Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 0583

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

           улсын яллагч Б.Ууганбаатар,

            иргэдийн төлөөлөгч М.О, Б.Ц,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г,

            гэрч Л.О, З.Г,

          шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч М.Хувцагаан /ҮД:0480/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт З.Гд холбогдох 20537361 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, Толгойтын ...-р гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт З.Г /РД:..../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2005 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... ар талын үерийн сувагт иргэн Б.Бтай маргалдаж улмаар нүүр, толгойд чулуу, тоосгоор цохиж гавал тархины гэмтэл, зулай, дух, чамархай, дагзны ясны цөмөрсөн салаалсан хугарал, зүүн хацрын яс цөмөрсөн хугарал, суурь ясны салаалсан хугарал, хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух, зүүн хөмсгөн дэх шарх, хамар хоншоор ясны цөмөрсөн хугарал, шарх, дээд уруулын дээд хэсэг дэх шарх, 2 өвдөг дэх шалбаралт, зүүн шилбэ, зүүн тохой дахь шалбаралт, зүүн тохой дахь цус хуралт, баруун сарвуун дахь шалбаралт, зулгаралт бүхий гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2005 оны 3 дугаар сарын 18-ны  өдөр ажлаа хийж байхад мастер Н цэргийн баярын мэндийг хүргэж бидэнд 5000 төгрөг, 1 шил Кент нэртэй архи өгснийг 5000 төгрөгийг Б авсан. Тэгээд Б, Б, Э, Б бид нар Б ахынх руу явах замдаа утсаар ярьж 10 буудал дээр 1 шил архи хувааж ууцгаагаад микронд сууж Б ахынд очиход Б ах, эхнэртэйгээ хамт байсан. Тэднийд очихдоо  мастерын өгсөн 1 шил Кент архийг авч очсон ба архиа хувааж уусан, тэгж байгаад  Б ах, Б 2 архинд гарч явсан би ардуур нь эгчийнхээ хүүхдийг авах гээд гарсан. Би эгчийнхээ хүүхдийг цэцэрлэгээс авах ёстой байсан учир тэгээд яваад өгсөн.  Тэгээд микронд сууж 10-р хороолол дээр буугаад эгч Г дээр очиход намайг байж бай, хамт ажилладаг Уянга гэдэг охиныг дүүг чинь аваад ир гээд явуулчихсан гэсэн. Тэгээд дүүг аваад эргээд Саппоро дээр ирээд найз Гт руу утсаар ярьсан юм. Гт ажлаасаа тарлаа, найз Бтойгоо хамт явж байна гэсэн. Талийгаач бид 4 өмнө нь Хархорины хойд талын Хөх чоно бааранд танилцаж найзууд болсон байсан юм. Тэгээд би Саппоро дээр байна, хүрээд ир гэхэд тэр 2 гэгээ тасарсан харанхуй  болж байхад ирсэн юм. Цагийг нь сайн санахгүй байна. Тэгээд уулзаад байж байтал Б Тгийн утас руу ярьсан. Хаана байна, юу хийж байна Г байна уу гэж байх шиг байсан. Тэгэхэд Б Г бид 3 байна гэхэд удалгүй очлоо гэсэн. Ингээд Гт 2 замын дунд хүлээгээд үлдсэн ба би Бгийн хамт эгчийн гэр лүү орсон. Тэнд шал угаачхаад байж байгаад гарч ирэхэд Гт өөдөөс ирж байсан, Б ирдэггүй, ээж аав 2 утастаад байна, би явлаа гээд тэр 2 яваад өгсөн. Эгч надад 3000 төгрөг өгөөд нүүрс мод аваад ир гэсэн байсан тул би 3-р хорооллын тийшээ нүүрс мод  авч ирэхээр яваад  нүүрс, модоо аваад алхаад эгчийндээ очсон. Ойрхон учир такси бариагүй юм. Тэгээд эргэж гараад Цамбагаравын тэнд Синима гэдэг бааранд орж 1 шил пиво авч уучхаад гэртээ очиж унтаж амарсан. Бын гэрээс гарснаас хойш Бтай уулзаагүй. Би хохирогчтой уулзах ямар ч боломж байхгүй, бид 2 хоёулаа гар утасгүй байсан тул холбоо барих боломжгүй байсан. Бтай орой уулзахаар тохиролцсон зүйл байхгүй. Би 23 цаг өнгөрөөгөөд гэртээ орсон. Би Баас панда алчуурыг 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр авч зүүгээд буцаагаад өгсөн, түүнээс хойш зүүгээгүй. 18-ны өдөр Б бид 2 аль алин нь уг алчуурыг зүүгээгүй байсан. Намайг мөрдөн байцаалтад анх өмгөөлөгчгүй байцаасан. Надаас мэдүүлэг авахдаа зодож дарамталсан, дух руу цохиж, хуруугаараа нясалж, хөл гар луу өшиглөсөн. Тэгээд чи тэгсэн биз дээ, ингэсэн биз дээ гээд өөрсдөө надад хэлж өгч бичдэг байсан. Бас намайг болон аав, ээж эгч нарыг хорино гэж айлгадаг байсан төдийгүй манай эгчийг 72 цагийн хугацаанд саатуулаад надаар харуулсан. Манай эгч торон сааралжны цаана зогсож байсан” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би амь хохирогчийн төрсөн ах юм. Түрүүнээс хойш панда алчуурыг ярилаа. Хар цоохор өнгөтэй панда алчуурыг Г байнга зүүдэг байсан. Уг нь тэр алчуур миний алчуур, охин дүү надад бэлэглэсэн юм. Тэр алчуурыг Б нь Гд өгч хэрэглүүлж байсан. З.Г буцааж өгсөн эсэхийг  мэдэхгүй байна. З.Г нь манай дүүтэй найз, гэрийн хувьд өөд өөдөөс харсан байрлалтай, хоёулаа 1 газар ажилладаг байсан юм. Манай талийгаач дүү З.Г-ыг  Г, Тулгаа гэж аль алинаар нь дууддаг байсан. Нэхэмжлэх зүйл гэвэл оршуулгын зардлыг нэхэмжилнэ” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр намайг ажил дээрээ байхад 11 цагийн алдад цагдаа нар ирж намайг авч явж цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Надад Үндсэн Хууль сануулж мэдүүлэг аваагүй. Тодруулах зүйл байна гэсэн. Тэгээд нэг сараалжин төмөртэй өрөөнд оруулж байлгаж байгаад орой байцаалт авсан. Тэгээд тэр чигтээ 72 цагийн хугацаагаар саатуулагдаад 23-ны орой сулласан. Би тухайн үед ой 2 сартай хүүхэд, 5 настай хүүхэдтэй байсан. Намайг саатуулагдсан хугацаанд манай дүү З.Г-ыг над дээр авчирч харуулсан. Уг өрөө цоожтой. ...2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай дүү З.Г нь манай хүүхдийг цэцэрлэгээс авах ёстой байсан тул манай ажил дээр ирээд хүүхэд аваад явсан. Би орой 9 цаг өнгөрч байхад гэртээ хариад дүүгээ түлээ нүүрсэнд 3000 төгрөг өгөөд явуулсан. Мод 500, нүүрс 1500 орчим байсан байх. Манайх руу таксидахад 1000 орчим төгрөг гардаг гээд тооцож өгсөн юм. Тэгээд манай дүү нүүрс түлээ авч ирчхээд буцаж гарч яваад 23 цаг болж байхад орж ирсэн юм. Би дүүгээ ашгүй эрт ирлээ, унтаж амар гээд бид унтаж амарцгаасан. Г тухайн өдөр хар урт куртик, цагаан пүүз, цэнхэр жинсэн өмдтэй байсан. Манай дүү алтан навч гэдэг тамхи татдаг байсан. Би их олон газарт гомдол гаргасан, шалгуулсан” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хүү З.Гтай нэг газар ажилладаг байсан. 2005 оны 03 дугаар сарын 19-ний өглөө миний хүү чинь 7, 8 цагийн үед гэртээ ирчхээд ажилдаа яваад улирч ажиллаад  гэртээ ирээд унтаж амарч байгаад эгчийнх рүүгээ явсан. Манай хүү тухайн үед хэвийн байдалтай, ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. О гэх өмгөөлөгчийг анх хэн авсныг мэдэхгүй, бид аваагүй, танихгүй. Тэр үед миний охиныг бас хорьсон байсан тул миний ухаан санаа бол хэвийн бус, тогтворгүй байсан үе. Г нь О гэдэг өмгөөлөгчтэй уулзаж байсан, хэзээ гэдгийг мэдэхгүй. Бид нарын хувьд тухайн сарын хорин хэдэнд уулзсан, тодорхой санахгүй байна. Тэгсэн О өмгөөлөгч танай хүүхэд хүн амины хэрэгт холбогдсон, мөнгө төгрөг хэрэгтэй, 500.000 төгрөг гэсэн. О өмгөөлөгч нь байцаалтанд суусан гэж бидэнд хэлсэн, харин Г өөрөө болохоор мэдэхгүй байгаа юм. Бид олон газарт хандаж байсан. Миний хүү ямар нэгэн хэрэг хийхээр хүн биш. Иймээс зөв бурууг үнэн зөвөөр тогтоож өгнө үү” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 3-6х/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 7-8х, 17-18х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-16х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 24-25х/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 35х/, алчуур таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-ийн 31-32х, 35х/, Толгойн өмсгөлийн хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл /1хх-ийн 33-34х/, хохирогч Л.Сийн мэдүүлэг /1хх-ийн 38-42х/, гэрч Б.Оын мэдүүлэг /1хх-ийн 55-57х/, гэрч Ж.Бын мэдүүлэг /1хх-ийн 60-62х, 2хх-ийн 97х/, гэрч Л.Оийн мэдүүлэг /1хх-ийн 67-68х/, Г.Гтгийн мэдүүлэг /1хх-ийн 70-71, 3хх-ийн 204-208х, 4хх-ийн 69х/, гэрч Ч.Бийн мэдүүлэг /1хх-ийн 72-73х, 2хх-ийн 6х, 3хх-ийн 211х/, гэрч Б.Аын мэдүүлэг /1хх-ийн 74х, 5хх-ийн 75-76х/, гэрч Ц.Чгийн мэдүүлэг /1хх-ийн 76х/, гэрч Б.Шын мэдүүлэг /1хх-ийн 78-79х/, гэрч Э.Эы мэдүүлэг /1хх-ийн 94х/, гэрч О.Эын мэдүүлэг /1хх-ийн 98х, 2хх-ийн 105х/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /1хх-ийн 101-102х, 3хх-ийн 23х/, гэрч Г.Өын мэдүүлэг /1хх-ийн 103х/, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №416 /1хх-ийн 116-119х/, шүүх химийн шинжилгээ 587 /1хх-ийн 120х/, шинжээчийн 1220.21 дугаартай дүгнэлт /1хх-ийн 129х/, шинжээчийн 1361, 62 дугаартай дүгнэлт /1хх-ийн 138х/, шүүх биологийн ДНХ-ийн шинжилгээ 569 дугаартай дүгнэлт /1хх-ийн 140х/, шинжээчийн 1222 дугаартай дүгнэлт /1хх-ийн 143-144х/, шинжээчийн 1224 дугаартай дүгнэлт /1хх-ийн 149х/, шинжээчийн 1552 дугаартай дүгнэлт /1хх-ийн 152-153х/, гэрч Л.О, шүүгдэгч З.Г Нс гаргаж байсан өргөдөл, гомдлууд /1хх-ийн 210-211, 235-236х, 2хх-ийн 24х/, өмгөөлөгч М.Хувцагаанаас прокурор О.Гд гаргасан хүсэлт /1хх-ийн 240х/,

-шинжээчийн 263, 264 дугаартай дүгнэлт /2хх-ийн 52х/, гэрч Ш.Огийн мэдүүлэг /2хх-ийн 110х/, гэрч Ж.Нын мэдүүлэг /2хх-ийн 114-115х/,

-УБМГ-ын дэд, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн 10/1-7181 дугаартай албан бичиг /3хх-ийн 72-73х/, мөрдөгчийн тэмдэглэл /3хх-ийн 79х/, УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас М.Хувцагаан өмгөөлөгчид өгсөн гомдлын хариу /3хх-ийн 82х/, мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай тэмдэглэл /3хх-ийн 120-122х, 212х/, шүүх хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгээс /4хх-ийн 35х/

-гэрч Л.Эийн мэдүүлэг /5хх-ийн 77-78х/, гэрч З.Бын мэдүүлэг /5хх-ийн 79-81х/, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5067 дугаартай шинжээчийн дүгнэлт /5хх-ийн 87-97х/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжилгээний акт, протокол №248 /5хх-ийн 108-109х, 168-169х/, гэрч О.Бын мэдүүлэг /5хх-ийн 156-157х/, шүүгдэгч З.Г-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /5хх-ийн 116х, 120-121х, 159-160х, 170х/ зэрэг болон улсын яллагчаас гаргасан 2 хуудас баримт, тус хэрэгт ирүүлсэн эд мөрийн баримт зэргийг шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...З.Г-ыг эрүүдэн шүүсэн гэх асуудлыг шалгаагүй биш шалгасан. УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас шалгаад 2009 онд шийдвэрлэсэн байдаг. Мөн 2020 онд АТГ-аас шалгаад хэрэгсэхгүй болгосон. З.Г-ын мэдүүлгийг шалгах ажиллагаанд оролцсон 2 хөндлөнгийн гэрчийг олж гэрчээр байцаасан байгаа. Тэдгээр гэрч нар нь З.Г-ыг өөрөө машинаас түрүүлж буугаад хаана зодолдсон, хаана тамхи татсан гэх мэт газруудаа өөрөө заасан гэж мэдүүлдэг. Эгчийг нь хорьсон гэх асуудлыг мөн шалгаад шийдвэрлэсэн байдаг. Тухайн үед болсон процесстой З.Г-ын ярьсан зүйл нь тохирдог, бусад хөндлөнгийн баримтуудаар нотлогдсон, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Түүнчлэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээс гадна протоколыг нь хүртэл авч хэрэгт хавсаргасан. З.Г нь шинжээчид хэргийн талаар тодорхой, өөрийн үгээр хариулсан, тэнд мөрдөгч байгаагүй. Шүүгдэгч  нь гар утасгүй тул уулзах боломж байгаагүй гэж мэдүүлж байна. Найз нөхдүүд бол тухайн үед ямар нэгэн байдлаар яаж ийж байгаад уулзаад яваад байх боломжтой байсан үе. Энэ хэрэгт нэмж шалгах мөрдөн шалгах ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Хүчингүй болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Хэргийн газрын үзлэгт прокурор оролцсон, тухайн үед дуудлагаар явахдаа гарын үсгээ зурж амжаагүй талаараа гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Б, Ө Нс амь хохирогч, З.Г нарыг үйлчлүүлсэн эсэхийг тодруулсан болохоос бус өөр зүйл тодруулаагүй. Гэрч Э, Б нарын мэдүүлэг хууль зөрчиж авагдаагүй, тэдгээрийн хаана оршин суух, хаягаа өөрчлөх нь хэрэгт хамааралгүй. Тэдгээр хүмүүс нь өөрсдийн оролцсон ажиллагааны талаар үнэн зөв мэдүүлэх нь чухал юм.  Өөрөөр хэлбэл, гэрч гэдэг нь өөрийн харсан үзсэн зүйлийн талаар ярих ёстой болохоос бус гэрч нарын хаана оршин суух нь онцын ач холбогдолгүй гэж үзэж байна. УДШ-ийн 2016 оны шүүхийн тогтоолд дурдагдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, одоо шалгах зүйлгүй байгаа тул З.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт буруутайд тооцох үндэслэлтэй” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...ямар нэгэн саналгүй” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Өмгөөлөгч миний хувьд өмгөөллийн үгээ хэлэхдээ ЭБШХ болон ЭХХШТХ аль алиныг нь авч үзэх ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл, ЭБШХ нь 2005 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ үед хийгдсэн ажиллагааг үгүйсгэх боломжгүй. Одоо хүчин төгөлдөр биш ч тухайн үед мөрдөгдөж байсан хууль. ЭБШХ-ийн 35 дугаар зүйлийн 35.2.7-д “...сэжигтэн нь энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т “...сэжигтэн, яллагдагч... өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр ЭБШ ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй”, 45 дугаар зүйлийн 45.3.2-т “...өмгөөлөх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгчийг гэрчээр байцааж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн. З.Г-ыг сэжигтнээр 2005 оны 03 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд байцаахдаа өмгөөлөгч оролцоогүй гэж үзэж байна. Энэ хүн чинь хүн амины онц ноцтой хэрэгт холбогдсон, өмгөөлөгч заавал оролцуулах заалттай. З.Г нь өөрөө өмгөөлөгчөө сонгож аваагүй бол өмгөөлөгчдийн холбоонд хандаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Мөрдөн байцаагч нь  Ш.О өмгөөлөгчийг оролцуулсан гэдэг ч З.Гд өмгөөлөгч гэж энэ хүн оролцож байна гэж танилцуулаагүй, тэр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч байна гэж мэдээгүй байдаг. Мөрдөн байцаагчтай тухайн өрөөнд байсан, өөр хүн байгаагүй л гэж мэдүүлдэг. Түүнчлэн тухайн мэдүүлгийг камераар бичиж авсан байдлаас харахад тэр бичлэгт мөрдөн байцаагч, З.Г л байдаг ба тэдний хооронд асуулт хариулт л явагдсан. Өмгөөлөгч харагддаггүй. Иймээс өмгөөлөгч оролцуулах заалтыг зөрчиж авсан мэдүүлэг юм. Өмгөөлөгч Ш.Ог гэрчээр асуусан нь хууль зөрчсөн. Тэр гэрчээр мэдүүлэг өгөх эрхтэй этгээд биш.

Мөн 2005 оны 03 дугаар сарын 23-ны мэдүүлгийг авахдаа З.Г-ыг мөрдөн байцаагч С нь зодож дарамталж, ар гэрийн хүмүүсийг хорино, хэргээ хүлээ гэж шахаж дарамталснаас гадна төрсөн эгчийг нь  хууль бусаар 72 цагийн хугацаагаар саатуулж, Гар эгчийнх нь саатуулагдсан байдлыг харуулсан байдаг. Ийм байдлаар сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэл дор хэрэг үйлдсэн мэтээр мэдүүлэг өгсөн байдаг. Хавтаст хэрэгт хууль зөрчиж авсан ажиллагаанууд маш их бий. Тухайлбал, тухайн үед онц хүнд хэргийн газрын үзлэгт прокурор заавал оролцуулахаар ЭБШХ-ийн 127 дугаар зүйлийн 127.3-т заасан байдаг. Энэ ажиллагаанд прокурор оролцоогүй. Сүүлд Н прокурор оролцсон гэж мэдүүлэг өгсөн ч гарын үсэг байхгүй энэ тохиолдолд оролцсон гэж үзэх боломжгүй. Мөн энэ хэргийн газрын үзлэгт оролцсон гэх хөндлөнгийн 2 гэрч Г, Б.Ж гэсэн 2 хүн байдаг эсэх нь эргэлзээтэй, тогтоогдоогүй. Ямар ч биеийн байцаалт байхгүй, эргээд олдоогүй. Талийгаач нь амь насаа алдсан асуудал дээр маргах зүйл байхгүй. Чухам хэн алсан бэ гэдгийг зөв тогтоож чадаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 дүгээр зүйлийн 144.6-д “байцаагдаж байгаа этгээдийг хөтөлж буюу тулгаж асуухыг хориглоно” гэсэн. Гэтэл гэрч Б, Ө нарыг байцаахаас өмнө З.Г-ыг дагуулж очиж харуулан энэ хүн өчигдөр танайхаар үйлчлүүлсэн хүн мөн үү гэх мэтээр хөтөлж байцаалт авсан нь мөн хууль зөрчсөн. Таньж олуулах ажиллагааны журам нь танигдах гэж байгаа этгээдийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй гурваас доошгүй бусад хүмүүсийн хамтаар таньж олох гэж байгаа хүнд харуулж хийдэг. Гэтэл дээрх байдлаар хууль зөрчөөд явчихсан. Ер нь бол З.Г-ыг Хөх Чоно гэсэн бааранд орсон гэх сэжиг таамаг байдаг. Таньж олуулах ажиллагаа хийгээгүй. Тэгэхээр Б, Ө нарын мэдүүлэг нотлох баримт болох юм уу.

Мөн З.Г-ыг 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр 461 дүгээр ангид баривчилсан бөгөөд түрээр авч гарах тохиолдолд прокурорын зөвшөөрөл авч байж гаргадаг байсан. З.Г нь 21-23-ны өдрүүдийн хооронд өдөр болгон гараагүй, 21, 23-ны өдрүүдэд түрээр гарсан, 22-нд гарсан гэж үзэхээргүй байна, үндэслэл нь 21-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн хэрэг хүлээж мэдүүлээгүй, харин 23-ны өдөр дарамтан дор хэрэг үйлдсэн мэтээр хүлээсэн. Гэтэл уг мэдүүлгийн үнэн зөвийг шалгасан ажиллагааг 22-ны өдөр явуулсан гэсэн огноо дугаартай байгаа нь З.Г-ыг энэ өдөр 461-р ангиас авч гараагүй, 22-ны өдөр хийгдсэн гэх мэдүүлгийг шалгах ажиллагааг 23-ны өдөр л хийсэн байх магадлалтай болж байгаа юм. Энэ мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагаанд оролцсон гэх гэрч Э, З.Б нар нь гэрийн хаяг нь Архангай аймагт оршин суудаг атлаа яагаад Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг гэж худал бичсэн юм. Иймд нотлох чадвараа алдаж байна. Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжилгээний акт, протокол №248-д З.Г-ын 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлгийг үг, үсэг, цэг таслалгүй бүгдийг хуулан тавьсан байдаг. Энийг анхаарч хараасай гэж хүсэж байна. Амь хохирогчид задлан шинжилгээ хийсэн актад амь хохирогчийн ходоодонд бор зүйлийн шингэн байна гэсэн байдаг. Уг дүгнэлтэд  хоол идсэнээс хойш 2 цаг өнгөрсөн гэж бичсэн байсан ба хохирогч хаана хоол идсэн юм. Үүнийг тогтоогоогүй. Бын гэрээс гарснаас хойш хохирогч 4 цагийн хугацаанд хаагуур хэнтэй явсан юм. Хаана хоол идсэн юм, шалгаагүй. Улсын Дээд шүүхийн тогтоолын заалтыг биелүүлээгүй, цогцос гадуур хувцас, гуталгүй олдсон байдаг. Уг хувцсыг дээрэмдэж авах зорилгоор хохирогчид хэн нэгэн халдсан уу эсхүл хулгайлагдсан уу гэдгийг нь тогтоо гэсэн, тогтоосон зүйл байхгүй. Улмаар уг хэргийг тусгаарласан нь буруу юм. Гэрч  Б.Оын мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож байгаа. Тэр хүн шөнийн 01 цагийн орчимд Г алнаа гэж сонссон гэдэг. Тэгтэл яллах дүгнэлтийн хугацаа нь 23 цаг гэсэн байгаа. Монгол улсад хэдэн Г гэдэг нэртэй хүн байдаг билээ, тэр өдөр цэргийн баярын өдөр хөл хөдөлгөөн ихтэй байсан гэдэг. Тэр Г гэдэг хүнийг чухам яаж З.Г мөн гэж үзээд байгаа юм бэ. Улмаар Б.О гэдэг хүн чинь унтаж байсан, нойрон дундаа сонссон гэдэг, иймээс мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Хэрэг гарсны дараагаар Б.О гэх айл нүүгээд явсан, ахиж мэдүүлэг авч чадаагүй. Туршилт хийсэн байдаг. Уг туршилтаар Б.Оын гэрийн буйран дээр байхад хэргийн газраас дуу чимээг сонсох боломжтой байсан эсэх талаар тогтоохоор. Гэтэл хүн, хүний сонсох чадвар мэдрэмж өөр шүү дээ. Сулхан дуугарсан уу, чанга дуугарсан уу гэдгийг мэдэх боломжгүй. Г-ыг ажлын газрынхан болон талийгаачийн ээж нь хүртэл Тулгаа гэж дууддаг байсан гэж мэдүүлцгээсэн байдаг. Тэгэхээр Г-ыг Г гэж дууддаггүй гэсэн үг. Мөн Г-ыг хохирогчтой маргалдаж зодолдоод алсан гэж байгаа бол Гд ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байдаггүй шүү дээ. Хэргийн газарт болон хохирогчийн бие дээр гутлын мөр илэрсэн, хоорондоо ижил. Уг мөр нь Г-ын тухайн өдөр өмсөж явсан гутлын мөртэй таардаггүй. Энэ хүн чинь агаараар яваагүй байлтай. Б, Э нарын мэдүүлгээс харахад хэрэг гараад 15 жил өнгөрсөн асуудлыг өчигдөр болсон мэтээр маш тод ярьсан нь эргэлзээтэй юм. Энэ 2 хүн тэнд байгаагүй ч юм билүү мэдэх боломжгүй. Иймээс хэрэгт авагдсан баримтуудаар З.Г нь хэргийн газарт байсан нь нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүхээс  талуудын шинжлэн судалсан баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгдэгч З.Г нь онц харгис хэрцгий аргаар  амь хохирогч Б.Быг алсан нь нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж үзсэн. Учир шалтгаан нь:

1. Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд хохирогч, шүүгдэгч нарын явсан маршрут зэрэг мөрдөн шалгах ажиллагааны талаар:

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр цогцос нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... үерийн сувгаас буюу хэргийн газраас олдохдоо цээж хэсгээрээ цагаан өнгийн ноосон цамц өмсгөөтэй, цамц нь дээшээ сөхөгдсөн, биеийн доод хэсгээрээ саарал өнгийн ноосон өмдтэй, хөлдөө  хар саарал өнгийн оймстой байсан ба гадуурх хувцас, гутал зэрэг нь алдагдсан, ойр орчимд нь байхгүй, цогцосны нүүр толгой хэсэг нэлэнхүйдээ цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон байдалтай олдсон байна. Уг цогцос нь талийгаач Б.Б гэгчийнх мөн болох нь тогтоогдсон ба тэрээр гавал тархины гэмтэл, зулай, дух, чамархай, дагзны ясны цөмөрсөн салаалсан хугарал, зүүн хацрын яс цөмөрсөн хугарал, суурь ясны салаалсан хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хамар хоншоор ясны цөмөрсөн хугарал зэрэг хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. /шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт- 416 /1хх-ийн 117-119х/,

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, амь хохирогч Б.Б, шүүгдэгч З.Г нь ... ХХК-нд хамт ажилладаг, гэрүүд нь өөд өөдөөсөө харсан байрлалтай, тэдгээр нь хоорондоо найзалдаг байсан байх бөгөөд 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баярын өдөр гэдэг утгаараа хамт ажилладаг мастер Н нь эрчүүдийгээ баярлуулж байна хэмээн 5000 төгрөг, 1 шил Кент нэршилтэй архийг өгснийг шүүгдэгч З.Г, амь хохирогч Б.Б, гэрч О.Э, Б, Б нар нь гэрч Ж.Бынд очиж уухаар хамтдаа 14 цаг 30 минутын үед явцгааж улмаар Ж.Бын гэрт 15 цаг өнгөрч байхад очицгоон авчирсан архи, гаргаж өгсөн архиа хувааж ууцгаасан байна. 17 цагийн орчимд архи нь дууссан тул амь хохирогч Б.Б, гэрч Ж.Б нар архи авч ирэхээр дэлгүүр лүү явсан хойгуур шүүгдэгч З.Г нь эгчийнхээ хүүхдийг цэцэрлэгээс авахаар Ж.Бынхоос гарч явсан, тухайн үед амь хохирогч Б.Б, шүүгдэгч З.Г нар хоорондоо таараагүй, зөрсөн. Амь хохирогч Б.Б нь архинд явж ирсний дараагаар мөн удалгүй гарч явсан, хохирогч, шүүгдэгч нар нь буцаж эргэж ирээгүй талаар гэрч Ж.Б, О.Э нарын мэдүүлэгт дурдагджээ. /1хх-ийн 61-62х, 63х, 97-98х, 2хх-ийн 104х/,

Тус айлаас амь хохирогч, шүүгдэгч нар нь цуварч гарснаас хойш хоорондоо уулзсан, хамт байсан эсэхийг нотолж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл,

амь хохирогч нь гэрч Ж.Бын гэрээс гарч явснаас хойш хаагуур, юу хийж явсан нь тодорхойгүй хэдий ч шүүгдэгч З.Г-ын хувьд хаагуур явсан нь тодорхой дурдагдсан, тэрбээр гэрч Ж.Бын гэрээс гарч 10 дугаар хороололд байрлах эгч З.Гийн ажил дээр нь очиж хүүхдийг нь аван Саппоро дээр ирсэн, гэрч Г.Гт-тай үүрэн телефоноор холбогдон ярьж, Гт, Ч.Б нартай 20 цагийн орчимд уулзацгаасан, хамтдаа эгчийнхээ хүүхдийг хүргэж өгөхөөр гэр лүү явах замд амь хохирогч нь Гт руу холбогдон уулзахаар тохиролцсон ч ирээгүй, 20.30-с 21 цагийн орчимд гэрч Г.Гт, Ч.Б нар нь шүүгдэгч З.Гас салж гэр лүүгээ явсан, З.Г нь эгч З.Гээсээ 3000 төгрөг аван Саппорогоос 3 дугаар хорооллоос түлээ нүүрс авахаар явж, 22.30 цагийн орчимд түлээ нүүрсээ авчирч тавин буцаж гараад 23 цагийн орчимд орж ирж унтсан талаар гэрч З.Г, Ч.Б, Г.Гт нарын мэдүүлэгт дурдагдсан, гэрч нарын мэдүүлгүүдэд өөрсдийнх нь шүүгдэгчтэй хамт байсан гэх цаг хугацаанд юу болсон талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй байна. /1хх-ийн 71х, 73х, 2хх-ийн 6х, 3хх-ийн 207-208х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Тэгэхээр энэ хугацаанд амь хохирогч Б.Б, шүүгдэгч З.Г нар нь уулзалдаагүй байна гэж үзэхээр байна.

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг шөнийн 23 цагийн үед гэж бичсэн атал тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Оын мэдүүлэгт “...бид нар 22 цаг өнгөрч байхад унтсан, баримжаагаар 01 цагийн орчимд Г алнаа гэх дуу чимээг сонссон” гэх мэдүүлгийг өгсөн /1хх-ийн 56-58х/ байх тул чухам аль цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн болох, уг хугацаануудыг хооронд нь хэрхэн холбож тайлбарлаад байгаа нь тодорхойгүй, дээр дүгнэсэн нотлох баримтад шүүгдэгч З.Г нь 23 цагийн үед гэртээ орж амарсан нь дурдагдсан байх тул энэ хугацаанд болон амарснаас хойших хугацаанд болсон гэх асуудал нь шүүгдэгч З.Гд хамааралгүй байна.

Үүнээс гадна 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд амь хохирогчийг нас бараад 72 цаг болсон гэж байгаа ч хэдэн цаг, минутад үзлэг эхэлж, дууссаныг тодорхой тэмдэглээгүйгээс хохирогчийн амь нас хэдийд хохирсныг баримжаалах боломжгүй болгосон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр яллах талын нотлох баримтаар гэрч Б.Б, Г.Ө нарын мэдүүлгийг шинжлэн судалсан боловч “Хөх Чоно” баарны бармен /үйлчлэгч/ Б.Б гэрчээр мэдүүлэхдээ “...2005 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд 2 залуу орж ирээд үүдний ширээнд суусан гэж, /1хх-ийн 102-103х/, гэрч Г.Ө “2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайх хүн ихтэй байсан, 22-23 цагийн үед л байх, гаднаас 2 залуу орж ирсэн хэмээн цаг хугацааг зөрүүтэй байдлаар мэдүүлснээс гадна аль алины мэдүүлэгт “урьд өмнө тэдгээр хүмүүс үйлчлүүлж байгаагүй, харж байгаагүй залуус байна, С байцаагчийн дагуулж ирсэн залуу нэг залуу /З.Г/ нь мөн байна, нөгөө залуугийн дүр төрхийг нь сайн санахгүй байна” мэтээр мэдүүлсэн.

Гэтэл 2005 оны 03 дугаар сарын 12, 15-ны өдрүүдэд тус баараар гэрч Ч.Б, Г.Гт, амь хохирогч Б.Б, З.Г нар нь хамтдаа болон тус тусдаа үйлчлүүлж байсан, тэнд танилцсан, хамт байцгаасан талаар гэрч Г.Гт, Ч.Б, шүүгдэгч З.Г нарын мэдүүлэгт дурдагдсан байна. /1хх-ийн 72х, 73х, 163-164х, 3хх-ийн 204х/

Дээрх гэрч нарын мэдүүлгийг харьцуулан үзвэл, гэрч Б.Б, Г.Ө нар нь баараар үйлчлүүлсэн гэх 2 залуугийн орж ирсэн цаг хугацааг өөр хоорондоо зөрүүтэйгээр мэдүүлснээс гадна мөрдөн байцаагч Д.Сгийн дагуулж явсан З.Г-ыг хараад 18-ны өдөр үйлчлүүлсэн залуу мөн гэж мэдүүлсэн атлаа хамт байсан гэх залуугийн зүс царайг тодорхой илэрхийлж чадаагүй, түүнчлэн амь хохирогч, шүүгдэгч нар урьд нь 2 удаа тус баараар үйлчлүүлж байсан талаар шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгт дурдсан атал  өмнө үйлчлүүлж байгаагүй, хараагүй хүмүүс гэх мэтээр мэдүүлсэн нь эргэлзээ бүхий байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэгт дурдсан цаг хугацаанд буюу 2005 оны 03 дугаар сарын 18-ны орой 21 цагаас 23 цагийн хооронд З.Г нь өөр газар, өөр хүмүүстэй хамт байсан нь гэрч Г.Гт, Ч.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн удаа дараагийн мэдүүлэг болон З.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, шүүгдэгч З.Г-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул гэрч Г.Гт, Г.Ө нарын мэдүүлэг үгүйсгэгдэж няцаагдсан гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр гэрч Б.Б, Г.Ө Нр 2005 оны 03 дугаар сарын 18-ны орой үйлчлүүлсэн гэх 2 залууг хуульд заасан шалгуур, үндэслэлээр таньж олуулаагүй атлаа тэдгээрийг гэрчээр байцаахдаа зөвхөн шүүгдэгч З.Г-ыг харуулсны дараагаар “танайхаар үйлчлүүлсэн залуу мөн үү” хэмээн хөтөлж байцаалтаа авсан нөхцөл байдал нь хууль зөрчсөн шинжтэй байх тул тэдгээрийн мэдүүлэг мөн нотлох чадвараа алдсан байна.

2. Хэргийн газраас олдсон ул мөр, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлс дээр илэрсэн шинж тэмдгүүд нь шүүгдэгч З.Г-ынхтай тохироогүй. Тодруулбал,

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд, цогцосны хэвлийн зүүн хэсэгт арзгар хээтэй гутлын өлмийний  мөр гарсан, уг мөр ойр орчимд нь мөн гарсан байдалтай, уг газраас бохирлогдсон тоосгоны тал, бохирлогдсон чулуу, 4 ширхэг тамхины иш, панда алчуур, хүрэн бор өнгийн пүүз  1 хос, амь хохирогч, шүүгдэгч З.Г-ын хувцас, хумс, үс, эд зүйлийг хураан авч, шинжилгээний байгууллагад шинжлүүлэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон.

-2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1361,62 дугаартай дүгнэлтэд “...сэжигтэн З.Г-ын цагаан алаг пүүз, хар саарал свитер цамц, саарал ноосон майк, юүдэнтэй хар хүрэм цэнхэр жинсэн өмд ...зэргээс цус илрээгүй, гарын хумсны хэсэгт цус болон бичил мөр илрээгүй. /1хх-ийн 138х/,

2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  1224 тоот дүгнэлтэд “... шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр гутлын мөр бэхжүүлсэн  /хавсралт/ гэрэл зураг ирүүлсэн байх бөгөөд шороо болон цасан дээрх мөрүүдийг хооронд нь болон цогцосны хэвлий тус газар үүссэн гутлын мөрүүдтэй харьцуулан үзэхэд  хэвлийн хэсэгт үлдсэн мөр нь цасан дээрээс фото зургаар бэхжүүлсэн мөрний өсгийний дундах босоо шугам түүний хоорондын зай нь ойролцоо байх тул  цогцосны хэвлий хэсэгт үүссэн мөр, цасан дээрх мөрүүд нь нэг мөр байж болно гэсэн  дүгнэлтэд хүрч байна. Цасан дээрх болон цогцосны  хэвлийд үүссэн гутлын мөр  үүссэн байдлыг  харахад пүүз хэлбэрийн ултай гутал байж болохийм. Шинжилгээнд ирүүлсэн  шороон гадаргуу дээрээс бэхжүүлсэн гутлын мөрний урт 28см байна, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хүрэн бор өнгийн гутлын улны урт  нь 28,5см байв. Хүрэн бор өнгийн гутлын өмсгөл нь 41 байна. Дүгнэлт: цогцосны хэвлий хэсэгт үүссэн гутлын мөрөөр уг гутлын өмсгөлийг тодорхойлох боломжгүй. Цогцосны хэвлий тус газар үүссэн гутлын мөр нь пүүз хэлбэрийн ул байж болно. Хар бор гутлын өмсгөл нь 41 байна. /1хх-149х/

-2005 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх биологийн акт 523: “...хар цоохор өнгийн алчуурт цус илэрсэн байна. Урвал явагдахгүй байсан тул бүлэг тогтоох боломжгүй. /1хх-ийн 127х/,

-2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1220,21 дугаартай дүгнэлт: “...чулуу, тоосго, савтай толбонд цус илэрсэн. Энэ нь В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Хохирогчийн хумсан дээр цус илэрсэн, бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. /1х-хийн 130х/,

-2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1336 дугаартай “... хохирогчийн хувцаснууд дээр цус илэрсэн, бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /1хх-ийн 132х/,

-шүүх биологийн ДНХ-ийн шинжилгээний акт-569: “...талийгаачийн гарт атгаастай байсан 2 ширхэг үс THO1 локусаар 7-9 гэсэн генетек тогтоцтой байгаа нь холбогдогч гэх Г-ын THO1 локусын 7-10 гэсэн генетик тогтоцтой таарахгүй учир талийгаачийн гарт атгаастай байсан 2 ширхэг үс Г-ын үс биш байна. Харин талийгаачийн гарт атгаастай байсан 2 ширхэг үс нь THO1 локусаар 7-9 гэсэн генетик тогтоцтой байгаа нь талийгаачийн өөрийн үс байх боломжтой. /1хх-ийн 140х/,

2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1222 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн тамхины татагдсан ишнүүд нь ... “THIS” гэсэн бичигтэй тамхины татагдсан тамхины ишнүүд байна, Уг ишин дээрээс шүдний зуулт, ором байгаа эсэхийг тогтоох зорилгоор микроскоп ашиглан шинжилж үзэхэд ямар нэгэн шүдний зуулт ором илрээгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 144-145х/,

-2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1223 дугаартай дүгнэлтэд “... хэргийн газраас бэхжүүлсэн гэх тамхины ишинд шүлс илрээгүй” /1хх-ийн 146х/,

З.Г-ын толгойн өмсгөлийн хэмжээг тогтоосон тухай: “...см-ын хуваарьтай шугамаар Г-ын толгойн тойргийг эгцээр нь хэмжиж үзэхэд 56.3 см, духнаас дагзны ар тал руу оруулж хазгай маягаар хэмжиж үзэхэд 57.5 см хэмжээтэй байв...” гэх тэмдэглэл /1хх-ийн 33-34х/,

Шинжээчийн 1552 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хар цоохор өнгийн алчуурын тойргийн хэмжээ 56 см байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 152-153х/ авагджээ.

Дээрх дүгнэлтүүдээр З.Г-ыг тухайн хэргийн газар байсныг илтгэх ямар нэгэн ул мөр илрээгүй, илэрсэн гэх цус нь бүлгийн харьяаллаар хохирогчийн цусны бүлэг, үсний бүтэцтэй тохирч байгаа, З.Г-ын биеэс бичил биет илрээгүй зэргээр З.Г нь тус хэрэгт холбогдолгүй гэснийг нотолсон бас нэг баримт болж байна.

Хэдийгээр улсын яллагч нь З.Г-ын толгойн тойргийн хэмжээг тогтоосон тэмдэглэл, шинжээчийн 1552 дугаартай дүгнэлт зэргийг шинжлэн судалж, хоорондоо тохирч байгаа гэх боловч тус шинжээчийн дүгнэлтэд панда алчуурын тойргийн хэмжээ 56 см байхад З.Г-ын толгойн тойргийн хэмжээ нь 56.3 см гэж тэмдэглэсэн зэргээс үзвэл, уг хэмжээг ойролцоо, ижилхэн байна гэж шууд дүгнэх боломжгүй, эсрэгээрээ З.Г-ын толгойн тойргийн хэмжээ 0,3см-р илүү байгаа нь багтаж орох эсэх нь эргэлзээтэй юм. Иймээс уг пандаг 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр З.Гд байсан, түүнийг өмссөн гэж үзэх боломжгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, З.Гтай хамт ажилладаг гэх гэрч Ж.Б, О.Э, Э.Э нарын мэдүүлэг, /амь хохирогчийн дүү/ гэрч Б.Бы мэдүүлэгт З.Г нь улаан болон хар цоохор өнгийн панда алчуурыг ажил дээрээ зүүдэг, амь хохирогч нь бараг зүүдэггүй байсан талаар мэдүүлсэн, таньж олуулах ажиллагаагаар гэрч Ж.Б, Б.Б нар нь хэргийн газраас олдсон гэх хар цоохор өнгийн панда алчуурыг ижил төстэй алчууруудаас ялган таньж, улмаар З.Г өмнө зүүж байхыг харсан гэдэг боловч тухайн хэрэг учрал болсон гэх өдөр амь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь панда алчуур зүүгээгүй байсан талаар гэрч Ж.Б, О.Э, Г.Гт, Ч.Б нар нь мэдүүлцгээсэн, мөн шүүгдэгч З.Г нь хамгийн сүүлд 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр уг алчуурыг зүүчхээд буцаагаад амь хохирогч Б.Бд өгсөн гэж мэдүүлсэн байна. Иймээс хэргийн газраас олдсон гэх хар цоохор панда алчуурыг шүүгдэгч З.Гд байсан гэж таамаглалд үндэслэж буруутгах боломжгүй байна.

3. Амь хохирогчийн хувцаснууд алдагдсан асуудал болон З.Г-ын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг шалгах ажиллагааны тэмдэглэл, эрүүдэн шүүсэн гэх асуудал:

2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр амь хохирогч Б.Б нь дээгүүрээ хар өнгийн цээжний урд хэсгээр цагаан өнгийн бага зэрэг оруулга оруулсан юм уу гэмээр цагаан канттай лидеринэн куртиктай, дотуураа шар өнгийн футболк, цагаан өнгийн хоолойтой ноосон цамцтай, гадуур нь бор өнгийн савхин жилетиктэй, доогуураа хар өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, бор өнгийн дотортой үдээстэй өвлийн гутал өмссөн байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.С мэдүүлсэн /1хх-ийн 38-40х/, гадуур өмссөн хувцасны тухайд гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Б, О.Э, шүүгдэгч З.Г нарын мэдүүлэгт мөн адил дурдагдсан байна.

Гэтэл 2005 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газраас амь хохирогч Б.Б нь дээд хэсгээрээ цагаан өнгийн ноосон цамцтай, доод хэсгээрээ саарал өнгийн ноосон өмдтэй, хөлдөө хар саарал өнгийн оймстой олдсон, бусад хувцас нь хэрхсэн нь тодорхойгүй алдагдсан байдалтай олджээ. Уг цогцосны хэвтэж буй газраас чанх хойш 40 м зайд автомашины засмал зам байх ба уг замаас хойш 5 м зайд хүрэн өнгийн пүүзэн гутал хосоороо олдсон боловч уг гутлыг амь хохирогчийн өмсөж явсан гутал биш болох нь хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдсон болно.

Амь хохирогчийн хувцас хэдийд ямар байдлаар алдагдсан нь тодорхойгүй, хэн авсныг тогтоож чадаагүй, хохирогчийн хувцас алдагдсан асуудалтай шүүгдэгч З.Г-ыг холбогдуулан шалгасан ч ямар нэгэн сэжүүр, сэжигтэй ул мөр илрүүлээгүй тул хохирогчийн эд зүйл алдагдсан асуудал нь шүүгдэгч З.Г-ын үйлдэлтэй холбоогүй гэж үзнэ. 

Шүүгдэгч З.Г-ыг “хүнийг алсан” хэрэгт холбогдон  шалгахдаа түүнээс сэжигтнээр 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1 удаа, 23-ны өдөр 2 удаа байцаалт авсан байна. /1хх-ийн 163-164х, 165-166х, 167-168х/

З.Г 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ямар нэгэн хэрэг үйлдсэн мэтээр мэдүүлээгүй боловч 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2 удаа мэдүүлэг өгөхдөө “амь хохирогч Б.Бы амь насыг хохироосон буюу алсан” мэтээр мэдүүлэг өгсөн байна.

2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23:00 минутаас эхлэн хууль бусаар З.Г-ын төрсөн эгч З.Гийг 72 цагийн хугацаагаар саатуулсан болох нь гэрч З.Г, Л.О нарын мэдүүлэг болон шүүгдэгч З.Г-ын мэдүүлэг /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн/ зэрэгт дурдагдсанаас гадна З.Гийг саатуулсан тухай баримт тус хэрэгт авагдсан ажээ. /2хх-ийн 62х/

Гэрч З.Г нь тухайн үед хөхүүл хүүхэдтэй эх байсан болох нь түүний мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд З.Г-ыг хэрэг хүлээлгэх зорилгоор хууль бус арга хэрэглэн саатуулж, эрүүдэн шүүж, улмаар З.Г-ыг аваачин эгчийг нь харуулсны дараагаар байцаалт авсан нь хууль зөрчсөн шинжтэй, З.Г-ын 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Гэтэл мөрдөн байцаагч Д.С нь 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдөр З.Гд хууль бус арга хэрэглэж авсан сэжигтний мэдүүлгийг шалгах зорилгоор 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан” тэмдэглэл хийж, гэрэл зургаар бэхжүүлсэн /1хх-ийн 24-25х/ нь хоорондоо цаг хугацааны хувьд болон хэрэглэсэн арга хэрэгслийн хувьд ч зөрчилтэй болсон тул уг ажиллагаа мөн нотлох чадвараа алдсан гэж дүгнэхээр байна. Иймээс уг ажиллагаанд оролцсон гэх хөндлөнгийн гэрч нар болох З.Б, Л.Э нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

Мөн үүнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 248 дугаартай акт протокол /1хх-ийн 156х/-д З.Г-ыг өөрийг нь яриулалгүй зөвхөн 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хэрэг хүлээсэн мэтээр мэдүүлсэн мэдүүлгийг “үг үсэг, цэг таслалгүй хуулан тавьсан” гэх санал дүгнэлт нь үндэслэлтэй, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч З.Г нь хэргийн газарт байгаагүй, амь хохирогч Б.Бы амь насыг хохироосон гэх асуудал нь дээрх байдлаар үгүйсгэгдэж, няцаагдсан, тус хэрэгт хууль ёсны дагуу цугларч, бэхжигдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч З.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч З.Гд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Г-ыг холбогдуулан 20537361 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаах нь үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдав.

Шүүгдэгч З.Г нь нийт 774 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г нь өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэйг тусгав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шуудай, чулуу, тоосго, 1 хос пүүз, хар цоохор өнгийн алчуур зэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                     

         ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Гд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Олохнууд овогт Загдраднаагийн Г-ыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Г-ыг холбогдуулан 20537361 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

3. Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт 774 /долоон зуун далан дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, шуудай, чулуу, тоосго, 1 хос пүүз, хар цоохор өнгийн алчуур зэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

6. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч З.Г-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц З.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэйг тусгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд З.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ                                          Г.АЛТАНЦЭЦЭГ

      ШҮҮГЧИД                                       Г.ГАНБААТАР

                                                    Б.БАТАА