Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 27

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч                                       В.Батдэлгэр

Нарийн бичгийн даргаар                    С.Энхтайван нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Мод холбогдох эрүүгийн 1931004270239 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн Дархан Уул аймгийн Дархан суманд 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5-р баг, 6-р хэсэг 140 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Б.М /РД:ТА88071610/

 

Шүүгдэгч Б.М нь Сэлэнгэ аймаг Шаамар сумын 1 дүгээр багийн Таван толгойн 2-06 тоотод 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Ө.Баасандалайтай маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрх чөлөөнд нь халдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Б.Мын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ...Тухайн үед их согтсон байсан болохоор болсон асуудлын талаар үнэхээр санахгүй байна. Тухайн үед Төрөө ах тасраад унтчихсан байсан. Баасандалай бид хоёр л гэрт байсан бөгөөд өөр гадны хүн гэрт байгаагүй. Төрөө ах Баасандалай хоёрын хооронд ямар нэг хэрүүл зодоон гарах шалтаг шалтгаан байхгүй. Цацааг найз залуу нь ирээд аваад явчихсан байсан болохоор надаас өөр хүн Баасандалайг зодоогүй гэж үзэж байна. Тэгээд ч намайг өөрийг нь зодоогүй бол Баасандалай “намайг Мөнх-Од зодсон” гэж гүтгэхгүй байх. ...Надад гаргаж өгөх нотлох баримт болон, санал хүсэлт алга. Би гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч Ө.Баасандалайгийн эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа тул бага ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р ху/,

2.Шүүгдэгч Б.Мын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү. Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулах боломж болгож өгнө үү... гэх мэдүүлэг.

3.Хохирогч Ө.Баасандалайгийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Мөнх-Одод зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Надад хэрэгт хавсаргах хохирлын баримт байхгүй. Өмнө нь бид хоёрын дунд маргаан үүсдэг байсан. Зодохын хувьд гэвэл 2019 оны 09 дүгээр сард нэг удаа зодож байсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаагүй. Ирээд уучлал гуйгаад байхаар нь цагдаад хандалгүй өнгөрдөг байсан. Миний зүгээс Мөнх-Одод холбогдуулан гаргах гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,

4.Хохирогч Ө.Баасандалайгийн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнх-Од намайг 2019 оны 09 дүгээр сард нэг удаа зодож байсан. Тухайн үед Мөнх-Од архи уусан байсан бөгөөд бид хоёр мөнгө төгрөгнөөс болж хоорондоо маргалдсан. Мөнх-Од намайг нэг удаа алгадаж байсан. Өөрөөр зодож цохисон асуудал байгаагүй. Бид хоёр танилцаад 5 жил, хамт амьдраад 4 жил гаруй хугацаа өнгөрч байна. Бид хоёрт гэрлэлтийн гэрчилгээ батлах байхгүй. Одоо Шаамар сумын 1 дүгээр багт хоёулаа хамт амьдарч байгаа. Надад өөр нэмж ярих зүйл алга. Мөнх-Од надаас уучлал гуйж бид хоёр эв зүйгээ олсон. Надад Мөнх-Одод гаргах гомдол байхгүй тул Б.Мод бага ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,

5.Гэрч М.Түмэн-Оргилын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...”Эсвэл чи машин олоод намайг ирээд аваадхаач” гэж ярьсан. Надад машин олдоогүй тул би явган яваад 1 цаг гарангийн дараа Баасандалайгийнд очсон бөгөөд намайг очиход Баасандалай, Мөнх-Од, Оюунцацрал, бас нэг настайвтар ах 4-лээ байсан. Тэр 4 аль аль нь нэлээд согтуу байсан ба Баасандалай нөхөртэйгээ муудалцаад зодолдоод байсан. Би ороод Оюунцацралыг аваад гарсан. Намайг ороход тэр хоёр хоорондоо зодолдсон бололтой нөхрийнх нь хамраас цус гоожчихсон, хоорондоо хэрэлдэж байсан. Миний нүдэн дээр бол хэн нэгнийгээ зодож цохиогүй. Баасандалай Оюунцацралаас утсыг нь булаагаад авчихсан гээд Оюунцацрал утсаа нэхэх үед Баасандалай “утсыг чинь өгөхгүй” гээд байсан. Тэр хоёр хоорондоо өмнө болсон асуудлын талаар яриад “чи намайг хөөдөг хэн бэ?” гээд хэрэлдээд байсан. Баасандалай нь Оюунцацралыг үстээд дараад байсан ба Оюунцацрал үстүүлсэн байхдаа баруун гараараа Баасандалайгийн зүүн талын хацарлуу нэг удаа савж алгадсан. Өөрөөр хэн нэгнийгээ зодож цохисон асуудал байхгүй. Тэд нараас Баасандалай нэлээд согтуу байсан. Оюунцацрал согтолттой, хоёр эрэгтэй нь аль аль нь гайгүй байсан. Тэд нарыг хэчнээн хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг би мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/,

6.Гэрч В.Төртогтохын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Давааням гэдэг айлд орчхоод гэрлүүгээ алхаж явтал Баасандалай нөхөртэйгээ гаднаа зогсож байсан. Намайг хараад тэр хоёр “ороод ирээч” гэж дуудахаар нь би гэрт нь ортол, тэр хоёр гэртээ хоол хийсэн байсан. Хоол идчихээд байж байтал тэр хоёр 0.75 литрийн савлагаатай тал шил ‘‘Алтан түрүү” нэртэй архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан. Тал шил архиа хувааж уучхаад Баасандалай гарч яваад дахин нэг шил архи нэг пиво оруулж ирж уусан. Би өмнө нь айлд мотор боолцоод архи уугаад нэлээд халаалттай явсан бөгөөд Баасандалайгийнд ороод нэмж уусан болохоор нилээд согтсон байсан. Миний санаж байгаагаар Баасандалайгийн найз гээд гадны бололтой нэг хүүхэн орж ирчихсэн хамт уугаад сууж байсныг бүүр түүрхэн санаж байна. Тэгээд тэндээ тасарч унаад хоносон байсан. Маргааш өглөө нь босоход гал тогооны өрөөнд хоёр аяга хагарсан байсан бөгөөд би эрт босоод гараад явсан. Б.М, Ө.Баасандалай нар надтай сууж байхад маргаж муудаагүй. Би тасраад уначихсан болохоор тэр хоёрын дунд маргаан зодоон болсон эсэхийг тодорхой сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

7.Гэрч Ц.Болдбаатарын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.М гэх залуу манай сум, багт ямар нэг албан ёсны бүртгэл байхгүй. Тэр хоёр хамтран амьдрагчид гэдгийг би сумын иргэдийн амнаас сонсож байсан. Өрхийн бүртгэлийн /ХАӨМС/ программ дээр Ө.Баасандалай нь охин хүү хоёрын хамт амьдардаг гэх бүртгэлтэй байдаг. Баасандалайгийн охин нь оюутан, хүү нь цэрэгт яваад сая халагдаж ирсэн бөгөөд хоёр хүүхэд нь Улаанбаатар хотод амьдардаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/,

8.Гэрч М.Оюунцацралын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тэр өдөр Шаамар сум орсон бөгөөд намайг найзындаа сууж байхад Баасандалай залгаад “бид нар ууж байна. Чи найздаа нэг шил архи аваад өгөөч” гэхээр нь би тэр хоёрыг “хүрээд ир” гэсэн. Тэр хоёр машинтай ирж МСҮТ-н байрны гадна ирж намайг авч бид нар доошоо буугаад гэрийнх нь хажуугийн дэлгүүрээс би нэг шил архи, хоёр лааз пиво аваад гэрт нь очсон. Тэгээд Баасандалайгийнд очиж сууцгаасан бөгөөд тэр хоёртой хамт хөрш нь юм уу, сумынх нь нэг ах хамт байсан. Тэгээд авч очсон нэг шил архиа задалж хувааж ууцгаасан бөгөөд тэр гурав өмнө нь уусан байсан болохоор нэлээд согтоцгоосон бөгөөд би согтуу хүмүүстэй байхаас айгаад найз Түмэн-Оргилыг дуудаж авахуулан Түмэн-Оргилынд очиж хоносон. Намайг байхад тэр хоёрын дунд зодоон болоогүй. Баасандалай надаас өмнө нь таксины жолоочид өгч алга болгосон утсаа нэхээд агсам тавих гээд байсан бөгөөд дараа нь нөхөртөө хандан “чи одоо манай найзтай эвлэр. Чи манай найзыг үнэсчих” гэж хэлэхэд Мөнх-Од босож ирээд намайг үнэссэн. Баасандалай согтуурхан “чи муу янхан миний нөхөртэй үнэсэлдсэн” гээд над руу дайраад миний үснээс зулгаасан. Би Баасандалайтай зууралдаад байж байхад Мөнх-Од дундуур орж салгасан бөгөөд энэ үед Түмэн-Оргил гаднаас орж ирж намайг аваад гарсан. Бид хоёрыг гарснаас хойш тэнд ямар хэрүүл зодоон болсныг би сайн мэдэхгүй байна. Мөнх-Од намайг зодож цохисон асуудал байхгүй. Баасандалай миний үснээс зулгаасан. Зууралдах явцад миний нүүрэнд бага зэрэг сорви үлдсэн байсан. Одоо бол тэр шалбарсан сорви арилсан. Баасандалай бид хоёрын дунд урьдын өс хонзон өглөг авлагын асуудал байхгүй. Хамт ажиллаж байх үедээ гэмгүй нөхөрлөж байсан. Би тухайн үед эрүүл шахуу байсан. Хийж өгсөн архинаас нь уруул хүргээд л өгөөд байсан. Баасандалай Мөнх-Од нар болон хамт байсан настай ах нар аль аль нь нэлээд согтолттой байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

9.Гэрч А.Ганболдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнх-Од нь их нийтэч хүнд тусархуу, эелдэг зантай. Ангидаа болон найзууд дундаа хамгийн даруухан хүүхэд байсан. Их уян зөөлөн сэтгэлтэй залуу байгаа юм. Би найзыгаа маш сайн залуу гэж дүгнэж хэлнэ. Амьдралын түвшингийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй энд тэнд халтуурын ажил хийж амьдралаа залгуулдаг энгийн бор амьдралтай залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

10.Гэрч С.Гансүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнх-Од нь их нийтэч хүнд тусархуу зантай ангидаа хамгийн даруухан хүүхэд байсан. Би найзыгаа маш сайн залуу гэж дүгнэж хэлнэ. Сүүлийн үед жаахан архи уух гээд байдаг болсон. Их уян зөөлөн сэтгэлтэй залуу байгаа юм. Амьдралын түвшингийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй хар бор ажил хийж амьдралаа залгуулдаг энгийн бор амьдралтай залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,

11.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 271 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ө.Баасандалайн  биед зүүн өвдөгөнд шарх, хэвлийн зүүн хэсэг, баруун тохой, баруун зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 25-26-р ху/,

12.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 08-09-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 24-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 28-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 27-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 38-р ху/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 37-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 47-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 48-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 45-46-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М нь Сэлэнгэ аймаг Шаамар сумын 1 дүгээр багийн Таван толгойн 2-06 тоотод 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамтран амьдрагч Ө.Баасандалайтай маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Мод ялт шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж үзэх нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.Мын гэмт үйлдлийн хохирогч Ө.Баасандалайн биед хөнгөн  хохирол, учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.

   Шүүгдэгч Б.М нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналын дагуу шүүгдэгч Б.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

     Шүүхээс шүүгдэгч Б.Мын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6/зургаан/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.

         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслэн сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Мыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000/таван мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан Б.Мод мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй, болохыг тус тус  дурьдсугай. 

6.Шүүгдэгч Б.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

           10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

              

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН