Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Ж.Загдхишиг, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хохирогч Ц.Цэрэнзолбоо  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Тэрэгч овогт Жарантайн Загдхишигт холбогдох эрүүгийн 20360000000128 дугаартай, 178/2020/0125/Э/ индекстэй хэргийг  2020 оны 06 сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 11 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл- 2, эхийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суух, Цаст-Алтайн жинчид ХХК-д жолоочийн ажилтай, сарын өрхийн орлого 500000 төгрөг, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 01 сарын 23-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ПО85110211 регистрийн дугаартай, Тэрэгч овогт Жарантайн Загдхишиг

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Загдхишиг нь  2020 оны 04 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг Буянт голын хөвөөнд найз нарын хамт архи ууж байгаад иргэн Ц.Цэрэнзолбоог “ чи яахаараа хүний гаргасан идээ голдог юм бэ” гэж маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн хугарал муруйлт, хамрын ясны хугарал, дээд уруулын дотор талд шарх, доод уруулын дотор талд шарх, доод эрүүний зүүн талын 1, 2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, доод эрүүний баруун талын 1, 2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл , зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар болон дээд , доод уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ж.Загдхишигийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 04 сарын 28-ны өдөр 11 цагийн үед Б.Цэдэндамба, Даваадорж, Д.Баяндорж бид нар архи уусан. Баяндорж нь Ц.Цэрэнзолбоогоор машин янзлуулна гэхээр нь түүнийг Алагтолгой багт гэртээ байхад нь авахаар очсон.  Тэдний гэрт  ууж байсан архиа авч ороод хувааж ууцгаасан.  Тэгээд тэднийхээс гараад засварын газар ирж машинаа засаж байгаад маргааш нь засахаар болж Буянт голын хөвөөн дээр очсон. Ц.Цэрэнзолбоо бид нарын дээд талд сууж байсан дөрвөн залуу дээр очоод буцаж ирсэн. Би архи хундгалж байгаад түүнд хундагатай архи өгөхөд над руу буцаагаад цацсан. Тэгэхээр нь би уурлаад  түүний нүүрэн хэсэгт нь нэг удаа цохитол унаад дөрвөн мөчлөөд тонгойход баруун хөлөөрөө нүүр толгойн хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Түүний хамар амнаас цус гарсан. Б.Цэдэндамбаа бид хоёр орхиод явсан. Бид хоёрын дэргэд Б.Цэдэндамба, Даваанаа, Д.Баяндорж нар байсан. Би Ц.Цэрэнзолбоог цохисон  үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Ц.Цэрэнзолбоод хохиролд 600000 төгрөг төлсөн. Шүүхээс гаргуулсан хохирлыг төлнө. Прокурорын торгох ялыг зөвшөөрч байна. Мөн албадлагын арга хэмжээ авахыг зөвшөөрч байна...гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-17 тоотод оршин суух, 1981 оны 07 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-2, эхийн хамт амьдрах, хувиараа засварын ажил эрхэлдэг, ПЭ 81070613 дугаарын регистртэй /  Буурлууд овогт Цэвээнпүрэвийн Цэрэнзолбоогийн өгсөн ...2020 оны 04 сарын 28-ны өдөр 11 цагийн үед Даваанаа, Д.Баяндорж, Б.Цэдэндамба, Загдаа /Ж.Загдхишиг/ нар нэг шил архи  барьсан орж ирсэн. Тэр архийг хувааж уугаад Баяндоржийн машин  засахаар манай гэрээс 13 цагийн үед гараад Прогресс сургуулийн дэргэд байдаг засварын газар очоод машинаа янзалж байтал Загдаа /Ж.Загдхишиг/, Даваанаа нар “машиныг маргааш засъя, гол очъё” гэхээр нь гол руу явсан. Гол дээр очоод архи ууж байгаад Ж.Загдхишиг миний нүүр болон толгой руу 3 удаа өшиглөсөн. Д.Баяндорж болиоч гээд хамгаалж байсан. Б.Цэдэндамба нь миний  зүүн мөрөнд нэг удаа цохиод Ж.Загдхишигийг салгаж аваад явсан. Тухайн үед цохиулснаас болоод миний ухаан санаа орж  гараад байсан тул болсон зүйлийн талаар  сайн санахгүй байгаа. Ж.Загдхишигтэй Б.Цэдэндамбаагаар дамжуулан 2019 онд танилцсан. Миний нүдний ухархайн дотор хана зүүн талд хугаралтай, хамрын таславч хугарч баруун тийш муруйлт үүссэн. Хамрын яс зүүн талд хугарч зөрсөн. 31, 41, 42, 32 дугаар шүднүүд 2 дугаар зэргийн хөдлөлтэй,  31 дүгээр шүд унасан. Доод, дээд уруул язарч 6 оёдол тавиулсан. Дээрхи гэмтэл бүгд өвдөж зовиурлаж байгаа. Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Цаашид дахин хагалгаа хийлгэж, хамраа эмчлүүлэх шаардлагатай байгаа тул зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Ж.Загдхишиг нь хохиролд 600000 төгрөг төлснийг хасаж тооцоход татгалзах зүйл байхгүй. Нийт хохиролд 2078790 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс 60000 төгрөгийг хасаад үлдэх 1478790 төгрөгийг төлүүлж өгнө үү. Шийтгэлийн  хувьд хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баяндоржийн өгсөн...2020 оны 04 сарын 28- ны өдөр 15 цагийн үед Б.Цэдэндамбаа над руу залгаад “ Таксийний мөнгийг чинь өгье талын хашаанд хүрээд ир” гэхээр нь яваад очиход Б.Цэдэндамба, Даваанаа, Загдаа /Ж.Загдхишиг/ гурав байсан. Би машинаа засуулах зорилгоор Ц.Цэрэнзолбоог замаараа аваад Прогресс сургууль орсон. Б.Цэдэндамбаа, Даваанаа, Ж.Загдхишиг гурав гол руу түрүүлээд явсан. Бид хоёр машинаа засаж байгаад тэр гурвын араас цагийн дараа очсон. Тэгээд бид архи ууж байгаад Ж.Загдхишиг “Соёрхол” нэртэй архи задлаад Ц.Цэрэнзолбоод өгтөл” би ийм архи уудаггүй” гээд голсон. Тэгтэл Ж.Загдхишиг “чи яахаараа хүний гаргасан идээг голдог юм “гээд Ц.Цэрэнзолбоогийн  нүүр болон толгойн хэсэгт 3-4 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь би болиоч гээд Ц.Цэрэнзолбоогийн толгойн хэсгийг хамгаалаад гараараа дартал Даваанаа босч ирээд Ж.Загдхишигийг салгаад аваад явсан. Тэгээд Ц.Цэрэнзолбоо нүүрээ угаагаад сууж байтал дахин ирээд Ж.Загдхишиг түүний нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөхөөр нь салгасан. Ц.Цэрэнзолбоог Ж.Загдхишигээс өөр цохисон хүн байхгүй. Ц.Цэрэнзолбоогийн хувьд бид хоёр багаасаа найзууд байсан...гэх мэдүүлэг / хэргийн 12 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэдэндамбаагийн өгсөн...2020 оны 04 сарын 28-ны өдрийн 11 цагийн үед Ж.Загдхишиг,  Д.Баяндорж, Даваанаа бид дөрөв архи ууж байгаад Д.Баяндорж нь Ц.Цэрэнзолбоогоор машинаа засуулахаар түүнийг Алагтолгой багт байх гэрээс нь очиж авахаар очоод түүний гэрт 2 шил архи уусан. Тэгээд 13 цагийн үед гэрээс нь гараад Прогресс сургуулийн дэргэдэх засварын газар Д.Баяндоржийн машиныг засаж байгаад маргааш нь хийхээр болоод тавуулаа гол гарсан. Гол дээр очоод дахин хоёр шил архи хувааж уусан. Ц.Цэрэнзолбоо бид нарын дээд талд сууж байсан гурван залуу дээр очиж сууж байгаад ирэхэд нь Ж.Загдхишиг архи хундгалж өгөхөд урдаас нь цацсан. Тэгтэл Ж.Загдхишиг босч ирээд Ц.Цэрэнзолбоотой барилцаж аваад баруун гараараа нүүр хэсэгт нэг удаа цохиод 4 дөрвөн мөчлөөд унах үед нь дахин толгой нүүр хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн. Ц.Цэрэнзолбоог нүүрээ угаагаад сууж байхад нь дахин очиж нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон. Ц.Цэрэнзолбоогийн ам хамарнаас нь цус гарч нүд нь хавдсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 15-16 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаандп гэрч Б.Даваажаргалын өгсөн...2020 оны 04 сарын 28-ны өдөр 10 цагийн үед Ж.Загдхишигтэй таараад Б.Цэдэндамбаагийн найз охин болох Бадмаагийн гэрт очоод гарахдаа Баяндоржийг дуудаад Вэлл зочид буудал хүргүүлэх гээд явж байгаад Д.Баяндоржийг “Ц.Цэрэнзолбоогийн гэрт очъё” гэхээр Ц.Цэрэнзолбоогийнд очсон. Тэднийд хоёр шил архи хувааж ууцгаасан. Прогресс сургуулийн дэргэд байх засварын газар Д.Баяндоржийн машиныг үлдээгээд бөөндөө гол дээр гарсан. Гол дээр 2 шил архи хувааж уусан. Ц.Цэрэнзолбоо бид нарын дээд талд сууж байсан залуучууд дээр очиж  уулзаад ирэхдээ орилж чарласан байдалтай ирсэн. Түүнд архи хундгалаад өгөхөд зөрүүлээд  Ж.Загдхишиг руу цацчихсан. Тэгтэл Ж.Загдхишиг босч ирээд уурандаа нүүр болон толгойн хэсэгт хоёр удаа алгадсан. Ц.Цэрэнзолбоог доошоо суухаар нь нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Ж.Загдхишигийг цохисны дараа Ц.Цэрэнзолбоогийн уруул язарсан, зүүн нүд нь хавдчихсан, цус гараад тогтохгүй байсан...гэх мэдүүлэг / хэргийн 17-18 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 380 дугаартай “ Хүний биед хийсэн гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ”...Ц.Цэрэнзолбоогийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн хугарал муруйлт, хамрын ясны хугарал, дээд уруулын дотор талд шарх, доод уруулын дотор талд шарх, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, доод эрүүний баруун талын 1,2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар болон дээд, доод уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Ц.Цэрэнзолбоогийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

Ц.Цэрэнзолбоогийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Ц.Цэрэнзолбоогийн биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх  дүгнэлт / хэргийн 24-25 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч шинжээч эмч, Д.Тогтохын өгсөн...Иргэн Ц.Цэрэнзолбоогийн биед 2020 оны 04 сарын 29- ний өдөр үзлэг хийж эмнэлэгийн бичиг баримтад үндэслэн дүгнэлт гаргасан. Шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн хугарал муруйлт, хамрын ясны хугарал, дээд уруулын дотор талд шарх, доод уруулын дотор талд шарх, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, доод эрүүний баруун талын 1,2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд учирсан байсан. Иргэн Ц.Цэрэнзолбоогийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн хугарал муруйлт, хамрын ясны хугарал, дээд уруулын дотор талд шарх, доод уруулын дотор талд шарх, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, доод эрүүний баруун талын 1,2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь бүгд “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд  эдгээр гэмтлүүд нь дээрхи журамт зааснаар бүгд нийлээд ч гэмтлийн хөнгөн зэрэгт, мөн дангаараа ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамлаж өгсөн байдаг. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг / хэргийн 28 дугаар хуудас/

Хэргийн 54- 56 хуудаст болон шүүхийн шатанд хохирогч Ц.Цэрэнзолбоогийн  эмчилгээний баримтууд зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Ж.Загдхишиг нь 2020 оны 04 сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Буянт голын хөвөөн дээр өөрийн найз болох Б.Цэдэндамба, Г.Даваажаргал, Д.Баяндорж болон түүний найз Ц.Цэрэнзолбоо нарын хамт архи ууцгаасан. Ц.Цэрэнзолбоо нь тухайн гол дээр архи ууж байсан залуучуудтай уулзаад ирэх үед нь Ж.Загдхишиг нь Ц.Цэрэнзолбоод архи хундгалж өгөхөд би ийм архи ууддаггүй гэж Ж.Загдхишигийн өмнөөс цацах үед Ж.Загдхишиг нь “хүний өгсөн архийг голлоо” гэж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, сөхөрч суух үед нь нүүр болон толгойн тус газарт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, мөн нүүрээ угаагаад сууж байх үед дахин нэг удаа нүүрэн тус газарт нь өшиглөж, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 380 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн хугарал муруйлт, хамрын ясны хугарал, дээд уруулын дотор талд шарх, доод уруулын дотор талд шарх, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, доод эрүүний баруун талын 1,2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар болон дээд , доод уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт... гэх гэмтлийг учруулсан, үүний улмаас хохирогч Ц.Цэрэнзолбоо нь Улаанбаатар хотод очиж, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Загдхишиг нь хохирогч Ц.Цэрэнзолбоогийн толгой нүүрэн тус газар нь гараа болон хөлөөрөө өшиглөн цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан  үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

            Шүүгдэгч Ж.Загдхишиг болон хохирогч Ц.Цэрэнзолбоо нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хорондоо маргалдаж, хэн нэгэндээ хүндэтгэлтэй хандаагүйн улмаас гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Шүүгдэгч Ж.Загдхишиг нь хохирогч Ц.Цэрэнзолбоогийн нүүр,  толгойн тус газарт нь гар болон хөлөөрөө өшиглөж  цохих явцад түүний биед  гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Загдхишигийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ж.Загдхишигийг хохирогч Ц.Цэрэнзолбоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Цэрэнзолбоогийн баримтаар нэхэмжилсэн... лабораторын шинжилгээний  зардал 80000 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээний 115000 төгрөг, Улсын төв нэгдүгээр эмнэлэгт  төлсөн 3000 төгрөг, эмийн үнэ 36100 төгрөг, Ховд аймгаас Улаанбаатар зорчсон автобусны зардал 72000 төгрөг, хагалгааны зардал 1166600 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт  төлсөн үзлэгийг зардал 35000 төгрөг, үзлэгийг зардал 20000 төгрөг, эмийн зардал 92250 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ 25000 төгрөг, Улсын нэгдүгээр эмнэлэгт төлсөн 301840 төгрөг, Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн зардал автобусны зардал 72000 төгрөг, эмийн үнэ 7000 төгрөг, эмийн үнэ 8500 төгрөг, эмийн үнэ 4500 төгрөг, Улсын төв эмнэлэгт төлсөн орны төлбөр 40000 төгрөг нийт 2078790 төгрөгийг шүүгдэгч Ж.Загдхишиг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа ба үүнээс түүний урьдчилан төлсөн 600000 төгрөгийг хасаад үлдэх 1478790 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Загдхишигээс гаргуулан хохирогч Ц.Цэрэнзолбоод олгох нь зүйтэй гэж үзнэ.

Хохирогч Ц.Цэрэнзолбоо нь цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү? гэснийг хангаж  шийдвэрлэв.

Учир нь:Хохирогч Ц.Цэрэнзолбоогийн эрүүл мэндэд ...зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн хугарал муруйлт, хамрын ясны хугарал, дээд уруулын дотор талд шарх, доод уруулын дотор талд шарх, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, доод эрүүний баруун талын 1,2 дугаар шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар болон дээд , доод уруулын зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт...гэх гэмтэл учирсан ба зүүн нүдний ухархайн доторхи ханын хугарлыг эмчлүүлсэн цаашид хамрын таславчийн муруйлт, хамрын ясны хугарал, дээд эрүүний зүүн талын 1,2 дугаар шүд, доод эрүүний баруун талын 1.2 дугаар шүдээ эмчлүүлэх шаардлагатай гэснийг харгалзан үзсэн болно.

                   Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Загдхишиг нь урьд нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хэргийн 50 - 51 дүгээр хуудас дахь 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 38 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Загдхишигийн  хувийн байдлын талаар гэрч Ж.Цэнд-Аюушийн өгсөн... Ж.Загдхишиг нь зөөлөн цайлган сэтгэлтэй, эхийн хамт амьдардаг, цэргийн алба хаасан. Их сургуульд сурч байгаад гарсан...гэх мэдүүлэг, гэрч Г.Гантулгын өгсөн...Ж.Загдхишиг нь зөөлөн цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу, нийтэч зан ааштай, архийг найз нөхдийн хүрээнд хааяа хэрэглэдэг. Хөшөөтийн Цаст-Алтайн жинчид ХХК-д жолоочоор ажилладаг...гэх мэдүүлэг зэрэг болно. 

Шүүгдэгч Ж.Загдхишигт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ж.Загдхишигийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Ж.Загдхишигийг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан   зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон 17 хоногт дүйцэх торгох ялыг  эдлэх ялаас хасаж тооцох, хохирогчид учирсан хохирлыг гаргуулах, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч Ж.Загдхишиг нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан... согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар  хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч:Шүүгдэгч Ж.Загдхишиг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа.

Хохирогчид учирсан хохирлыг төлнө, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрнө, торгох  ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх   дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.Загдхишиг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх 1478790 төгрөгийг төлөхөөр хлээн зөвшөөрсөн, хэргийн  нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан  зуун тавин мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Загдхишигийн 2020 оны 07 сарын 03- ны өдрөөс 2020 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл 17 хоног цагдан хоригдсон хугацааг нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  арван таван мянган төгрөгөөр дүйцүүлэн тооцож, 255000 төгрөгний торгох ялыг эдэлсэнд тооцож, эдлэх  торгох ялыг 395000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Загдхишигт оногдуулсан 395000 төгрөгний  торгох ялыг  06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Ж.Загдхишигт    тайлбарлан өгөх нь  зүйтэй байна.

 Эрүүгийн 2036000000128 дугаартай хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Загдхишигт торгох ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол  хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,   36.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тэрэгч овогт Жарантайн Загдхишигийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тэрэгч овогт Жарантайн Загдхишигийг  зургаан  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан зуун тавин   мянган    төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  2-т зааснаар шүүгдэгч Ж.Загдхишигийн цагдан хоригдсон 17 хоногийн  нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний арван таван мянгаар дүйцүүлэн  тооцож, 255000 төгрөгний торгох ялыг эдлэх ялаас нь  хасаж тооцож,  эдлэх ялыг 395000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Загдхишигт оногдуулсан 395000 төгрөгний торгох ялыг  6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн 203600000128 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Загхишигээс 1478970 / нэг сая дөрвөн зуун далан найман мянга, долоон зуун ерөн / төгрөг гаргуулан хохирогч Ц.Цэрэнзолбоод олгож, хохирогч Ц.Цэрэнзолбоо нь цаашид гарах  эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.Загдхишигт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Загдхишигт  оногдуулсан 395000 төгрөгний  торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ж.Загдхишигийг  6 сарын хугацаанд...архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох ...үүрэг хүлээлгэх албадлагын аргаж хэмжээ авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Загдхишигт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА