Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2014/0310/З |
Дугаар | 261 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 261
“Шашир трейд” ХХК-ийн ХХХнэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч С.Цэвэгмид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч Д.Сайханчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0275 дугаар магадлалтай, “Шашир трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Л.Сайханчулуунд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Шашир трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Өлзийт Ухаа нэртэй газарт 63,35 га талбайд хайгуулын МҮ-10258 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тус талбайд хийсэн хайгуулын ажлын дүнд жоншны хүдрийн нөөц С зэрэглэлээр 120,0 тонн гэж тогтоогдсон бөгөөд А, В зэрэглэлээр нөөц тогтоогдоогүй тул ашиглалтын үйл ажиллагааг явуулалгүй байна. Энэ хугацаанд бичил уурхай эрхлэгчдээс бэлтгэсэн жоншийг худалдан авч, БНХАУ-руу экспортолсон байна. Гэтэл Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Сайханчулуун 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 210286 дугаар акт үйлдэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасны дагуу “Шашир трейд” ХХК нь дээрх экспортолсон жоншны үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсад төлөх ёстой байсан гэжээ. Манай компани өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас ашигт малтмал олборлоогүй тул нөөц ашигласны төлбөрийг төлөх субьект биш бөгөөд жонш олборлон, худалдсан бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгч нар нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан” гэдгийг Засгийн газрын 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 286 дугаар тогтоолоор “экспортолсон” гэж нэмж, хуульд байгаагүй өгөгдөхүүнийг оруулж ирсэн нь хууль бус бөгөөд татварын улсын байцаагч дээрх журмыг бус хуулийг зөв хэрэглэх ёстой байсан. Мөн манай экспортолсон бүтээгдэхүүн нь металлургын баяжмал байхад татвар тооцохоор тодорхойлохдоо “ашигт малтмалын хүдэр” гэж бүтээгдэхүүний ангиллыг буруу тодорхойлсон. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо “бодит үнэ буюу хэлцлийн үнээр бус жишиг үнэ” хэмээгч ямар ч үндэслэлгүй үнээр тооцсон нь татвар санхүүгийн бүртгэлийн хувьд буруу” гэж маргасан.
Хариуцагч Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Сайханчулуун шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан. Засгийн газрын 2013 оны 296 дугаар тогтоолоор “Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолд “...энэхүү аргачлалд заасан ашигт малтмалын бүтээгдэхүүний ангиллыг гагцхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг ногдуулахад ашиглана” гэсэн өөрчлөлтийг оруулсан бөгөөд эдгээрийг үндэслэн “Шашир трейд” ХХК-ийн 2008-2012 онд нийт 122612,6 тн экспортонд гаргасан жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан бөгөөд бичил уурхайчдаас жонш худалдан авч экспортлосон бол тухайн төлбөрийг ногдуулахгүй байх хуулийн зохицуулалт байхгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.3.2, 47.4 дэх хэсэг, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалын 1.2-т “ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ” гэж заасны дагуу “Шашир трейд” ХХК-ийн экспортолсон жоншид гаалийн төв лаборатороор шалгуулсан дүгнэлтийг үндэслэн Уул уурхайн яамны www.mm.gov.mn сайт дээр зарласан уул уурхайн сар бүрийн жишиг үнээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д баяжмал, хүдэр бүтээгдэхүүн бүгдэд нь өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар хуульчилсан байгаа бөгөөд татвар төлөгчийн “баяжмалд татвар ногдуулахгүй, хүдэрт ногддог” гэсэн тайлбар үндэслэлгүй” гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.8, 47.12-т заасныг баримтлан татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 дугаар актыг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0275 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.2, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3.2, 47.8, 47.12, 48.9, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 дугаар актаар ногдуулсан 139,355.4 мянган төгрөгийн торгууль, 136,047.9 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 464,515.0 мянган төгрөг болгож багасгасугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч “Шашир трейд” ХХК-ийн өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүх “ашигт малтмалын олборлолт” гэж чухам юуг хэлэх, түүнийг олборлоход хуулийн ямар шаардлага, нөхцөл, журам байдаг тэр нь мөрдөгдөөгүй бол хэрхэх талаар төдийгүй ер нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж юуг ойлгохгүй байгаа нь, өөрөөр хэлбэл, энэ татварын талаарх ойлголт нь хуулиас тэс өөрөөр байгаа нь магадлалаас нь харагдаж байна. Үүнийг нь “ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авсан боловч 2008-2012 онд ашигт малтмал олборлосон талаар “уулын ажлын төлөвлөгөө, тайлан” гаргаагүй байна” гэсэн, “гэтэл тус компани 2008-2012 оны хооронд 30,118.7 тн жонш экспортолсон хэдий ч борлуулалтын орлогоосоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тайлагнаагүй” гэсэн дүгнэлтүүдээс харж болохоор байна. Тухайлбал, “уулын ажлын төлөвлөгөө, тайлан” батлуулахгүй бол хэзээ ч ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэрэв явуулсан бол ямар хариуцлага хүлээх талаар хууль тогтоомжийн зохицуулалтын талаар ойлголт дутмаг байна гэсэн үг. Мөн “экспортлох” нь “олборлосон” гэсэн үг биш тул борлуулалтын орлогын тайлан болон ашигт малтмал ашигласны тайлан тус тусдаа гарах 2 өөр төрлийн тайлан байх ёстойг хуулийн зохицуулалтуудад тодорхой тусгасан байгаа. Давж заалдах шатны шүүх “...өөрийн талбайд олборлолт хийгээгүй гэдгээ бүрэн нотлоогүй” гэсэн маш сонин дүгнэлт хийсэнд гайхаж байна. Ер нь бид олборлолт хийгээгүй гэдгээ боломжийн хэмжээнд нотлосон, тэр нь хавтаст хэрэгт авагдсан олон олон баримтаас харагдана гэж үзэж байгаа. Харин захиргааны байгууллага хариуцлага хүлээлгэж байгаа бол “олборлосон” гэдгийг эхлээд өөрсдөө нотолж байж төлбөр ногдуулах, хэрэв чадаагүй бол захиргааны хэргийн шүүх түүнийг нь нотолж байж захиргааны актад дүгнэлт хийх ёстой юм. Мөн давж заалдах шатны шүүх магадлалынхаа нэг үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг болгожээ. Гэхдээ мөн зүйлийн бусад заалтыг хэрэглэх юм бол Засгийн газар экспортын бүтээгдэхүүнийг борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр зарлах эрхээ хэтрүүлж, тухайн бүтээгдэхүүний Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг зарласан гэдэг нь тодорхой харагдах ёстой. Нэгэнт Засгийн газарт хуулиар “биржийн нэр” зарлах эрх олгосон. Жоншны төрлийн бүтээгдэхүүний жишиг үнийг тодорхойлох бирж байхгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгоод байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар “мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” татвар тооцох үнэлгээг гаргаж ирэх ёстой. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгийн “мэдүүлсэн” буюу татварын тайлангаар тодорхойлоод өгчихсөн “борлуулалтын орлого”, түүнийг нотолсон “гэрээний үнэ” байсаар байхад хуульд заасан эрхээ хэтрүүлж гаргасан Засгийн газрын тогтоолыг үндэслэсэн захиргааны актыг хууль ёсны гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Мөн хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/6381 дүгээр албан бичиг, Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол зэргийг үнэлж, нотлох баримтыг урвуугаар ашигласан. Иймд, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Өлзийт-Ухаа” нэртэй газарт 63,35 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МҮ-10258 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Шашир трейд” ХХК-ийн 2008-2012 оныг дуусталх хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Сайханчулуун, Ч.Оюунчимэг нар хяналт шалгалт хийж, нийт 6069159.3 мянган төгрөгийн зөрчилд 464515.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 139355.0 мянган төгрөгийн торгууль, 136047.9 мянган төгрөгийн алданги, нийт 275402.9 мянган төгрөгийн төлбөрийг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 дугаар актаар ногдуулсан байна.
“Шашир трейд” ХХК татварын улсын байцаагчийн дээрх актыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлолт хийгээгүй, бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн бэлтгэсэн жоншийг худалдан авч экспортолсон тул ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөх үндэслэлгүй; татварын улсын байцаагч төлбөр тогтоохдоо бодит үнэ буюу хэлцлийн үнийг хэрэглэх ёстой байхад жишиг үнийг хэрэглэсэн; бүтээгдэхүүний ангиллыг буруу тодорхойлсон” гэж тайлбарлажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж, өөрийн тусгай зөвшөөрөл бүхий уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигч нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөхөөр байна.
“Шашир трейд” ХХК бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдээс жонш худалдан авсан гэж “Ханшашир” ХХК-тай 2007 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 2000 тн жонш худалдан авах гэрээ, “Мон рос руд” ХХК-ийн зарлагын баримт /1440 тн/ зэргийг ирүүлсэн боловч тус компанийн 2008-2012 онд экспортолсон нийт 30118,7 тн жоншийг бүхэлд нь зөвхөн гар аргаар олборлогч, нөхөрлөлүүдээс худалдан авсан, өөрийн талбайгаас олборлолт хийгээгүйг хангалттай нотлох баримт биш гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтлөх нь татвар төлөгчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “жоншийг өөрийн талбай дээрээс олборлосон гэдгийг захиргааны байгууллага эсхүл шүүх өөрсдөө нотлох ёстой байсан” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:” гээд 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж заасны дагуу татварын улсын байцаагч олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний үнэлгээг тооцсон нь буруу биш байна.
Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 4/-т “жонш” гол экспортлогч Хятад, гол импортлогч АНУ-ын худалдааны гэрээнд заагдсан үнэ” гэж зарлан, Уул уурхайн яамны www.mn.gov.mn сайтад байршуулсан эх сурвалжийг ашиглан “Шашир трейд” ХХК-ийн борлуулсан бүтээгдэхүүний үнийг тодорхойлсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасан “олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчим” хэрэглэн тухайн бүтээгдэхүүний үнийг тодорхойлох боломжтой байхад заавал “бодит үнэ буюу хэлцлийн үнэ”-ийг баримтлах ёстой гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, дээрх үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3-т заасантай нийцжээ.
Ашигт малтмалын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0275 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН