Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 03

 

Б.Алтангэрэлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Б.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Л.Ган-Очир, М.Мандалбаяр, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 1736000000065 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Барга овогт Баярбаатарын Алтангэрэл нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах  Бөртэ хүнсний дэлгүүрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт  холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Барга овогт Баярбаатарын Алтангэрэлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Барга овогт Баярбаатарын Алтангэрэлийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Барга овогт Баярбаатарын Алтангэрэлд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Барга овогт Баярбаатарын Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч Б.Даваадорж, Д.Мягмаржав, С.Төрмөнх, Э.Анхбат, хохирогч Д.Сонин, шүүгдэгч Б.Алтангэрэл нарын мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан эд зүйл үнэлэх тухай тайлан, шүүх гэмт хэргийн хохирлын хэмжээ нь бага бус хэмжээний хохиролд хүрэхүйц байхад нэг жилийн ял оногдуулсан, мөн шүүгдэгч Б.Алтангэрэл нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд чирэгдэл учруулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан нийт 33500 төгрөг төлсөн, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлын анхаарч үзэлгүй хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан Ж.Энхжаргал өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Энхжаргал өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч Б.Алтангэрэлийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэж гарсан гэж үзэж байгаа тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч  Б.Алтангэрэл  нь  2017 оны 10 дугаар сарын14-ний өдрөөс 10 дугаар  сарын 15-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Бөртэ” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж 33500 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.Алтангэрэл түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын “. . . Шүүх гэмт хэргийн хохирлын хэмжээ нь бага бус хэмжээний хохиролд хүрэхүйц байхад нэг жилийн ял оногдуулсан мөн шүүгдэгч Б.Алтангэрэл нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд чирэгдэл учруулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан нийт 33500 төгрөг төлсөн, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг анхаарч үзэлгүй хорих ял оногдуулсанд гомдолтой байна . . . “ гэх  давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв тайлбарыг хийсэн байна. Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч Б.Алтангэрэлийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдалд нь тохирсон байх ба шүүх хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Б.Алтангэрэл нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл нийт 49 хоног цагдан хоригдсон тул уг хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Алтангэрэл түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Алтангэрэлийн давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл нийт 49 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй

 

            ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

                ШҮҮГЧИД                                       Н.МӨНХЖАРГАЛ

Б.ДАМБА