Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 115

 

Ш.Тэгшсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00892 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Тэгшсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Цогжавхланд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс тооцсон алдангид нийт  3 770 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бат-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Тэгшсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Цогжавхлан нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлэн авсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл үндсэн төлбөрөө хийгээгүй,  хүүд 280 000 төгрөг л төлсөн. Иймд зээл 1 500 000 төгрөг, хүү 1 520 000 төгрөг, алданги 750 000 төгрөг нийт 3 770 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Цогжавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ 1.500.000 төгрөгийг бэлнээр зээлж аваагүй. Энэ бол дандаа мөнгөө хүүлсэн явдал. Би 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийн барааны үлдэгдэлтэй байсан. Дээр нь 500.000 төгрөг зээлж  700.000 төгрөг болсон. Ингээд  2013, 2014, 2015 онуудад би дандаа мөнгөний хүүг төлж явсан. Хоёр удаа 100, 100 мянган төгрөгөөр үндсэн төлөлтөөс хасаад 500.000 төгрөг болсон. Хамгийн доод талын хүү нь л 15 хувь бөгөөд 15 хувийн хүүг өгөхгүй болохоор дээр нь дахиад 30.000 төгрөг нэмээд биччихдэг. Хүчээр тэгж авдаг байсан. Тухайн үедээ би өгч явсаар байгаад миний өгсөн мөнгө 1.840.000 төгрөг болсон. Нэхэмжлэгч манайд  ирээд хоёулаа гараад ирье гээд дагуулж гараад чи нэг л юман дээр гарын үсэг зураад өгчих гэсэн. Би анзаарч буруу саналгүй гарын үсэг зурсан. Мөнгөнийх нь хүүг өгөхийн тулд би 2012-2015 он хүртэл хүнээс мөнгө зээлж өгч байсан. Би үндсэндээ төлөлт хийгдсэн гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Цогжавхлангаас зээлийн гэрээний үүрэгт 3 770 000 төгрөг гаргуулах тухай Ш.Тэгшсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 400 000 төгрөг, мөн 750,000 төгрөг зээлсэн баримтуудыг мөнгө шилжүүлснээ нотлох зорилгоор гаргаж өгсөн. Талууд дээрх мөнгийг өгч, авахдаа амаар хүү тооцон өгч авсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардага хангаагүй хийгдсэн болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч өмнөх зээлийн үлдэгдэлийг тулган харилцан тооцоо нийлэн, баталгаажуулж төлөгдөөгүй үлдэгдэлийн хэмжээгээр 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг хуульд нийцүүлэн нөхөж хийсэн болно. Энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т "Нэг талын хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцэлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ" заасаны дагуу хэн аль нь хүлээн зөвшөөрөн хэлцэл хийсэн байх тул уг хэлцэлийг хийсэн гэж үзэхээр байна. Иймээс уг хэлцэлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцээгүй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Харин хариуцагч нь тайлбар, татгалзлалаа нотлох ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            Нэхэмжлэгч Ш.Тэгшсайхан нь хариуцагч О.Цогжавхланд холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3 770 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч “.., тухайн өдрийн зээлийн гэрээгээр миний өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжээгүй”  гэж маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж  гарын үсгээ зурсан үйл баримтад маргаагүй боловч 1 500 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэхэд маргаантай байна.

 

            Нэхэмжлэгч нь 1 500 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэдгээ нотлохоор 3 хуудас гар бичмэлийг нотлох баримтаар гаргажээ. / х.х-ийн 23-25 дугаар тал/

 

Эхний бичигт “..,Цэндийн Оюунтунгалагаас Тэгшсайханы зээлсэн 1 000 000 төгрөгийн  750 000  төгрөг нь Очиртогтохын  Цогжавхлан би  зээлж авсан болно. Мөнгөний хүү 113 000 төг болно“ гэсэн бичгийг хариуцагч бичээгүй, гарын үсэг минийх биш гэж маргаагүй ч хэдэн онд бичсэн нь тодорхойгүй, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд хамаарах эсэх нь эргэлзээтэйгээс гадна “Цэндийн Оюунтунгалагаас зээлсэн” гэж бичигдсэн нь нэхэмжлэгч гэж дүгнэх боломжгүй, 1 000 000 гэсэн тоо засвартай байна. 

 

Дараачийн бичигт  “.., 2014 оны 03 дугаар сарын 28-нд 1 000 000 төгрөг, 2014 оны 12 сарын 8-нд 1 400 000 төгрөг авсан, буцаан төлөх хугацаагаа тохиролцсон” зэргийг  2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн 1 500 000 төгрөг  гэж  дүгнэх боломжгүй.

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Иймд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээ нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг шаардлагын үндэслэлээ болгосон бөгөөд дээрх гэрээгээр мөнгө шилжүүлээгүй тул шаардлага гаргах эрхгүй. 

 

Өөр бусад аман болон бичгийн гэрээгээр, хоорондын тооцоотой бусад асуудлаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм. 

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очирын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Тэгшсайханы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

     ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

                                                                  Ш.ОЮУНХАНД