Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2018/0019

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн *******гийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад тус тус холбогдох 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өдөр гэсэн бичиглэлтэй 0122457 дугаартай ******* овогтой ******* олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэдгийг тогтоолгож, гэрчилгээг хүчингүй болгохыг Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад даалгах, үүрэг болгуулах, 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0122457 дугаартай гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын давхардалтай хүний газар дээр хийсэн кадастрын зургийг хүчингүй болгуулах давхардалтыг арилгуулах үүргийг Сүхбаатар сумын газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие 1996 онд Сүхбаатар сумын баянхааны 4-р баг 9 хэсэгт амьдарч байхдаа өөрийн нэр дээр орон сууцны хашааны зориулалтаар 756 м.кв, ногоо тарих зориулалтаар 200 м.кв нийт 956 м.кв газрыг эзэмших талаар хүсэлт гарган түүний дагуу газар эзэмших гэрээ байгуулан 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 031823 дугаарын МУ-ын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ олгогдсон юм. Энэхүү 60 жилийн хугацаатай 956 м.кв талбайтай газрыг сумын засаг даргын 1996 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 11 тоот захирамжаар эзэмшиж өнөөдрийг болтол эзэмшигчээрээ явж байгаа болно. Улс орон даяар газрыг баталгаажуулах ажил явагдах үед буюу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хот тосгон бусад суурины эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас бөглөж Бат-Очир овогтой Мөнхдалай /РД: МЭ-40052035/ нэр дээр баталгаажуулалт хийгдсэн.

2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 54 тоот тогтоолоор МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу багийн нэр өөрчлөгдөж 1996 оноос амьдарч байгаа газрын нэршил өөрчлөгдөж Буур хээрийн ******* 2 хэсэг болж өөрчлөгдсөн учраас 2015 онд газрын баталгаажуулалт хийгдэхдээ Сүхбаатар сумын ******* *** хэсэг гэж өөрчлөгдсөн байгаа.

2016 оны 09 сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын А/125 дугаартай захирамжаар шинэчилсэн газрын зураглалыг баталгаажуулан эзэмших эрхийн 000612777 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон юм.

Ж.Болдбаатар нь миний үл хөдлөх хөрөнгийг худалдана гэсэн зарыг 2015 оны 8-р сард хашаан дээрээ бичснээс үүдэн миний бие сумын удирдлага болон газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даамал нартай очиж уулзан түүний гэрчилгээ болон газар эзэмших эрхийн захирамж зэргийг шүүлгэж үзэхэд Ж.Болдбаатарын нэр дээр ямар нэгэн баримт, гэрээ, захирамж, газрын гэрчилгээ огт байхгүй байсан. Гэтэл шүүхэд өгсөн тайлбар дээр нь эхнэр Ш.*******ийн нэр дээр гэрчилгээ авсан газар эзэмших гэрчилгээний хуулбар авагдсан байсан бөгөөд түүн дээр 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай сумын Засаг даргын захирамжаар 576.2 м.кв газрыг гэр бүлийн зориулалттай гэрчилгээ олгов гэж бичсэн байсан. Газар эзэмших гэрээ ч хийгдээгүй зөвхөн хууль бусаар өөр хүмүүст газар олгосон захирамжийн огноо, дугаарыг ашиглан хуурамч гэрчилгээ олгосон нь тогтоогдсон. Энэ цаг хугацаанаас эхлэн миний бие учраа олохгүй янз бүрийн нэхэмжлэл шүүхэд гаргаж өнөөдрийг хүрч байна.

Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өргөдөл өгсний дагуу надад чиглэл хүргүүлэх тухай гэсэн гарчигтай хариуг өгсөн. Тэр хариун дээр 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай захирамжаар нэр бүхий 10 хүнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэгдсэн байна. Харин Ш.******* гэдэг хүнд газар олгоогүй байна гэсэн хариу өгсөн. Тэгээд сумын Засаг дарга, тамгын газрын дарга нарт Ш.*******ийн нэр дээр олгогдсон гэх 0122457 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар эгүүлэн хураан авч хүчингүй болгох үүргийг өгсөн боловч түүнийг хүчингүйд тооцохгүй өнөөдрийг хүрч хөгшин намайг өнөөдрийг хүртэл нааш цааш явуулж маш их чирэгдэл учруулж арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бүрдүүлбэр дутуу гэж буцаасан. Энэ үйлдэлд эрх бүхий албан тушаалтан нарын буруутай үйлдэл хамааралтай, тэгээд ч тухайн үед Ж.Болдбаатар тухайн цаг хугацаанд сумын Засаг даргын жолоочоор ажиллаж байсан байдаг. Түүгээрээ далимдуулан хүний газрыг давхардуулан бичилт хийлгэж намайг хохироож байна. Ингэж албан тушаалтан нартай ажлын шугамаар холбогдож 2 хөгшин бид хоёрын газар, үл хөдлөх хөрөнгийг булаацалдаж байгаа нэгэн билээ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Гантулга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга ******* нарт холбогдуулан 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бичиглэлтэй 0122457 дугаартай ******* овогтой ******* олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгох түүнийг хүчингүй болгуулахыг даалгах үүрэг болгуулах, мөн газар дээр хийлгүүлсэн кададстрын зураглалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн 10 дугаартай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 1996 оноос өдийг хүртэл хэд хэдэн удаагийн шинэчлэл баталгаажуулалтаар газрын бүхий л баримт бичиг нь зөвхөн Баточир овогтой Мөнхдалайн нэр дээр бичигдсэн байгаа нь нотлогдоно.

*******д 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 тоот Сүхбаатар сумын Засаг даргын захаирамжаар эзэмшүүлэхээр болж 001825 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байгаа. Энэ талаар Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга болон Газрын харилцаа хот байгуулалтын дарга ******* нар нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа маш дэлгэрэнгүй бичсэн байдаг.

2005 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хот суурин газрын эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас бөглөгдөж *******гийн нэр дээр баталгаажуулалт хийгдсэн юм.

Дараа нь буюу 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 54 тоот тогтоолоор 1996 оноос амьдарч байгаа газрын нэршил өөрчлөгдөж 8 дугаар баг 2 дугаар хэсэг болон өөрчлөгдөх үед 2015 онд 8 дугаар баг 2 дугаар хэсэг гэж өөрчлөн Мөнхдалайн нэр дээр бичигдсэн байгаа.

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын а/125 дугаартай захирамжаар кадастрын зураглалыг баталгаажуулан эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон. Хууль ёсны өмчлөгч нь ******* гэж улсын бүртгэлийн Y-1317004267 дугаарт албан ёсоор бүртгэгдсэн.

Сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай захирамжийн дугаарыг бичиж 0122457 дугаартай газар эзэмших гэрчилгээ хуурамчаар авсан байгаа нь холбогдох газрын тодорхойлолт, хариу тайлбар, архивын лавлагаа зэргээр Ш.******* гэдэг хүний нэр дээр газартай холбогдолтой ямар ч баримт материал байхгүй байгаагаас дүгнэлт хийж бид шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй газрын эзэмшлийн тухай асуудал дээр Ш.******* ямар нэгэн байдлаар маргах үндэслэлгүй юм гэдэг нь ойлгогдсон учир шүүхэд гаргасан 2 шаардлагатай нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчилэн татгалзаж болно гэж зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн *******ийн нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн *******ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Гантулга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга ******* нарт холбогдох 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн өдөр гэсэн бичиглэлтэй 0122457 дугаартай ******* овогтой ******* олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэдгийг тогтоолгож, гэрчилгээг хүчингүй болгохыг Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулгад даалгах, үүрэг болгуулах, 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0122457 дугаартай гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын давхардалтай хүний газар дээр хийсэн кадастрын зургийг хүчингүй болгуулах давхардалтыг арилгуулах үүргийг Сүхбаатар сумын газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад даалгуулах тухайнэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                        Ж.БУРМАА