Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 629

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч  Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч Х овогт Ц.А- холбогдох эрүүгийн 2005020301100 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 0-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Монелийн 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:0000000/, Х овогт Ц.А-

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                           

Ц.А- нь 2020 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны гадна маргааны улмаас Г.Б- зодож биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А- шүүх хуралдаанд: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

        Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Б- мөрдөн байцаалтад: “...үүрээр 4 цагийн үед Г-  орилоод намайг Ц.А- доромжлоод хэрүүл хийгээд зодох гээд байна гэсэн. Тэгэхээр нь босоод Г- аваад тус байрнаас гарсан. Гадаа гарахад Ц.А- гадаа зогсож байсан бөгөөд Д- араас гараад ирсэн. Ингээд би Г-тэй Ц.А- хэрэлдлээ гээд маргалдаж эхэлсэн бөгөөд цаашаа бай гээд Ц.А- нь түлхээд 2-3 удаа алгадаж авчихаад эргэж хараад байж байтал араас доромжлоод байхаар нь чулуу аваад шидчихсэн чинь Ц.А-ийн дух хэсэгт оносон. Тэгтэл Ц.А-ийн найз нь гүйж ирээд араас барьж аваад газар унагаад дээр гараад босохгүй байсан...Энэ үед Ц.А- зугтаагаад цаашаа явсан. Тэр үед Д- намайг тавиад босоод явсан...Миний биед учирсан гэмтлийг Ц.А- учруулсан...Энэ үед Ц.А- хүрч ирээд газар хэвтэж байхад зүүн талаас хамар, уруул хэсэгт өшиглөсөн. Би толгойгоо эргүүлтэл баруун талын шанаа, хацар хэсэгт өшиглөсөн. Ингээд Ц.А- зугтаагаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18/

 

         Гэрч Г.Г- мөрдөн байцаалтад: “...Ингээд Ц.А-ийн толгойг оносон. Г.Б- орилоод зүгээр байхгүй байсан бөгөөд Д- очоод араас нь татаж газар унагаад дараад суусан. Энэ үед Ц.А- явж очоод нүүр хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн. Ингээд Ц.А- зугтаагаад явчихсан. Д- одоо боль гээд Г.Б-г тавьж байсан. Г.Б- Ц.А- 2 зодолдоод байхаар нь Д- салгах санаатай араас нь татаж унагаад дарсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/

 

Гэрч Э.Д- мөрдөн байцаалтад: “...Тэр үед Ц.А- гүйж ирээд Г.Б-гийн нүүр, хэсэгт 2-3 удаа өшиглөснөө гүйгээд явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 11-ны өдөр №6823 дугаартай: “...Г.Б-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинж гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/

 

Яллагдагчаар Ц.А- мөрдөн байцаалтад: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Г.Б- газраас чулуу аваад шидээд миний баруун талын духны хэсэгт оносон...Ингээд над руу дайраад орилоод байсан бөгөөд Д- салгах гээд араас нь татаж газар унагаад дээр нь гараад дараад зүгээр бай гэж хэлээд суучихсан юм. Би толгой руугаа чулуугаар цохиулсан уурандаа хажуунаас нь очоод нүүр хэсэгт нь 3 удаа өшиглөсөн. Ингээд би тэр чигээрээ зугтаагаад явчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/ болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37/, ял шалгах хуудас /хх-ийн 62/ зэрэг болно.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч Ц.А-  2020 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны гадна маргааны улмаас Г.Б- зодож биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.А-гийн “...Би толгой руугаа чулуугаар цохиулсан уурандаа хажуунаас нь очоод нүүр хэсэгт нь 3 удаа өшиглөсөн. Ингээд би тэр чигээрээ зугтаагаад явчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/, хохирогч Г.Б-н“...миний биед учирсан гэмтлийг Ц.А- учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/, гэрч Г.Г-ийн“...Ц.А- явж очоод нүүр хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/, гэрч Э.Д-ын “...тэр үед Ц.А- гүйж ирээд Г.Б-гийн нүүр, хэсэгт 2-3 удаа өшиглөснөө гүйгээд явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-10-11/ болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6823 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

         Шүүгдэгч Ц.А-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна мөн хохиролгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, хохирогч нь “1.250.000 төгрөг авсан гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д долоон зуун тавин нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох яллыг танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

         1. Х овогт Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

       4. Ц.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ