. Д.П айлын хамгийн бага нь юмаа. Манай буурал ээж /Д.П-ийн ээж/ 1988 онд нас барсан. Д.П-ийг бид нар П гэж дууддаг. П нь миний төрсөн дүү Чтай нас чацуу буюу 1958 онд төрсөн нохой жилтэй юм. Чн дараагийн дүү А нь манай ээж хүндээр өвдөөд буурал ээж дээр өссөн байдаг. Тэр дүү маань 1960 онд төрсөн. Гэхдээ өөрийнхөө аавын нэрээр буюу Дн А гэж явж байсан. Буурал ээж төрсөн 2 охинтойгоо нэг жил хамт төрж байсан гэж хүмүүс ярьдаг байсан” гэсэн мэдүүлгээс үзэхэд Д.П нь 1958 онд төрсөн, 5 хүүхэдтэй айлын хамгийн бага болох нь нотлогдож байна.
Дээр дурдсан нөхцөл байдал, хариуцагчийн тайлбар, төрөлтийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгчийн “Миний бие 1958 оны 12 дугаар сарын 25-нд төрж Д.П нэртэйгээр 1959 оны 1 сарын 22-нд улсын бүртгэлд анх бүртгэгдсэн” гэх тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.
Хариуцагчаас ирүүлсэн 1981 оны 12 сарын 11 өдрийн паспорт олгосон маягт-1, 1987 оны хаатр1 маягт, 2002, 2010 оны иргэний үнэмлэх олголтын хаатр-21 маягт, 2010, 2012 оны ИУБ-31 маягт зэрэг хувийн хэргүүдийн баримтуудаас үзэхэд Д.П-д ОК60070119 тоот регистрийн дугаараар паспорт, иргэний үнэмлэх олгогдсон байна.
Иргэний бүртгэлийн байгууллага 1981 онд Д.П-д паспорт олгохдоо төрсний гэрчилгээ болон төрөлтийн бүртгэл зэрэг баримтыг үндэслэн бүртгэсэн бол түүний регистрийн дугаар болон иргэний бүртгэл мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээлэл алдаа зөрчилтэй болохгүй байх боломжтой байжээ.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт зааснаар иргэний бүртгэлийн байгууллагын ажилтан “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах” үүрэгтэй байдаг.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн албан иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд орсон нэмэлт, өөрчлөлтийг үндэслэн ИБМ-ийн санд хадгалагдаж байгаа мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.П-ийн төрсөн он, сар, өдөр зөрүүтэй бүртгэгдсэн нь иргэний бүртгэлийн байгууллагын архивт хадгалагдаж байгаа төрөлтийн бүртгэлийн баримтаар тогтоогдож байгаа нөхцөлд түүний иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд нэмэлт өөрчлөлт хийх нь хуульд нийцэх юм. Иргэний бүртгэлийн мэдээллийн санд зөрүүтэй бичигдсэн оны залруулга хийхгүй байгаа иргэний бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүй хууль бус байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж шүүх үзлээ.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлүүдийг зааж өгсөн ба мөн нэмэлт өөрчлөлт хийсэн бичилтээ үндэслэн иргэний бичиг баримтыг шинэчлэн олгох асуудлыг зохицуулж өгсөн байна.
Иймээс нэхэмжлэгчийн “төрсөн он, сар, өдөр зөвтгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн оршин суугч Д.П-ийн төрсөн он, сар, өдрийг “1958 оны 12 дугаар сарын 25” гэж зөвтгөн иргэний бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнд иргэний үнэмлэх шинэчлэн олгохыг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн “төрсөн он, сар, өдөр зөвтгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн оршин суугч Д.П-ийн төрсөн он, сар, өдрийг “1958 оны 12 дугаар сарын 25” гэж зөвтгөн бүртгэж, иргэний үнэмлэх шинэчлэн олгохыг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “нэр солигдсоныг зөвтгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ