Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 73

 

О.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

нарийн бичгийн дарга Б.Батжаргалыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1706 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Ундраххэрлэнгийн бичсэн эсэргүүцлээр О.Бд холбогдох 1706015500226 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овогт О.Б, 1988 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, ........................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../,

          О.Б нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн 5 дугаар хэсэг 2883 тоотод оршин суух иргэн Н.Н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, “Samsung” загварын 32 инчийн зурагт хулгайлан 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: О.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх заалтын дагуу мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх дор дурдсан нөхцөл байдлыг гүйцэд тогтоогоогүй байна. Яллагдагч О.Б нь 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 2883 тоотод оршин суух иргэн Н.Н-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж “Samsung” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэрэгт Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хэргийг ирүүлсэн. Мөн яллагдагч нь 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62 дугаар гудамжны 715 тоотод оршин суух иргэн О.Х-ын гэрийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 55 инчийн зурагт хулгайлж, 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байгаа, эдгээр хэргийн алинд нь ч шүүхээр ял шийтгүүлээгүй байна. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэж заасан байх бөгөөд өөр өөр шүүхээр ял оногдуулах нь яллагдагчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй, эсхүл аль нэг шүүхийн шийдвэр нь нөгөө шүүхэд мэдэгдэхгүй өнгөрөх, түүнчлэн цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад ял нэмж нэгтгэх боломжгүй юм.

          Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж болох тул яллагдагч О.Бд холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Түүнчлэн яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэх гэмт хэрийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна. Дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 1147 дугаар захирамжаар О.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1251 дугаартай захирамжаар энэ хэрэгтээ нэгтгэн шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул О.Бд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Ундраххэрлэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан бөгөөд хэрэв нэгтгэсэн тохиолдолд тус зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэнэ гэх заалтыг заавал нэгтгэх үүрэг болгосон заалт хэмээн тайлбарлаж буй нь хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацааг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2-т “... энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэсэн нь нэг гэмт үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцохоор заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “... хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэгт тус бүрд нь ял оногдуулна...”  гэж тус тус заасан. Дээрх заалтууд нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасан “нэг гэмт хэрэг” гэдэг нь нэг гэмт үйлдэл, эс үйлдэхүй гэж ойлгогдох бөгөөд яллагдагч өөр өөр цаг хугацаанд, өөр өөр нутаг дэвсгэрт, нэр бүхий иргэдийн өмчлөх эрхэд халдсанаар гэмт үйлдэл тус бүр нь тус бүртээ гэмт хэргийн бүрдлийг хангаж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад шүүх “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж байгаа эсэх”-ийг шалгаж тогтоох гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь дээрх зарчмыг зөрчсөн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1706 тоот шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.   

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

О.Бд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1706 дугаар шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд О.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байна.

Тодруулбал, О.Б нь 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 62 дугаар гудамжны 715 тоотод оршин суух иргэн О.Х-ын гэрийн цонхоор нэвтэрч, “Samsung” загварын 55 инчийн зурагт хулгайлж, 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэрэгт холбогдож Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа нь тодорхой байх бөгөөд өөр өөр шүүхээр ял оногдуулах нь түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхөөр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулах нь зүйтэй байна.

          Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж болох тул яллагдагч О.Бд холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

          Харин яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэх гэмт хэрийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж байгаа эсэхийг шалгах шаардлагагүй гэж үзэв.

Иймд прокурор Э.Ундраххэрлэнгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 04 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1706 дугаар захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1706 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Ундраххэрлэнгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол О.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ  

ШҮҮГЧИД                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН