Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 580

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           10                                      2020/ШЦТ/580

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Э.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005005780805 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ХХХ” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.Б /РД: УШ96011251/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хайф икс” тоглоомын газар ажиллуулдаг С.Эы урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “плэй стэйшн-4” загварын тоглоомыг нь 1 хоног түрээслье гэж хууран авч ломбарданд тавьж 725.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ..

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Энхсайхан ах манай дээд талын анги байсан. Плэй стэйшн тоглоомыг нь түрээслэж аваад барьцаанд тавьсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан. Тэр мөнгөөрөө тоглоом тоглоод үрсэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 34 дүгээр байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хайф икс” тоглоомын газар ажиллуулдаг С.Эы урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “плэй стэйшн-4” загварын тоглоомыг нь 1 хоног түрээслье гэж хууран авч ломбарданд тавьж 725.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч С.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Э.Б гэх хүн Плэй стэйшн-4 слим загварын тоглоомыг нэг хугацаантай 30.000 төгрөгөөр гэртээ тоглож байгаад буцаагаад өгөхөөр өөрийн иргэний үнэмлэхээ барьцаанд тавиад аваад явсан. Ингээд маргааш утас руу нь залгаад тоглоомоо аваад ир гэж хэлэхэд би ахиад ар гэрт хүнд асуудал гарчихлаа тоглоомыг аваачиж өгч чадахгүй байна. Би оны өмнө түрээсийн мөнгөтэй нь хамт бүгдийг нь өгнө өө гэж хэлсэн. Үүнээс хойш утас нь холбогдоогүй. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 99239972 дугаараар эгчтэй нь холбогдоход Э.Бэ гэртээ ирэхгүй 4 сар орчим болж байна, хаана юу хийгээд явж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Холбоогүй удаж байна гэсэн. ...1 хоногийн хугацаатай гэртээ тоглож байгаад буцаагаад аваад ирье гэж байсан. Манай тоглоомыг түрээслэж аваад барьцаанд тавьж болохгүй гэдгийг мэдсээр байж тоглоод ирье гэж хэлээд барьцаанд тавьсныг би сүүлд мэдсэн. ...Би энэ Э.Бийг урьд нь манайд орж ирээд хэд хэдэн удаа тоглож байсан учраас итгээд явуулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Шийлэгцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэс ломбарданд зээлийн мэргэжилтэн Батзаяагийн хамт байхад Плэй стэйшн-4 маркийн тоглоомыг барьцаанд тавьж зээл авахаар нэг залуу орж ирсэн. ...350.000 төгрөгөөр авах боломжтой юм банйа гэж хэлсэн. Тэгээд үйлчлүүлэгч зөвшөөрч зээл үүсгэж 7 хоногийн хугацаатай зээлийн барьцаанд тавьж 350.000 төгрөгөө блэнээр авч явсан. Тэрнээс хойш 7 хоног болоод утсаар ярихад хүүний мөнгө төлж дахиад 7 хоногоор сунгасан. Тэрнээс хойш утсаа авахгүй, утас нь холбогдохгүй таг алга болсон. ...Гэрээнд зааснаар барьцаа хөрөнгийг хурааж авсан байсан. Тэгтэл гэнэт 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Э.Э.Бий эгч нь гэх эмэгтэй хүү, алдангийг нь төлж, барьцааны эд зүйлээ аваад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-67 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №БГ2-20-267 тоот “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн худлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 725.000 төгрөгөөр үнэлэв.” гэсэн үнэлгээний тайлан /хэргийн 36-37 дугаар хуудас/,

 

“Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газрын 0033168 дугаартай “...плэй стэйшн-4 төхөөрөмжийг 350.000 төгрөгөөр барьцаанд тавьсан тухай” зээлийн гэрээ /хэргийн 08 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Sony брендийн PS4 /slim/ загварын эд зүйл хоёр гар, дагалдах залгуур ил харагдах эвдрэл гэмтэлгүй эд зүйлсийг тус тус бүрэн бүтэн хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл /хэргийн 57 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Э.Бий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр уг тоглоомын газраас плэй стэйшн-4 тоглоомыг нэг хоногийн хугацаатай түрээслэн аваад тоглох гэсэн боловч зав гараагүй. Тэр үед надад мөнгөний хэрэг гараад уг түрээслэн авсан тоглоомыг ломбарданд тавихаар болоод 25 дугаар эмийн сангийн замын урд байрлах Эрдэнэс гэсэн ломбарданд очиж тавихад 350.000 төгрөгөөр авна гэхээр нь би өөрийн жолооны үнэмлэхийн лавлагаагаар барьцаанд тавьж мөнгийг бэлнээр авсан. Би авсан мөнгөөрөө цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан юм. Маргааш нь уг тоглоомын газраас түрээсийн хугацаа дууслаа гэхээрнь ахиж нэг хоног сунгана гэж 30.000 төгрөг шилжүүлсэн. Маргаашнаас нь ломбарднаас тоглоомоо авах мөнгөгүй болоод шууд утсаа унтраасан. ...Би уг тоглоомыг тоглон гэж авсан юм. Тэр өдөр найз нартайгаа тоглох уу гэж асуухад хүмүүс тоглохгүй байсан. Би энэ үед цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан учир уг плэй стэйшн тоглоомыг ломбарданд тавиад мөнгийг нь цахим мөрийтэй тоглоомонд оруулж өсгөнө гэж бодоод өсгөж чадалгүй алдсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

хохирогч С.Эы “...Миний бие өөрийн эзэмшлийн плэй стэйшн-4 тоглоомыг бүрэн бүтэн хүлээн авлаа. Цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хэргийн 55 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 71 дүгээр хуудас/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 72 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 73 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хэргийн 40 дүгээр хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 41-44 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Э.Б нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг хууран авч барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б нь хохирогч С.Эы өмчлөлийн “плэй стэйшн-4” загварын тоглоомыг хуурч аван барьцаалан зээлдүүлэх газарт тавьж залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон эд хөрөнгө үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Э.Э.Бийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Эд 725.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогчид эд зүйлийг биет байдлаар буцааж өгсөн /хэргийн 55 дугаар хуудас/ буюу хохирол төлбөрийг барагдуулсан байна. Иймд шүүгдэгч С.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Э.Бэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Э.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Мөн шүүгдэгч Э.Б нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Э.Бд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО