Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 571

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           09                                      2020/ШЦТ/571

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч С.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас С.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005011220783 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт 000 тоотод оршин суух, урьд

-Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж байсан, С.М /РД:00000000 /.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.М нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өглөө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко 26 дугаар байрны 6 тоотод  хохирогч Ч.А г “эхнэр Н.Бумцэнд, дагавар хүү Э.Анар нарыг зодсон” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “Ч.А нь миний дүүг хүүхэдтэй зодсон учраас би түүнийг зодсон. Өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ маргахгүй. Дахин ийм хэрэг үйлдэхгүй.” гэв.

 

Шүүгдэгч С.М нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өглөө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эко 26 дугаар байрны 6 тоотод  хохирогч Ч.Аг “эхнэр Н.Бумцэнд, дагавар хүү Э.Анар нарыг зодсон” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ч.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдрагч Бумцэндийн ах дүү нар болох Амарбат, Нямдулам, Гүнжидгарав, С.М, Уянга нар хонины гулууз мах болон чихэр, жимс, нэг шил архитай эхнэр хүүхэд хоёрыг эргэж ирсэн. Авч ирсэн нэг шил архиа тэд нар өөрсдөө хувааж уугаад хөзөр тоглож байгаад нилээн шөнө явцгаасан. ...Би гаргаж өгчихөөд буцаж орж ирээд та нар юу яриад байсан юм бэ гэтэл Бумцэнд чи байхад нь хэлэхгүй яасан юм гээд урьдийн асуудлуудаа сөхөөд хоорондоо маргатал Бумцэнд миний нуруу руу гараараа цохиод байхаар нь би тэвчилгүй нэг удаа алгадаад гарнаас нь чанга базаж байгаад хоорондоо салаад юм яриад сууж байтал хүү Анар гүйгээд ороод ирэхээр нь “миний хүү явж унт” гээд гаргатал буцаж орж ирээд лалар чинь унтаагүй байсан юм уу гэхээр нь юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлээд Анарыг алгадтал Бумцэнд цааш нь өрөө рүү дагуулж ороод унтуулаад ...Би босоод хувцсаа өмсөөд сууж байтал С.М ах гаднаас орж ирээд “чи ямар овоо муу новш вэ” гээд зүүн гараараа миний нүүр лүү нэг удаа цохиод би чамайг зүүн гараараа цохисон шүү гээд өрөөнөөс гараад буцаж орж ирээд нүүр лүү 4-5 удаа цохиход миний хамраас нилээн цус гараад байсан чинь явж цусаа угаа гээд би ариун цэврийн өрөө орж хамраа угааж байтал олон юм яриад байвал ална шүү” гэж хэлчихээд С.М ах гараад явсан. ...Нүүрэн дэх гэмтлүүдийг С.М ах учруулсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Бумцэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20-21 цагийн хооронд нагац эгч Гүнжидгарав нөхөр Амгаланбаатарын хамт нагац ах С.М, эхнэр Нямдуламын хамт намайг эргэхээр ирсэн юм. ...Манай ах эгч нар 00 цаг өнгөрч байхад явцгаах гэхээр нь Ч.Аг аваад явчих архи уухаараа агсам согтуу тавиад надад гар хүрээд байдгийг ямар мэдэхгүй биш гэтэл Ч.Аг аваад явах гэтэл “би охинтогйоо хамт баймаар байна” гээд явахгүй гээд ах эгч нарыг гаргаж өгчихөөд буцаж орж ирээд намайг “чи яасан их хүн явуулах гэдэг юм, би чамайг байнга зоддог юм уу гээд гараа зангидаж байгаад миний нүүр лүү нэг удаа цохисон. ...3-4 цаг зодсон. ...хоолой боогоод би ухаан балартах гээд дугарч чадахгүй байтал том хүү Анар гүйж орж ирээд “би ээжийг үхчихлээ гэж бодлоо, аав аа та яагаад ээжийг зодоод байгаа юм бэ гэтэл чи яасан их юм ярьдаг гөлөг вэ, зулбасага минь гээд хоолойноос нь багалзуурдаж дээш нь өргөж байгаад хана руу шидээд газар унахад нь гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөөд хүзүүнээс нь бариад толгойгоор нь шал мөргүүлээд байсан. ...Утсаа хайж байгаад орон доороос олоод Ч.А намайг зодоод Анарыг бас зодоод аймар болгочихлоо над руу битгий залгаарай хурдан ирээрэй гэсэн утгатай мессеж бичээд өрөөндөө ороод ах эгч нарыгаа ирэхийг хүлээсэн. ...Өглөө ах эгч нар мессеж уншсан бололтой манай гэрт нагац эгч Гүнжидгарав, Нямдулам, Уянга нар ирээд хүү Анарын нүд нь хөхрөөд амнаас нь цус гарчихсан байсныг нь хараад уурлаад унтлагын өрөө рүү ороод уурлаад “чи арай ч дээ ийм туранхай амь хаана байгаа юм гэмээр хүүхдийг зодож чадаж байна гээд уйлаад чанга дуугараад байсан. Би хүүхдүүдийн өрөөнөөс гараагүй. Унтлагын өрөөнд юу болсныг мэдэхгүй. ...Цонхоороо хартал Ч.А ертөнцийн зүгээр баруун тийшээ гүйгээд зугтаж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Анарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ...ээж “хүмүүсээ туслаарай хүүхэд аллаа” гэж орилоод миний дээрээс дараад хэвттэл ээжийн нуруун дээрээс цохиж зодож байгаад ээжийг холдуулаад намайг зодсон. ...Би өрөөндөө ороод нам унтчихсан байсан. Нэг мэдсэн өглөө болчихсон Гүнжидгарав, Нямдулам, Уянга эгч ирчихсэн яанаа гээд ярьж байсан Гүнжидгарав эгч аавыг загнаад байсан. Удалгүй С.М ах ирээд бас аавыг загнаж байгаад гарсан. Ээж аавын ах дүү нарыг дуудна гэсэн. Нэг мэдсэн аавын ах Жамц нэг ахтай ирчихсэн байсан. Ээж үүнийг хар гээд намайг харуулаад өөрийгөө харуулсан. Аав гэнэт гараад зугтчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Гүнжидгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 20-21 цагийн хооронд гэрт нь очоод эргэсэн юм. ...Ч.А унтлагын өрөөндөө унтаж байсан. Анарыг хараад шоконд ороод Нямдулам бид 2 унтлагын өрөөнд нь орж Ч.Агийн биен дээр нь гараараа цохиж сэрээгээд хүн гуйж гуйж явж байхад яасан итгэл даадаггүй юм амь нь хаана байгаа гэмээр нялх хүүхэд яагаад зодож байгаа юм гэтэл юу ч дугарахгүй суугаад байсан. Нямдулам чи зодсоноо мэдсэн үү гэтэл мэдсэн гээд толгой дохиод суугаад байсан. Тэгтэл дүү С.М араас ирээд өрөөнд ороод шалан дээрхи цус болон Анарыг хараад Ч.Агийн нүүр лүү гараараа 2 удаа алгадаад цагдаатайгаа учраа олоорой гээд явсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Нямдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Бумцэндийн хүүхдийг эргэж очсон. ...С.М гаднаас орж ирээд унтлагын өрөө рүү ороод Ч.Аг “чи ийм арчаагүй шүү дээ” гээд загнаж байгаад гараад явсан. Ч.А өрөөнөөс гарч ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан. ...Нөхөр С.М яг яаж цохисоныг нь бол хараагүй. Өрөөнд нь орж загнаж байгаад гарахдаа ганц нэг цохисон юм шиг байсан. Ч.А өрөөнөөс гарч ирэхэд хамраас нь цус гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №520 дугаартай шинжээчийн:

“...1. Ч.А-н биед учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

    2. Ч.А-н биед учирсан цээж, баруун бугалга, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалга, зүүн чихний ард хөхлөгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хэргийн 42-43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүргэн ах Амарбатын гэрт нь унтаж байтал манай эхнэр Нямдулам болон миний гар утсанд зээ дүү Бумцэндээс намайг Ч.А зодоод шөнө унтуулсангүй гэсэн мессеж ирсэн байсан. ...Намайг Ч.Агийн гэрт очиход Анарын нүд нь хөхөрсөн, завжнаас нь цус гарсан байхаар нь миний уур хүрээд Ч.Аг яасан их хүн зоддог хүн бэ, намайг зод гэсэн. Тэгсэн чинь Ч.А тийм юм байхгүй гэсэн. Би Ч.Аг гараараа нүүр лүү нь 1 удаа түлхсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч С.Мын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 57 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 83 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 84-85 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 91 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 60-65 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.М нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр “эхнэр, дагавар хүү нараа зодлоо” гэх шалтгаанаар хохирогч Ч.Агийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.М нь хохирогч Ч.Агийн нүүрэн тус газар цохисон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Мын мэдүүлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

        Тиймээс шүүгдэгч С.Мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Хохирогчийн “гомдол саналгүй, эмчилгээний төлбөр нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 81 дүгээр хуудас/, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.А нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болох нь /хэргийн 81 дүгээр хуудас/ нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.М энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Мт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.Маас улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Мөн шүүгдэгч С.М нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч С.Мт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.М баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.М баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО