Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 556

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           03                                      2020/ШЦТ/556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч С.Б,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Элжигин овогт Содномдовжидын С.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005011590685 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Б /РД:аа00000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” зочид буудлын зоорийн давхарт буюу олон нийтийн газарт ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох хөзрийн арван гурван модны покер, техас покер тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” зочид буудлын зоорийн давхарт буюу олон нийтийн газарт ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох хөзрийн арван гурван модны покер, техас покер тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Мөнгөлөг өнгийн цүнхтэй 398 ширхэг хясаа, 4 ширхэг улаан өнгийн хөзөр мэт хэмжээтэй карт, 3 хайрцаг хөзөр, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 9 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 9 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 18 ширхэг, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 21 ширхэг нийт 616.130 төгрөг”,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хойд талд зам дагуу урагш харсан байрлалтай байх бөгөөд “Тулга” ресторан гэсэн хаягтай 5 давхар саарал өнгийн объект байв. ...уг ширээний голд улаан өнгийн 140 ширхэг, ногоон өнгийн 56 ширхэг, ягаан өнгийн 13 ширхэг, хөх өнгийн 81 ширхэг дугариг хэлбэрийн хясаа ...бэхжүүлэн авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-13 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал С.Б над руу залгаад хүрээд ирээ арван гурав тоглоё гээд залгахаар нь би хаана байгаа юм бэ гэхэд “Тулга” гээд буудлын доор байна гэсэн. Би 19 цаг 30 минутын үед гэрээсээ гараад очоод утсаар нь залгаад орсон. Дотор ороход 4 хүн арван гурав тоглож байхаар нь би суугаад тоглосон. ...тэр газарт тоглодог талаар С.Б өөрөө хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд өөрийн 10 жилийн найз Бат-Эрдэний 99100110 дугаарын утас руу өөрийн 88078809 дугаарын утаснаас залгаад юу байна, хаана байна гэхэд С.Б “Тулга” дээр найзуудтайгаа 13 модны покер тоглож байна гэхээр нь би очиж болох уу гэхэд зөвшөөрөхөөр нь очсон. “Тулга” зочид буудлын б1 давхар руу ороход хаалга нь онгорхой 5-6 эрэгтэй хүмүүс 13 модны покер тоглож байсан. ...21 цагийн үед ахин 3-4 хүн орж ирээд шууд техас покер тоглоом тоглож эхэлсэн. ...С.Б өмнө нь надад найзуудтайгаа тус газарт тоглоом тоглодог гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Хуягбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 хоногийн өмнө С.Б 99100110 дугаараас миний 86115693 тоот дугаар руу залгаад 13 модны покер тоглоом тоглох уу гэхээр нь зөвшөөрөөд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тоглосон. Тус өдөр тухайн газарт нийт надтай нийлээд 5 хүн 13 модны покер тоглоом тоглосон. ...Өнөөдөр 20 цагийн үед хэд хэдэн хүмүүс орж ирцгээсэн. Эхлээд 13 модны покер тоглож байгаад хүмүүс их болоод ирэхээр техас покер тоглоом тоглохоор шийдсэн. ...13 модны покер тоглоом 30 тоо хүрвэл 5.000 төгрөг өгч хасагдана. Техас покер тоглоом нь 20.000 төгрөгөөр 40 ширхэг хясаа худалдаж авдаг ба бооцоо тавьдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Урантунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 цагийн үед над руу 99100110 дугаарын утаснаас миний 919106174 дугаар руу залгаад “завтай байна уу, 13 модны покер тоглоом тоглох уу гэхээр нь би жаахан ажилтай байна, дуусгаад залгая гээд 20 цаг 30 минутын үед С.Б руу залгаад зааж өгсөн “Тулга” гэдэг зочид буудлын б1 давхар руу очиход С.Б ах онгойлгож, ороход 7-8 хүн сууцгаагаад байж байсан ба С.Б ах “олон болчихлоо техас покер хөзрийн тоглоом тоглох уу гэхээр нь зөвшөөрч тоглож эхэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч А.Эрдэнээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байтал С.Б над руу залгаад намайг зугаатай цагаа өнгөрөөх газар уриад Баянгол дүүргийн төмөр замын цагдаагийн арын Шүүхийн өөдөөс харсан “Тулга” гээд ресторан байгаа гэж зааж өгсөн. 21 цагийн үед утсаар яриад заалгаад ороход 10 гаран хүмүүс тоглоод сууж байсан. Тэгээд би 20.000 төгрөг өгөөд тоглохоор суусан. ...хясааг С.Б авч ирсэн. Зохион байгуулсан байх. Нэг ширхэг читоныг 500 төгрөгөөр авч, 40 ширхэг читон авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Гэрч Х.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байтал С.Б над руу залгаад хүрч ирээд жаахан тоглох уу гэхээр нь би тухайн газрыг нь утсаар заалгаад 20 цагийн үед ороход 10 гаран хүмүүс байсан. Би читон аваад тоглосон. ...тэр газарт тоглодог гэдгийг С.Бэс сонссон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Пунцаграшийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал С.Б ах над руу залгаад хүрээд ирэх үү гээд хаана байгаа вэ гэхэд “Тулга” зочид буудалд хүрээд ир гэсэн. 21 цаг 30 минутын үед ирэхэд дотор талаасаа хаалгаа нээж өгөөд би дотор ороход 3 хүн шатар тоглож байсан. Гаднаас хүмүүс нэмэгдэж орж ирсэн. Тэгээд удаагүй хөзөр тоглоод эхэлсэн. ...Би 20.000 төгрөгөөр тоглосон. Нэг ширхэгийг нь 500 төгрөгөөр 40 ширхэг читон авч тоглосон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Мөнхсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад оройны 22 цагийн үед С.Б над руу залгаад арван гурав тоглох уу гээд намайг дуудсан. Тэгээд би “Тулга” гэдэг газар луу ороход 13 хүн техас тоглож байсан. Тэгээд 11 цаг өнгөрөөд цагдаа гаднаас ороод ирсэн. ...Хясааг С.Б авч ирсэн. Зохион байгуулсан байх. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Борхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад оройны 20 цагийн үед С.Б над руу залгаад хэдэн хүн цугласан 13 тоглох уу гэхээр нь ...21 цагийн үед очиход 6-7 хүн арван гурав тоглож байсан. Тэгээд суугаад цуг тоглоод байж байтал хүмүүс нэмэгдэж ирээд техас тоглохоор болоод техас тоглож эхэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-50 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Түвшинтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш ...19 цаг 30 минутын үед найз С.Б рүү залгаад өнөөдөр орой жаахан суух газар байна уу гэж асуухад өөрөө л мэдэхгүй юу гэхээр нь би “Тулга” гэдэг караокед очиход Батсуурь, Алтаншагай, Урантангарга нар байсан. 13 модны покер тоглосон. Удалгүй гаднаас Борхүү, Эрдэнээ нар зүс мэдэх гурван хүнтэй орж ирсэн. Тэгээд олуулаа юм чинь техас тоглоё гээд тоглосон. ...хясааг С.Б авч ирсэн. Нэг читоныг 500 төгрөгөөр 10.000 төгрөгөөр 20 ширхэгийг авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Чойжамцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед С.Б рүү тоглож байна уу гээд залгатал тоглож байна гэсэн. “Тулга” рестораны доод давхарт ороход 8-9 хүн тоглож байсан. ...Хясааг С.Б авч ирсэн байх. Нэг читоныг 500 төгрөгөөр, 20.000 төгрөгөөр 40 ширхэг читон аваад тоглосон ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр таньдаг хүнээсээ тоглоомын хясааг гуйж аваад тухайн өдрийнхөө орой “Тулга” нэртэй зочид буудлын 0 давхар буюу өөрийн түрээсэлж байгаа оффисдоо найзууд болон танил хүмүүсийг дуудаж покер тоглох талаар дуудаж тоглосон юм. ...Тоглохдоо 1 хясааг 500 төгрөгөөр үнэлж тоглосон. Миний хувьд 1 тоглоомын дараа ялагч хүнээс нь 5000 төгрөг авах зарчмаар тоглосон юм. ...Ялагч 40.000 төгрөг авах бөгөөд үүнээс 5000 төгрөгийг надад өгөх зарчмаар тоглоом явагдсан. ...хүмүүс надаас 1 ширхэг хясааг 500 төгрөгөөр худалдаж авна. Тухайн хүмүүс надаас хясаа худалдаж авсан мөнгөн дүн хураагдсан. ...би тухайн мөнгөнөөс тоглоом бүрийн дараа хожил авсан хүнээс бэлэн мөнгө авах ёстой бөгөөд тухайн ялагчаас хясааг нь хасч тооцдог юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 77-78 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 95 дугаар хуудас/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 96 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 97 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 91 дүгээр хуудас/, “Хаан банк” ХХК-с ирүүлсэн шүүгдэгч С.Бат-Эрдэний депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 83-90 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу өөрийн эзэмшлийн “Тулга” зочид буудлын зоорийн давхар буюу олон нийтийн газарт 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүмүүсийг дуудаж, ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн газар хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б нь олон нийтийн газарт ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч С.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Уг гэмт хэргээс хуулиар хамгаалах эрх ашиг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, мөрийтэй тоглоомын талаар хуулиар тогтоосон журам байдаг.

Тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуульд заасан үйлдэл бүрэн хийгдсэнээр төгссөнд тооцогддог гэмт хэрэг юм. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодитой хохирол, хор уршиг шаардахгүй юм.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Олон нийтийн газарт хөзөр, бусад эд зүйл ашиглан ашиг олон зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан” үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.Б улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Мөн шүүгдэгч С.Б нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу орлого олдог, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч С.Б торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 9 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 9 ширхэг, 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 18 ширхэг, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 21 ширхэг нийт 616.130 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг өнгийн цүнхтэй 398 ширхэг хясаа, 4 ширхэг улаан өнгийн хөзөр мэт хэмжээтэй карт, 3 хайрцаг хөзөр зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЗОЛБОО