Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 159

 

Л.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/06378 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Нямхүүд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 740 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Мөнхжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Энхтунгалаг

Хариуцагч: Д.Нямхүү

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Дамба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Мөнхжаргал нь  Д.Нямхүүд 7.500.000 төгрөгийг 2013.04.26-ны өдөр бичгийн гэрээ байгуулан зээлдүүлж 7 500 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэрээгээр зээлийг 2013 оны 10 дугаар сарын 26-ны дотор ажлын 150 хоногт багтааж өдрийн 50.000 төгрөгөөр хэсэгчлэн буцааж төлөхөөр заасан. Хугацаа хэтэрсэн хоногт алданги төлөхөөр тохиролцсон.  Д.Нямхүү нь гэрээнд заасны дагуу 2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш өдөрт 20.000 төгрөгийг 17 удаа нийт  340.000 төгрөгийг буцаан өгсөн боловч үлдэгдэл 7.160.000 төгрөгийг өгөөгүй болно. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Д.Нямхүү цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа болон 2015 онд шүүхэд тайлбар өгч байхдаа зээлийн гэрээг хуурамчаар үйлдсэн, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж огт ярьж байгаагүй, гэтэл одоо ийм зүйл ярьж байгааг зөвшөөрөхгүй. Иймд Д.Нямхүүгийн төлсөн 340.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үлдэх 7.160.000 төгрөг, алданги 3.580.000 төгрөг, нийт 10.740.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Нямхүү нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Л.Мөнхжаргалаас 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 7.500.000 төгрөгийг зээлж аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Л.Мөнхжаргалаас 2012.03.16-ны өдөр 5.000.000 төгрөг зээлдүүлээч гэхэд н.Чанцалдуламд миний мөнгө байгаа гэхээр нь түүнээс 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сарын 8 хувийн хүүтэй, 5.000.000 төгрөгийг авч хүүгийн хамт 2012.03.16-ны өдрөөс 2013.08.19-ний хооронд өдөр бүр 20.000 төгрөгөөр цувуулан төлсөөр 7.160.000 төгрөг болгон төлж дуусгасан. Л.Мөнхжаргал нь гэрээ байгуулахдаа н.Чанцалдуламд өгсөн мөнгөө эргүүлж авахад зээлийн гэрээ хэрэгтэй учраас 2-уулаа зээлийн гэрээ байгуулъя гэсэн. Тэгээд н.Чанцалдуламаас үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 2.000.000 төгрөг, унааны мөнгө 500.000 төгрөг авах гэсэн юм гээд надад 7.500.000 төгрөг зээлдүүлсэн гэх зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед нь би н.Чанцалдуламаар дамжуулан авсан 5.000.000 төгрөгөө Л.Мөнхжаргалд төлж дуусгаагүй байсан учир түүнийг гуйхаар нь 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Түүнээс биш энэ өдөр Л.Мөнхжаргал  7.500.000 төгрөг хүлээлгэж өгөөгүй, аваагүй. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Нямхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан. Гэтэл Л.Мөнхжаргал зохиомлоор,  хууран мэхлэх замаар 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан тул 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Д.Нямхүү нь  7.500.000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд найз Д.Мөнхзулаас аваад Д.Нямхүүд өгч байсан. Эрүүгийн хэрэгт Д.Нямхүү нь шалгагдаж байхдаа мөнгө авснаа хүлээн зөвшөөрч, үндсэн мөнгөний хүү болох 340.000 төгрөгийг өгснөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлийн гэрээн дээрх гарын үсэг, регистр, хаяг нь Д.Нямхүүгийн өөрийнх нь гараар бичигдсэн байдаг. Д.Нямхүү өмнө нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа энэ тухай огт ярьж байгаагүй байснаа уг хэрэг иргэд хоорондын маргаан, иргэний журмаар шийдвэрлэнэ гэж эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосноос хойш ийм зүйл ярьдаг болсон. Өдий насны, наймаа арилжаа хийдэг хүн хоосон цаасан дээр гарын үсэг зурна гэж байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Нямхүүгээс үндсэн зээл 7.160.000 төгрөг, алданги 3.580.000 төгрөг, нийт 10.740.000 төгрөг гаргуулах тухай Л.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг төгөлдөр бусд тооцуулах тухай Д.Нямхүүгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186.790 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135.000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Д.Нямхүүгийн анхан шатны шүүхэд өгсөн тайлбарыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэх боломжгүй. Хэргийн 5-д Л.Мөнхжаргал, Д.Нямхүү нарын зээлийн гэрээ авагдсан бөгөөд хэргийн 6-д Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2015 оны 3 сарын 19-ний өдрийн 1/825 хариу мэдэгдэх хуудсаар... хэргийн материалыг хянахад Д.Нямхүүтэй харилцан тохиролцож амаар болон бичгээр хийж, хүүтэй мөнгө ззэлсэн болох нь холбогдох баримт бичгүүд гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Талууд гэрээгээ дүгнээгүй, яг хэдэн төгрөг зээлсэн, үүнээс хэдэн төгрөг төлсөн, одоо хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь тогтоох боломжгүй байна. Д.Нямхүү нь таныг залилан мэхэлж мөнгө авсан гэх санаа зорилго тогтоогдоогүй байна. ...хэмээн дүгнэсэн байдаг. Хэргийн 7-д Л.Мөнхжаргалын хувийн өдөр тутам мөнгө төлсөн баримт хэргийн 10-д Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ...уг өдөр Л.Мөнхжаргал нь надаар цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан хуурамч зээлийн гэрээг иргэний шүүхэд өгсөн байна гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Л.Мөнхжаргал нэхэмжлэгчтэй иргэний хэргийн материалаас хуулбарлан авсан баримт болох Д.Нямхүүгээс иргэний шүүхэд гаргасан тайлбартаа ...ямар ч тамга тэмдэггүй зээлийн гэрээ гэсэн бичигт гарын үсэг зуруулсан... гэх хохирогч Д.Нямхүүгийн ...би тухайн үедээ зээлийн гэрээ гэдгийг мэдээгүй гэсэн мэдүүлэг, гэрч Д.Мөнхзулын ...би Л.Мөнхжаргалын хамтаар Д.Нямхүүгийн Өгөөмөр худалдааны төв дээр байх 1 павилон дээр очсон. Тэгэхэд байхгүй байсан бөгөөд утас руу нь залгахад Д.Нямхүү нь rap утсаа аваад бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаа гарч ирээд мөнгө төгрөгийг чинь өгнө санаа зоволтгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Л.Болортуяагийн ...би анх Д.Нямхүүгийн павилон руу мөнгөө нэхэх санаатай орсон, тэгэхэд Л.Мөнхжаргал сууж байсан. Тэгэхэд Д.Нямхүү би энэ хүнээс мөнгө авчихсан энэ хүний мөнгийг өгчихөөд тэгээд чинийхийг өгнө гэж байсан гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар Л.Мөнхжаргал нь Д.Нямхүүтэй 2013 оны 4 дүгээр 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Дээрхи хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар Л.Мөнхжаргал нь Д.Нямхүүд мөнгө хүлээлгэн өгсөн нь хангалттай нотлогдсон.

Шүүх хурлын явцад нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан хариуцагч Д.Нямхүү нь нотлох баримтыг өөрт ашигтайгаар урж тасдаж түүнийгээ бүтэн мэт канондож гаргаж өгсөн байдаг бөгөөд энэ баримттай холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулж, жинхэнэ эх баримтыг эрүүгийн хэргээс хуулбарлан шүүхийн журмаар гаргуулах хүсэлт тависан боповч шүүгч өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэлгүй шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Хариуцагч энэ баримтаа шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн бөгөөд тухайн үед нотлох баримтыг урсан байсныг нэхэмжлэгч тал мэдэх боломжгүй байгаад нотлох баримтыг шинжлэн судлах үед энэ нь тодорхой болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

            Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь хариуцагч Д.Нямхүүд холбогдуулан 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 10 740 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хэлцлээр 7 500 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй, уг хэлцлийг хууран мэхэлж хийсэн гэж тайлбарлан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 7 500 000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан боловч зээлдэгчийн өмчлөлд дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх үйл баримтын талаар талууд маргаантай байна.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр байгуулсанд тооцдог. Нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бодитойгоор шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг зохигч өөрөө гаргаж өгөх, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. 

 

            Зохигчид нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлуулахаар шүүхийн журмаар баримт гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан прокурорын тогтоол болон гэрч, хохирогчийг байцаасан тэмдэглэл, гар тэмдэглэл зэрэг баримтууд нь энэ хэргийн маргааны зүйл болох 7 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх үйл баримтад хамааралгүй байна. Өмнө нь талуудын хооронд өгч авалцаж, тооцоо хийж байсан зээлийн талаар талууд бүрхэг өгүүлсэн, 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 7 500 000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримтыг нотлоогүй байна. /хх-ийн 92-125/

 

            Түүнчлэн талууд бичгээр хэлцэл хийсэн хэдий ч уг хэлцлээр тохиролцсон үүргийг бодит үйлдлээр биелүүлээгүй байгаа нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.         

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан хүсэлтийг шийдвэрлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаас тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/06378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Мөнхжаргалын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

                                                    Ш.ОЮУНХАНД