Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2017/00049

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, РД:БЛ00000000, утас:0000000, С овогт Н ын С ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулах, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 5327853 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтсийн дарга асан С.Ш нь шүүхийн 65 тоот шийдвэрийг биелүүлсэн дүр үүсгэж намайг хуучин ажилд эргүүлэн томилсон 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 41 тоот тушаалыг үдээс өмнө гаргаж, мөн өдрийн үдээс хойш 43 тоот шийдвэр гарган өөр албан тушаалд хууль бус шилжүүлэн томилжээ. Миний бие энэхүү хууль бус тушаалыг эс зөвшөөрч тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүх 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар авч хэлэлцэж, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан С.Шийн 41, 43 тоот тушаалуудыг хүчингүй болгож, миний 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх нөхөн олговор болох 7583031 тус байгууллагаар гаргуулж өгөхөөр шийдвэрлэсэн болно. Хариуцагч С.Ш үндэслэлгүй давах болон хяналтын гомдол гаргаснаар УДШ-ийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар авч хэлэлцэж, 378 тоот тогтоолоор анхан шатны болон хяналтын шатны гомдлыг хэвээр баталж шийдвэрлэсэн билээ. Намайг уг шийдвэрийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилд томилсон. Иймд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 6 сар 6 хоногт ногдох 5327853 /Таван сая гурван зуун хорин долоон мянган найман зуун тавин гурван/ төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Нын Сий ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно хэмээн заасан байна. Н.С нь шүүхийн шийдвэрээр өмнө нь ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоогдсон ба ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардах эрх нь дээрх хуулийн дагуу үүсэж байгаа юм байна. Нөгөөтээгүүр, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т Төрийн жинхэнэ албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй хэмээн заасан байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг сахин биелүүлэх үүднээс Н.Сий нэхэмжлэлийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байна. Учир нь: Н.С нь өөрийнхөө цалин хөлсийг бодохдоо илүү тооцоолж нэхэмжилсэн болох нь эрх бүхий албан тушаалтан, үйл ажиллагааны ня-бо Б.Асылбекийн тооцоогоор /2016.06.10-2016.12.16-809486 х 6 сар 6 хоног=4856916+161892=5018808 төгрөг/ тогтоогдож байна. Тухайлбал, Н.Сий нэхэмжилж буй 5327853 төгрөгөөс 5018808 төгрөгийг хүлээн зөвшөөрч илүү нэхэмжилсэн 309045 төгрөгийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Н.С нь илүү нэхэмжилсэн хэсгээс татгалзана гэдэгт итгэлтэй байгаа тул Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал болох Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө нь нэхэмжлэгч Н.С миний ажилгүй байсан үеийн өөрөөр хэлбэл 2016 оны 6 сарын 10-ны өдрөөс мөн оны 12 сарын 16-ны өдөр ажилд томилогдох хүртэлх цалин хөлс нөхөн олговрыг миний нэхэмжлэлийн шаардлагаас багасган 5018808 төгрөг төлж өгөхөөр болж зөвшөөрч тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна. Иймд миний бие хариуцагч талын төлж өгөхөөр зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 309045 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 5018808 төгрөг болгож байгаа болно. Иймд шүүхээс нэгэнт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг ИХШХШ тухай хуулийн 74 зүйлийн 74.1 д заасны дагуу хялбаршуулсан журмаар яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Сий нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 5327853 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө нь нэхэмжлэгч Н.Сий нэхэмжлэлийн шаардлага болох 5327853 төгрөгөөс 5018808 төгрөгийг төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар ирүүлсэн ба нэхэмжлэгч Н.С нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 5018808 төгрөгийг төлүүлэхэд татгалзах зүйлгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж шүүхэд тайлбараа бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Н..Сий нэхэмжилсэн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5018808 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102000 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1804 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлөх ёстой 95251 төгрөгийн тал нь болох 47625 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 47625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ