Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 565

 

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           08                                     2020/ШЦТ/565

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Д.Б,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Довдонгийн Б.Б-ынт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005013360731 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт 00 тоотод оршин суух, урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 487 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.Б /РД:аа0000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ын I Phone-11 загварын гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...............................................................................................................................................................................................................................................................................” гэв.

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ын I Phone-11 загварын гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад ... Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 7 дугаар төвийн замын урд хэсэгт машиний зогсоол дээр үлдээсэн машин дээрээ ирээд таксины жолооч ах Б.Б-ын өөрийнхөө машиныг ойрхон авто зогсоол дээр байршуулаад миний машинийг жолоодоод дуудлагын жолооч болон найз Төрмөнх нар миний машинд бүгд хамт суугаад хөдөлж яваад ТБД андууд ороод дуудлагын жолоочид АТМ-ээс мөнгө авч өгөөд өмнө дуудсан байсан жолоочийг явуулсан. Бид гурав үлдээд тэндээс хөдлөөд эргэж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 7 дугаар төв дээр ирээд Төрмөнхийн хамтаар машинаас бууж данснаасаа 200.000 төгрөг аваад эргэж машинд дөнгөж суугаад, би утсаа байна уу гэдгийг шалгатал утас маань байхгүй болчихсон байхаар нь тэр дор нь Төрмөнхийн утсаар залгаж үзэхэд холбогдохгүй байсан юм. Жолооч тухайн үед юм дуугарахгүй байдалтай сайн шалгаарай гээд байх шиг байсан юм. Тэгээд би Төрмөнхийн хамтаар утсаа машин дотор болон гадаа машины ойролцоо шалгаж үзээд мөн АТМ-н ойролцоо үзэхэд утас олдоогүй юм. ...Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхон ороод манай байр болох 18 дугаар байрны хажуу хэсэгт авто машины зогсоол дээр жолооч Б.Б-ын миний машиныг байрлуулан зогсоосон юм. Би машинаасаа буугаад ахиж гар утсаа машин дотроос Төрмөнхийн хамтаар хайж үзтэл утас олдоогүй. Ахиж утасруугаа залгахад холбогдохгүй байсан. Тэгсэн жолооч Б.Б-ын гэх хүн “ах нь аваагүй шүү, нэгжиж үз” гээд байсан. ...Төрмөнхийн хамтаар машинаас буугаад АТМ ороход жолооч Б.Б-ын машин дотор ганцаараа суугаад үлдсэн юм. ...Би тухайн утсыг анх 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Юнител” ХХК-с 2.784.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгсэн Б.Б-ын гэх хүн “Теди” дээр Алтансүх гэх хүнд зарсан байна лээ. Цагдаа дээр Алтансүхээс миний гар утсыг хурааж авах үед симийг нь авчихсан байдалтай байсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр болох хагас сайн өдөр “Теди” төвийн гадна байж байтал 14 цагийн орчимд нэг залуу хүрч ирээд утас авах уу гэхээр нь үзье гэсэн чинь тэр залуу намайг “жаахан ийшлэх үү” гээд дагуулаад хүнгүй газар ирээд хар өнгийн I phone-11 загварын гар утсыг гаргаж ирж үзүүлэхээр нь би “юун утас юм бэ” гэж асуутал тэр хүн “ах нь таксинд явдаг юм, хүн машинд мартаад үлдээсэн байна” гэж хэлэхээр нь би “та хэдээр зарах юм” гэж асуутал 500.000 төгрөг гэж хэлэхээр нь жаахан буулгаад ярьж байгаад 400.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Утас худалдаж авах үед тухайн гар утас асаалттай, симгүй, тухайн хүнд уг утасны имай код байгаагүй юм. Тэр хүнийг Б.Б-ын гэдэг юм байналээ, би 400.000 төгрөгийг өөрийнхөө 5019057687 тоот дансаараа Б.Б-ынийн данс руу өөрийнхөө мобайл банкаар шилжүүлсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №ТХҮ-720/209 дугаартай: “I phone-11 загварын гар утсыг 2.250.000 төгрөг”-р үнэлсэн үнэлгээний дүгнэлт /хэргийн 17-19 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын орчмоос 2 залуу такси барихаар гараа өргөхөөр нь авч суулгаад “Туушин” зочид буудлын орчимд баарны гадна очсон. Тэгээд тэндээсээ буцаад Мичид зочид буудал руу явсан. ...ТБД Андуудын Хаан банкны АТМ дээр очоод 30.000 төгрөг авч өгөөд дуудлагын жолоочоо явуулж байхдаа гар утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд бид нар хамтдаа гар утсыг нь хайтал олдоогүй. Тэгээд би тэр хоёрыг 10 дугаар хорооллын орчимд байдаг зочид буудалд оруулсан. ...Тэгээд би машинаа аваад гэртээ очиж амарсан. Машинаа унаад гарах гэтэл миний машин дотор гар утас байхаар нь би тэр гар утсыг нь аваад Тэди төвийн гадна очоод утас авдаг хүмүүстэй дуудаж уулзаад 400.000 төгрөгөөр зарсан...Надад ямар нэгэн маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Бийн “Хаан” банкны 000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 26-30 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би утсаа бүрэн бүтэн олж авсан. Ямар нэгэн гомдол саналгүй. Энэ хэргийг бүрэн хааж өгөхийг хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/, Хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай “...гомдол, санал байхгүй” гэсэн тэмдэглэл /хэргийн 46 дугаар хуудас/, Гомдол буцаан авах тухай “...миний хохирлыг бүрэн барагдуулж би өөрийн гар утсыг эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн буцаан авсан учир энэхүү гомдлоо буцаан авч цаашид энэ гомдол дээр ямар нэг хэрэг үүсгэж шалгах шаардлагагүй” гэсэн хохирогчийн хүсэлт /хэргийн 44 дүгээр хуудас/, Шүүгдэгчийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “...2020 оны 04.01-ний шөнө таксинд явж байгаад иргэн Баттулгын утас миний машины ард суудал дээр орхисон байдаг ...Баттулгын утсыг буцаан өгч хохирол гомдол саналгүй болгосон тул энэ асуудлыг хааж өгнө үү” гэсэн хүсэлт, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 50-58 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Б нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, бусдын эзэмшлийн 2.250.000 төгрөгийн үнэлгээ бүхий “I Phone-11” загварын гар утсыг худалдан борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Б-ын эзэмшлийн I Phone-11” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж цааш нь зарж борлуулж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгч Д.Бийн “Хаан” банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Д.Бийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 2.250.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогчид гар утсыг биет байдлаар буцааж өгсөн /хэргийн 44 дүгээр хуудас/ буюу хохирол төлбөрийг барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Д.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ““Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Бийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэгт учруулсан хохирлыг төлсөн гэх хувийн байдлыг нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Бт торгох ял оногдуулсантай холбогдуулан түүнийг хувиараа ажил хийж орлого олдог гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Б-ынийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д.Бт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч Д.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО