Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2017/00058

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсний баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын * дугаар багт оршин суух, Ж овогт О ы М ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 6 дугаар багт оршин суух, Ж овогт А ийн М ад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөнд учирсан хохирол 500000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр манай багийн иргэн Аийн М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед иргэн Талгатбекийн эззмшлийн Уаз-469 маркийн машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явж байгаад миний хувийн Уаз-469 маркийн 0000БӨА улсын дугаартай машины зүүн урд хажуу талаас мөргөж зам тээврийн осол гаргасан билээ. Би үүргээ ухамсарлаж тухайн үед ослын талаар хууль хяналтын байгууллагад мэдэгдэх гэсэн боловч А.М надаас аминчлан гуйж цагдаа дуудахгүй байхыг хүссэн юм. Өөрөөр хэлбэл машины эвдэрсэн эд ангийг засварлахад зориулж 500000 төгрөг өгөхөө хэлж ам тангараг өгч мөн энэ тухай гарын баримт бичиж өгсөн юм. Осол гаргагч А.М бид хоёр нэг овгийн хүмүүс учраас би түүнийг уучилж цагдаад мэдэгдэлгүйгээр өнгөрсөн. Машины эвдэрсэн эд ангиудыг өөрөө зардал гаргаж запас сэлбэг тавьж засварлуулсан.

Өрөвдсөн хүний өрийг өшиглөнө гэдэг шиг А.М нь одоо болтол элдэв шалтаг хэлж хохиролд тооцож өгөх ёстой 500000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна. Өөрөөр хэлбэл А.М нь утсаа авахгүй надаас зугтаагаад байна.

Иймд Аийн Маас машин мөргөж эвдэлсний хохирол болох 500000 төгрөгийг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тухайн үед О.Мийн Уаз-469 маркийн автомашиныг шүргэж зөрчил гаргасан маань үнэн ба эвдсэн эд ангийг засаж арилгахад түүнд 500000 төгрөг өгөхөөр тохиролцсон билээ.

Түүнээс хойш ар гэрийн байдлаас болж өгч чадаагүй өдий хүрсэн билээ. Би энэ мөнгийг О.Мт 2017 оны 2 дугаар сарын 10-ны дотор бүрэн төлж өгөх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

О.Мийн нэхэмжлэлтэй, А.Мад холбогдох эд хөрөнгөнд учирсан хохирол 500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.М нь нэхэмжлэгч О.Мийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг төлж өгөхийг хүлэн зөвшөөрч, энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд энэ хэргийн хариуцагч А.М нь нэхэмжлэгч О.Мт 500000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийн тал нь болох 7825 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 7825 төгрөг, мөн хариуцагч А.Маас 7825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Мт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч А.М нь нэхэмжлэгч О.Мт 500000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийн тал нь болох 7825 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн ХААН банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 7825 төгрөг, мөн хариуцагч А.Маас 7825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Мт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК