Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалбаагийн Бурмаа |
Хэргийн индекс | 159/2017/0020/З |
Дугаар | 159/ШШ2018/0020 |
Огноо | 2018-08-22 |
Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 159/ШШ2018/0020
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргад холбогдох
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 303 нэгж талбарын дугаартай, 5 дугаар заалтын 140 тоот шийдвэрээр олгогдсон эзэмших эрхийн гэрчилгээ буюу Балдан овогтой Эрдэнэдалай надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч : Б.Эрдэнэдалай
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч : Г.Амартүвшин
Хариуцагчийн төлөөлөгч : Ж.Арслан
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэдөш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа :
Миний бие Балган овогтой Эрдэнэдалай нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттайгаар 60 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон юм. Үүний дагуу гэрчилгээгээ 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргуулж авсан.
Улмаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа Ургацын хишиг ХХК-ний захирал Ж.Авирмэдэд 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал саяхан 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар миний газар эзэмших эрх бүхэлдээ Ургацын хишиг ХХК-ний захирал Ж.Авирмэдэд 60 хугацаатайгаар шилжснийг олж мэдлээ. Надад энэ талаар албан ёсоор, хуулийн дагуу мэдэгдээгүйгээр ийм зүйл болсонд гомдолтой байна.
Хуулиндаа газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэхэд заавал талуудын хооронд албан ёсны гэрээ байгуулагдах ёстой байтал ийм гэрээ газар эзэмшүүлэх гэрчилгээг шилжүүлсэн асуудлыг судалж Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний 204 дугаартай захирамжийн хэсгээс 1 дүгээр заалтын 303 нэгж талбарын дугаартай, 5 дугаар заалтын 140 тоот шийдвэрээр олгогдсон эзэмших эрхийн гэрчилгээ буюу Балдан овогтой Эрдэнэдалай надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Энэ асуудлаар 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандсан ба хариуг Засаг даргаас Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн болно. Энэ захирамж надад албан ёсоор эх хувь нь байхгүй болно
Анх 60 га газрыг Ж.Авирмэд гэдэг хүнтэй 10 жилийн гэрээгээр түрээслүүлэхээр болсон. Уг гэрээ 2017 онд хүчингүй болохоос өмнө Ж.Авирмэдийн нэр дээр шилжсэн байна. Иймд 303-ыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Цагааннуур сумын 2 дугаар багийн иргэн Балган овогтой Эрдэнэдалай нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дагуу давуу эрхээр тариалангийн 60 га газрыг эзэмшихээр эрх үүсгэсэн бөгөөд түүний дагуу сумын Засаг дарга 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 тоот захирамжаараа газар эзэмших эрхийг нь баталгаажуулж 0026413 тоот гэрээ гэрчилгээг олгосон болно.
Б.Эрдэнэдалай нь өөрийн эзэмшлийн тариалангийн 60 га газраа 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Шаргал Тариа ХХК-ны захирал Ж.Авирмэдтэй эзэмшил газраа ашиглуулах тухай гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж Засаг дарга, газрын даамлаар баталгаажуулсан боловч дахин 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхээ 3 дугаар багийн иргэн Ж.Авирмэдэд шилжүүлэх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдлийг нотариатаар баталгаажуулж гаргасан бөгөөд шилжүүлэн авах эрх үүссэн 3 дугаар багийн иргэн Ж.Авирмэд өөрийн эзэмшдэг Ургацын хишиг ХХК-ний нэр дээр уг газрын гэрчилгээг гаргаж өгөх хүсэлт гаргасны дагуу сумын Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204 тоот захирамжаар газар эзэмших эрхийг Ургацын Хишиг ХХК-ний нэр дээр хуулийн дагуу олгож шийдвэрлэсэн болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газраа шилжүүлэхдээ аймгийн тоотоор гэрээ хийсэн талаар тайлбар гаргаж байна. Энэ гэрээг хийсэн гэсэн баримт материал манай газрын албанд бүртгэлгүй байгаа. Мөн захирамж гаргахдаа таны хүсэлт дээр үндэслээд захирамж гаргасан ийм процесс байгаа юм гэв.
Гуравдагч этгээд Ургацын хишиг ХХК-ийн захирал Ж.Авирмэд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Цагааннуур сумын Шаргал Тариа ХХК-ийн захиралаар ажиллаж байх үедээ буюу 2005-2007 онд Цагааннуур сумаас 75-85 километр замд Манхтай, Шаргалтай, Хөхийн хоолойд байрлах тэр үед бараг тариа тарьдаггүй, атаршсан зэрлэг ургамал зонхилсон хүмүүст эзэмшихээр /нэг хүнд 60 га/ хуваарилагдсан талбайнуудыг гэрээ хийж тарьж боловсруулж, уринш хийж байлаа. Дараа нь буюу 2007 оны 01 дүгээр сарын 10-нд шинээр Ургацын Хишиг ХХК байгуулж одоог хүртэл газар тариалан эрхэлж байна. Тэр үед буюу 2006 оны зун Балган овогтой Эрдэнэдалай нь 60 га газраа түрээсээр аваач, Сэлэнгэ Худалдаа хөгжлийн банкинд зээлийн өр, хугацаа хэтэрч хүнд байдалд ороод байна гэж хүсэлт гаргасны дагуу Сэлэнгэ ХХБ-д төлөх ёстой байсан 2.100.000 төгрөгийн өрийг нь /гэр бүлийн Д.Бямбатөрийн нэр дээр байсан/ төлж газрын гэрээ хийсэн ба тэр үед 3 жилээр гэрээ хийж байсан боловч 2.100.000 төгрөг өгсөндөө тохируулж 10 жилээр гэрээ хийсэн билээ.
Улмаар тэнд газартай байсан хүмүүс бүгд газраа надад шилжүүлсний дараа буюу 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цаашид 60 га газраа ашиглах боломжгүй тул шилжүүлэх саналтай гэж Б.Эрдэнэдалай өөрөө өргөдөл бичиж Тамгын газрын албанд өгсөн билээ.
2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ургацын Хишиг ХХК-аас урд нь бичигдсэн гэрчилгээндээ нэмэлт хийлгэхээр Б.Эрдэнэдалай нарын хүмүүсийн 243 га газарт албан бичиг өгсний дагуу сумын Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204 дугаартай захирамжаар Ургацын Хишиг ХХК-нд 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон юм. Дээрх хугацаанд мөнгө нэмж төлж байсан байх. Дараа нь буюу 2012 оны 02 дугаар сарын 20-нд эмчилгээнд орох шаардлагатай болоод мөнгөний хэрэгцээ гараад байна гэж өөрөө тодорхойлолт бичиж 500.000 төгрөг авч шилжсэн газарт ямар ч маргаангүй гээд явсан билээ.
Б.Эрдэнэдалай нь удаа дараа ирж /Улаанбаатар хотод амьдардаг юм/ надтай болон Тамгын газраар орж материалаа үзээд явдаг байсан юм.
Мөн 2013-2014 үед манай хүү А.Баярмагнайгаас бэлнээр 500.000 төгрөг аваад явсан байсан. Газрын хуулийн дагуу материалууд бүрдүүлж, төлбөрийг төлсөөр байтал удаа дараа хөөцөлдөж чирэгдэл учруулж банкны хугацаа хэтэрсэн зээлээ төлүүлж, өвчтэй үедээ мөнгө авч эмчлүүлж, эдгэрч /тэр үед баярласнаа илэрхийлж байсан/ явснаа мартаж мөнгөний төлөө хүн чанараа алдаж яваад харамсаж байна. Гэвч шүүх шударгаар шүүнэ гэдэгт итгэж байна гэжээ
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 303 нэгж талбарын дугаартай, 5 дугаар заалтын 140 тоот шийдвэрээр олгогдсон эзэмших эрхийн гэрчилгээ буюу Балдан овогтой Эрдэнэдалай надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гуравдагч этгээд Ургацын хишиг ХХК-ийн захирал Ж.Авирмэд нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг албан ёсоор гаргасан тул шүүх нэхэмжлэгч,нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын хүсэлт болон хэрэгт цугларсан нотлох баримт бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актаар Ургацын хишиг ХХК-ийн захирал Ж.Авирмэдэд 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204 дүгээр /Хавтаст хэргийн 26/ захирамжийн 1 дүгээр заалтаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 28 номер бүхий 2620 га газрыг / Б.Эрдэнэдалайгийн эзэмшилд байсан 303 номер бүхий 60 га газар/ тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр 5 дугаар заалтаар энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2004 оны 49, 110, 73, 164, 123, 126, 109, 165, 81, 137, 72, 115, 77, 17, 129, 162, 176, 187, 79, 166, 114, 283, 85, 163, 230, 131, 139, 71, 158, 225, 204, 140 / Б.Эрдэнэдалайд олгосон захирамж/ 2005 оны 54, 2006 оны 08, 68, 62007 оны 11, 14, 07, 08, 10 тоот захирамж, гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Анх иргэн Б.Эрдэнэдалайд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багт байршилтай 303 номерын 60 га тариалангийн талбайг үр тарианы зориулалтаар эзэмшүүлж гэрчилгээ олгон гэрээ байгуулжээ. / Хавтаст хэргийн 17-20/
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 -д Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж зааснаар газар эзэмшигч Б.Эрдэнэдалай болон тухайн үед Шаргал тариа ХХК-ны захирал байсан Ж.Авирмэд нар нь 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эзэмшил газрыг ашиглуулах тухай гэрээ-г /Хавтаст хэргийн 4-5/ сумын Засаг дарга баталгаажуулан гурвалсан гэрээ байгуулан гуравдагч этгээдэд 10 жилийн хугацаатай ашиглуулж, жилд газрын түрээс 300.000 / гурван зуун мянган / төгрөг авахаар тохиролцон газраа түрээслүүлж байсан байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж,... болно мөн хуулийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гэж тус тус заасан бөгөөд иргэн Б.Эрдэнэдалай нь өөрийн газраа бусдад шилжүүлэхээр хүсэлт гаргаж өөрөө гарын үсэг зурсан /Хавтаст хэргийн 39/ хүсэлтээ нотариатчаар гэрчлүүлэн өгсөн мөн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гуравдагч этгээдэд гаргаж өгсөн тодорхойлолтон / Хавтаст хэргийн 40 /-доо ... 2.000.0 төгрөгөөр зарав. Эрх шилжсэн газарт маргаан байхгүй гэсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна
Иймд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 204 дүгээр дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 204 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 303 нэгж талбарын дугаартай, 5 дугаар заалтын 140 тоот шийдвэрээр олгогдсон эзэмших эрхийн гэрчилгээ буюу Балдан овогтой Эрдэнэдалай надад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэн Б.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БУРМАА