Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01066

 

Ө.С, Ж.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03531 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар магадлалтай

Ө.С-, Ж.Н- нарын нэхэмжлэлтэй

Ч.Б-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт

Ө.С- 6 784 000 төгрөг,

Ж.Н- 13 467 200 төгрөгийг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч Ж.Н-ээс 9 352 840 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний  хэргийг

Нэхэмжлэгч Ө.С-, Ж.Н- нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.С-, Ж.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн нөхөр Ж.Отгонбатын хамт барилгын засал чимэглэлийн ажил хийдэг бригад удирдаж ажилладаг. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Мөнхийн үргэлжлэл ХХК-ийн инженер Ч.Б-тай амаар тохиролцож, Дундговь аймгийн Гурвансайхан сумын 320 хүүхэдтэй сургуулийн засварын ажлыг хийсэн. Үүнд, Спорт заалын дотор шавар, замаска, амалгаа, 6 хаалга суулгасан, будаг эмульс, заалны шалны хулдаас наасан, 3 сагсны шийт суулгасан, заалны хувцас солих 2 өрөөний бүх засал, шавар, чулуу плитаг наах ажлыг 8 500 000 төгрөгөөр тохирсноос 1 820 000 төгрөгийг аваагүй.

Гал тогооны өрөөний агааржуулагчийн төмрийг цохиж хэвэнд оруулж, тогтоох ажлыг 1 000 000 төгрөгөөр тохирсон, мөнгийг аваагүй. Сургуулийн 1 давхрын хавтастай 13 хаалга, 1, 2, 3 давхрын ариун цэврийн өрөөний нийт 9 тусгаарлагчийг 1 000 000 төгрөгөөр хийхээр тохирсон. 1 давхрын 5 вакум өрөө, 1 том анги, нийт 5 өрөөний замаска, таазны тэгшилгээ, зүлгүүр, эмульс, будаг, шалны хулдаас наах ажлыг 980 000 төгрөгөөр тохирсноос 480 000 төгрөгийг аваагүй. Хоёр давхрын урлаг залны тайзны рам зангидахыг 300 000 төгрөгөөр тохирсон. Нэг давхрын гол хаалганы салхивчны тэгшилгээ, замаска, эмульс 100 000 төгрөгөөр тохирсон. Узелийн өрөөний шал тэгшилж резинэн будгаар 2 давхарлаж будсан 150 000 төгрөгөөр тохирсон. Багш нарын өрөөнд 2 үе будаг хийсэн, 150 000 төгрөгөөр тохирсон. 23 ширхэг хаалганы нууц цоожны гажаа зассан хөлсөнд 120 000 төгрөгөөр тохирсон.Комиссын даалгавраар ажил хийхэд 840 000 төгрөг, /4 хүний 7 хоног*30 000/.

Залны ажлаа дууссаны дараа өгнө гэж 1 000 000 төгрөгийг аваагүй. Нийт 6 784 000 төгрөгийн үлдэгдэлтэй ажлын хөлсөө авч чадаагүй ба энэ ажлыг гүйцэтгэсэн манай бригадын ажилчид надаас цалингаа нэхээд маш хэцүү байна. Ажлын хөлс 6 784 000 төгрөгийг Ч.Б-гаас гаргуулж надад олгоно уу гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Мөнхийн үргэлжлэл ХХК-ийн инженер Ч.Б-тай гэрээ хийж Дундговь аймгийн Гурвансайхан сумын сургуулийн засварын ажлыг 40 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон ба ажлыг гэрээний хугацаандаа хүлээлгэн өгсөн. Гэтэл ажлын хөлсний үлдэгдэл 13 467 200 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Барилгын 2 давхар 20 000 000 төгрөг, 1 давхар 17 000 000 төгрөг, 2 шатны хонгилыг нь тус бүр 3 000 000 төгрөгөөр тохирсон. 2 давхрын бүх ажлыг хийсэн. 2 давхрын тэгшилгээ, хар, цагаан замаска ажлуудыг хийсэн, 2 шатны хонгилыг бүрэн дуусгаж, хар, цагаан замаска, плита бүгдийг хийсэн. Би 20 000 000 төгрөг дансаар авсан. Хоол, хүнс, тамхи гэх мэт зүйлд 5 136 800 төгрөгийн материалыг хариуцагчаар авахуулсан. Ингээд үлдэгдэл нь 13 467 200 төгрөг байгааг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 11 шаардлага гаргасан байна. Спорт заалны ажлын үндсэн төсөв нь цаанаасаа 9 000 000 төгрөг бөгөөд энэ ажлын төсөвтэй ажил гүйцэтгэх гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. 9000 000 төгрөгт заслын ажил, цахилгааны ажил орж байгаа, 3 000 000 төгрөгөө цахилгаанд зарцуулах хэрэгтэй гэж ярьж байгаагаар энэ талаар хэн аль нь маргахгүй байна гэж үзэж байна. Ингээд 6 000 000 төгрөгөөс ажилтнуудын хоол хүнсэнд 500 000 төгрөг өгчихсөн, Ө.С-тэй 5 000 000 төгрөгөөр ажил хийхээр тохироод 5 000 000 төгрөгөө өгчихсөн. Тусгаарлагч хийсний тухайд 1 давхарт 2 тусгаарлагч хийсэн бөгөөд панеран тусгаарлагч 1 000 000 биш 300 000 төгрөгөөр тохирсон. Гал тогооны агааржуулалт 1 000 000 төгрөгөөр хийсэнд бид маргадаггүй, 4 дэхь шаардлагын тухайд 4 вакум өрөө, 1 том аркны ажил нь Ж.Н-ийн хийсэн ажил байгаа м.кв-аар нь тооцвол 900 000 орчим төгрөгийн ажил байгаа, 2 давхрын урлаг заалны арам зангидах ажлыг Ө.С- хийгээгүй Эрдэнээ гэдэг хүн бусад 5 хүнтэй хамт урлаг заалны арам зангидсан. 7 дахь шаардлагын тухайд 9 000 төгрөгийн л үнэлгээтэй байгаа бөгөөд өнөөдөр өөрсдөө үнэлгээ зохиож ирж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 8 дахь шаардлагын тухайд мөн адил зөвшөөрөхгүй үнэлгээ нь 45 000 төгрөг болж байгаа. 9 дэх шаардлагын тухайд тухайн объектыг бүгд л комисст өгөх гээд ажиллаж байгаа энэ үед хэн аль нь 1 шүрүп илүү хийсэн гэх байдлаар хандах байдлаар хувь хувьдаа үнэлгээ тогтоосон зүйл байхгүй энэ ажлыг бүгд л сайн дурын үндсэн дээр хийж байгаа, 10 дахь шаардлагын тухайд комиссын даалгавар болоод комиссын даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн ажил гэж огт байхгүй. Энэ бол энэ хүмүүсийн дутуу хийсэн ажлыг нэмж засуулж байгаа асуудал түүнээс биш нэмэлт төсөвтэй ажил байхгүй. Үндсэндээ 11 шаардлагын хүрээнд 6 354 000 төгрөгийн үнэлгээтэй ажил байгаа, нэмээд 3 давхрын ажил нь 7 000 000 төгрөг нийтдээ 13 354 000 төгрөгийн ажлыг Ө.С- хийх ёстой бөгөөд энэ мөнгийг 100% төлсөн байгаа.

Ж.Н-ийн тухайд давхар тус бүрээр нэр бүхий 32 ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнийг тодорхой м.кв-аар нь эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээгээр гаргачихсан байгаа. Үүнтэй адил м.кв талбайн ажлын жишиг үнэлгээгээр тооцоолбол хийх ажлын үнэлгээ нь 22 532 339 төгрөгийн гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх ёстойгоос 27 427 840 төгрөг өгсөн бөгөөд 100% төлсөн гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар нэр бүхий 32 ажлын м.кв-ийн жишиг үнэлгээг хэрэгт өгч байсан бөгөөд Ж.Н-ийн зүгээс энэ талаар огт маргадаггүй гэжээ.

Хариуцагч Ч.Б- нэхэмжлэгч Ж.Н-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Н- нь 2015 оны 6 дугаар сард ажилгүй байна, намайг ажиллуулаач гэж гуйсны дагуу Дундговь аймгийн Гурван сайхан сумын сургуулийн 1, 2 дугаар давхрын заслын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын гүйцэтгэлээр хөлс төлөхөөр харилцан тохиролцож, ажлаа эхлүүлсэн. Ж.Н- нь хэдэн хүмүүсийн хамт заслын ажлаа эхлүүлсэн боловч хугацаандаа хийж гүйцэтгээгүй ажлаа орхиж явсан. Түүнчлэн 1, 2 давхрын хаалганы амалгаа, нөхөөс хийгээгүй, 2 давхрын коридор, ангиудын шалны хулдаас, гарниз хадаагүй, салхивч наагаагүй, зүүн талын цонхнуудын амалгаа будаагүй, шат хонгилуудыг жигд будаагүй алаглуулсан, халтартуулж будсан, 1 давхрын зарим ангиудын шавардлага, эмульс, шалны бетон тэгшилгээ хийгээгүй орхисон. Гэрээгээ дүгнэе, дутуу хийж гүйцэтгэсэн ажлаа гүйцээ, ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өг гэж удаа дараа шаардсан боловч өмнөх ажлаа хийж дуусгаагүй мөртлөө Дундговь аймгийн Дэрэн суманд заслын ажил хийгээд ажлаа хаяад явсан. Ч.Б- миний бие Ж.Н-д нийт 27 427 840 төгрөгийг хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй дутуу орхисон байхад ар гэрт асуудал гарлаа, өөрийн ажилчдад цалин шаардлагатай боллоо гэх олон шалтгаанаар өөрт нь итгэж хийсэн ажлын гүйцэтгэлээс илүү мөнгө шилжүүлсэн бөгөөд Ж.Н-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг БХБНААҮТ барилгын угсралтын болон засал чимэглэлийн ажлыг жишиг үнэлгээг тооцох тухай журмаар тооцож үзэхэд 18 075 000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байхад 9 352 840 төгрөгийн илүү төлөлт хийсэн. Иймд хариуцагч Ж.Н-ээс 9 532 840 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Жишиг үнэлгээг урьд нь Ч.Б- надад гаргаж өгч байсан гэрээ хийнэ гэж байхдаа үзүүлж байсан, гэрээ яагаад хийгээгүй вэ гэвэл гэрээнд нь захирлын гарын үсэг тамга тэмдэг байгаагүй учраас би гэрээ хийгээгүй, тухайн үедээ миний нэрийг бичиж байгаад больсон гэрээ нь надад байгаа. Намайг ажил хаяж явсан гэж байгаагийн тухайд би бүх ажлыг дуусгаад улсын комисст орохоор шийдүүлчихээд, би олон хүнтэй байсан учраас үндсэндээ тэнд нийт 5 сарын хугацаанд хариуцагчийн ярьж байгаа мөнгөөр бодохоор би сард 1 хүндээ 100 000 гаруй төгрөг өгч байсан болж таарч байгаа. Би явахдаа комисс ортол чинь би өөрийнхөө бригадын хүмүүсийг юуг л хийнэ гэнэ тэрийг чинь хийх хүнээ үлдээе гээд төрсөн ах н.Алтангэрэл, хамт ажиллаж байсан н.Чингүн, бас сумын 1 хүүхнийг үлдээгээд явъя би бусад хүнээ аваад Дэрэн сум руу явъя гэж хэлээд явсан. Миний үлдээсэн хүмүүс бүх хэлсэн ажлыг нь хийж дуусгасан, комисс орох үед нь би очиж байсан. Тухайн үед надад жишиг үнэлгээ ийм юм гэж хэлээгүй, бид тохироогүй, тухайн үед м.кв-аар үнэлнэ гэсэн бол бид өөрөөр тохирох байсан. Хэлэлцэж тохирсон тохироогоор хийсэн. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03531 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Б-гаас 841 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.С-т, 12 572 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д тус тус олгож, нэхэмжлэгч Ө.С-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 943 000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 895 040 төгрөгт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Н-ээс 9 352 840 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө.С-ээс төлсөн 123 494 төгрөг, нэхэмжлэгч Ж.Н-ээс төлсөн 225 286 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 24 734 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.С-, 216105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д тус тус олгож, хариуцагч Ч.Б- улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд төлсөн 164 600 төгрөгийг дээрх данснаас гаргуулж хариуцагч Ч.Б-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03531 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6 784 000 төгрөг гаргуулах Ө.С-ийн нэхэмжлэл, 13 467 200 төгрөг гаргуулах Ж.Н-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ө.С-ээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 123 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 225 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Хэрэг авагдсан баримт болон зохигчдын тайлбараас талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний дагуу хэн ямар ажил хийх байсан талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч нар нь гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажлыг бүрэн хийсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Н-ийн хийсэн ажлыг хүлээн зөвшөөрдөг хэдий ч ажлын хөлсийг жишиг үнэлгээгээр тооцоолсон гэх тайлбарыг гаргадаг боловч уг жишиг үнэлгээг гаргасан байгууллага нь үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй тухайн үнэлгээг туйлын үнэн гэж үзэх үндэслэлгүй юм. Үнэхээр анхнаасаа 40 000 000 төгрөгөөр бус тэрхүү жишиг үнэлгээний дагуу гэрээ байгуулсан бол хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Н-д 27 427 840 төгрөгийг шилжүүлэх ёсгүй байсан. Энэ нь талууд ажлын гүйцэтгэлийг 40 000 000 төгрөгөөр тохирсон болохыг харуулж байна. Хариуцагч Ч.Б- нь Ж.Н-ийн хийсэн ажлын үр дүнг хүлээн авсан боловч хэлэлцэн тохирсон хөлсөө төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгааг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байхад давж заалдах шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Н-ийг 18 075 000 төгрөгийн ажил хийсэн гэх баримт нь ажлын гүйцэтгэлтэй холбоотой бус жишиг үнэлгээ гэх баримтад үндэслэсэн байхад нэхэмжлэгчийн 18 075 000 төгрөгийг ажил хийсэн, хариуцагчийн гаргасан уг баримтыг няцаагаагүй гэж нотлох үүргийг хуваарилалтыг нэхэмжлэгчид хариуцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Талууд хийсэн ажлын үнэлгээнд маргаантай байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх санаачлагаараа шинжээч томилж үнэлгээг тогтоох боломжтой байхад зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хийсэн ажил болон ажлын зураг төсөлд үндэслэн шинжээч томилуулан үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон байхад спорт заалны зураг төслийг шүүхийн журмаар гаргуулсан зорилго тодорхойгүй, уг баримтаас нэхэмжлэгч нарын гүйцэтгэсэн ажлыг шүүх ялган зааглаж тогтоох боломжгүй гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Аливаа барилгын ажил зураг төслийн дагуу явагддаг бөгөөд тухайн зураг төслөөс хэн, хэдэн төгрөгийн ажлын хийсэн болох нь тодорхой харагдах боломжтой байхад тэрхүү баримтыг үнэлж үзсэнгүй. Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ж.Н-ийн ажлын хөлсөө 40 000 000 төгрөгөөр тохирсон болохыг нотлох баримт болох гар бичмэл бүхий дэвтрийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн атлаа ямар үндэслэлээр яагаад шаардлага хангаагүй талаар тодорхой дурдаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч нарыг барилгын ажлыг дутуу орхиж явснаас үлдэх ажлыг Ч.Б- бусдаар гүйцэтгүүлсэн...нэхэмжлэгч нар гүйцэтгэсэн ажлынхаа тоо, хэмжээг зааглан тодорхойлж чадаагүй” гэж явцуу дүгнэлтийг хийсэн. Ажлыг орхиж явсан нь хэний буруутай үйлдлийн улмаас болсон, талууд ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан, эсхүл гэрээ дуусгавар болсон эсэх нөхцөл байдал тодорхойгүй байхад шууд нэхэмжлэгч нарыг буруутгасан дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгч Ө.С- Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдаж байсан сургуулийн барилгын Спорт залын дотор шавар, замаска, амалгаа, 6 хаалга суулгасан, будаг эмульс, залны шалны хулдаас наасан, 3 сагсны шийт суулгасан, залны хувцас солих 2 өрөөний бүх засал, шавар, чулуу плитаг наах, Гал тогооны өрөөний агааржуулагчийн төмрийг цохиж хэвэнд оруулж, тогтоох, сургуулийн 1 давхрын хавтастай 13 хаалга, 1, 2, 3 давхрын ариун цэврийн өрөөний тусгаарлагч хийх, сургуулийн 1 давхрын 5 вакум өрөө, 1 том анги, нийт 5 өрөөний замаска, таазны тэгшилгээ, зүлгүүр, эмульс, будаг, шалны хулдаас наах, 2 давхрын урлаг залны тайзны рам зангидах, 1 давхрын гол хаалганы салхивчны тэгшилгээ, замаска, эмульс хийх, Узелийн өрөөний шал тэгшилж резинэн будгаар 2 давхарлаж будах, багш нарын өрөөнд 2 үе будаг хийх, 23 ширхэг хаалганы нууц цоожны гажаа засах ажлыг 14 140 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон бөгөөд үүн дээр 3 давхрын ажлыг тусдаа 7 000 000 төгрөгөөр хийхээр тохирсон бөгөөд нийт 21 140 000 төгрөгийг ажил хийхээр тохирсон юм. Хариуцагч нь дээр дурдсан ажлуудыг нэхэмжлэгч Ө.С- хийсэн болохыг үгүйсгээгүй, харин түүнийг ажлаа дутуу хийсэн гэх боловч энэ тайлбараа нотлоогүй тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 -д “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ." гэж зааснаар Ө.С- нь гэрээний дагуу гүйцэтгэгдэх ажлыг бүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөн. Гэхдээ анхан шатны шүүх тусдаа гүйцэтгэгдсэн 3 давхрын ажлын 7.000.000 төгрөгийг үндсэн ажил болох 14 140 000 төгрөгийг ажилд багтаж байгаа гэж үзсэн нь буруу юм. Нэхэмжлэгч Ө.С- нь нийт 21 140 000 төгрөгийг ажил гүйцэтгэснээс хариуцагч нь 3 давхрын ажлын 7.000.000 төгрөг, үндсэн ажлаас 6 299 000 төгрөг нийт 13 299 000 төгрөг төлсөн. Тиймээс үлдэх 6 784 000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар нь гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгэгдсэн тухай бүрд нь акт үйлдэлгүй хүлээлцэж, дараагийн ажлыг эхлүүлж байсан бөгөөд бидний гэрээгээр тохирсон ажлаа гүйцээлгүй орхисон гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгч нарыг буруутгасан дүгнэлт хийсэн нь давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлсэнгүй гэж үзэж байна.Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03531 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг засаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ө.С-, Ж.Н- нар нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгын засварын ажлыг хийхээр Ч.Б-тай харилцан тохиролцож ажилласан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ө.С-, Ж.Н- нар нь Ч.Б-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ж.Н- нь ажлаа дутуу хаяж явсан, нэхэмжлэгч Ө.С-ийн ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж маргаж, Ж.Н-ээс ажлын хөлсөнд илүү төлсөн 9 352 840 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Талууд гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд ажлын үнэлгээний талаар хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй тул нэхэмжлэгч нь ажлын хөлсийг харилцан тохиролцсон үнээр шаардаж, хариуцагч нь барилга угсралт болон засал чимэглэлийн ажлын жишиг үнийг үндэслэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж, 25.1.3.-т “гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон хуульд заасан бусад ажиллагааг гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэй” гэж, 38 дугаар зүйлийн 38.6.-д “...шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд гүйцэтгэсэн ажлын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хэргийн оролцогч нь нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх хуулийн заалттай нийцэхгүй байна гэж үзэн, хүсэлтийг хангахаас татгалзсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ шүүх биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг арилгаж, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэл болж байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, маргааны үйл баримт үндэслэл бүхий тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүхийн дээрх зөрчлийг хяналтын шатны шүүхээс зөвтгөх боломжгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/03531 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 512 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ө.С-, Ж.Н- нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ө.С-ийн 123 500 төгрөг, Ж.Н-ийн 225 290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД