Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 02

 

 

Х.Наранбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Х.Наранбаатар түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Ж.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Т.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Наранбаатарт холбогдох эрүүгийн 1736000100002 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг  үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн  илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Бэрсүүд овогт Хишигбаатарын Наранбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт “Парадо” маркийн 60-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргаж иргэн Д.Батбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэсүд овогт Хишигбаатарын Наранбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Наранбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Наранбаатарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Наранбаатарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Наранбаатар түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын дүгнэлт гараагүй байна. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Х.Наранбаатарын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон техникийн шинжээчийн дүгнэлт байхгүй байна гэжээ. Дээрхи баримтуудаас харахад Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан иргэний хариуцагчаар татах ёстой этгээдийг таталгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байсаар байхад ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулах, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Наранбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт “Парадо” маркийн 60-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Д.Батбаатарын амь насыг хохироосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгчийн ар гэрийнхэн хохирогчтой уулзаж ойлголцсон. Бидний зүгээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Х.Наранбаатарыг гэм буруутайд тооцохдоо түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг дангаар нь үнэлж түүнийг гэм буруутайд тооцоогүй, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.Наранбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Би бага насны 2 хүүхэдтэй хүүхдүүдийг маань харах хүн байхгүй амьдрал хэцүү байна гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч Х.Наранбаатар нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Ховд аймгийн Буянт сумын нутаг “Шар хадны дөрвөлж” хэмээх газар “Парадо” маркийн 60 00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 /эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 9.2/ жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч  Д.Батбаатарын “суурь ясны зүүн дунд хонхорын цөмөрсөн хугарал,тархины зүүн талын бөмбөлгийн суурь хэсгийн няцрал,тархины хоёр тал бөмбөлгийн доод дунд хэсэгт цусан хураа” гэх гэмтэл учирч, амь нас нь хохирсон  гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Д.Батхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 04-ны өдөр би гэртээ байсан чинь дүү Байгалмаа утсаар яриад  Д.Батбаатар ах  Цэцэг сумаас ирж байгаад  аваарт орсон байна.             Эмнэлэг дээр хүрээд ир гэхээр яваад очсон. Ах Батбаатар ухаангүй, баруун гар зүсэгдсэн хэсэгт оёдол тавьсан,   зүүн чихнээс нь цус гарсан, ар дагз нь язарч хагарсан байдалтай цус гоожсон байсан. “Ач заяа” тархины зураг авахуулсан. Тухайн үед зүрхний цохилт нь унаж, пүүлс нь багасаад байхаар нь буцаж төв эмнэлэгт оруулж, сэхээн амьдруулах тасгийн эрчимт эмчилгээнд оруулж улмаар хотоос эмч дуудаж тархины хагалгаанд оруулсан боловч амьд үлдэх магадлал 5 хувьтай гэсэн. Ухаан орохгүй байсаар 2017 оны 7 дугаар сарын 9-ний шөнийн 01 цагт нас барсан” гэх мэдүүлэг,/хх-19-20 дугаар тал/ Шүүгдэгч Х.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “...машин дотор ямар нэг дуу чимээ гарсан, тэгэхээр нь би нөгөө хоёроос энэ ямар дуу гараад байна гэсэн чинь талийгаач Д.Батбаатар намайг хаазаа хасаадах гэхээр би хаазаа хассан чинь нөгөө чимээ гайгүй болох шиг болсон талийгаач дахиад хаазаа нэмээдэх гэхээр нь  нэмсэн чинь дахиад муухай дуугараад байсан талийгаач наадах чинь миллны гол дуугараад байгаа юм биш үү гэж байсан.Тэгээд Дөрвөлж өгсөж, уруудах хооронд машин нэг мэдэхэд унаад өнхөрч байгаад дөрвөн дугуйн дээрээ буцаж зогсон.Тэгсэн Д.Батбаатар машин дотор байхгүй машинаас шидэгдээд  засмал замын эрмэг дээр их хэмжээний цус алдсан байдалтай   хэвтэж  байсан...”  гэх мэдүүлэг / хх- ийн 96-98 дугаар тал/

            Гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн “Шар хадны дөрвөлж тонгойгоод гараад иртэл Х.Наранбаатарын барьж явсан 60 00 улсын дугаартай унасан байдалтай дөрвөн дугуйн дээрээ зогсож байсан. Машины цаана зам дээр Улаанаа доошоо хараад хэвтсэн, нэлээд цус гарсан байдалтай байхаар нь шууд эмнэлэг рүү Н.Энхмандах, Д.Наранбаатар, Б.Кумархаан, Улаанаа дөрөв явсан. Алтан-Очир бид хоёр машин хараад цагдаа хүлээгээд...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/

            Гэрч Б.Алтан-Очирын  мөрдөн байцаалтанд өгсөн “...Энхмандахын ланд 200 маркийн машиныг гүйцсэн, тэгэхээр нь би Х.Наранбаатарт би 100 км-с дээш гарч үзээгүй шүү, 100 км-с дээшээ гаргаад хэрэггүй шүү гэж хэлээд явж байтал машины доод хэсэг буюу хропны хэсэгт нэг юм дуугарсан чинь Х.Наранбаатар араа руу харж байгаад машиныг замаас гаргаад буцаагаад  зам руу орохдоо огцом дараад машин өнхөрсөн, нэг мэдсэн машин шаржигнаж дуугараад би хурдан зогсоосоо гэж бодож байтал машин дөрвөн дугуйн дээрээ буцаж эргээд зогсоод би Х.Наранбаатар, Д.Батбаатар нарыг амьд уу гэж асуухад Х.Наранбаатарын  дуу гараад машинаас буусан. Тэгэхээр нь би босоод хаалгаа онгойлгоод гарахад бид нарын ар талд явж байсан ланд-200 маркийн машин ирсэн. Д.Батбаатар засмал зам дээр доошоо харсан ухаангүй их хэмжээний цус алдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд Энхмандах, Наранбаатар, Лхагвадорж нар талийгаач Д.Батбаатарыг өргөж суулгаад эмнэлэгт хүргэхээр явсан. Лхагвадорж бид 2 үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/ Гэрч Н.Энхмэндийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний хажуу талд явсан хоёр хүн нөгөө гурав чинь унасан байна гэхээр би сэрээд харсан чинь тэр гурвын машин нь өнхөрөөд дөрвөн дугуйн дээрээ зам дээр хөндөлдөөд зогссон байсан. Тэгэхээр нь бид нар гүйгээд очсон чинь Д.Батбаатар машинаасаа шидэгдсэн байдалтай газар унасан, жолооч Х.Наранбаатар машиныхаа хаалгыг онгойлгож бууж ирээд Б.Алтан-Очир арын суудал дээр ёолсон байдалтай сууж байсан. Бид нар Д.Батбаатар, Х.Наранбаатар хоёрыг машиндаа суулгаад цагдаагийн постоор орохдоо цагдаад мэдэгдээд шууд 103 дээр ирж үзүүлээд хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 48 дугаар тал/

            Гэрч Б.Курамхааны мөрдөн байцаалтанд өгсөн “...хөтөл даваа уруудаад иртэл Х.Наранбаатарын барьж явсан 60-00 дугаартай машин нь унасан байдалтай Х.Наранбаатар машинаасаа сандарсан жолоочийн суудал дээрээс бууж ирсэн,Алтан-Очир арын суудал дээр хэвтэж байсан. Тэгээд Улаанаа ах аваад миний машинд суулгаад би машин бариад миний хажууд Мандах ах, Наранбаатар ах хойд талын суудал дээр Улаанааг өвөр дээрээ аваад Ховд аймагт орж ирээд 103-т шууд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Хохирогч Д.Батбаатарын цогцост суурь ясны зүүн дунд хонхрын цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн няцрал,тархины 2 тал бөмбөлгийн доод дунд хэсэгт цусан хураа, зүүн талын эгэм болон 1,2 дугаар хавирганууд эгэмний дунд шугамаар хөндлөн хугарал, дагзны зүүн хэсэгт 3х0.2 см шарх, зүүн хөмсөгний дээд хэсэгт 1х0.8 см, зүүн нүдний доод хэсэгт  2х1.8 см, дээд уруулын дунд хэсэгт 0.7х0.5 см, баруун тархины ар хэсэгт 3х1.7 см, зүүн мөрөнд 6х2 см, зүүн гарын сарвууны ар хэсэгт олон тооны зулгаралтууд, зүүн эгэм хэсэгт 10х8 см, цус хуралт, баруун шууны дунд хэсэгт 9.5х0.2 см шарх, зүүн ташаан толгойн хэсэгт 12х5 см цус хуралт,зүүн хөлний шилбэний дотор 8х4.5 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  3.1.2-д... гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал нь Үүнд: гавлын орой /дух зулай яс/ чамархай ба дагзны яс /өмнө дунд ар хонхор, эрвээхий яс/-ны хугарал, заадсын салалт хамаарна гэх  шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогч Д.Батбаатарын цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой. Д.Батбаатар нь суурь ясны зүүн дунд хонхрын цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн няцрал,тархины 2 тал бөмбөлгийн доод дунд хэсэгт цусан хурааны улмаас нас барсан...” гэх 33 дугаар шинжээчийн зэрэг нотлох баримтуудаар  тогтоогджээ. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Х.Наранбаатарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу,хувийн байдал,үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь “үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирлоо төлсөн болон хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан  ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэж өгөх”-ийг хүсэж давж заалдах журмаар гомдол гаргажээ.

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Шүүгдэгч Х.Наранбаатар нь шийтгэх тогтоол гарсны  дараа хохирогч Д.Батхишиг, иргэний нэхэмжлэгч У.Үүрийнтуяатай эвлэрч  шийтгэх тогтоолоор гаргуулсан хохирол дээр нэмж өмгөөлөгчийн хөлс,шатахууны үнийг үл маргах журмаар  төлсөн болох нь 15323506 төгрөгийг хүлээн авсан тухай баримтаар нотлогдож байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч биечлэн оролцож хохирол төлбөрөө хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх төлбөргүй талаар тохиролцож эвлэрсэн байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ар гэрийн болон хувийн байдал, хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Наранбаатарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  заасныг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь  хэсэгт  зааснаар Х.Наранбаатарт зорчин явахдаа хяналт тавьж  байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох, шийтгэх тогтоолын 6-д Х.Наранбаатарын эзэмшлийн “Panasonic” маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын битүүмжлэлийг чөлөөлж, Шүүгдэгч Х.Наранбаатарыг энэ өдрөөс эхлэн суллаж  шийтгэх тогтоолд   өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2,3 дахь  заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Наранбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар  тэнссүгэй.” гэж, 3. дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр үйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Наранбаатарт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

            4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүгдэгч Х.Наранбаатарт оногдуулсан эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.”гэсэн,

            6 дахь заалтад “Шүүгдэгч   Х.Наранбаатарын эзэмшлийн “Panasonic” маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/01 дугаартай  “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын битүүмжлэлийг чөлөөлсүгэй.”гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулж, тогтоолын бусад заалтыг  хэвээр нь үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар    шүүгдэгч Х.Наранбаатарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл шүүгдэгч Х.Наранбаатарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           4. Шүүгдэгч Х.Наранбаатар нь 83 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            6.  Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                              ШҮҮГЧИД                                     Д.МӨНХӨӨ

 

                                                                                                    Н.ТУЯА