Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2017/00021/И |
Дугаар | 130/ШШ2017/00033 |
Огноо | 2017-01-18 |
Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2017/00033
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий суМ * дүгээр багт оршин суух, РД:БЙ00000000, Б овогт М ын Б ий итгэмжлэгдсэн төлөөлөгч РД:БЙ00000000 Ж овогт Ж н М хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий суМ 9 дүгээр багт байрлалтай 40 м.кв /8х5/ хэмжээний блокон байшингийн өмчлөгч М.Б мөн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие охин болох М овогтой Бий Өлгий суМ 9 дүгээр багт байрлалтай байшин нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн үеэр борооны улмаас нурж цаашид ашиглах боломжгүй болсон. Энэ талаар Онцгой байдлын хэлтсийн акт гарсан юм. Аймгийн Хөдөлмөр, Халамж, үйлчилгээний газраас гэр оронгүй болсон тохиолдолд олгох 1,200,000 төгрөгийг авахад улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй тул уг мөнгийг авч чадахгүй байна. Иймд Онцгой байдлын акт, Өлгий суМ Засаг дарга болон багын Засаг дарга нарын тодорхойлолт, фото зураг, дөрвөн хүний тодорхойлолт, газрын гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Өлгий суМ 9 дүгээр багт байрлалтай 40 м.кв блокон байшингийн өмчлөгчөөр М.Б мөн болохыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Манай хүүхэд болох М.Б Баян-Өлгий аймгийн Өлгий суМ 9 дүгээр багт 40 м.кв талбай бүхий байшинтай байсан. 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болсон үерийн үеэр үерт автагдаж уг байшин бүхэлдээ нурсан. Улмаар аймгаас зарим гэр бүлд эсгий гэр, байшин барьж өгсөн. Гэхдээ манай хүүхэд үүнийг аваагүй. Эдгээр тусламжийг авч чадаагүй иргэдэд Халамжийн байгууллагаас 1.2 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгөх ёстой. Уг тусламжийг авахын тулд бүрдүүлэх материал дотор улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Манай хүүхэд оюутан учраас тухайн байшинд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй байсан. Тийм учраас уг нурсан байшингийн өмчлөгч нь М.Б мөн болохыг тогтоож өгөхийг хүсье гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, Баян Өлгий аймгийн Өлгий суМ 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний 900 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь М.Б болох нь 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр олгосон Г-00000000 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 444 дугаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж болон хавсралт, газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Уг газарт 40 м.кв /8х5/ хэмжээний блокон байшин байгаа болох нь А.Б, М.Б, Б.Г, М.Р нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор, уг блокон байшин нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий суМ нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо мөндөр бууж ард иргэд айл өрхүүд үерт автагдсан гамшгийн ослын улмаас хүсэлт гаргагч М.Бий 8х5 хэмжээтэй үнсэн блокон байшинд ус нэвтэрч байшин усаар дүүрч амьдрах боломжгүй бүрэн нурсан нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 38 дугаар акт, фото зураг, 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өлгий суМ Засаг даргын 1/341 дугаар албан бичиг, Өлгий суМ 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Гэтэл хүсэлт гаргагч М.Б нь тусдаа гэр бүл болж гараагүй одоо оюутан Улаанбаатар хотод сурч байгаа болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байгаа ба уг Өлгий суМ 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний 900 м.кв газарт 40 м.кв /8х5/ хэмжээний блокон байшин байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлээгүй, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй буюу аваагүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэн гэснийг мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж тус тус заасан байх ба хүсэлт гаргагч М.Б нь Өлгий суМ 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн хэрэгцээний 900 м.кв газарт барьсан 40 м.кв /8х5/ хэмжээний блокон байшинг улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхтэй талаарх улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй байх тул хүсэлт гаргагч М.Б нь уг 40 м.кв /8х5/ хэмжээний блокон байшингийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь нотлогдохгүй байна.
Иймд хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Өлгий суМ 9 дүгээр багт байрлалтай 40 м.кв /8х5/ хэмжээний блокон байшингийн өмчлөгч М.Б мөн болохыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч М.Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий суМ 9 дүгээр багт байрлалтай 40 м.кв /8х5/ хэмжээний блокон байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ