Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 622

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           23                                      2020/ШЦТ/622

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч С.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас С.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005000001019 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторч мэргэжилтэй, “ХХХ” ХХК-д эксковаторын оператор ажилтай, ам бүл 1, 0000  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Э /РД:ГД000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилл сайд” хотхоны үүдний хэсгийн автомашин орох, гарах гарцын автомат хаалтыг өшиглөсний улмаас дахин ашиглах боломжгүйгээр устгаж 1.936.000 /нэг сая есөн зуун гучин зургаан мянга/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ..

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилл сайд” хотхоны үүдний хэсгийн автомашин орох, гарах гарцын автомат хаалтыг өшиглөсний улмаас дахин ашиглах боломжгүйгээр устгаж 1.936.000 /нэг сая есөн зуун гучин зургаан мянга/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 9 цагийн орчимд “Тоёоко” зочид буудлын хажуу талаар Хилл сайд хотхон руу гаднаас орох автомашины автомат хаалгыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних явган явж байсан этгээд уурласан байдалтайгаар өшиглөж, буудаг хаалтыг нь эвдэлж байхад нь би очиж тэр хүнийг боль гэж шаардлага тавьсан боловч намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэр хүнийг барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 09:57:17 секундэд цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, зүүн гараараа утсаар ярьж буй мэт алхаж буй эрэгтэй хүн ...хаалтыг баруун хөлөөрөө өшиглөж буй дүрс гарах бөгөөд түүнээс цааш явж камерийн бичлэгт харагдахгүй байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 25-27 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №БГ1-20-223 дугаартай “автомат хаалтыг 1.936.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 07-ны өглөөний 09 цагийн орчим Батжаргалтай хамт 3 дахь 0,5 литрийн Хараа архийг халаасандаа хийгээд явж байсан ба Тоёоко Инн зочид буудлын урдуур явж байхдаа автомашины гарах хэсгийн хаалтыг дээш сөхөж гараад өшиглөчихсөн юм. Тэгээд нэг эмэгтэйтэй хэрэлдээд эрүүлжүүлэхэд хоносон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

“Хаан банк” ХХК-с ирүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 54-75 дугаар хуудас/, “Хамтын хүч-9” СӨХ-с ирүүлсэн Б.Ог итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт /хэргийн 30 дугаар хуудас/, хохирол төлбөр төлөх талаар байгуулсан гэрээ /хэргийн 53 дугаар хуудас/, хохирогч Б.Огийн “...1.936.00 төгрөгийг С.Эаас төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр цувуулан төлж барагдуулахыг зөвшөөрсөн нь үнэн болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хэргийн 76 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 77 дугаар хуудас/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 78 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 79 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хэргийн 48 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 11 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл С.Э нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр бусдын өмчлөлийн эд хөрөнгийг дахин ашиглах боломжгүйгээр устгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Э нь хохирогч байгууллагын замын хаалтыг өшиглөж эвдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч С.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад 1.936.000 төгөргийн хохирол учирсан ба шүүгдэгч С.Э нь уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч уг төлбөрөөс бодитой төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.Э энэ тогтоолоор бусдад 1.936.000 төгрөгийн хохирол төлбөртэй байна гэж шүүх үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийн устгасан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.Э нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Мөн шүүгдэгч С.Э нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч С.Эт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эаас 1.936.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Од олгосугай.

 

6. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО