| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0583/Э |
| Дугаар | 0638 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 0638
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /томилолтоор/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар сарын 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Б.От холбогдох 2003002500159 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Я овогт Б.О /РД:..../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр “...” хотхоны зүүн замд Ч.Тын эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 21 настай Е.Жын эрүүл мэндэд хүндэвтэр, 17 настай Э.Згийн эрүүл мэндэд хүнд хохирол, 19 настай М.Мгийн амь нас хохирсон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мэдүүлгээ өгсөн байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хүүхдээ алдчихаад хэцүү л байна. Оршуулгын зардлаа авсан. Энэ хэргээс болоод манай нөхрийн бие хямарч, өвдсөн байгаа. Цаашид уг асуудалтай холбоотой зардал гарвал нэхэмжилнэ” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-5х, 7-8х, 9-14х/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 15х/, гэрч Д.Өын мэдүүлэг /1хх-ийн 122х/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 713 дугаартай дүгнэлт /1хх-ийн 129-141х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өын мэдүүлэг /1хх-ийн 28-29х, 2хх-ийн 23-24х/,цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 713 тоот /1хх-ийн 129-141х/, насанд хүрээгүй хохирогч Э.Згийн мэдүүлэг /1хх-ийн 69-70х, 2хх-ийн 25-26х/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3722 дугаартай дүгнэлт /1хх-ийн 145-146х/, хохирогч Е.Жын мэдүүлэг /1хх-ийн 74-75х, 2хх-ийн 27-28х/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3730 дугаартай дүгнэлт /1хх-ийн 150-151х/, хохирогч У.Аийн мэдүүлэг /1хх-ийн 80-81х/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3732 дугаартай дүгнэлт /1хх-ийн 156-157х/, цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний гэмтлийн 006/20 дугаартай акт, гэмтэлд нөхөн төлбөр тооцсон 06 дугаартай акт /1хх-ийн 92-93х/, иргэний нэхэмжлэгч М.Мын мэдүүлэг /1хх-ийн 88-89х, 2хх-ийн 31-32х/, Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх-ийн 98-99х/, иргэний нэхэмжлэгч Г.Оийн мэдүүлэг /2хх-ийн 29-30х/, гэрч Э.Агийн мэдүүлэг /1хх-ийн 120х/, иргэний хариуцагч Б.Тын мэдүүлэг /1хх-ийн 114-115х/, иргэний нэхэмжлэгч Б.Оийн мэдүүлэг /2хх-ийн 20-22х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 41-42х/, шүүгдэгч Б.Оын жолоочийн лавлагааны хуудас /1хх-ийн 217х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /1хх-ийн 219х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 220х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 222х/, оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-ийн 224х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 226х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 227х/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 14 ширхэг баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.
I.Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.О нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...үйлчлүүлэгч Б.Оын хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байна. Бидний хувьд гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Б.Оийн үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж баримт үйлдсэн байгаа” гэсэн саналыг гаргаж оролцов.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр “...” хотхоны зүүн замд “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 22 настай У.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 21 настай Е.Жын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 17 настай Э.Згийн эрүүл мэндэд хүнд хохирол, 19 настай М.Мгийн амь насыг хохироож, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг гэмтээсэн хэргийн үйл баримт нь:
2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5х, 7-8х, 9-14х/,
Гэрч Д.Өын: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... хотхоны зүүн талд байрлах тос тосолын цэгт худалдагчийн ажил хийдэг юм. 2020 оны 03 дугаар сарын 16-ны оройн 20 цаг 40 минутын орчим намайг уг тосол зардаг ТҮЦ-нд ганцаараа сууж байхад машины аягүй их чимээ гарсан. Тэгэхээр нь би ТҮЦ-нээсээ гараад зам руу хартал нэг машин замаас гараад хажуугийн гэрлийн шонг мөргөсөн зогсож байсан. Би уг машин дээр очоод хартал уг машин дотор олон хүмүүс орилсон байдалтай байхаар нь шууд өөрийнхөө ... дугаарын утсаар 102 болон 103-т дуудлага өгсөн. Уг машин нь шон мөргөсөн байсан ба шон нь гэрлийн утас дамнаад урд талын хашаан дээр унаад уг хашааг нь нураасан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 122х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өын: “...2020 оны 03 дугаар сарын 16-ны орой миний охин М нь гэртээ надтай хамт байж байхад найз А нь гар утсаар нь дуудахад манай охин “ээжээ би гарчхаад ороод ирье” гэж хэлээд гараад явсан. Гэтэл оройны 21 цагийн орчим гэмтлийн эмнэлгээс хамт явсан гэх нэг охин над руу яриад “таны охин М осолд орсон гэмтлийн эмнэлэг дээр муу байна яаралтай ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би шууд гэмтлийн эмнэлэг дээр очиход миний охин М нас барсан байсан. Бид нарын хувьд охиноо алдсандаа гомдолтой байна... ...Би буяны ажлын зардлын 5.455.630 төгрөгийн баримтыг өгсөн байгаа. Үүнийг жолооч О нь төлсөн. Гэхдээ энэ хэргээс болж манай нөхөр сэтгэл санаа нь хямарч өвдсөн. Цаашид уг асуудалтайгаар холбоотой хохирол нэхэмжлэх шаардлагатай бол нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29х, 2хх-ийн 23-24х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 713 дугаартай: “Талийгаач М.Мгийн цогцост зүүн чамархай ясны хайрст хэсгээс доош зүүн чихний сувгаар дайран чулуулгийн урдуур хөндлөн явж турк эмээл хүрсэн, баруун чамархай хайрст хэсгээс баруун суурийн дунд хонхорын төв хэсгээр хөндлөн явж турк эмээл хүрч өмнөх хугаралтай нийлсэн суурийн хөндлөн хугарал, баруун, зүүн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн ховил дагасан тархмал, бага тархины баруун, зүүн тал, бөмбөлгийн дээд болон ар гадаргуун голомтлог аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт, улаан хоолойн уг бэхлэгдэх хэсгийн цус хуралт, баруун зүүн уушигны эдийн няцрал, дэлбэн завсрын цус хуралт. Зүүн бөөрний язарсан шарх, баруун бөөрний капсул доорх цус харвалт. Дэлүүний язрал, угийн цус тархмал цус хуралт, зүүн чихний урд гадаргуун язарсан шарх, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх бүх гэмтлүүд нь зам тээврийн осолд орох агшинд буюу талийгаачийг нас барахаас өмнө, амьд үед үүссэн шинж тэмдэгтэй байна. Уг гэмтлүүд нь зам тээврийн осолд орох агшинд босоо байрлалд мөргөгдөх, савагдах, шидэгдэх үед үүссэн байх боломжтой. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1хх-ийн 129-141х/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Згийн: “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн үед намайг гэртээ байхад манай найз О өөрийнхөө саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн машинтай талийгаач М, А нарын хамт ирсэн, Жыг авах үед Ж нэг эмэгтэйн хамт байсан. Тэгээд Аг Ханын материалын тэнд гэрийнх нь гадаа буулгаад Жын найз эмэгтэйг гэрт нь хүргэж өгөх гээд хөдөлсөн, тэр хооронд Ж бид 2 гар утсаараа тоглоод явж байсан, нэг мэдэхэд сууж явсан машин осолдоод би манаралтын байдалтай болсон. Тухайн үед осолдсоны дараа миний хөл сандалд хавчуулагдсан онцгой байдлын хүмүүс ирж намайг гаргасан, надаас өмнө О, талийгаач М, Ж болон түүний найз эмэгтэй нарыг машинаас гаргасан байсан. Намайг хамгийн сүүлд машинаас гаргаад эмнэлэг рүү авч явсан. Талийгаач жолоочийн хажуугийн суудал дээр, О машинаа бариад би зүүн талын хойд суудал дээр, Ж хойд талын дунд суудал дээр, баруун хойд талын суудал дээр Жын найз эмэгтэй сууж явцгаасан. Би тэр үед утсаараа тоглоод явж байсан осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна, О надад хэлэхдээ “гэрэл гялбаад осол гарчихлаа” гэж байсан. Дэлүүгээ авахуулах хагалгаа хийлгэсэн, хийлгэсэн газартаа жаахан зовиуртай байгаа хавчуулагдсан хөлний эрхий хуруу ерөнхийдөө мэдээ алдаад байгаа. Хагалгаанд орсон зардал болох 360.000 төгрөгийг О төлсөн байгаа, би өөрөөсөө 300 орчим мянган төгрөгийн зардлыг гаргасан байгаа... ...Би өнөөдөр 18 насанд хүрч байгаа. ...Надад гомдол санал байхгүй. Би баримтаар 81.450 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-70х, 2хх-ийн 25-26х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3722 дугаартай: "Э.Згийн биед дэлүүний задрал (тайрч авах мэс ажилбар) хэвлийн хөндий дэх цус хуралт (1000 мл), дух, зүүн нүдний зовхи, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 145-146х/,
Хохирогч Е.Жын: “...О, А, талийгаач М, З нарын хамт манайд ирсэн. Тэгээд А бид хоёрыг суулгаад хөдөлсөн, Хилчин хотхоны урд Аг гэрийнх нь гадаа, Хилчин хотхоны ойролцоо нэг гудамжинд буулгаад, Аийг Баянхошууны тойрог дээр буулгах гээд хөдөлсөн. Тухайн үед О жолоогоо бариад талийгаач М урд, би хойд талын голын суудал дээр, миний баруун талд А, миний зүүн талд З нар суусан байсан. Тэгээд З бид 2 гар утсаараа тоглоод явж байсан гэтэл гэнэт машин юм мөргөөд осол гарсан. Тэгээд би машин дотор байж байтал А намайг машинаас гаргатал замын хажуугийн гэрлийн шон, айлын блокон хашааг мөргөсөн байсан. З хойд суудал дээрээ хөл нь хавчуулагдсан гарч чадахгүй байсан. Урд жолоочийн суудал дээр байсан Оыг А бид 2 татаж гаргасан, харин хажууд нь байсан талийгаач М ухаан алдсан гэхдээ амьсгалсан байдалтай сонин дуугараад байсан. ...Баримтаар 35.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 74-75х, 2хх-ийн 27-28х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3730 дугаартай: “Е.Жын биед баруун тахилзуур ясны дунд 1/3-ийн зөрөөгүй далд хугарал, зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 150-151х/,
Хохирогч У.Аийн: “...О өөрийнхөө машиныг бариад хажууд нь талийгаач эмэгтэй суугаад буцаад Ж бид хоёрыг хүргэж өгөх гээд хөдөлсөн. Тэгээд замдаа буюу Хилчин хотхон өнгөрөөд явж байгаад гэнэт шон мөргөсөн. Осол гарсны дараа би өөрөө машинаас буугаад найз Жыг татаад машинаас гаргасан, дараа нь Ж бид хоёр жолооч залууг машинаас татаж гаргасан, тэр үед урд айлын хүн гарч ирээд түргэн болон цагдаад дуудлага өгөөд байсан. Хилчин хотхон өнгөрөөд явж байгаад л гэнэт машин дайвалзаад л шууд шон мөргөсөн. Нүдний хавдар буугаагүй байгаа, хавдар нь буухаар тархиа бариулна. Надад санал гомдол байхгүй, гэхдээ өөрөөсөө гаргасан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 80-81х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3732 дугаартай: “У.Аийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 156-157х/,
Иргэний нэхэмжлэгч М.Мын: “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчим манай эзэмшилд байдаг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутагт байрлах “ХПТ-1042” дэд станцын хойд гаргадгын тулгуур төмөр бетон тулгуурыг “Тоёота Приус-20” маркийн ... дугаартай машин мөргөж хугалсан байсан. Уг гэрлийн шонг тэр орой нь манай байгууллагын ажилтнууд янзалсан, учир нь яаралтай янзлахгүй бол тухайн орчмын айл өрхүүд тоггүй болсон байсан. Уг гэрлийн шонгийн засварын нийт өртөг нь 798.120 төгрөг болсон байгаа. Үнэлгээгээр гарсан 798.120 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89х, 2хх-ийн 31-32х/,
Цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний гэмтлийн 006/20 дугаартай акт, гэмтэлд нөхөн төлбөр тооцсон 06 дугаартай акт /1хх-ийн 92-93х/,
Иргэний нэхэмжлэгч Г.Оийн: “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 40 минутын орчим намайг гэртээ байж байхад манай хашааны ардуур машины тоормослох чимээ гарсан, гэтэл хүчтэй чимээ гараад манай хашааны ард байсан гэрлийн шон манай хашаан дээр унасан байсан. Тэгээд би гараад хартал уг гэрлийн шонг нэг машин мөргөөд цөмрөөд ороод ирсэн байсан. Тэгээд уг хашааг би өөрөөсөө мөнгө гаргаад засуулсан. ...Үнэлгээгээр гарсан 531.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99х, 2хх-ийн 29-30х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “Блокон хашаа нийт үнэлгээ 531.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 103-110х/,
Иргэний нэхэмжлэгч Б.Оийн: “Би хувиараа засварын газар ажиллуулдаг юм. Уг Тоёота Приус маркийн ... улсын дугаартай машиныг би танил машин зардаг Тамир гэх дүүдээ цагаан сарын өмнө заруулахаар өгөхдөө нэрийг нь шилжүүлсэн байсан юм. О өмнө надтай хамт “8811” нэртэй машин засварын газарт ажилладаг байсан юм, тэгээд Тамир нь уг машины “зарагдаагүй байна, одоо баяраар зах хаах гээд байна, ирээд машинаа ав” гэхээр нь би Оыг “очиж аваад унаад байж бай, би хөдөө байна чадвал зарчихаарай” гэж хэлсэн юм. Түүнээс хойш О надад машиныг авчихлаа гэж хэлж байсан. Би уг машиныг 8.500.000 төгрөгөөр зарах гэж байсан юм, машины хохирлын үнэлгээ нь 6.152.400 төгрөг болсон байна. Би одоо уг эвдрэл ихтэй машиныг журмын хашаанаас өөр дээрээ авчихсан, задлаад 2.500.000 төгрөгөөр зарна. Ингээд би үлдэгдэл 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 20-21х/,
“Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Тоёота Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.870.000 төгрөгийн шууд, 6.152.400 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 208-209х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 1678 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ... улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашины эд ангиуд гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна, автомашины зүүн хойд талын их гэрлийн цацруулагч хагарсан гэмтэл үүсээд удсан байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 166-186х/,
Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 214 дугаартай: “...Тоёота приус маркийн ... тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батсүх овогтой О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл асахгүй, бүдэг асдаг” гэснийг зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 193-194х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Өөрөөр хэлбэл, осол гарсан газрын нөхцөл байдал нь замын гэрэлтүүлэг муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдалтай харагдах /хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтэд дүрслэгдсэнээр/ бөгөөд шүүгдэгч Б.О нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахааргүй, зүүн хойд талын их гэрлийн цацруулагч хагарсан гэмтэл бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа тухайн орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан яваагүйгээс замын боржурыг давж “УБЦТС” ТӨХК-ний Баруун түгээх төвийн хариуцсан гэрлэн шонг мөргөж, зам тээврийн осол гаргасаны улмаас тус машин дотор сууж явсан зорчигчдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирч, хүний амь нас хохирсон, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг гэмтээсэн зэргээр бусдад нэлээдгүй хохирол, хор уршгийг учруулсан байна.
Шүүгдэгч Б.Оын энэхүү хууль бус шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул Б.Оыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас М.Мгийн амь нас хохирсон, хохирогч Э.Згийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Е.Жын эрүүл мэндэд хүндэвтэр, У.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Оийн блокон хашааг мөргөж, 531.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч УБЦТС ТӨХК-ний баруун түгээх төвийн гэрлэн шонг мөргөж 798.120 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Оын жолоодож явсан иргэний нэхэмжлэгч Б.Оийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 6.152.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.О нь дараах байдлаар төлсөн байна. Үүнд:
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө нь оршуулгын зардал гэж 5.455.630 төгрөг /1хх-ийн 42-67х/ нэхэмжилснээс шүүгдэгч Б.О нь 5.556.000 төгрөгийг,
Хохирогч Э.З нь эмчилгээний зардалд 39150 төгрөг нэхэмжилсэн /1хх-ийн 201х/-ээс 360.000+82000=442.000 төгрөгийг,
Хохирогч Е.Ж нь эмчилгээний зардалд 35000 төгрөг нэхэмжилсэн /1хх-ийн 213х/-ээс 35000 төгрөгийг,
Хохирогч У.А нь эмчилгээний зардалд 264.860 төгрөг нэхэмжилсэн /1хх-ийн 84х/-ээс 280.000 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч М.М 798.120 төгрөг нэхэмжилсэн /1хх-ийн 92-93х-ээс 798.120 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч Г.О нь 531.000 төгрөг нэхэмжилсэн /1хх-ийн 106х/-ээс 531.000 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч Б.О 6.152.400 төгрөг нэхэмжилсэн /1хх-ийн 208х/-ээс 600.000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Дээрх байдлаас үзвэл, нэр бүхий хохирогч нарт болон иргэний нэхэмжлэгч Г.О, М.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг баримтын хүрээнд төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Б.Оөд 5.552.400 төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулж олгуулахаар байна. Иргэний нэхэмжлэгч Г.О, М.М нарт төлөх төлбөргүй болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө нь “ амь хохирогчийн эцэг нь энэ хэргийн улмаас хямарч өвдсөн байгаа, цаашид энэ асуудалтайгаар холбоотой хохирлыг нэхэмжилж болзошгүй” гэх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө болон хохирогч Э.З, Е.Ж, У.А нар нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Оаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагч нь “...шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Шүүгдэгчийг ахиж ийм асуудал битгий гаргаасай гэж хүсэж байна, өөр хэлэх зүйлгүй” гэж,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Б.О нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хохирол төлбөрийг чадах ядахаараа төлж барагдуулсан байдал, цаашид гарсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, баримт нь ч байгаа. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж,
-Шүүгдэгч Б.О “...маш их гэмшиж байна. Ийм асуудал гаргахгүй тул тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.От ял шийтгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс, шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Учир нь,
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэдийгээр болгоомжгүйгээр үйлдэгддэг, хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа боловч шүүгдэгч Б.О нь шөнө оройн цагаар, үзэгдэх орчин хязгаарлагдмал байх үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж яваагүй буюу ямар хэмжээний хурдтай явснаа ч мэдэхээргүй хэмжээнд анхаарал болгоомжгүй байдлаар тээврийн хэрэгслийг жолоодсон нөхцөл байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн, улмаар тус тээврийн хэрэгсэл дотор сууж явсан зорчигчдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирч, хүний амь нас хохирсон, бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй байдал зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн/, тэрбээр нэр бүхий хохирогч, зарим иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан, гарсан зардлыг болон цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзаж дээрх ял шийтгэлийг оногдуулсан болно.
Иймд өмгөөлөгчөөс гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний В ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Б.Оыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжсүгэй.
6. Шүүгдэгч Б.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Өд 5.556.000 /таван сая, таван зуун тавин зургаан мянган/ төгрөг, хохирогч Э.Зд 442.000 /дөрвөн зуун дөчин хоёр мянга/ төгрөг, хохирогч Е.Жт 65.000 /жаран таван мянга/ төгрөг, У.Аөд 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК-ний баруун түгээх төв /М.М/-д 798.120 /долоон зуун ерэн найман мянга, нэг зуун хорин/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Од 531.000 /таван зуун гучин нэгэн мянган/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Оөд 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 5.552.400 /таван сая, таван зуун тавин хоёр мянга, дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Оөд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө, хохирогч Э.З, Е.Ж, У.А нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Оаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ