Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           01                                      2020/ШЦТ/651

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч Б.Саранцэцэг,

шүүгдэгч Ё.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Ё.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005019971079 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ХХХ” ХХК”-д захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт 0000тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ё.Д /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ё.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 0000 тоотод хохирогч Б.Саранцэцэгийг гэр бүлийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Б.Саранцэцэгийг сандлаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Саранцэцэг мэдүүлэхдээ “2015 онд тамхины үнс хийдэг сав шидэж миний эрүүл мэндэд хохирол учруулж байсан. Би гурван удаа цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч байсан. Тухайн өдөр Ё.Д гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Мөнгөний хэрүүлээс болж маргалдсан гэж байна. Гэхдээ Ё.Д тухайн үед тооцоондоо явж ирээд 40 сая төгрөгийг өөрийн данс руу хий гэж хийлгэсэн. Данс руу нь хийсэн хойно Дорнод руу явна. Мөнгөө аваад ир гэсэн. Манай бага хүүхдийн сургалтын баталгаа 40 сая төгрөгийг дараа нь аваад ир гэхэд нь би хүүхдийн сургалтын төлбөрийн мөнгө гээд хадгаламжид хийгээд авч үлдсэн. Одоо болтол миний дансад байгаа. Тухайн үед Ё.Д хэвтэж байсан. Би сууж байсан. Би тухайн үед хэрэлдээгүй. Сууж байтал босож ирээд хоёр төмөр сандал давхарлаастай байхад нэгийг нь аваад над руу шидсэн. ...23-ны өдөр би эмнэлэг явж гараа шохойдуулж эмчлүүлсэн. 24-ний өдөр намайг гэрээс хөөсөн. Миний эмчилгээний хохирлыг мөнгөөр төлж болох ч миний сэтгэл санааны хохирол, миний сэтгэл зүрхний шархыг мөнгөөр нөхөж чадахгүй. Нэхэмжлэх зүйл байна уу гэж байна. Би мөнгө нэхэмжлээд яах юм бэ, би мөнгөөр амьдрахгүй, хүн хайраар амьдардаг. Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.  

 

Шүүгдэгч Ё.Д нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 0000 тоотод хохирогч Б.Саранцэцэгийг гэр бүлийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Б.Саранцэцэгийг сандлаар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй гэрч Д.Баярдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн өрөөндөө амарч байсан. Аав ээж хоёр орой болчихсон байхад хоорондоо хэрэлдээд байсан. Юу ярьж хэрэлдээд байгааг нь ойлгоогүй. Маргалдаад байгаа чимээ нь сонсогдож байсан. Тэгээд ээжийг сандлаар цохисон байсан. Ээжийн гар нь гэмтээд нөгөөдөр нь гипсдүүлсэн байсан. ...Манай аав ээжийг 3 жилийн өмнө нэг удаа цохиж авч байсан. ...сая 4 сард нэг удаа сандлаар цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 4 дүгээр сарын 21-ний орой гэртээ нөхөр бид хоёр хамт байсан. Ингээд юм ярьж байгаад Шүүхийн шийдвэрээс орж ирсэн мөнгөний талаар болон хардаж сэрдээд хэрүүл хийж эхэлсэн. Би мөн хэрэлдсэн. ...хэвтэж байснаа босч ирээд гэрт байсан сандал аваад шидсэн чинь хажуугаар өнгөрсөн. Тэгтэл дахиад 1 сандал аваад босч ирээд далайгаад зүүн гар хэсэгт цохисон. Сандлын хоёр хөндлөн төмрийн 1 хэсэг  нь шуу хэсэгт өнгөө хэсэг нь гарын сарвууны хэсэг дээр таарч цохигдсон. ...4 дүгээр сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв орж үзүүлсэн чинь зөөлөн эдийн гэмтэл учирсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6620 дугаартай шинжээчийн:

“...1. Б.Саранцэцэгийн биед зүүн шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн

зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

    4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

    5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ё.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Саранцэцэг бид хоёр гэртээ хамт байсан. Би Брайнт Пент гэх барилгын компанитай бөгөөд уг компаний дансанд орсон 61 сая төгрөгийг манай эхнэр 4 дүгээр сарын 16-ны өдөр авсан байсан. Мөнгө авснаа надад эхнэр хэлээгүй нуусан байсан. Үүнээс болж маргаан эхэлсэн. Хэрэлдэж байх үедээ бие биенээ хардаж сэрдсэн үг хэллэг хэрэглэсэн хэрүүл болсон. Мөн надаас салах өргөдлөө өгсөн болохыг мэдээд хэрүүл бүр даамжирсан. Ингээд би гэрт байсан сандал аваад шидсэн чинь оноогүй. Дахиад 1 сандал байхаар нь аваад цохих үед Саранцэцэг зүүн гараараа хаасан. Зүүн гар хэсэгт нь сандлын хөлөөр цохисон. ... Үүний дараахан эхнэр Саранцэцэг гараа гипсдүүлсэн байсан. Зүүн гарыг нь цохиод гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/, “Капетрон банк” ХХК-иас ирүүлсэн шүүгдэгч Ё.Дийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 41-43 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 49 дүгээр хуудас/, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын “...Ё.Дийг 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай...” гэсэн шийдвэр /хэргийн 50 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 51 дүгээр хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 52 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ё.Д нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр сандлаар хохирогч Б.Саранцэцэгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ё.Д нь хохирогч Б.Саранцэцэг рүү сандал авч шидсэн, сандлаар цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Ё.Дийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Хохирогч Б.Саранцэцэгт хэргийн материал танилцуулсан тухай “...санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн тэмдэглэл /хэргийн 46 дугаар хуудас/, ...миний бие хохирол төлбөр нэхэмжлэхгүй. ...гомдол саналгүй. Ё.Дтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн....” гэсэн хүсэлт /хэргийн 48 дугаар хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгч Ё.Дийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ё.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэлд нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ё.Д нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ё.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ё.Д нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ё.Дд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ё.Д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ё.Дийг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Дийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Дд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ё.Д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО