Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2017/00053/И |
Дугаар | 130/ШШ2017/00051 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2017/00051
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт байрлалтай, Р ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, Ж овогт Х н Т ад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 91200 төгрөг, алданги 45600 төгрөг, нийт 136800 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Х.Т нь тус компанитай 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 хоногийн хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-80 маркийн 91200 (60 литр х 1520 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг хүлээж авсан билээ.
Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч Х.Таас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 386 хоног хэтрүүлсний алданги тооцоход 91200 төгрөг х 0,5%=456 х 386 хоног = 176016 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 45600 төгрөг болж байна.
Иймд иргэн Х.Таас үндсэн зээл болох 91200 төгрөг, алданги 45600 төгрөг, нийт 136800 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Х.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Р ХХК-ны нэхэмжилсэн 136800 төгрөгийг бүрэн төлж өглөө гэжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Х.Т нь төлбөрөө бүрэн төлж дуусгав. Цаашид тооцоогүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Р ХХК-ны нэхэмжлэлтэй, Х.Тад холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 91200 төгрөг, алданги 45600 төгрөг, нийт 136800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Т нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжилсэн 136800 төгрөгийг төлж өгсөн бөгөөд энэ тухай тайлбарыг нэхэмжлэгч Р ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч Х.Т нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4754 төгрөгийн тал нь болох 2377 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 2377 төгрөг, мөн хариуцагч Х.Таас 2377 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Х.Т нь нэхэмжлэгч Р ХХК-нд 136800 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4754 төгрөгийн тал нь болох 2377 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 2377 төгрөг, мөн хариуцагч Х.Таас 2377 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК