Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 0667

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч С.Энхням,

өсвөр насны шүүгдэгч А.А, түүний хууль ёсны төлөөлөгч С.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б  /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар  2814/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт А-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908063250829 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ....дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ...нас ....сар ...хоногтой, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ....дугаар хороо, .............. дугаар гудамж,  ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт А...гийн А /РД: ...../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч У.Т-ийг дээрэлхдэг гэх шалтгаанаар хамар луу нь гараараа цохиж зодосны улмаас хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэлд: “...иргэн У.Т-өөс 2019 оны 12 дугаар сарын 08-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодуулсан гэх гэмт хэргийн талаар амаар гаргасан гомдлыг...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 22 цаг 15 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар тал),

 

2. Насанд хүрээгүй хохирогч У.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 22-10 тоот гэрээсээ дүү У.М-ийн хамт Ханын материалд үсээ засуулах гээд гарсан...16 цагийн үед дүү бид хоёр үсээ засуулж дуусчихаад гэр лүүгээ ордог гудманд явж байхад зүс таних нэрийг нь мэдэхгүй хоёр хүүхэдтэй тааралдсан...тэр хоёр зүс таних хүүхэд надад хандаж “чи өмнө дэлгүүр дотор таарчихаад яагаад томроод байсан” гээд миний зүүн хацар луу цэнхэр өнгийн куртиктай хүүхэд 5-6 удаа алгадсан...цээж элэг хавьцаа 3-4 удаа цохисон...нөгөө хар цэнхэр өнгийн куртиктэй хүүхэд нь миний хамар луу баруун гараараа 2 удаа цохитол миний хамарнаас цус гараад байсан. Хар куртиктэй хүүхэд нь надад цусаа арч гээд нойтон салфетик дэлгүүрээс авч өгсөн...би цусаа арчиж дуусаад гэр лүүгээ ороод ах Э-д “би хүүхдүүдэд зодуулчихлаа” гэж хэлээд намайг зодсон гэх хүүхдүүдийн араас нь дагаж байгаад гэрийг нь олсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

 

 3. Насанд хүрээгүй гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ах А-гийн хамт...гудманд явж байтал урдаас зүс таних хүүхэд ганцаараа ирж байхаар нь ах бид хоёр очоод би “чи яагаад ах дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “би бас ахтай хүн шүү, ахаараа та хоёрыг алуулна” гэж хэлсэн...тэгсэн надтай барьцалдаад авахаар нь би мөр лүү нь түлхээд хацар луу нь гараараа нэг удаа алгадсан...салчихаад зогсож байтал манай ах А.Т-тэй зууралдаад маргалдаад байхаар нь би боль ... дахиж битгий муудалцаарай гэж хэлчихээд дэлгүүр орсон...чихэр авчихаад буцаад ах А, зүс таних хүүхэд нар дээр ирэхэд Т-ийн хамарнаас цус гарчихсан байсан...би карман дотор байсан салфетик өгч цусыг нь арчуулчихаад ах А-г дагуулаад гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

4. Өсвөр насны шүүгдэгч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би...саадан дээр дүү А.М-ийн хамт сууж байтал давхарын буудлаас У.Т гэх хүүхэд тамхи татчихсан нэг үл таних найзын хамт явж байгаад У.Т-ийн найз нь өөр тийшээ яваад өгсөн...тэгсэн У.Т дүү бид хоёр дээр ирчихээд надтай маргалдаад байсан. Тэр үед М “чи боль” гэж хэлээд мөр лүү нь гараараа нэг удаа түлхэх үед У.Т яваад өгсөн. Тэгээд манай дүү дэлгүүр явсан...би гэрлүүгээ явж байхад У.Т намайг наашаа хүрээд ир гэж хэлэхээр нь би яваад очтол У.Т “чи дүүгийнхээ хажууд их том байна” гээд хэл амаар доромжилоод байхаар нь би уурлаад нүүр хамар орчим баруун гараараа нэг удаа цохичихсон...хамар нь хавдаад улаан хүрэн болчихсон байсан. У.Т надад зодуулчихаад юу ч хэлэлгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу дунд хэсгээр овойж хавдсан, 2х2 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлттэй. ...ГССҮТ-н 2019-12-08-ны өдрийн эмчийн үзлэгт: онош: Хамар ясны далд хугарал, тархи доргилт...ЭХЭМҮТ-н яаралтай тусламжын 2019.12.08-ны өдрийн хуудсанд: онош: хамрын гэмтэл гэжээ...2019.12.08-ны өдрийн Толгойн КТГ-н:...хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Хамрын хянга ясанд бага зэрэг зөрүү бүхий хугаралтай, эргэн тойрны зөөлөн эдэд цус хуралттай. Хамрын таславч баруун тийш муруйлттай.

Дүгнэлт:

1.2 У.Тийн биед хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

 

6. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэгийн судлалын 488 дугаар дүгнэлт: “...Асуусан асуултад тодорхой хариулт өгнө...Сэрэнгэ үеийн ЭЭГ бичлэг дүгнэлт: үндсэн долгионы идэвхжил насны нормд бүрэлдсэн. Тархины био цахилгаан идэвхжил үйлийн удаашралтай. Эпилепсийн эмгэг долгин болон голомтот өөрчлөлт илрээгүй. Оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний дүгнэлт: IQ=72%/щ.о=60... Картнаас: Сонгинохайрхан дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр: онош: Н52.8 учир Хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сараар тогтоох.

1. А.А нь сэтгэцийн өвчингүй байна.

2. А.А нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. А.А нь хэрэг үйлдэгдсэнээс хойш өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгож удирдах чадвартай байна.

4. А.А нь өөртөө болон орчиндоо аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй.

5. А.А-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40 дүгээр тал),

 

7. Өсвөр насны шүүгдэгч А.Агийн насыг тоолсон тэмдэглэл: “2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А.А нь 16 нас 11 хоногтой байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

 

7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар баримтууд:

- Гэрч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /шүүгдэгчийн эцэг/: “...А.А төрөхдөө дутуу төрж төрөлхийн хараа, мэдрэл, сонсгол, бие муутай хүүхэд байсан. ...2002 оноос хойш аав, ээжийн гар дээр өсөн хүмүүжиж байгаад 2006 онд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар сургуульд оруулаад 3-4 сарын дараа ангийн багш нь танай хүүхэд ерөнхий боловсролын сургуульд тэнцэхгүй гэхээр нь сургуулиас гаргасан. 2006 оноос хойш үе, үе татаж унаад сонсгол, нүд нь улам муудаж эхэлсэн. ...2016-2017 он хүртэл асаргааны мөнгө гэж сард 140.000 төгрөг авдаг байсан. ...2019 онд 16 насанд хүрээд хараа, сонсгол, мэдрэлээр группэд орж сар болгон тодорхой хэмжээний мөнгө авдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дүгээр тал),

-  Гэрч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /өвөг эцэг/: “...А.А аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, ажил хийдэггүй, төрөлхийн тархи, мэдрэл, сонсгол муутай хүүхэд юм. ...5-6 настайгаасаа эхлээд унаж татдаг болсон...16 нас хүрээд хараа сонсголоороо группэд орсон. Зан байдлын хувьд ааш араншин хэвийн янз бүрийн муу зан байхгүй, харин хүүхдүүд усанд явж байхад нь шоголчих гээд байдаг юм шиг байна лээ...сэтгэцийн хувьд хүнтэй харьцаж чаддаг зарим үгийг сонсохгүй бол ойлгохгүй, дуу муутай хүүхэд...юу болсон талаар нь мэдэхгүй байна, ааваас нь сонсоход хүүхдийн хамар цохиод гэмтээчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дугаар тал),

- Өсвөр насны шүүгдэгч А.А-гийн Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж тусламжийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 46-49 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар тал), амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчний түүх (хавтаст хэргийн 53-54, 56-60 дугаар тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 55 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 64, 68 дугаар тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дугаар тал), түүний Төрийн банкинд эзэмшдэг депозит дансны хуулга (хавтаст хэргийн 69 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дугаар тал),

- Хохирол, төлбөртэй холбоотой баримт: Насанд хүрээгүй хохирогч У.Т-ийн ээж М.Н нь эмчилгээний зардалд 135.000 төгрөг авсан тухай баримт (хавтаст хэргийн 103 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч У.Т-ийг “дээрэлхдэг гэх шалтгаанаар” хамар луу нь гараараа цохиж зодсоны улмаас хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- насанд хүрээгүй хохирогч У.Тийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал), насанд хүрээгүй гэрч А.М-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар тал), өсвөр насны шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримдуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүх өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Насанд хүрээгүй хохирогч У.Т-ийн биед учирсан хөнгөн гэмтлийг өсвөр насны шүүгдэгч А.А нь гараараа цохиж учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.А-гийн дээрх гэмт үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул тус зүйл, хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн насанд хүрээгүй хохирогч У.Т-ийн эрүүл мэндэд учирсан “...хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдоно.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхийн дагуу насанд хүрээгүй хохирогч У.Т, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь эмчилгээний зардал, хохиролд нийт 135.000 төгрөгийг баримтаар (хавтаст хэргийн 16-17 дугаар тал) нэхэмжилснийг өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нөхөн төлж барагдуулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-гийн “эмчилгээний зардал 135.000 төгрөгийг авсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 103 дугаар тал)-ийг хэрэгт ирүүлсэн байх тул  өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Өсвөр насны шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Өсвөр насны шүүгдэгч А.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 70 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба, түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч А.А нь  гэмт хэрэг үйлдсэн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 16 нас 11 хоногтой байсныг мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 48 дугаар тал/, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед 17 нас 5 сар 24 хоногтой буюу арван найман насанд хүрээгүй болох нь 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн талаарх иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дугаар тал/ баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан үндэслэл журамд хамаарахаар байна.

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн  онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх зорилготой юм.

Тус хэргийн өсвөр насны шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, урьд ял шийтгэлгүй, мөн түүний эрүүл мэндийн байдал буюу Н52,0 Хиперметропи оношоор 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон 0321313 тоот акт (хавтаст хэргийн 55 дугаар тал), Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж тусламжийн дэвтрийн хуулбараар хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас халамжид хамрагддаг (хавтаст хэргийн 46-49 дугаар тал), амбулаториор эмчлүүлэгсдийн карт (хавтаст хэргийн 56-59 дүгээр тал) зэрэг баримтуудад үндэслэн өсвөр насны шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч, дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1908063250829 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, өсвөр насны шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт А-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.А-д ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Ад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нэг жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн 1908063250829 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР