Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 630

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Д.Үүлэн,

хохирогч Ц.М-,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2005014720775 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа англи хэлний орчуулагчаар ажилладаг, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хорооллын 0 дүгээр байрны 0 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:000000/ Б овогт  Б.Т-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Т- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 0 дугаар хорооллын 00 дүгээр байрны 00 тоотод байх гэртээ “гар утсан дахь мэдээлэл үзлээ” гэх шалтгаанаар хохирогч хамтран амьдрагч Ц.М-г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалга, зүүн чихний дэлбээ, зүүн хөхөлөг сэртэн орчмын зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т- шүүх хуралдаандБи эхнэр рүүгээ гар далайсан нь үнэн. Гэхдээ хүний биед гэмтэл учруулах хэмжээний хүчтэй цохилт хийгээгүй” гэв.

 

        Хохирогч Ц.М- шүүх хуралдаанд “2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр энэ үйл явдал болсон. Хэрэг гарсан өдрийн өглөө Б.Т- муудалцсаны улмаас хүүхдээ аваад гэрээсээ явна гэж би хэлсэн. Өмнөх өдөр хүүхдэдээ вакцин хийлгэсэн байсан болохоор хүүхэд уйлаад байсан тул Б.Т- “нялх хүүхэд бие нь муу байхад хүүхдээ явуулахгүй авч үлдэнэ” гэж хэлсэн. Би хүүхдээ үлдээхгүй гэж маргалдах явцад Б.Т- миний хацар хэсэгт нэг удаа алгадсан. Би уурандаа гарахдаа орцны хаалгаа хүчтэй онгойлгосны улмаас хаалга савж миний зүүн чих хэсэгт цохисон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр надад учирсан гэх гэмтлийг Б.Т- учруулаагүй. Би тухайн үед хүүхдээ авч явж чадаагүй уурандаа нөхөр Б.Т- намайг цохисон гэж худал мэдүүлсэн” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.М- мөрдөн байцаалтанд: “...2020 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө үүрээр нөхөр Б.Т- гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд 6 цагийн орчим бид хоёр ямар нэгэн маргаан гараагүй унтсан. Б.Т-г унтаж байхад нь би гар утсыг нь нээгээд ирсэн захиаг нь уншчихаад янз бүрийн зүйл бичигдээгүй байсан тул унтаад өгсөн. Маргааш өдөр нь 13 цагийн орчим сэрээд нөхөр Б.Т- гар утсаа нээж байгаад намайг шөнө гар утсыг нь үзсэнийг мэдчихсэн. Тэгээд чи яагаад миний утсыг нээж үздэг юм бэ, юу хайсан юм бэ гээд уурласан тэгэхээр нь би чи урьд нь эмэгтэй хүмүүстэй янз бүрийн зүйл бичдэг басан биз дээ тэгээд би үзсэн гэж хэлээд бид хоёр хэрэлдсэн. Б.Т- би хүү та хоёрын төлөө хичээж ажиллаж байхад надад итгэхгүй миний гар утсыг шалгалаа одоо хамт амьдрах шаарлдага байхгүй, бие биендээ итгэхгүй юм бол чи одоо манай гэрээс гар зайл гэж зүүн гарын бугуйнаас татаад, намайг зүүн талын шанаа хацар луу нэг удаа алгадаад хөөсөн. Тэгэхээр нь би  явлаа  хүүгээ авч явна гэж хэлтэл би хүүгээ чамд өгөхгүй харин өөрөө зайл гэхээр нь би уурлаад гэрээс гарч цагдаад дуудлага өгөөд хүү  Т- авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9/,

 

Гэрч М.Б- мөрдөн байцаалтанд: “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр би дэд цагдаагийн хэсгийн Бугат-67 хэсэгт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж 24 цагаар ажилласан.... Ингээд үүрэг гүйцэтгэж байхад Бугат-10-аас 15 цагийн орчим манай нөхөр намайг зодоод гэрээс хөөгөөд гаргачихлаа. Гэрт миний 5 сартай хүүхэд үлдсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн..Ингээд Б.Т-г бид Бугат-67 дугаар хэсгийн байр руу хэд хэдэн удаа цохисон гэж байсан ба мэдүүлэг өгөх үедээ нилээн айсан юм дуугарахгүй, асуултанд хариулж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53/,

 

Шүүхий шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.А- гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4852 дугаартай “...Ц.М-гийн биед тархи доргилт, зүүн бугалга, зүүн чихний дэлбээ, зүүн хөхөлөг сэртэн орчмын зөөлөн эдэд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18/,

 

Шинжээч эмч Б.А- мөрдөн байцаалтанд: “...Тархи доргилт гэмтлийг тогтоосон үзлэг нь мэдрэлийн үзлэгт алимны чичэрхийлэлт хөдөлгөөн, дагзны булчингийн хөшингө, маннагийн хам шинж үүссэн Мөн толгойн хэсэгт цохилтын хүч үйлчилсэн хэсэг буюу зүүн чихний дэлбээ, түүний арын хөхөлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал, үүн дээр нэмээд тухайн хүнд тархи доргилтын үед илрэх толгой өвдөх дотор муухайрах шинж илэрсэн байсан. Тархи доргилт нэг удаагийн цохилт, доргилтын улмаас үүсэх боломжтой. Дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Зүүн чихний дэлбээ, зүүн хөхөлөг сэртэн орчмын зөөлөн эдийн гэмтэл нь тархи доргилт үүсэх хүч үйлчилсэн цэг учир тархи доргилтоос салгаж гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/,

 

Дуудлагын лавлагааны хуудас:...Манай нөхөр согтуу намайг зодоод гэрээс хөөгөөд гаргачихлаа. Гэрт миний 5 сартай хүүхэд үлдсэн” гэх хуудас /хх-н 61/

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 21-22/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, бүрэн дунд болон суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 68-69/ сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 70-81/ дипломын хуулбар /хх-ийн 82-84/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Т- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хорооллын 29 дүгээр байрны 52 тоотод байх гэртээ “гар утсан дахь мэдээлэл үзлээ” гэх шалтгаанаар хохирогч хамтран амьдрагч Ц.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон ба тэрээр гэр бүлийн хүчирхийлэл буюу хохирогчийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн хамтран амьдрагч Ц.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба гэрийн бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүд хэн нэгэндээ гэмтэл учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Б.Т- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хорооллын 29 дүгээр байрны 52 тоотод байх гэртээ “гар утсан дахь мэдээлэл үзлээ” гэх шалтгаанаар хохирогч хамтран амьдрагч Ц.М-г зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалга, зүүн чихний дэлбээ, зүүн хөхлөг сэртэн орчмын зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

      

     хохирогч Ц.М-гийн“...утсыг шалгалаа одоо хамт амьдрах шаардлага байхгүй, бие биендээ итгэхгүй юм бол чи одоо манай гэрээс гар зайл гэж зүүн гарын бугуйнаас татаад, намайг зүүн талын шанаа хацар руу нэг удаа алгадаад хөөсөн. Тэгэхээр нь би  явлаа  хүүгээ авч явна гэж хэлтэл би хүүгээ чамд өгөхгүй харин өөрөө зайл гэхээр нь би уурлаад гэрээс гарч цагдаад дуудлага өгөөд хүү  Т- авсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 7-9/, гэрч М.Б-ы“...15 цагийн орчим манай нөхөр намайг зодоод гэрээс хөөгөөд гаргачихлаа. Гэрт миний 5 сартай хүүхэд үлдсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53/, шинжээчийн “...тархи доргилт нэг удаагийн цохилт, доргилтын улмаас үүсэх боломжтой. Дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/,  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/, дуудлагын лавлагааны хуудас “...манай нөхөр согтуу намайг зодоод гэрээс хөөгөөд гаргачихлаа. Гэрт миний 5 сартай хүүхэд үлдсэн” гэх дуудлагын тэмдэглэл /хх-ийн 61/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 Шүүгдэгч Б.Т- нь Ц.М-гийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.   

 

Иймд шүүгдэгч Б.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

        Хохирогч Ц.М- нь шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

         Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

       Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй,  анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

 

       Б.Т- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзаж түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон               ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Б овогт  Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

       3. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.  

      

       4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

       5. Б.Т-д цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  болохыг тус тус дурьдсугай.

 

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ