Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2018/1056/3 |
Дугаар | 221/МА2022/0038 |
Огноо | 2022-01-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2022/0038
Д.Э нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын А/339 дугаар тушаалын “Э о м” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаар дугаар А/309 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 тоот дугаартай “Э о м” ХХК-ийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралтын хамт илт хууль бус болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 698 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б
Хэргийн индекс: 128/2018/1056/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э нараас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын А/339 дугаар тушаалын “Э о м” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаар дугаар А/309 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 тоот дугаартай “Э о м” ХХК-ийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралтын хамт илт хууль бус болохыг тогтоолгох”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 698 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Анх 2018 оны 08 дугаар сарын 10-нд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 дугаартай гэрчилгээний хавсралтыг илт хууль бусад тооцуулах, тус солбицол цэг нь Арцатын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан иргэдэд газар ашиглах эрх үүсгэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан.
3.2.2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан С.О-д хандан Хан-Уул дүүргийн 4-р хороо Арцатын аманд хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх хүсэж өргөдлөө өгч байсан. Энэ нь хавтаст хэргийн 1-ийн 222 дугаар хуудсанд байгаа бөгөөд шүүгч Б.А-д шүүхийн журмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны архив бичиг хэрэгт үзлэг хийхээр очиход архив бичиг хэргийн ажилтан нь 2017 оноос хойших өргөдөл, хүсэлт нь цахим бүртгэлтэй байгаа, 2017 оноос өмнөх нь архивд цаасаар хадгалагдаж байгаа тул үүнийг хийхэд 2-3 хоногийн хугацаа шаардлагатай. Одоо архивд үзлэг хийх боломжгүй ажил ихтэй байна гэж хэлснээр шүүгч Б.А нь 2019.05.17-ны өдөр шүүхэд хандан уг өргөдөл цаасаар байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын архив бичиг хэрэгт үзлэг хийж хүсэлтийг бэхжүүлэх тухай хавтаст хэргийн 2-ын 33-38 дугаар хуудасны 2019 оны 06 сарын 19-ний өдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0403 дугаар тогтоолын 4 дэх талд, мөн 248 дугаар хуудсанд, хавтаст хэргийн 2 дугаар дэвтрийн 130 дугаар хуудсанд дахь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай 2013.05.31-ний өдөр уулзах иргэдийн бүртгэлийн 7 дахь дугаарт Д.Э миний бие нь газрын тухай асуудлаар уулзсан уулзалтын нотлох баримтууд байгаа.
3.3.Энэхүү Хан-Уул дүүргийн 4-р хороо БХУДЦГ-ын Арцатын аманд амьдарч буй айл өрхүүдийн газар ашиглах эрхийг хуулийн дагуу гэрчилгээжүүлэх асуудлыг 2012 оноос хойш өөрийн нэр дээр болон “У, у а” ТББ-аар төр, төрийн захиргааны байгууллагад он удаан жил, удаа дараалан уламжилж байсан нь хэргийн 1 дүгээр хавтасны 19-23; 62-69; 87-88; 228-236 дугаар хуудсанд дахь баримтуудаас үзэхэд иргэд бид нар БОНХ-ийн сайдын 2014 оны 09 сарын 19-ний өдрийн А/339 дүгээр тушаалаар “Э о м” ХХК-д БХУДЦГ-ын Нүхтийн аманд 1.4 га газар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авахаас нь өмнө хандаж байсан нь дээрх нотлох баримтаар нотлогдоно хэмээн үзэж байна.
3.4.Гэтэл хариуцагч тал нь иргэдийн оршин суугаа, амьдарч байсан гэх нотолгоо байхгүй хэмээн илт үгүйсгэн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй юм. Хавтаст хэргийн 1-ийн 112-118 дугаар хуудсан дахь гэрэл зураг нотолно.
3.5.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны баримтад Арцатын ам гэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тус маргаан бүхий газрын солбицол цэг координат нь энэхүү Арцатын аманд байрлаж байгааг хэргийн 1 дүгээр хавтасны 26, 26-30, 177 дугаар хуудсанд БХУДЦГ-ын хамгаалалтын захиргааны 2016.08.01-ний өдрийн дугаар 10-т улсын байцаагчийн албан шаардлагад Арцатын ам түүний хамгаалалтын бүсэд, БХУДЦГ-ын хамгаалалтын захиргааны 2017.11.21-ний өдрийн 1071 тоот албан бичигт Арцатын аманд байрлаж байгааг хэргийн 1-ийн 117 дугаар хуудсанд байгаа нотлох баримт, 2011/184 дугаар гэрчилгээг “Г-У” ХХК-д Арцатын ам нэртэй газар 1.5 га талбайг ашиглах эрх, мөн “А Х” ХХК-д 2008.08.04-ний өдрийн дугаар 715 тоот Арцатын задгай нэрээр гэрчилгээг олгосон нь хавтаст хэргийн 2-ын 134-155 дугаар хуудсанд нотлох баримтаар байгаа энэхүү 2 компанийн байршил нь маргаан бүхий координат цэг солбицлын зүүн талд нь оршдог болно.
3.6.Мөн 2020 оны 05 сарын 14-ний өдөр 1049 тоот БХУДЦГ-ын хамгаалалтын захиргааны албан бичиг болон 2017 оны 09 сарын 22-ны өдрийн БХУДЦГ-ын хамгаалалтын захиргааны хамт олны хурлын тэмдэглэлийн 4 дэх хуудасны 34-36 дахь мөрөнд миний биеийг Арцатын Э хэмээн тодорхой хэлсэн байдаг ба энэ нь хавтаст хэргийн 2-ын 207-211 дүгээр хуудсанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 сарын 30-ны өдрийн А/595 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалд БХУДЦГ-ын хязгаарлалтын бүсэд хамаарах Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын аманд хэмээн маш тодорхой заан оруулсан байдаг бөгөөд тус хэргийн 221-223 дугаар хуудсанд, хавтас хэргийн 3-ын 137-144, 147-149, 154-156 дугаар хуудсан дахь нотлох баримтууд нь Арцатын ам, түүний хязгаарлалтын бүсэд байгааг нотолж байна.
3.7.”Э о м” ХХК-ийн БХУДЦГ-ын Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.4 га газар ашиглах эрхийн 2014/59 дүгээр гэрчилгээ нь хавсралтын хамт 2017 оны 10 сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд цуцалж хүчингүй болгосон байдаг. Үүнийг иргэд биднээс хариуцагч тал нуун дарагдуулж, 2017 оны 09 сард иргэд бид тус компанийн эрхийг хүчингүй болгох тухай өргөдөл, гомдлыг өгч байсан бөгөөд тухайн өргөдөл гомдолд хариуг өгөөгүй байсан ба энэхүү хүчингүй болгосон захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч талаас хариу тайлбар гаргасантай танилцаж мэдсэн.
3.8.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0698 дугаар шийдвэрт хариуцагч тал нь ажлын хэсгийн дүгнэлтээр “Э о м” ХХК-ийн газрын тушаал болон гэрчилгээнд өөрчлөлт оруулж Арцатын ам болгох бүрэн боломжтой, захиргааны актын илэрхий алдааг засаж болно хэмээн тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй байна.
3.9.Иргэд бидний амьдран суугаа газрын газарзүйн нэршил, газарзүйн байршил, газрын хэмжээстэй, солбицол цэг нь “Э о м” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтын тэмдэглэгээ нь тохирохгүй байгаа. Тодруулбал, “Э о м” ХХК-ийн БХУДЦГ-ын Нүхтийн ам газарт 1.4 га газар ашиглах эрхтэй. Бидний оршин суугаа газар нь Хан-Уул дүүргийн 4-р хороо БХУДЦГ-ын Арцатын ам хязгаарлалтын бүс бусад Арцат 18 гудамж 9 дүгээр хэсгийн задгайд 1.3 га газарт хамаардаг бөгөөд хоёр өөр газарзүйн байршилтай, хоёр өөр хэмжээстэй газар байтал “Э о м” ХХК нь тус газрыг манай компанийн газар гэж байгаа нь ойлгомжгүй байна. Тус компани нь 2014 оны 7 сарын 08-ны өдөр “Х х” ХХК-аар үйлдүүлсэн зураг байдаг. Энэ нь компани Улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний хуульд заасан ...компани улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх зүйн чадамжтай болж эрх үүрэг эдлэх боломжтой болох зарчимтай зөрчилдөж байна. Мөн тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээ нь 2 тусдаа талбайд хамаарах газар нэг гэрчилгээ гаргасан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан “...нэгж талбар бүр нь эрхийн гэрчилгээтэй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.
3.10.Нэхэмжлэгч бид нар “Э о м” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5503 дугаар тоот захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр захирамжилсан нь хэргийн 2-р хавтасны 80, 81 дэх хуудсанд, мөн 82 дугаар хуудсанд нотлох баримтаар байна. Энэхүү шинжээч томилох тухай шүүх хурал дээр “Э о м” ХХК-ийн газар ашиглах эрх сэргээгдсэнийг мэдсэн. Тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг болон хавсралтыг нь шүүх дээр эх хувиар нь авахуулахыг удаа дараалан хүсч шаардаж байсан.
3.11.Хавтаст хэргийн 2-ын 86-р хуудсан дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10/5010 тоот захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн бичигт мөн л тус компани гэрчилгээ болон хавсралтаа эх хувиар нь хүргэж өгөөгүй байдаг. 2021 оны 10 сарын 25-ны өдрийн дугаар 0698 тоот захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийн 14 дэх талын 3 дахь хэсэгт “Э о м” ХХК-ийн 2014/59 дүгээр БХУДЦГ-ын Нүхтийн аманд 1.4 га газар ашиглах эрхийн гэрчилгээ, хавсралт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны архивд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, холбогдох бусад баримт нь мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 3285 тоот шүүгчийн захирамжийн 3 дахь тал буюу хавтаст хэргийн 1-ийн 163 дугаар хуудасны мөн 4 дэх талын 3-6 дугаар мөрөнд, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 18-ны өдөр 0570 дугаар шийдвэрт “Э о м” ХХК-ийн маргаан бүхий газар болон Хан-Уул дүүргийн 4-р хороо БХУДЦГ, Нүхтийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхтэй болохыг эцэслэн тогтоосон байдаг. Энэхүү хэрэг маргаанд Д.Э нарын иргэдийн эрх ашиг нь хөндөгдөж байгааг тусган гуравдагч этгээдээр оролцуулаагүй шийдвэрлэсэн. Энэ нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 137-148 дугаар хуудас бөгөөд тус 0570 дугаар шийдвэрийн 3 дахь талын 5-6 дахь мөрөнд Д.Эд холбогдуулан дурдан бичсэн байдаг. Мөн тус компани нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн ИХАШШ-д тус маргаан бүхий газартай холбогдуулан хариуцагчаар. Эрдэнэбулганыг татан оруулсан нь тус хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 160 дугаар хуудсанд “Э о м” ХХК-ийн Хан-Уул дүүргийн ИХАШШ-д нэхэмжлэлтэй хэргийг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татах хүсэлтээ 2020 оны 02 дугаар сарын14-нд гаргаснаар ХБ9999 тоот тус хэргийг нотлох баримтаар авсан.
3.12.Иргэний хэргийн хавтасны 69, 70 дугаар хуудсанд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10277 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтийн агуулгыг чиг үүргийн дагуу шийдвэрлээгүй байдаг бөгөөд миний бие нь маргаан бүхий газрын солбицол цэг нь Арцатын аманд уу, Нүхтийн аманд уу гэдгийг шинжээч толилуулан тогтоолгох хүсэлтэй байсан. Гэвч тус захирамжид захирамжилахдаа а) Монгол Улсын БОНХ-ын яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2014/59 дүгээр гэрчилгээгээр “Э о м” ХХК-ийн эзэмшилд олгосон Хан-Уул дүүргийн БХУДЦГ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам нэртэй 1.4 га талбайд /гэрчилгээний хавсралтад дурдсан талбайн анхны солбицлууд болон эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураглал/ хариуцагч Д.Э оршин суудаг эсэх талаар, б) дээрх газарт хэн, хэн оршин суудаг эсэх талаар хэмээн хүсэлтийн агуулгын утга нь алдагдан захирамжилсан байдаг.
3.13.2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 99999 тоот Хан-Уул дүүргийн ИХАШШ-ийн шүүгчийн захирамжаар “Э о м” ХХК-ийн нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжлан шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн ИХАШШ-ийн шүүгч Ж.С-д нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10277 дугаар захирамжаар өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон иргэний хууль ёсны эрх ашгийг зөрчсөнтэй холбогдуулан Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан бөгөөд Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 54 дүгээр магадлалаар шүүгч Ж.С-д нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн “3.2 дугаар зүйлийн 1. Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна, 3.3 дугаар зүйлийн 1-д заасан ...шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн гэж нийт гишүүдийн хуралдаанаас үзсэн бөгөөд шүүгч Ж.С-д сахилгын хэрэг үүсгэх үндэслэлтэйг тогтоосон байдаг. Энэ нь хэргийн 3 дугаар хавтасны 63-64 дүгээр хуудсанд нотлох баримтаар бий.
3.14.Хариуцагч тал нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/98 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал нь 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор баталсан БХУДЦГ-ын хилийн заагийг нягтлан тогтоох бүхий 2019 оны 03 сарын 22-ны өдрийн ГЗБГЗЗГ-ын даргын А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтарсан тус хилийн заагт буюу 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор баталсан БХУДЦГ-ын хилийн заагт өртөж эрх ашиг нь хөндөгдөж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нарын маргаад буй координат цэг солбицлыг тодорхойлох ажлын хэсэг биш юм аа. Үүнийг хариуцагч тал нь бусдад давуу байдал олгон тайлбарлан ярьж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТХГНУГ-ын кадастрын хэлтэс дээр шүүхийн журмаар үзлэгээр очиход Арцат, Нүхтийн амны хилийн зааг гэж байхгүй гэж байсан мөртлөө ажлын хэсэг хил заагийг нь тогтоогоод Арцатын ам гэдгийг тогтоовол гэрчилгээнд Арцатын ам гэж оруулах бүрэн боломжтой хэмээн хууль зөрчин өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хохироож байна.
3.15.Шүүхийн журмаар үзлэг хийсэн баримт нь хэргийн 3 дугаар хавтасны 91-93 дугаар хуудсанд байгаа. Мөн хэргийн 1 дүгээр хавтасны 204, 05 дугаар хуудасны ГЗБГЗЗГ-ын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2/861 тоот албан бичигт 1:100000-ны масштабтай байр зүйн зурагтай давхцуулахад Нүхтийн зам дагуу байрлаж байна. Хэргийн 3 дугаар хавтасны 11-14 дүгээр хуудас ГЗБГЗЗГ-ын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/1819 тоот албан бичиг, хавсралт зурагт дэнж газар гэсэн байна. Мөн хэргийн 1 дүгээр хавтасны 249, 250 дугаар хуудсанд ГЗБШЗЗГ-ын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/1735 тоот албан бичиг, хавсралт зурагт дэнж газар гэж тодорхойлсон байна.
3.16.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь нэхэмжлэгчийн хэргийн 1 дүгээр хавтасны 220 дугаар хуудсан дахь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлтийг, мөн 2 дугаар хавтасны 116 дугаар хуудсан дахь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны хүсэлтийг, мөн 77 дугаар хуудсан дахь хүсэлтүүдийг тус тус ханган шийдвэрлээгүй нь Хан-Уулын дүүргийн ИХАШШ-ийн ХБ9999 дугаартай хэргийг нотлох баримтаар татан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд авчруулсаар байхад хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж биелэлтэд хяналт тавих үүрэгтэй атлаа хэргийн холбогдох нотлох баримт, материалд буруу ташаа үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
3.Шүүх нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ны давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангав. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эаас “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/339 тушаалын “Э о м” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/309 тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2014/59 дугаартай “Э о м” ХХК-ийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралтын хамт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргажээ.
3.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлэхээр заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна.”, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.Э нь нэхэмжлэгч Н.Г-О, Д.Ц, Г.У, Д.Н, С.А, Ж.О, Б.О нарыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8485 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
3.3.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч нараас нэхэмжлэгч Д.Э-д олгосон итгэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгч Н.Г-О-оос 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаатай[1], нэхэмжлэгч Д.Ц-аас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаатай[2], нэхэмжлэгч Г.У-аас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаатай[3], нэхэмжлэгч Д.Н-ээс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаатай[4], нэхэмжлэгч С.А-аас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаатай[5], нэхэмжлэгч Ж.О-аас 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2 жилийн хугацаатай[6], нэхэмжлэгч Б.О-аас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаатай[7] тус тус олгосон бөгөөд эдгээр итгэмжлэлд хүчинтэй байх хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосон бөгөөд үүнээс үзэхэд эдгээр итгэмжлэлийн хугацаа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө нь дууссан байна.
Дээрхээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.5-д зааснаар нэхэмжлэгч нараас нэхэмжлэгч Д.Э-д олгосон итгэмжлэлийн хугацаа анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө дуусч, төлөөлөгч Д.Э-ы төлөөлөл дуусгавар болсон байхад анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлийн хугацааг хуульд нийцүүлэх талаар ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр, шүүхийн шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
3.4.Мөн шүүхэд бичгээр гаргаж, захиргааны хэрэг үүсгэсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийг Б.Б, Ч.М, Ж.Б нараас гаргаагүй, захиргааны хэрэг үүсгэснээс хойш Б.Б-ээс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаатай[8], 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 3 жилийн хугацаатай Ч.М, Ж.Б нараас нэхэмжлэгч Б.Э-д итгэмжлэл[9] олгосон.
Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.1-д заасан нэхэмжлэлийн өргөдлийг Б.Б, Ч.М, Ж.Б нараас бичгээр гаргасан эсэх нь тодорхойгүй, эдгээр иргэд нь нэхэмжлэл гаргаж буй эсэх нөхцөл байдлыг тодруулалгүй, шүүхийн шийдвэрт энэ талаар тусгаагүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн маргаж байгаа үндэслэлтэй холбоотойгоор захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхээр байна.
3.5.Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 1/2545 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат 18-р гудамж, 9-р хэсгийн задгайд газар ашиглах хүсэлт гаргаж байсан эсэх, гаргасан бол ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт болон хэрхэн шийдвэрлэж хариу өгсөн талаарх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар хандсан.
Гэсэн хэдий ч дээрх албан бичгээр шаардсан нэхэмжлэгч нарын маргаан бүхий газарт газар ашиглах хүсэлт гаргаж байсан эсэх талаарх нотлох баримтууд ирээгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар дахин тодруулалгүй хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгч нарын маргаж буй нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна.
Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасныг анхан шатны шүүхээс зөрчсөн байна.
3.11.Түүнчлэн, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой бөгөөд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын аль үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус гэж маргаж байгаа, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь актыг илт хууль бус болгуулах шаардлагатай уялдаж байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах, энэ талаар ажиллагааг явуулах шаардлагатай.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Э о м” ХХК-ийн хүчин төгөлдөр гэж үзээд байгаа газар ашиглах эрх зүйн баримт бичиг нь иргэд бидний хүсээд байгаа газартай давхцаж байгаа тул илт хууль бус, иргэдээс хүсэлтийг хүлээн аваад энэ газарт иргэдэд газрыг олгох боломжгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, илт хууль бус захиргааны актаас болж газар ашиглах хүсэлтээ шийдвэрлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон өргөдөл, гомдлоо хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байгаа, эрх нь зөрчигдөж байгаа учраас актын “Э о м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя.” гэж маргасан[10] байх тул уг маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь маргаан бүхий актуудыг илт хууль бус болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг мөн дахин тодруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25–ны өдрийн 698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 5 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 7 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 9 дэх тал
[4] Хэргийн 1-р хавтас 11 дэх тал
[5] Хэргийн 1-р хавтас 13 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 15 дахь тал
[7] Хэргийн 1-р хавтас 17 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 163 дахь тал
[9] Хэргийн 3-р хавтас 67, 69 дахь тал
[10] Хэргийн 3-р хавтас 167-168 дахь тал