Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           09                                      2020/ШЦТ/569

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Э.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Э холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005016030857 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...оны .. дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ХХХ” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт    0000-тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүйЭ.Э /АА00000000 /.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед 0000 тоотод хамтран амьдрагч Г.Г.Уийг гурав хоног гэртээ ирээгүй гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж баруун хөмсөгт зулгаралт, дух, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун бугалганд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “Би өөрийн гэм буруу дээр маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн үед 0000 тоотод хамтран амьдрагч Г.Г.Уийг “гурав хоног гэртээ ирээгүй” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж баруун хөмсөгт зулгаралт, дух, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун бугалганд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгаас ирээд гэртээ байж байсан юм. Орой 23 цагийн орчимд манай нөхөр бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирээд байж байтал манай ээж Алтанцэцэг манай нөхөр Э.Э хандаж “Урнаа чамайг цагдаад өгчихсөн байгаа” гэж хэлтэл намайг том өрөөнд зурагт үзээд сууж байхад уурлаад миний хажууд ирж суугаад миний нүр рүү гараараа хоёр, гурван удаа цохиод миний толгойноос үсдэж доош нь дараад газар унагаасан. ...Нөхөр хардаж хэрүүл хийгээд мөн намайг өөрийг нь цагдаагийн байгууллагад өглөө гэж уурласан. ...Надад цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээ байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 4 дүгээр сарын 28-ны орой миний бие төрсөн эгч Алтанцэцэгийн гэрт байж байсан юм. ...орой Г.У ийн нөхөр Э.Э бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд эхнэр Г.У тэйгээ хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгж байтал Г.У том өрөөндөө орж ирээд буйдан дээр сууж байтал Э.Э орж ирээд хувцасных нь захнаас заамдаад нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. ...Манай дүү Г.У гурван хоног найзуудтайгаа хамт хөдөө яваад ирсэн гэсэн. Тэгээд Э.Э гурван хоног хүүхдээ орхиод явсанд нь уурлаад маргалдаад байсан. Миний харснаар Г.У ийн цамцных нь захнаас нь заамдаад гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон. ...Г. Уийн нэг нүд хавдаад хөхөрсөн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

Гэрч В.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр миний бие гэртээ оройн 21 цагийн орчим ирэхэд манай охин Г.У хоёр хүүхдийн хамт бас манай дүү Амарсанаа дөрөв байж байсан. Би оройн хоолоо хийж байхад манай хүргэн Э.Э бага зэрэг архи үнэртүүлчихсэн гэртээ орж ирсэн юм. Намайг гал тогооны өрөөнд байж байхад манай охин Г.У “Ёоо ёоо намайг цохичихлоо” гээд орилсон. Тэгэхээр нь би гал тогооны өрөөнөөс гүйгээд том өрөөнд ороход манай охин газар уначихсан хүргэнийг дүү Амарсанаа охиноос минь холдуулаад байж байхаар нь бид хоёр том өрөөнөөс гаргахад хүргэн маань тэр чигээрээ хувцасаа өмсөөд гараад явсан. Тэгээд би охиноосоо юу болсон талаар асуухад манай хүргэн Э.Э гараараа нүүр рүү нь цохисон гэж хэлж байсан. Тухайн үед манай охин Г.У ийн дух хэсэгт нь хавдсан байсан. ...Э.Э ирээд хаагуур хэнтэй яваад байдаг юм гээд хэрүүл хийгээд байсан. ...Г.У ийн биед учирсан гэмтлийг манай хүргэн Э.Э гараараа цохиж учруулсан байх гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5203 дугаартай шинжээчийн:

“...1. Г.У биед баруун хөмсөгт зулгаралт, дух, баруун хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун бугалганд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

    3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

    5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтоноги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай эхнэр гурван хоног надад хэлэхгүй ор сураггүй гадуур хоноод гэртээ ирэхэд нь би эхнэрийгээ хаагуур, хэнтэй, юу хийж явсан талаар асуухад уурлаад “чамд ямар хамаатай юм” гэхээр нь миний уур хүрээд зүүн талын хацар руу нь баруун гараараа хоёр удаа алгадсан. Тэгээд Г.У босоод ирэхээр нь би үсдсэн чинь өөрөө тонгойхоор нь үсдсэн чигээрээ нүүр рүү нь баруун гараараа хоёр удаа алгадсан. ...”гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.У“...Урьд өмнө нь цохиж зодож байгаагүй. Би эмнэлгийн байгууллагад хандаагүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээ байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай “...гомдол, санал байхгүй” гэсэн тэмдэглэл /хэргийн 56 дугаар хуудас/, “ХХХ” ХХК-с ирүүлсэн “Энхбаатар овогтой Э.Э нь ХХХ ХХК-ийн туслах ажилтнаар 2017 оны 12 сараас одоог хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хэргийн 46 дугаар хуудас/, Зөрчлийн шийтгэврийн хуулбар /хэргийн 50-51 дүгээр хуудас/, Шүүгдэгч Э.Эын “Хаан” банкны 0000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 41-43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 52-53 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Э нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр “гурван хоног алга боллоо” гэх шалтгаанаар хохирогч Г.У нүүр лүү нь гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э нь хохирогч Г.У биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

         Тиймээс шүүгдэгч Э.Э ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г.У нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болох нь /хэргийн 32-33 дугаар хуудас/ нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Э.Эт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО