Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 676

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           08                                      2020/ШЦТ/676

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Н.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Шинчүүл овогт Нарангийн Тулга-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005010490650 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “ХХХ” ХХК-д ус түгээгч ажилтай, ам бүл 1, 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Т/РД:аа000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Баянгол

дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байрны Б1 давхрын 0 тоотод иргэн Ц.Агийн халааснаас “Эл Жи Икс повер-10” загварын гар утас 1 ширхэг, бэлэн 122.000 төгрөг болон З.МАй фон-6 загварын гар утас 1 ширхэг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 422.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэг утсыг нь хүнд өгсөн. Нөгөө утсыг нь авч явж байгаад гээсэн. Бэлэн мөнгийг нь үрсэн” гэв.

 

Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Баянгол

дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байрны Б1 давхрын 0 тоотод иргэн Ц.Агийн халааснаас “Эл Жи Икс повер-10” загварын гар утас 1 ширхэг, бэлэн 122.000 төгрөг болон З.МАй фон-6 загварын гар утас 1 ширхэг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 422.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны Б1 давхарт буюу жижүүрийн хажуу талын түрээсийн өрөөнд Янжиндулам, Мөнх-Эрдэнэ, Тулга-Эрдэнэ нарын хамт байж байхдаа өөрийн болон Мөнх-Эрдэнэ нарын гар утас бэлэн 122.000 төгрөг, хаан банкны карт зэргийг халаасандаа хийгээд унтаж байх үед Тулга-Эрдэнэ нь хулгайлан авч явсан байсан...  Мөнх-Эрдэнэ гэх миний хамтран амьдрагч Тулга-Эрдэнийг дагуулан очиж миний гар утсыг 37.850 төгрөгөөр буцаан авсан. ...122.000 төгрөгөө алдсан. Эдгээр хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

Хохирогч З.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байсан. ...Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байрны 1 дүгээр орцны Б1 давхрын 00 тоотод тэр хоёр хоносон. ...хамтран амьдрагч Ц.Агийн халаасанд байсан миний гар утас болон Алтантуяагийн гар утас бэлэн 122.000 төгрөгийг Тулга-Эрдэнэ нь хулгайлан авч явсан байсан. ...Би одоо 200.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №ТХҮ-720/183 дугаартай “ Ай Фон-6 загварын гар утсыг 200.000 төгрөгөөр, Эл Жи Экс повер гар утсыг 100.000 төгрөгөөр тус тус үнэлсэн” үнэлгээний дүгнэлт /хэргийн 28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр бид нар бага зэрэг ярьж сууж байгаад би гарч яваад архи уугаад орж ирсэн. Тэгэхэд тэнд ор зассан байсан ба намайг унт гэхээр нь би унтах гээд хэсэг хэвтэж байгаад нөгөө хоёрыг унтсаны дараа босож суугаад тамхи татаж байгаад хоёр утсыг нь авсан чинь утасных нь хавтсан дотор мөнгө байсныг мэдсэн. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 36, 37 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 38-39 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Н.Т нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр, бусдын эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “I Phone-6” загварын гар утас, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Эл Жи Экс повер” загварын гар утас, бэлэн 122.000 төгрөг зэргийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван цааш зарж борлуулсан, бэлэн мөнгийг үрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Т нь хохирогч Ц.А, З.Мөнх-Эрдэнэ нарын эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий “I Phone-6” загварын гар утас, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Эл Жи Экс повер” загварын гар утас, бэлэн 122.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т-ийнгэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Н.Т-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ад 222.000 төгрөгийн хохирол, хохирогч З.Мөнх-Эрдэнэд 200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч З.Мөнх-Эрдэнэд 50.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тул хохирогч З.Мөнх-Эрдэнэд учирсан хохирлоос 50.000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хохирогч Ц.Агийн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газраас 37.850 төгрөгөөр бууцаан авсан гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/ байх тул утсыг биет байдлаар буцаан авсан гэж үзэн бэлэн 122.000 төгрөгийн хохирол дээр барьцаалан зээлдүүлэх газраас утсыг авсан 37.850 төгрөгийг нэмж шүүгдэгчээс 159.850 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ад, 150.000 төгрөг гаргуулж хохирогч З.Мөнх-Эрдэнэд тус тус олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Т-ийнхувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Н.Т-ийнхувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, цаг хугацаа, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдлал тогтоогдоогүйг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, шүүгдэгч Н.Т-г 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас 160 /нэг зуун жар/ цагийн ялыг хасч, шүүгдэгч Н.Т-ийнбиечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 560 /таван зуун жар/ цагаар тогтоох үндэслэлтэй.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахтай холбогдуулан шүүгдэгч Н.Тд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Т 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийт 20 хоног цагдан хоригдсон ба уг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Т-г 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийн цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 560 /таван зуун жар/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-эс 150.000 төгрөг гаргуулж хохирогч З.Мөнх-Эрдэнэд, 159.850 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ад тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Н.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО