| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0592/Э |
| Дугаар | 0661 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 0661
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Н.Ундрах,
иргэдийн төлөөлөгч Б.Ө,
хохирогч П.А,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б.Эад холбогдох 2008012600391 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Мандал-Овоо ... дугаар, ... тоотод оршин суух, урьд
Баянзүрх дүүргийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 160 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, Ч овогт Б.Э /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод байрлах нийтийн байрны ... тоотод иргэн Э.Лийг “Унтуулж амраасангүй, та хоёрыг ер нь алчихна шүү” гэж зүүн далан тус газар нь хутгалж цээжний хөндий нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэн, гол судас гэмтээсэн хатгаж зүссэн шарх үүсгэн хүнийг алсан,
Мөн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод байрлах нийтийн байрны ... тоотод иргэн П.Аыг “Унтуулж амраасангүй, та хоёрыг ер нь алчихна шүү” гэж баруун далан тус газар нь хутгалж баруун далны доод хэсгийн зүсэгдсэн шарх хөнгөн хохирол учруулан хүнийг алахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 9-ний өдөр гэртээ байж байхад манай 2 найз болох А, талийгаач нар ирсэн. Талийгаач, А нар нь хоорондоо маргалдаад байхаар нь би “унтаж байна ш дээ болчхооч дээ” гэсэн. Гэтэл маргалдсан хэвээр байсан тул айлгах гээд ширээн дээр байсан хутгаар Аын дал хавьцаа зүсэж, дараа нь талийгаачийн хойноос зоогоод хаячихсан. Тэр үед А нь зогсож байсан, талийгаач нь сууж байсан юм. Надад алчихъя гэсэн санаа зорилго байгаагүй, айлгах л гэсэн юм. Бид багын найзууд юм. Энэ асуудал нь 20 цагийн үед болсон. Миний өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн хүн байхгүй. Тэгээд байж байтал талийгаачийн царай сонин болоод ирэхээр нь миний утсаар түргэн дуудсан юм. Би уг нийтийн байрыг 2 найзын хамт түрээсэлдэг байсан. Тухайн үед тэр 2 найз маань унтаж байгаад сэрээд хэвтэж байсан. Би маш их гэмшиж байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр найз найз Чүлтэмийн төрсөн өдөр болоод найз Лийг гэрээс нь дуудаж гаргасан юм. Тэгээд М орж архи уучхаад нийтийн байр луу Лийн хамтаар очсон юм. Л бид 2 замдаа маргасан, би түүний ингээд гэр лүүгээ явчих гэхэд явахгүй гээд маргалдаад дагаад байсан. Тэгээд эхлээд би нийтийн байр луу орсон. Араас талийгаач орж ирсэн. Тэнд ороод маргалдаад ганц хоёр цохилцоод, дээр доороо орсон. Тэгтэл Э босож ирээд та 2 больцгоо гээд ширээн дээр байсан хутгыг авахаар нь би арай цохичихгүй байлгүй гэтэл намайг цохиод дараа нь талийгаачийг цохиод авсан. Тэгээд байж байтал талийгаачийн царай сонин болоод байхаар нь түргэн дуудсан. Надад цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед хашааны хаалга цохихоор нь онгойлгоогүй, гэтэл танихгүй дугаараас талийгаачийн утсанд дуудлага ирсэн. Тэгтэл хүү Л нь ээжээ автобусны мөнгө байна уу, ойрхон гарчхаад ирье, удахгүй гэсэн. Уул нь 12 дугаар сараас эхлэн эдгээр найз нараасаа харилцаа холбоогоо таслаад байж байсан юм. Тэгээд гараад явснаас хойш байж байгаад залгахад Москва хорооллоос уруудаад гэр лүүгээ харих гээд явж байна гэж ярьсан, нэг их согтуу байгаагүй. Тэгээд ирэхгүй болохоор нь 19 цагийн үед залгахаар нь авсан ч дуугараагүй, цаана нь хэрүүл болоод А “эрүүл бол” гээд цохиж авч байгаа юм шиг чимээ гарсан. Тэгтэл бас та нар больцгоо л доо гэсэн дуу гараад талийгаач ёох, болиоч гээд сулхан дуугарсан. А нь тухайн үед “жинхэнэ чамайг алчихъя гээд хэлээд байсан. Гэтэл одоо энд хохирогч болоод сууж байна. Би Ат гомдолтой байгаа. Б.Эын эгч нар надад оршуулгын зардлаас тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, одоо 750,000 төгрөг өгөхөөр байгаа. Энэ мөнгөө нэхэмжилнэ. Амь хохирогч нэг хүүхэдтэй, тэр хүүхэд нь одоо 8 нас хүрч байгаа юм. Ээж нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудлыг хөөцөлдөж байгаа гэсэн. Би уг асуудалд оролцохгүй байгаа. Талийгаач нь хүүхдийнхээ ээжтэй гэрлэлтийн баталгаагүй, 2015 оноос хойш хамт амьдраагүй. Хүүхэд нь над дээр байдаг юм” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
хохирогч Д.Дын мэдүүлэг /1хх-ийн 76-78х/, хохирогч П.Аын мэдүүлэг /1хх-ийн 83-85х/, гэрч Б.Гийн мэдүүлэг /1хх-ийн 95-96х/, гэрч Л.Оий мэдүүлэг /1хх-ийн 100-102х/, гэрч Л.Бийн мэдүүлэг /1хх-ийн 110-111х/, гэрч Ч.Мын мэдүүлэг /1хх-ийн 114-115х/, гэрч Б.Аын мэдүүлэг /1хх-ийн 124х, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаартай дүгнэлт /1хх-ийн 126-129х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 3702 дугаартай дүгнэлт /1хх-ийн 133-134х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1392 дугаартай дүгнэлт /1хх-ийн 167-168х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1394 дугаартай дүгнэлт /1хх-ийн 179-180х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1396 дугаартай дүгнэлт /1хх-ийн 193-194х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1642 дугаартай дүгнэлт /1хх-ийн 204-205х/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт /1хх-ийн 216-217х/, шинжээч эмч Ц.Гын мэдүүлэг /1хх-ийн 219-220х, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 6-22х/, шүүгдэгч Б.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 55х, 57-58х/, оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-ийн 60х/, суурь боловсролын гэрчилгээ /1хх-ийн 63х/, мэргэжлийн үнэмлэх /1хх-ийн 64-65х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 66х/, шүүгдэгч Б.Эын мэдүүлэг /1хх-ийн 241-242х/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Шүүгдэгч Б.Э нь иргэн Д.Аыг хутгалж алахыг завдсан, иргэн Э.Лийг хутгалж алсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дт 750,000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж олгох, хохирогч П.Ат төлөх төлбөргүй болохыг дурдах” тухай дүгнэлтийг,
Хохирогч: “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...гомдолгүй, үлдэгдэл 750,000 төгрөгийг нэхэмжилж авна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгох байр сууринаас оролцоно” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Эад холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамж ... тоотод байрлах нийтийн байрны ... тоотод байхдаа “унтуулж амраасангүй, та хоёрыг ер нь алчихна шүү” гэж хэлэн иргэн П.Аын баруун далан тус газар нь хутгалж баруун далны доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулан хүнийг алахыг завдсан, үргэлжлүүлэн иргэн Э.Лийн зүүн далан тус газар нь хутгалж алсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 6-22х/,
Хохирогч Д.Дын: “...Миний хүү Э.Л буюу амь хохирогч маань өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байтал талийгаачийн утас нь дуугараад утсаар яриад хүн дуудсан бололтой гэрээсээ гараад хашааны гадна цагаан хар өнгийн хагас богино куртиктэй 20 гаран насны эрэгтэй хүнтэй уулзсан. Тухайн үед би цонхоор хүүгээ хэнтэй уулзах бол гээд харсан юм, би тэр залууг Аыг байна гэж бодсон, тухайн үед талийгаачийн утас руу ... гэсэн дугаараас залгаад дуудсан байсныг нь би утсаа орихоод гарахаар нь утсыг нь үзэж байгаад мэдсэн. Тэгээд гадаа гарч үл таних залуутай уулзчихаад гэртээ орж ирээд надад амь хохирогч “ээжээ би ойрхон гараад ирье та надад автобусны мөнгө 2000 төгрөг байвал өгөөч, хүү нь ойрхон гарчхаад ирнэ” гэхээр би байсан 1000 төгрөгөө өгөөд гаргасан. Гэрээс гарч явахдаа талийгаач маань Хаан банкны картаа аваад гарахаар нь би “миний хүү хаашаа явах гээд байгаа юм бэ, чи сая хэнтэй уулзаад ирвээ” гэхэд манай ажлын газрын хүн гэхээр нь би “чи битгий худлаа яриад байгаач ээ нөгөө Анхаа буюу А чинь чамайг дуудаад гарч байгаа юм биш үү, тэд нартай уулзаж яах гэсэн юм бэ, бие хаа чинь муу байхад битгий архи дарс уугаарай” гэж хэлээд гаргасан. Амь хохирогчийг гэрээсээ гараад явсны дараа 30 орчим минутын дараа би “биеэ бодоорой, битгий их архи уугаарай” гэж ... дугаарын утсанд өөрийн 99926498 дугаарын утаснаас мессеж явуулсан, хэсэг хугацааны дараа буюу 14 цаг 13 минутад амь хохирогч маань ... дугаараас миний ... дугаар луу “би одоо очлоо мангар олуулаа нэг юм уусан бараг уусангүй одоо очлоо” гэсэн мессеж явуулсан. Тэгээд амь хохирогч маань 14 цаг 40 минутад миний утас руу өөрийнхөө дугаараас залгаад “хүү нь Москва хорооллоос такси бариад очлоо, такси барих гээд явж байна”, дараа нь 15 цаг 22 минутад амь хохирогч маань өөрийн дугаараасаа миний дугаар уу залгахаар нь би “чи яачихваа ирж байна уу” гэхэд “ээжээ манай найз И машинтайгаа ирж байна гэсэн тэгэхээр хүү нь очно угаасаа хүүд нь автобусны мөнгө байхгүй юм чинь би Иг ирэхээр удахгүй очно” гээд утсаа салгасан. Тухайн үед манай амь хохирогч Л нь архи уусан эсэх нь мэдэгдээгүй эрүүл байх шиг байсан. Тэгээд би амь хохирогчийн охин Дыг дагуулаад Ханын материалд өөрийн төрсөн дүү болох Эынд очихоор явсан. Дүүгийндээ очоод усанд ороод байж байтал 18 цаг 04 минутад амь хохирогч /... өөрийнхөө дугаараас/ маань залгаад надтай утсаараа ярихгүй байсан. Би утсыг нь чагнахад цаанаа хүмүүстэй зодолдоод байх шиг чимээ гараад А цаана нь “эрүүл болооч” гээд цохиж байгаа юм шиг чимээ гараад байхаар нь би утсан дээрээ тэр яриаг нь бичиж авсан. Тухайн бичлэгийн сүүл хэсгээс нь би хэдэн секунтын бичлэг хийж авсан. Тэгээд би 18 цаг 51 минутад амь хохирогчийн утас руу залгахад утсаа авахгүй салгаад байсан. ...Миний төрсөн эгч З манай нөхөр Б рүү 21 цагийн үед залгаад талийгаачийг хүнд хутгалуулсан, Цамбагаравын эмнэлэг дээр байна, цус алдаад бие нь маш муу байна Д эхнэртэйгээ хамт Цамбагаравын эмнэлэг рүү явсан та нар хурдан оч гэсэн. Цагдаагийн байгууллага дээр ирээд хүүгээ нас барсан байна гэж мэдсэн. Миний ганц хүүг зодож амь насыг нь бүрэлгэж байх үед амь хохирогчийн хажууд байсан бүх хүмүүст гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 76-78х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч П.Аын: “...Миний найз болох Э, Г болон түүний найз эмэгтэй О нар хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод байрлах нийтийн байранд өрөө хөлсөлж суудаг юм. Би 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр найз Э, Г нарын гэрт ирж 2 хоносон юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр найз Гийн хамт өөрийн найз болох талийгаач Лийн гэрт /12 цагийн үед байх/ очоод ...үл таних ахаас утсыг нь гуйж талийгаач Лтой утсаар ярьж дуудаад хамт архи уух гээд талийгаач Лоос нэмэрлэх мөнгө байна уу гэхэд одоо надад ямарч мөнгө байхгүй гэхдээ би эгчээсээ асуугаадахъя гээд утсаараа Энхээ гэх эгчтэйгээ яриад 10.000 төгрөг зохицуулчихлаа гээд бид нар Гийн гэрт очих замдаа 0.75 литрийн хараа нэртэй архи авсан. Тэгээд Гийн гэрт очиход Ч, Б, Мнар Гийн гэрт нь ирчихсэн байсан. Тэгээд гэрт нь ороод авч очсон 0.75 литрийн Хараа нэртэй архиа бүгд хувааж ууцгаасан. Дараа нь Хархорин захыг ард талын 20-р байрны М гэх паб руу орж 750 граммтай Жакданелс гэх виски 1 шил, 750 граммтай Соёрхол архи 1 шилийг авч хувааж уучхаад Б.Э, талийгаач Л бид 3 М пабын гаднаас такси бариад Эын гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотын гадаа очиход Э түрүүлээд гэрлүүгээ орсон. Тэгээд би талийгаач Лийг согтсон байсан болохоор за миний найз харьчих, танайх ойрхон юм чинь алхаад харьчих гэтэл талийгаач Л орчхоод явъя гээд Эынх руу хамтдаа орцгоотол Э, талийгаач Лийг яв, гэртээ харь гэсэн. Талийгаач Л явахгүй гээд тэгээд тэр хоёр хоорондоо маргасан. Тэгэхээр нь би Эад хандан жоохон байж байгаад явах л байлгүй гээд Этай маргалдаад байж байтал Э “Та хоёрыг ер нь алчихна шүү” гээд босч ирээд хутга авахаар нь би наад хутга чинь сунадаг шүү, чи боль хөөе гэтэл шууд талийгаач Лийг зүүн далан дээр нь хутгалаад эргэж хараад миний баруун дал руу хутгалсан. Тухайн үед талийгаач Л газар гудсан дээр сууж байгаад доошоо хараад би жоохон унтмаар байна гээд тэр чигтээ доошоо хараад хэвтсэн. Тэгээд хэсэг 20 орчим минутын дараа талийгаач Лийг хөдлөхгүй хэвтээд байхаар нь очоод толгойг нь барь үзэхэд хүйтэн болсон байхаар нь Г, О, Э нарт хэлээд Талийгаач Лийг амьсгалж байгаа эсэхийг нь шалгахад амьсгал байгаа эсэх нь мэдэгдэхгүй байсан болохоор 103 руу Эын утсаар залгаж манай найз хутгалуулчихсан чинь амьсгалж чадахгүй байна гэж дуудлага өгсөн, удалгүй 103 цагдаа хоёр хамт ирээд талийгаач Лийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд намайг эмнэлэг рүү авч явсан. Цагаан саарал өнгийн төмөр хутга байсан. Тухайн үед Э ширээн дээр байсан хутгыг аваад бид хоёрыг хутгалсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-85х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Б.Гийн “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим А бид хоёр Лийн гэрийн гадна очоод А ...үл таних хүнийг гуйгаад Лтой утсаар яриад Лийг дуудаж гаргаж ирээд манай гэрлүү явсан, замдаа 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи авсан. Тэгээд манай гэрт очоод Л, А, манай хамтран амьдрагч О бид нар авчирсан архиа хувааж ууцгаасан. Тэгээд бид нарыг сууж байтал гаднаас Э орж ирээд А, Л, Э 3 гараад явсан. Тэгээд О бид хоёрыг унтаж байхад 18 цагийн орчим байх гаднаас Э ганцаараа нэлээн согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би Эыг унтаж амар гэж хэлээд унтуулж байтал 20 цагийн орчим Л, А нар гаднаас орж ирсэн, тэр хоёр нэлээн согтуу байсан. Тэгээд Л Ааас найзыгаа манай гэрлүү жоохон дөхүүлээд өгөөч гэхэд А нь Лид “би чамайг дандаа өмөөрдөг” гээд 2 удаа баруун гарынх нь мөр орчим нь цохиод авсан, тэгээд тэр хоёр маргалдаад хоорондоо хэрэлдээд байж байхад нь Э сэрээд “Унтмаар байна ш дээ та хоёр ямар сонин юм бэ” гэхэд Л, А хоёр маргалдсан хэвээрээ газар сууж байхад нь Э босож ирээд манай гал тогооны хэрэгсэл байдаг тавиуран доор байсан цагаан саарал өнгийн хутгыг аваад Аын баруун талын дал руу нь 1 удаа хутгалаад, дараа нь Лийн зүүн талын дал руу нь 1 удаа хутгалсан, тэгтэл Л чимээгүй хэвтээд өгсөн. А дороо суугаад байж байсан. Тэгээд 20 орчим минутын дараа Лийг Э дээшээгээ болоод хэвтээч гээд Лийн гарнаас нь өргөх гэтэл Лийн гар, нүүр нь хөхөрчихсөн, царай зүс нь цайрчихсан дуугарахгүй хөдлөхгүй байхаар нь 103 дугаарын утсанд залгаж түргэн тусламж дуудсан. Тэгээд 103-н эмч нар Лийг үзээд нас барсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96х/,
Гэрч Л.Оий “...Г бид 2 гэртээ унтаж байсан чинь 19 цагийн орчимд Э ганцаараа орж ирээд манай гэрт юм хэлэлгүй шууд унтаад өгсөн. Харин Эын араас 20 цагийн орчимд гаднаас А, Л 2 орж ирсэн ба А Лг “би чамайг өнөөдөржингөө хүмүүсээс өмөөрч явлаа шүү, одоо чи гэртээ харь” гэж хэлсэн чинь Л “үгүй би харихгүй” гээд Атай хэрүүл хийгээд суугаад байсан чинь Э унтаж байгаад босож ирснээ “би унтаж амармаар байна, яах гэж наад Лгаа дагуулж ирсэн юм” гэж хэлээд орилоод босоод ирсэн. Тэгтэл А, Л 2 хоорондоо маргалдаад л байсан. Тэгтэл Э ширээн дээр байсан цулгуй цагаан саарал өнгийн төмөр хутгийг аваад Аын нуруу луу нэг удаа хатгаад, дараа нь Лгийн нуруу луу мөн хутгаараа хатгаж байгаа харагдсан. Тэгтэл Л удаагүй шууд газар байсан гудсан дээр дээшээ хараад хэвтээд өгөхөөр нь унтаад өгчихөж л байгаа юм байх гэж бодоод тоогоогүй. Энэ үед Л хурхираад унтаад байсан. Хэсэг хугацааны дараа Л удаагүй нээх сонин хөдөлгөөнгүй болчихлоор нь сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Энэ үед Эын 94942013 дугаарын утсаар А түргэн дуудсан юм. Түргэн ирээд Лг нас барсан байна гэж хэлээд Аыг эмнэлэг рүү аваад явсан ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 100-102х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 680 дугаартай: “...талийгаач цээжний хөндий нэвтэрч зүүн уушигны дээд дэлбэн, гол судас гэмтээсэн хатгаж зүссэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралт /1800 мл/, зүүн уушигны авчилт, зүүн ташаан толгой цус хуралт тогтоогдлоо, талийгаачийн биед учирсан цээжний хөндий нэвтэрсэн шарх нь 2.0 см өргөнтэй, 6.0 см-с дээш урттай ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, зүүн ташаан толгойн цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ, зүүн ташаан толгойн цус хуралт нь нас барахаас 1-2 цагийн өмнө, цээжний хөндийн цус хуралт нь нас барахаас 3-4 минутын өмнө үүсчээ. Талийгаач нь гол судас гэмтэн цээжний зүүн хөндийд цус алдаж нас баржээ, цус нь 2-р бүлэг байна, нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /1хх-ийн 126-129х/,
Шинжээч эмч Ц.Гын: “...Талийгаачид цээжний нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн гол судас гэмтээсэн хатгагдсан шарх цээжний зүүн хөндийн цус хуралт 1800 мл, зүүн ташааны толгойн цус хуралт тогтоогдсон. Талийгаачийн биед учирсан цээжний хөндийн нэвтэрсэн шарх нь 2.0 см өргөнтэй 6.0 см-ээс дээш урттай ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр, зүүн ташааны толгойн цус хуралт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдсэн байна. Цээжний хөндийн цус хуралт нас барахаас 3-4 минутын өмнө үүссэн байна. Талийгаач нь гол судас гэмтэн цээжний зүүн хөндийд цус алдаж нас барсан байна. Талийгаачийн зүүн ташаан дахь цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, талийгаачийн 2 гарын гадна хэсэгт үүссэн цус хуралт нь талийгаач өөрөө ямар нэгэн бие цохисноос үүссэн цус хуралт байна, эдгээр нь хамтдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 219-220х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3702 дугаартай шинжээчийн: “...Аын биед далны доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 133-134х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1392 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн хүрмэнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралт байна. Саарал өнгийн майканд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй. Бор өнгийн хүрмэнд гарсан ханзралт, ир саарал өнгийн майканд гарсан зүсэгдэлтийн зах ирмэг бохирлогдож өнгөө алдаагүй байх тул шинээр гарсан байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 167-168х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1394 дугаартай: “...Э.Лийн өмсөж явсан гэх цамцанд гарсан гэмтэл, хар хөх майканд гарсан 22мм хэмжээтэй гэмтлүүд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 179-180х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1396 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хүрмэнд ханзралтууд шинээр, богино хүрмэнд зүсэгдэлт шинээр гарсан байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 193-194х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1642 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 9x10 см хэмжээтэй саарал өнгийн даавууны хэсэг 13 дугаартай цус мэт зүйлээс дээж гэсэн гялгар уутанд 1 ширхэг хөвөн бамбар дээр цус илэрсэн. 9x10 см хэмжээтэй саарал өнгийн даавууны хэсэг. “13” дугаартай цус мэт зүйлээс дээж гэсэн гялгар уутанд 1 ширхэг хөвөн бамбар дээрх цус нь АBО системээр А II бүлгийн харьяалалтай хүний цус байна. Цагаан өнгийн төмөр 12 см иштэй 26 см урттай хутга, бор хүрэн өнгийн хуванцар 6 см иштэй 16 см урттай хайч, 00-ийн цаасны хэсэг, 3 дугаартай тамхины иш гэсэн бичигтэй 2 ширхэг гялгар уутанд 2 ширхэг LD тамхины ишин дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 204-205х/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 440 дугаартай: “...Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Э нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Б.Э нь үйлдэгдсэн хэргийн үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Э нь болсон явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Эад эмнэлгийн албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 216-217х/,
Шүүгдэгч Б.Эын: “...Ширээн дээр байсан цагаан саарал өнгийн төмөр иштэй хоол хийдэг хутга ил байхаар нь би түүнийг аваад П.Аын дал хавьцаа зүсэж, дараа нь талийгаачийн хойноос зоогоод хаячихсан. Би маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 241-242х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж тодорхойлжээ.
Дээрх хэргийн үйл баримтыг нотолж тогтоосон нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Б.Э өөрийг нь унтуулж амраасангүй гэдэг шалтгаанаар эхлээд П.Аыг хутгалж, дараа нь Э.Лийг хутгалсныг гэрч Б.Гүрваанчиг, Л.Оэ нар мэдүүлснээс гадна шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, тэдгээрийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүйгээр авагдсан байна.
Энэ байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хохирогч П.Аыг алах гэсэн түүний хүсэл зориг нь биелээгүй, таслан зогсоогдсон шинжтэй байх тул хүнийг алахыг завдсан гэж үзэх, харин хохирогч Э.Лийг хутгалсны улмаас амь нас хохирсон үйлдлийн хувьд төгссөн байна.
Мөн шүүгдэгч Б.Э нь хохирогч нарыг “айлгая гэж бодсон” хэмээн мэдүүлснээс үзвэл тэрбээр өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний амь хохирч болзошгүй мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй /субъектив санаа зорилго/, мөн хүнийг хутгалж буй санаатай үйлдэл, амь хохирогч Э.Лид учирсан зүүн уушгины дээд дэлбэн гол судас гэмтээсэн хутгалагдсан шарх, хохирогч П.Аын биед далны доод хэсгийн зүсэгдсэн шарх /хохирол/, хохирогч Э.Лийн амь нас хохирсон, хохирогч П.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар /объектив шинж/ нь “хүнийг алах”, “хүнийг алахыг завдах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан П.Аыг алахыг завдсан гэх үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэх санал, дүгнэлтийг хүлээх авах үндэслэлгүй, боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Э нь хүнийг алахыг завдсан, мөн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нь оршуулгын зардалд нийт 3.698.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Э нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дт төлөх төлбөргүй болно.
Мөн хохирогч П.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг хохирогч П.Ат төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Б.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүнийг алахыг завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, хүнийг алсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нарт төлөх төлбөргүй байдал, гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй л оногдуулах”-аар зохицуулагдсан байх бөгөөд шүүгдэгч Б.Э нь “ найз нараа алах санаа зорилго байгаагүй, П.Аын хувьд алахыг завдаагүй” хэмээн үйлдлийн хувьд гэм буруу дээр маргаж оролцсон энэхүү заалтыг хэрэглэх боломжгүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Э нь хүйтэн зэвсэг хэрэглэн хохирогч нар луу халдаж, 1 хүний амь насыг хохироож, 1 хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон, хор уршгийн шинж чанар, арилгах боломжгүй нөхцөл байдал, хохирогч нарт төлөх төлбөргүй, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн шүүгдэгч Б.Эын хувийн байдал /өмнө гэмт хэрэг үйлдэж байсан ч засарч хүмүүжээгээгүй/, хохирогч нарын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож, улмаар дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 48 цаг сэжигтнээр баривчлагдсан /1хх-ийн 224х/, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ний өдөр хүртэл 92 хоног /2хх-ийн 2х, 5х, 76х/ нийт 94 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар мөнгөлөг өнгийн ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 12 см, өргөн нь 2.5 см нийт 26 см хутга 1 ширхэг, хүрэн өнгийн хуванцар бариул бүхий хайч 1 ширхэг, LD нэрийн бичиглэл бүхий тамхины 2 ширхэг иш, улаан хүрэн зүйлээр бохирлогдсон хивснээс хайчлан авсан хайчилбар, цус мэт хүрэн өнгийн зүйлээс дээж авсан хөвөн бамбар, хар өнгийн зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаасны тасархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 1 ширхэг CD-г хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б.Эыг хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 (ес) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 11 (арван нэг) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 94 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар мөнгөлөг өнгийн ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь 12 см, өргөн нь 2.5 см нийт 26 см хутга 1 ширхэг, хүрэн өнгийн хуванцар бариул бүхий хайч 1 ширхэг, LD нэрийн бичиглэл бүхий тамхины 2 ширхэг иш, улаан хүрэн зүйлээр бохирлогдсон хивснээс хайчлан авсан хайчилбар, цус мэт хүрэн өнгийн зүйлээс дээж авсан хөвөн бамбар, хар өнгийн зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаасны тасархай зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г тус хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.
7. Шүүгдэгч Б.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР
М.МӨНХБААТАР