Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           12                                      2020/ШЦТ/586

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Д.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Д.А холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005016350961 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-нй өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....оны ... дугаар сарын ..ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “ХХХ” ХХК-ийн Элстэй уурхайд тогооч ажилтай, ам бүл 5, эх, дүү, хүүхдүүдийн хамт 0000-тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.А/РД00000000 /.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 5 дугаар гудамж 126 тоотод “Цүнхнээс мөнгө хулгайлсан” гэх шалтгаанаар маргалдаж, Д.Анүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь “биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар нугалаас, нуруу, зүүн гарын сарвуу, баруун шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ..

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 5 дугаар гудамж 126 тоотод “Цүнхнээс мөнгө хулгайлсан” гэх шалтгаанаар маргалдаж, Д.А нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь “биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар нугалаас, нуруу, зүүн гарын сарвуу, баруун шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ...хороолол руу 12 цагийн орчимд очсон. ...Шүрэнцэцэгийн гэрт ортол Д.А, найз залуу Төгсбаярын хамт байж байсан ба бид дөрөв дэлгүүрээс авсан архи, ундаа усаа хувааж бүгд уусан. Бид нар хоорондоо юм ярьж байтал ...Д.А миний цүнхэнд байсан 120.000 төгрөг алга болчихсон байна. Хэн авчихав аа Төгсөө авчихсан уу гээд хайгаад байсан. Тэр үед нь би миний цүнх энэ байна намайг үзээрэй би аваагүй шүү гэж хэлээд түрүүний зээлсэн 100.000 төгрөг энэ байна гэж цүнхэнд байсан зээлж авсан мөнгөө үзүүлсэн. ...Гэнэт Д.А чи миний цүнхнээс мөнгө хулгай хийж авсан биз гэж дайраад миний үснээс татаж доош толгой дараад хөл нүцгэн оймстой хөлөөрөө баруун талын толгой, нүүр, хамар амны хэсэг рүү 5-6 удаа хөлөөрөө өшиглөж дэвсээд, гараараа нүүр, гар луу цохисон. ...Тухайн үед миний амнаас цус гарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 8-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 06-ны өглөө ...100.000  төгрөг зээлээч гэхээр нь зам дээрээс тоссон. ...дэлгүүр ороод 1 ундаа, 0,75 грамм архи, 1 спрайт ундаа бас 100.000 төгрөг тоолж 20.000 дэвсгэртээр 5 ширхэгийг өгсөн... бид 2 гэрт ороод ...Д.А, Д.А, Төгсбаяр бид 4 уусан. Д.А ядраад байна гээд цаад өрөөнд ороод унтаад өгсөн ...Д.А ын хар цүнхийг Д.А ухаад юм авна гээд цүнхнээс нь мөнгө авахаар нь би надаас зээлсэн мөнгөө хийгээд авч байна гэж бодсон. ...ингээд байж байтал Д.А босч ирээд цүнхээ ухаж үзээд миний цүнхэнд байсан мөнгө алга байна гээд байсан. ...дөнгөж сая наад цүнхийг чинь Д.А ухаад байсан. Чи цүнхийг нь үз гэсэн чинь цүнхээ үзүүлэхгүй гээд тэвэрчихээд өгөхгүй байсан. Тэгвэл чи хувцасаа шалгуул гэсэн чинь би аваагүй гээд цамцныхаа энгэрийг сэгсэрсэн чинь хөхөвчнийх нь орчимоос 2 ширхэг 20.000 төгрөг унасан. ...чи хүний мөнгө авчихаад өгөөч гэхэд орны араас гарч ирсэн 2 ширхэг 20.000 төгрөгийг мөнгө чинь энэ л байна шүү дээ гэж хэлээд барьж аваад урчихсан. ...Д.А “чи одоо яаж байгаа юм бэ гээд Д.Аийн үснээс зулгааж мөнгө өг” гээд өшиглөөд гараараа нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж харагдсан. ...хажуугаар нь хөл нүцгэн 1-2 удаа нуруу руу нь өшиглөөд мөнгөө авъя гээд цохиод байсан. ...Би эмэгтэй хүн байж айлд ирж хүний мөнгө авлаа чи цүнхийг нь ухаж байгааг би харсан шүү дээ чи мөнгийг нь өгөөч ямар балиар хүүхэн бэ гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Төгсбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Шүрэнцэцэгийн гэрт айлчлан очсон. ...өглөө унтаж байхад Шүрэнцэцэг гаднаас хамт ажилладаг Д.А дагуулаад 9-10 цагийн орчимд орж ирсэн. ...эргээд ороод иртэл Шүрэнцэцгийн гэрт үлдсэн Д.А, Д.А нар маргалдаад зодолдож байсан. ...Миний харснаар бол Д.А уйлсан нүүр нь хавдсан сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5556 дугаартай шинжээчийн:

“...1. Д.А биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар нугалаас, нуруу, зүүн гарын сарвуу, баруун шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

    3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгууд /хэргийн 39-63 дугаар хуудас/, “ХХХ” ХХК-ийн “Д.Ань Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших “Элстэй” уурхайд ахлах тогооч хийдэг бөгөөд үндсэн цалин 2.000.000 төгрөг болно” гэсэн тодорхойлолт /хэргийн 38 дугаар хуудас/, хохирогч Д.А“...Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 110 дугаар хуудас/, Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 111 дүгээр хуудас/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 112-дугаар хуудас/, Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 113 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хэргийн 103 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.А нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр “мөнгө хулгайллаа” гэх шалтгаанаар хохирогч Д.А эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А нь хохирогч Д.А нүүрэн тус газар нь гараараа цохиж, мөн өшиглөсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Д.А ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д.А нь эмчилгээний зардалд баримтаар 2.023.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.А нь хохирогчид 2.023.000 төгрөгийг өгсөн болох нь /хэргийн 87-94, 101, 105, 110 дугаар хуудас/ нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.А ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.А нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Мөн шүүгдэгч Д.А нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Аад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО