Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 0654

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б.Бод холбогдох 2008012230714 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 357 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 771 дугаартай магадлалаар уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 2 жилээр тогтоож, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 149 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 08 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Ч овогт Б.Б /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК болох ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа намайг ажлын газрын хүмүүст нүүргүй болголоо гэх шалтгааны улмаас гэр бүлийн харилцаатай иргэн Б.Уийг гараараа цохиж, зодон улмаар түүний биед зүүн нүдний дотор буланд зулгаралт, цус хуралт, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, баруун алга, баруун шилбэнд цус хуралт, уруулын салстад зулгаралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “....Б.Утэй 2017 оноос эхлэн дотно харилцаатай болсон. Би тухайн өдөр ажил дээрээ байж байхдаа Уранбилэгийг пиво аваад ир гэхэд архи авчирсан. Тэгээд тэрийгээ хувааж уучхаад манай даргын өрөө рүү ороод байхаар нь би уурлаад цохисон. Тэгтэл уурлаад согтуу машинаа барьж явах гээд байхаар нь ахин хэд хэдэн удаа цохисон юм.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3044 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27х/, хохирогч Б.Уийн мэдүүлэг /хх-ийн 37-38х/, гэрч Г.Мгийн мэдүүлэг /хх-ийн 64-65х/, гэрч Я.Бийн мэдүүлэг /хх-ийн 68-69х/, шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47х/, улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан тоот “эд хөрөнгөгүй” тухай /хх-ийн 51х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 55х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 56х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82х/, шүүгдэгч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 80х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа “намайг ажлын газрын хүмүүст нүүргүй болголоо” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Уийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Уийн: “...Би нөхрөөсөө салаад жил гаран болоод байж байтал 2017 оны хавар Б гэх залуутай танилцаж түүнээс хойш түүнтэй уулздаг болоод дотно харьцаатай болсон. Би 13-23 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг болохоор Б бид хоёр хамт амьдарч байгаагүй, гадуур уулздаг байсан. Б хувийн засварын газарт засварчин ажилтай залуу байгаа юм. Тэгтэл 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ээжийндээ амарч байтал Б над руу залгаад “засварын газартаа байна, ганц нэг пиво аваад ирээч” гэхээр нь би дэлгүүрээс хоёр шил архи, хоёр лааз пивоны хамт аваад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутагт байрлах Бын ажилладаг засварын газарт нь өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай автомашинтайгаа очиход Б хоёр найзтайгаа пиво уугаад сууж байсан. Тэгээд миний авчирсан архийг хамт ууцгаасан. Би уусан архиндаа нэлээн согтоод Бтой хэрүүл хийж маргалдсан чинь “ажлын газрын хүмүүст намайг нүүргүй болголоо” гэх шалтгаанаар намайг цохихоор нь би “явлаа” гэхэд намайг явуулахгүй, согтуу байж машин барьж явах гэлээ гээд ажлаас зайдуу газарт надтай хамт миний машиныг барьж яваад зогсоод машин дотор миний нүүр, гаранд цохиж, түлхүүр авч шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3044 дугаартай шинжээчийн “...Б.Уийн биед зүүн нүдний дотор буланд зулгаралт, цус хуралт, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, баруун алга, баруун шилбэнд цус хуралт, уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр уүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27х/,

Гэрч Г.Мгийн “...Б дээр түүний хаймертай найз ирсэн, мөн Уирчихсэн, архи уугаад байх шиг байхаар нь би одоо больцгоо, энд ууж иддэг газар биш, явцгаа гэж хэлээд ажлын байрандаа ороод иртэл У араас “Б намайг зодоод байна” гээд орилоод ороод ирсэн, араас нь Б ороод ирэхээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэхэд Б одоо явлаа гэж хэлээд явсан. Ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй, Уранбилэгийн нэг нүд нь хавдчихсан байдалтай болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65х/,

Гэрч Я.Бийн “...Уын захиралтай уулзана гээд өрөө рүү нь явж ороод байснаас болж тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би машиндаа сууж байтал захирал М ирээд чи найзыгаа аваач, дотор найз хүүхнээ зодоод байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69х/,

Шүүгдэгч Б.Бын “...У ганцаараа нэг шил архиа ууж дуусаад манай ажлын газрын дарга Мтэй уулзана гээд ярьж байснаа надад хэлэлгүй нэг мэдсэн даргын өрөөнд яваад орчихсон, даргатай юм яриад сууж байсан, тэгэхээр нь би аваад гарах гэтэл У согтуурхаад гарахгүй хаалганаас зуурчхаад байхаар нь гараас нь татаж цохин тавиулаад гартал даргыг хэл амаар нэмээд доромжлохоор нь би уур хүрээд нүүрэнд нь гараараа нэг удаа алгадаж тэндээс аваад гартал У уурлаж машинтайгаа явлаа гээд машиндаа ороод суучхаар нь би согтуугаар машин бариад хөдөлгөөд аваар осол гаргаж магадгүй гэж бодоод ажлын газраас машиныг нь бага зэрэг холдуулж тавиад миний түлхүүрийг өг гээд байхаар нь өгөхгүй гэж хэлээд түүнтэй маргалдаж байхдаа машинд нь нэмээд 2-3 удаа алгадчихаад түлхүүрийг нь хол шидчихсэн. Шинжээчийн дүгнэлтээр учруулсан гэмтлийг би гараараа алгадаж, цохиж байхдаа түүнд учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...хамтран амьдарч” 3.2 дахь хэсэгт “...эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан...” гэж,  гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Б.Б, хохирогч Б.У нар нь нэг гэрт хамт амьдардаггүй боловч 2017 оноос эхлэн 4 жилийн хугацаанд бие биеийнхээ гэрт ирж очин явдаг, дотно харилцаатай гэх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Б нь хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан Б.Уийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдсэн нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Иймд шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б нь “...торгох ял оногдуулж өгнө үү”  гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан Б.Бын хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал, төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Бын дээрх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.       

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ