Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0030

 

 

 

У а З д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н

Нэхэмжлэгч У а З д

Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, аудитор А.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Ч-д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч А.Н, хариуцагч М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-А, хариуцагчийн өмгөөлөгч Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 124/2021/0024/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч У а З д нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, аудитор А.Н нарт холбогдуулан “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Аймгийн Засаг дарга нь Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг зөрчиж тэтгэмж олгосон гэх тухайд, Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11/02 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал”-ыг батлагдсан зориулалтынх нь дагуу зарцуулж тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан байхад хариуцагч нар нь холбогдох хууль, журмыг буруу ойлгож, хэрэглэх ёсгүй заалт, хэрэглэх ёсгүй журмыг үндэслэл болгон акт тогтоосон. Тухайн актын гол үндэслэлийн нэг “... аймгийн Засаг дарга Байгаль хамгаалах сангаас тэтгэмжид олгосон 6531942 төгрөгийг ... төвлөрүүлэх” гэж тогтоосон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь шүүх хурал дээр актаа хамгаалж тайлбар хийхдээ байгаль хамгаалах сан гэж аймагт тусгай сан байгаа, сангийн хөрөнгийг захиран зарцуулах Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан журмын 3 дахь хэсгийн “Төлбөрийн орлогын хэсгийн зарцуулалт” заалтуудтай тэтгэмж олгосон нь нийцэхгүй байна гэж буруу ойлгоод шүүх хурал дээр тайлбарлаад байхад л шүүхээс зөв хэмээн үзэж шийдвэрлэж байгаа явдалд гомдолтой байна. Тус аймагт энэ төрлийн сан гэж байхгүй, санг бий болговол тусгай хуулиар бий болгодог.

Шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт ... Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардалд 11.100.000 төгрөгийг төсөвлөн төсвөөс У а З д Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б-т төрийн албанаас түр чөлөөлөгдөж, магистрын сургалтад суралцахаар болсонд тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын зорилгод нийцээгүй байна гэж шүүхээс үзсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалтын “а”-д “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” эрхийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийг аймгийн Засаг дарга хангаж, тайлагнах үүрэгтэй бөгөөд салбарын ажилтнуудыг сургаж дадлагажуулах тухай тогтоолын хэрэгжилтийг заасан утгаар нь хэрэгжүүлсэн. Тухайн оны 12 дугаар сарын 25 буюу төсөв эргэн татагдахын өмнөх өдөр нь нэг ч гэсэн албан хаагчийг сургаж нөөцөд чадавхжсан боловсон хүчнийг байлгах нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд үүнийг шүүхээс үндэслэлтэй тайлбарласангүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Засгийн газрын дээрх тогтоолын хоорондын уялдааг хариуцагч болон шүүх аль нь ч зөв тайлбарлаж чадаагүй.

3.2.Аудит хийж дуусахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийх үеэр тус хуулийн 27.3.3-д заасан шийдвэр гаргах гол үндэслэл, мэдээллээ тусгаагүй шаардлага хангахгүй мэдэгдлийн дагуу сонсох ажиллагааг хийсэн. Ингэхдээ сонсох ажиллагааны тэмдэглэлд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зөрчсөн гэх асуулт тавьж, актын үндэслэл шаардлага зөв танилцуулаагүй, тойруулсан төөрөгдүүлсэн асуулт бүхий нөхцөл байдлыг танилцуулсаар ажиллагааг дуусгасан байхад л нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг үндэслэлтэй хийсэн хэмээн шүүх үзлээ. Шийдвэр гаргах гэж байгаа гол үндэслэл шаардлагаа зөв тодорхойлоогүй, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зөрчсөн, байгаль хамгаалах сангийн хөрөнгө буруу зарцуулсан гэж ойлгож яваа хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын сонсож тайлбарласан зүйл нь хэргийн баримтад байсаар байхад буруу үнэлж, дүгнэлээ.

3.3.Тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй байхад шүүхээс ач холбогдолтой талаас нь буюу хууль, журмын хэрэгжилтийг процессын дагуу явуулсан эсэхийг үнэлж дүгнэсэнгүй.

3.4.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, ..У а З д 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/106 дугаар захирамжаараа Б.Б-т олгох тэтгэмжийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэмэлт нэг удаагийн зардлаас гаргахаар шийдвэрлэсэн нь буруу байна гэжээ. Тухайн газрын нэмэлт нэг удаагийн зардлаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б нь өөрөө өөртөө шийдвэрээр мөнгө гаргаж болдоггүй. Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр л мөнгө гаргах боломж байсан. Түүнийгээ ч зөв хэрэглэсэн. Шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болсон акт нь хууль ёсны дагуу, хуульд нийцсэн байдлаар гарсан эсэхийг хянаж, үнэлж дүгнэн шийдвэрлэх ёстой байтал зөвхөн хариуцагч талын баримтыг үндэслэн шийдсэнд гомдолтой байна.

3.5.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

3.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч У а З дас “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/27/А2070416 УВА-2021/56/СТА-ОНТС дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, аудитор А.Н нарт холбогдуулан гаргажээ.

3.2.Маргаан бүхий Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/27/А2070416, УВА-2021/56/СТА-ОНТС дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар “...Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөс 2020 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгагдсан “Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал”-ын 11,000,000 төгрөгийн санхүүжилтийн эрхийг .... Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-т 6,531,942 төгрөгийн тэтгэмж олгож төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулж төрд хохирол учруулсан” гэж үзэн Байгаль хамгаалах сангаас тэтгэмжид олгосон 6,531,942 төгрөгийг Төрийн сан банк дахь Орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлж, актын биелэлтийг нэхэмжлэгч У а З д-д хариуцуулжээ.

3.3.Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Увс аймгийн 2020 оны төсөвт “Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал”-д 11,000,000 төгрөгийн санхүүжилтийг баталсан, уг зардлын санхүүжилтээс нэхэмжлэгч У а З дас 6,531,942 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б “магистрын сургалтад хамрагдахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тул албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж”-ийг олгосон гэдэг нь Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны “...2020 оны төсөв батлах тухай” 10/04 тогтоолын 4 дүгээр хавсралт[1], Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны “...2020 оны төсвийн тодотгол батлах тухай” 11/02 тогтоолын 4 дүгээр хавсралт[2], У а З д-ын 2020 оны А/209 дүгээр захирамж, 2020 оны Б/106 дугаар захирамж, дансны хуулгууд[3], төлбөрийн хүсэлт[4] зэргээс нотлогдож байна.

3.4.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.” гэжээ.

3.5.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36"төсвийн ерөнхийлөн захирагч" гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ”, 5 дугаар зүйлийн 5.1.3-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална: санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх”, 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 14 дүгээр зүйлийн 14.1.17-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна: аймаг, ...-ийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн.”, 14.2.3-д “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” гэж тус тус зохицуулсан.

3.6.Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас дүгнэхэд нэхэмжлэгч У а З д нь төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд тус аймгийн батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, захиран зарцуулах, төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах эрх, үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд байна.

Гэтэл нэхэмжлэгч У а З д нь “Байгаль орчны салбарын  мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал”-д хуваарилагдсан төсвийн хөрөнгийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б-ын “магистрын сургалтад хамрагдахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж” олгох зориулалтаар шийдвэрлэсэн нь дээр дурдсан Төсвийн тухай хуульд заасан “батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, захиран зарцуулах, төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс “төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулж төрд хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр гарсан маргаан бүхий акт үндэслэлтэй бөгөөд уг маргаан бүхий актыг “хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.  

3.7.У а З д-ын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тэтгэмж олгох тухай” Б/106 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б-т “албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэмэлт дансны нэг удаагийн зардлаас гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогчид зөвшөөрчээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч У а З д-с Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэмэлт дансны нэг удаагийн зардлыг Б.Б-ын тэтгэмжийн зардалд зориулан зарцуулах үүргийг өгсөн нь төсвийн зориулалтыг заах байдлаар төсвийг зарцуулах эрх хэмжээг хэрэгжүүлсэн байх бөгөөд энэхүү үйлдлийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн маргаан бүхий акт үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төсвийн шууд захирагчийн буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга нарт Төсвийн хуулиар олгосон эрх хэмжээг аймгийн Засаг даргын эдлэх эрх, үүрэг хэмээн андуурч, түүнийг үндэслэл болгон аймгийн Засаг даргад акт тавьсан нь үндэслэлгүй”, “Тухайн газрын нэмэлт нэг удаагийн зардлаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б нь өөрөө өөртөө шийдвэрээр мөнгө гаргаж болдоггүй. Төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр л мөнгө гаргах боломж байсан. Түүнийгээ ч зөв хэрэглэсэн.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.8.Увс аймгийн Байгаль орчны салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтын удирдамж, хөтөлбөр, санхүүжилтийн тооцоолол[5], гэрч Б.Б-ын “...Тухайн үед Ч.Ч-д дарга надтай уулзаад ажлаа хүлээлгэж өгсөн тохиолдолд өөрийг чинь зүгээр орхихгүй, сурч боловсрох талд чинь дэмжлэг үзүүлнэ. Чи сурах болсон тул ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичээд ир гэж хэлсэн. Тэгээд би Засаг даргатай маргалдаад хэрэггүй гэж үзээд тэтгэмжээ аваад төрийн албаны нөөцөд үлдэж ажлаа хүлээлгэж өгсөн... Би сургалтад хамрагдаж, сургуульд бүртгүүлээгүй, тухайн үед 2021 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн учраас сургалт эхэлсэн байсан тул бүртгүүлж чадаагүй. Харин 2021 оны хичээлийн жилээс бүртгүүлж магистрын сургалтад хамрагдах төлөвлөгөөтэй байгаа.” гэсэн мэдүүлэг зэрэг нь хэрэгт авагджээ.

Эдгээр баримтуудаас дүгнэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б-т олгосон “албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж” нь түүнийг албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор олгосон тэтгэмж байх бөгөөд харин Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зориулалтаар олгосон тэтгэмж гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийг аймгийн Засаг дарга хангаж, тайлагнах үүрэгтэй бөгөөд салбарын ажилтнуудыг сургаж дадлагажуулах тухай тогтоолын хэрэгжилтийг заасан утгаар нь хэрэгжүүлсэн. Тухайн оны 12 дугаар сарын 25 буюу төсөв эргэн татагдахын өмнөх өдөр нь нэг ч гэсэн албан хаагчийг сургаж нөөцөд чадавхжсан боловсон хүчнийг байлгах нь хууль зөрчсөн үйлдэл биш...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

3.9.Хариуцагчаас маргаан бүхий акт гарахаас өмнө нэхэмжлэгч У а З дд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, маргаан бүхий актын гарах үндэслэлийг “Байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах үйл ажиллагааны зардал 11,000,000 төгрөгөөс Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Б-т 6,531,942 төгрөг олгож зориулалт бус зардал гаргасан алдаа зөрчилд төлбөрийн акт тогтоох болсон” талаар болон акт гаргах шалтгааныг танилцуулж, нэхэмжлэгчийг тайлбар гаргах боломжоор хангасан  гэдэг нь мэдэгдлүүд[6], сонсох ажиллагааны тэмдэглэлүүд[7], маргаан бүхий актын үндэслэл зэргээс тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийх үеэр тус хуулийн 27.3.3-д заасан шийдвэр гаргах гол үндэслэл, мэдээллээ тусгаагүй шаардлага хангахгүй мэдэгдлийн дагуу сонсох ажиллагааг хийсэн. Ингэхдээ сонсох ажиллагааны тэмдэглэлд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль зөрчсөн гэх асуулт тавьж, актын үндэслэл шаардлага зөв танилцуулаагүй, тойруулсан төөрөгдүүлсэн асуулт бүхий нөхцөл байдлыг танилцуулсаар ажиллагааг дуусгасан” гэх гомдлын үндэслэл тогтоогдсонгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20–ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч У а З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч У а З д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 123 дахь тал

[2] Хэргийн 58 дахь тал

[3] Хэргийн 68,72дахь тал

[4] Хэргийн 70 дахь тал

[5] Хэргийн 60-64 дэх тал

[6] Хэргийн 50, 55  дэх тал

[7] Хэргийн 51-54, 56 дахь тал