Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 620

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           23                                      2020/ШЦТ/620

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч А.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас А.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005018901046 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эгчийн хамт 0000тоотод оршин суух бүртгэлтэй, 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.Э /РД: аа0000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Э нь согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 000 тоотод хохирогч А.Оюунчимэгтэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, тархи доргилт, толгойн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн тохой, баруун, зүүн шилбэ, баруун тавхайд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ..

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: “Тухайн өдриийн урьд шөнө А.Оюунчимэг арван жилийн ангийнхаа хүүхдүүдтэй уулзана гээд гарсан. Тэгээд ирээд маргааш нь бид нар архи ууцгаасан. Маргаан гарах болсон шалтгаан нь манай хүн нэг хүнтэй утсаар яриад, мессеж бичээд харьцаад байсан. Тэр нь манай найз Баатараа гэх хүн байсан. Оюунчимэгийг ирж авна, нөхөртэй чинь уулзана гэсэн гэж надад хэлсэн. Би урьд өдөр нь Оюунчимэг архи уусан болохоор явуулахгүй гэтэл надад уурлаад чанга орлиод нүүр ам руу самардаад цохиод байсан. Сүүлдээ бүр цохиод зогсохгүй болохоор нь би гарахдаа зүүн гараараа далайгаад гараа явуултал цохьчихсон.” гэв.

 

Шүүгдэгч А.Э нь согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 6 дугаар гудамжны 160 тоотод хохирогч А.Оюунчимэгтэй маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, тархи доргилт, толгойн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн тохой, баруун, зүүн шилбэ, баруун тавхайд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч А.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн найз Анужингийн гэрт өөрийн нөхөр А.Э, охин Замлингоо нарын хамтаар очиж хоносон юм. ...Тэгээд бид нар амарч маргааш өглөө нь босоод А.Э дэлгүүр явж 2,5 литрийн пиво авч ирээд ганцаараа уугаад өдөр 12 цагийн үед их хэмжээний согтсон байсан. ...Би А.Эд Баатараа хүрээд ирээч жаахан сууж танилцъя гэж байна гээд хэлсэн чинь уурлаж, чи намайг доромжилж байна гэж Баатараатай намайг хардаж, бид хоёр хоорондоо маргалдах болсон. Би тэр үед хүүхдээ тэврээд зогсож байсан чинь миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод манай найз салгасан чинь дахин гараараа миний зүүн нүдийг цохисон. Би тэгэхээр нь охиноо цаад өрөөнд нь оруулж орон дээр хэвтүүлж тавиад буцаад А.Эын байсан өрөөнд орж маргалдах үед намайг газарт унагаж байгаад мөрнөөс дээш татаж шалыг 2-3 удаа мөргүүлсэн. Би А.Этай 2018 онд анх танилцаад уулздаг байсан. А.Э бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан. Одоо бол бид хоёр хамт амьдардаггүй. А.Э заримдаа охинтойгоо уулзах гэж л бид хоёр уулздаг. Намайг А.Э өмнө нь зодож байсан удаа байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6056 дугаартай шинжээчийн:

“...1. А.Отгончимэгийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, тархи доргилт, толгойн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн тохой, баруун, зүүн шилбэ, баруун тавхайн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

    3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Маргааш өглөө нь би босоод толгой өвдөөд байна. Ганц пиво ууя гээд нэг пиво уусан. Тэр үед Отгончимэг нэг хүнтэй утсаар чат бичээд яваад байсан юм. Би тухайн үед анзаараагүй. Тэгсэн чинь Отгончимэг надад манай найз Баатараа чат бичиж байна. Ирээд авах уу, нөхөртэй чинь танилцъя гэж байна гэж хэлсэн. Тэгээд би уурлаж, чи одоо хүнийг доромжлоод байгаа юм уу, юу яриад байгаа юм бэ гээд жаахан уурлаж хэлсэн чинь Отгончимэг чи одоо хүнийг хардлаа, хорьж цагдлаа гээд маргаан үүсгэн хэрүүл болж, Отгончимэг миний нүүрийг маажаад дайраад байхаар нь би хоёр гарыг нь бариад газарт мушгиж унагасан. Тэр үед унахдаа дагзаараа шал мөргөж унасан. Тэгээд дахиж гүйж ирээд намайг цохих гээд самардаад, цохиод өшиглөөд байхаар нь би уурандаа зүүн гараараа нэг удаа нүүр рүү хэсэгт нь цохиод гараад явчихсан юм. Би Отгончимэгтэй гэр бүлийн харилцаа холбоотой. Өмнө нь хамтран амьдарч байсан юм. Одоогоор бид тодорхой шалтгааны улмаас салсан. Хоёр талд амьдарч байгаа. Би Отгончимэгт эмчилгээний зардалд 500.000 төгрөг зарцуулсан байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно. Би хохирогчтой сайн дураараа эвлэрч, хохирлыг бараглдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Бусад нотлох баримтууд:

 

“Голомт банк” ХХК-с ирүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 35-50 дугаар хуудас/, хохирогч А.Отгончимэгийн “...Миний бие А.Этай сайн дураар эвлэрсэн ба хохирлоо бүрэн барагдуулсан тул одоо гомдолгүй, ямар нэгэн санал хүсэлтгүй болсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хэргийн 54 дүгээр хуудас/, Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 56 дугаар хуудас/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 57 дугаар хуудас/, Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 62 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хэргийн 32 дугаар хуудас/, Асап сангийн лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.Э нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр өөр хүнтэй утсаар ярьлаа гэх шалтгаанаар хохирогч А.Отгончимэгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Э нь хохирогч А.Отгончимэгийн нүүрэн тус газарт нь гараараа цохисон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч А.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Отгончимэг нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч А.Э нь хохирогчид 500.000 төгрөгийг өгсөн болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч А.Э нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Мөн шүүгдэгч А.Э нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч А.Эд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО