Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2017/00012/И |
Дугаар | 130/ШШ2017/00055 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 130/ШШ2017/00055
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт байрлалтай, Р ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, И овогт Х ын А т холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 128000 төгрөг, алданги 64000 төгрөг, нийт 192000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Х.А нь тус компанитай 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 хоногийн хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-80 маркийн 128000 (80 литр х 1600 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг хүлээж авсан билээ.
Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч Х.Аээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 552 хоног хэтрүүлсний алданги тооцоход 128000 төгрөг х 0,5%=640 х 552 хоног = 353280 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 255000 төгрөг болж байна.
Иймд иргэн Х.Аээс үндсэн зээл болох 128000 төгрөг, мөн алданги 64000 төгрөг, нийт 192000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ны захирал Н.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Манай компани Х.Аээс зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 128000 төгрөг, алданги 64000 төгрөг, нийт 192000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрөө бүрэн төлж манай компанийг хохиролгүй болгосон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээс татгалзсанаас гарах үр дагаврыг сайн ойлгосон болно.
Иймд тус компани нэхэмжлэлтэй, Х.Ат холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 128000 төгрөг, алданги 64000 төгрөг, нийт 192000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Р ХХК-ны нэхэмжлэлтэй, Х.Ат холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 128000 төгрөг, алданги 64000 төгрөг, нийт 192000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжилсэн 192000 төгрөгийг төлж өгсөн бөгөөд энэ тухай тайлбарыг нэхэмжлэгч Р ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Р ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6410 төгрөгийн тал нь болох 3205 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 3205 төгрөг, мөн хариуцагч Х.Аээс 3205 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Р ХХК-нд 192000 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6410 төгрөгийн тал нь болох 3205 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 3205 төгрөг, мөн хариуцагч Х.Аээс 3205 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК