Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч                                       Т.Нансалмаа

Нарийн бичгийн даргаар                     Ө.Энх-Амар нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Р.Нт холбогдох эрүүгийн 2031000010023 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замд цэрэгжүүлэн хамгаалах онцгой байдлын албанд дадлагжигчаар ажиллаж байгаа, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт, Сэлэнгэ аймаг, Шаамар сум 3-р баг, Дулаанхаан замчид гудамж, 3-28 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Тугчин овогт Р.Н /РД:МД96113013/

Шүүгдэгч Р.Н нь 2019 оны 12 дугаар 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт байрлах 56 айлын орон сууцны граж дотор түр хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Н маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж уруулд няцарсан шарх, хөмсөг, хацарт зулгаралт, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Р.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ...2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р баг Дулаанхаан тосгоны 56 айлын орон сууцны гадаа найз нарын хамт байж байгаад 56 айлын гадна ирсэн М.Н гэх хүнтэй буруу ойлголцоод улмаар би түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь гэмтэл учруулсан болно. Би М.Нтай буруу ойлголцож улмаар нүүрэн тус газар нь баруун гараараа 2 удаа цохисноос өөр цохисон асуудал байхгүй. Би урьд өмнө  нь М.Нтай зодоон цохион болж байсан асуудал байгаагүй. Бидний дунд анх удаа л ийм асуудал болсон нь тэр. Би иргэн М.Нд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Бид сайн дураараа эвлэрсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,

2.Шүүгдэгч Р.Нын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхаан тосгоны 56 айлын орон сууцны гадаа М.Н ахтай маргалдсан. Тухайн үед би 2 пиво уусан байсан. Тэгээд М.Н ах граж орж машин тавъя гэж бөөндөө граж руу орсон. Гэтэл М.Н ах үгээр идээд, манай найзыг дээрэлхээд байхаар нь 2 цохисон.  Тэгтэл М.Н ахын хамарнаас цус гоожоод байхаар нь цагдаа дуудсан... гэх мэдүүлэг.

3.Хохирогч М.Нын 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор өгсөн: ...Тэгээд гражид машин хийж байсан Хуаншган машинаа байрлуулах гээд “намайг хажууд ирээд харж бай” гэхээр нъ очоод хараад зогсож байтал гэнэт араас цохиод авах шиг л болсон. Тэгээд би ухаан алдах шиг л болоод сэртэл Ням-Осор гэж залуу намайг цохисон байсан ба надад хандан “Цацаа ахаа 2-уулаа зохицоё” гээд байж байсан. Тухайн үөд миний толгой эргээд юу ярьж байгааг нь сайн ойлгоогүй. Тэгэээд надтай хамт явсан 2 найз маань намайг дагуулаад шууд цагдаагийн хэсэг рүү явсан. Тухайн үед буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний 00 цагийн орчим Ням-Осор болон хамт явсан 2 залуу нь архи согтууруулах ундааны зүйл уучихсан байсан ба ямар учраас намайг цохих болсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 00 цагийн орчим би архи согтууруулах ундааны зүйл хэрэглчихсэн байсан.  Гэхдээ би өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. Тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай найз Дэндэв 1 шил 0,75 литрийн “Хараа” архи авчихсан байсан ба 22 цагийн орчим Дэндэв бид хоёр манай гэрт нөгөө архиа задалсан ба би нэг удаа л жаахан л уусан. Харин Дэндэв уугаагүй. Би Ням-Осор гэж залууг танина, учир нь нэг нутагт байдаг бас манай нутгийн залуучуудтай нийлээд хамт адуу мал хайгаад явж таардаг, тэгээд л танидаг болсон. Тэрнээс ямар нэг хамаарал байхгүй. Ням-осор бид хоёр урьд өмнө маргаж байгаагүй ба бид 2-н дунд ямар нэг, өр авлага, өш хонзонгийн асуудап байхгүй энд тэнд таарахаараа мэндтэй устай л явдаг. Тухайн үед Ням-Осорыг л цохисон гэж мэдэж байна. Харин хаана, юугаар, хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой 00 цагийн орчим тосгоны эрүүл мэндийн төв дээр очиж дээд урууландаа 4 оёо тавиулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 08-09-р ху/,

4.Хохирогч М.Нын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 00 цагийн орчим найз Хуаншганы хөх өнгийн “портер” маркийн тээврийн хэрэгслийг Дулаанхаан тосгоны Дэнжид байдаг 56 айлын гражид хийх гээд Дэндэв, Хуаншган бид 3 дээшээ Дэнжрүү гараад 56 айлын гадна байдаг гражид машинаа байрлуулах гэж байтал 56-н айлын гадна 3 залуу байсан ба намайг Цацаа ах “юу хийж байгаа юм” гэж хэлэхээр нь би “гражид машин тавих гэж байна” гэж хэлээд граж руу бид цуваад орсон. Тэгтэл Энхбат ахын хүү нь надтай хамт явсан Дэндэв гэж хүнийг хоргоогоод үлдсэн байсан. Тэгэхээр нь би “наад хүнээ явуулчих, надтай хамт яваа юм” гэж хэлтэл тэр хүү Дэндэвийг явуулсан. Тэгээд Хуаншган машинаа гражид оруулах гээд би замыг нь хараад зогсож байтал Ням-Осор миний араас цохиж гэмтээсэн. Тэгээд би цагдаа дуудаж өгсөн. Би гомдолтой байна. Тухайн үед тосгоны эмнэлэг орж дээд урууландаа 4 оёо тавиулсан ба  тухайн үед хэрэглэсэн эм тарианы мөнгө болон бусад шаардлагатай эм тариаг авахад мөнгө хэрэгтэй байна зүгээр байж байгаад хохирчихоод өөрөөсөө мөнгө төгрөг гаргаад баймааргүй байна. Одоогийн байдлаар 200.000 төгрөг хэрэглээд байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 06-р ху/,

5.Хохирогч М.Нын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогчоор өгсөн: ...Тухайн үед хийгдсэн эмчилгээ болон цаашид хийгдэх эмчилгээнд зориулж нийт 1.500.000 төгрөг бэлнээр авсан ба цаашид нэхэмжпэх зүйл байхгүй болно. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 06-р ху/,

6.Хохирогч М.Нын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хохирогчоор өгсөн: ...намайг татаж босгох үед л зуун бугалга хөхөрч гэмтсэн байх, тэрнээс өөр цохиж зодсон хүн байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 07-р ху/,

7.Гэрч Б.Хуаншханы 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “80-н милл” гэх газар гэртээ байж байгаад ус авах гээд Дулаанхаан тосгон руу өөрийнхөө хөх өнгийн 1467 СЭА улсын дугаартай “портер” маркийн ачааны тзэврийн хэрэгсэлтэй ганцаараа явсан. 21 цагийн орчим Дулаанхаан тосгонд М.Нын гэрийн гадаа иртэл М.Н, Дэндэв нар байж байсан. Би гэрт нь орж цай унд уучихаад усаа аваад гэрлүүгээ явах байсан юм. Тэгтэл М.Н бид 2 наймаа хийхээр болж би М.Наас бухан бяруу 500.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгтэл М.Н “хоноод явчих жаахан ууж хоноё” гэхээр нь би машин барьж яваа болохоор “машин тэргээ дулаан газар хонуулчихмаар байна. Тэгээд ганц нэг шил архи ууя” гэтэл М.Н “дулаан граж байгаа, болчих байх” гэхээр нь М.Н, Дэндэв бид 3 Дулаанхаан тосгоны 56-н айлын орон сууцны гадаа 23 цагийн орчим ирээд М.Н, Дэндэв 2-ыг байрны үүдэнд буулгачихаад би машинтайгаа байрны арын хаалган дээр буюу гражны үүдэнд хүлээж байтал, гражны хаалга онгойгоод жижүүр нь гээд нэг хүн бас Дулаанхааных бололтой 3 залуу М.Н, Дэндэв нар граж дотор байсан. Би машинаа гражид байрлуулах гээд ухрах үйлдэл хийж байтал тэнд байсан нэг залуу М.Ныг цохиод авах шиг болсон. Тэгээд би буугаад очтол М.Н газар уначихсан байсан. Тэгэхээр нь би М.Ныг татаж босготол нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд шууд цагдааруу явцгаасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,

8.Гэрч Л.Дэндэвийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М.Н ахын гэрт нь ирээд байж байтал манай хөдөө гэрийн хажууд байдаг Хуаншган гэж манай найз ирээд бид нар ойр зуурын юм ярьж байгаад 00 цагийн орчим М.Н ах, Хуаншган бид 3 Хуаншганы “портер” маркийн тээврийн хэрэгслийг 56-н айлын гражид хийх гээд дээшээ дэнж орсон. Тэгтэл 56-н айлын гадна 3 залуу байсан. Тэгээд бид 3 машинаа гражид хийх гээд би М.Н ахтай хамт урд хаалгаар ортол, намайг тэнд байсан 2 залуу нь урдуур ээрээд зогсоод байсан. Тэгтэл М.Н ах тэнд байсан залуучуудруу хандан “наад залуугаа явуулаач надтай хамт явж байгаа юм” гээд хэлтэл намайг явуулсан. Бид нар ар араасаа цувраад граж руу орсон. Хуаншган машинаа байрлуулах гээд гражид оруулах үед М.Н ах Хуаншганд “хойшоогоо ухар” гээд замыг нь зааж өгч байсан. Гэнэт л тэнд байсан залуу М.Н ахыг цохиод авсан. Тэгээд бид нар салгаж аваад шууд цагдаа дээр ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,

9.Гэрч Д.Түмэнжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Граж руу бууж хаалга онгойлгоод нөгөө “портер”ийг нь ухраагаад оруулж байтал Цацаа, Ням-Осор, Батмөнх, Нямбаяр, нар хоорондоо маргасаар гражид орж ирсэн ба удалгүй Ням-Осор М.Ныг цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би очоод “та нар одоо наад зодоон цохионоо боль. Зодоон хийдэг газар энэ биш шүү” гэж хэлээд салгаад гаргасан ба тухайн үед Цацаагийн нүүр нь цус болчихсон байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,

10.Гэрч С.Нямдаваагийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ням-Осор нь яг сайн санахгүй байна. 2012 онд байж магадгүй Сэлэнгэ аймгийн 1 дүгээр 10 жилд 12 дугаар анги төгссөн ба эхнэр хүүхэдтэй байж байгаад 2017 онд хүүхэд нь нас бараад тэрнээс эхнэрээсээ салаад одоо ганц бие байгаа. Аав, ээжийн хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Төмөр замд ажилд орсон. Харин 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аав нь буюу Рашням ах тэтгэвэрт гараад хүүгээ буюу Ням-Осорыг Дулаанхааны төмөр замд шилжүүлэн авчирсан. Ням-осор нь Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан үгүйг нь мэдэхгүй. Ямар ч байсан манайхаар архи үнэртүүлчихсэн орж ирж байгаагүй. Ням-Осорын аав, ээж 2 нь орон нутагтаа нэр хүндтэй 2-уулаа төрийн байгууллагад ажиллаж байсан даруухан тохьтой, томоотой хүмүүс, харин Ням-Осорын хувьд гэвэл ах эгч нараа хүндэлдэг хүнээс үг сайн сонсдог залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,

11.Гэрч М.Баярсайханы 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай найз Ням-Осор нь ажилсаг хамт олон болон найз нарынхаа дунд нэр хүндтэй, инээж хөхрөөд л явдаг залуу байгаа юм. Хаяа нэг найз нартайгаа нийлээд пиво уучихдаг. Тэрнээс бол байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Харин гэр бүлийн хувьд гэвэл эхнэр хүүхэдгүй ганц бие одоогоор аав.ээжийн хамт амьдардаг залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

12.Гэрч Г.Нямбаярын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилгүй амарч байсан. 18 цагт манай найз Батмөнх бид 2 Дархан-Уул аймгаас Амартүвшин гэж найзынхаа гэрийг нүүлгэж Дулаанхаан тосгонд авчирсан юм. Харин Ням-Осор Амартүвшингийн нүүж орох гэрт нь гал түлээд байж байсан юм. Тэгээд Батмөнх, Ням-Осор, Амартүвшин бид 4 Амартүвшингийн гэрийг нь нүүлгэж байрлуулчхаад Ням-Осор, Батмөнх, Амартүвшин нар 2,5 литрийн 2 ширхэг пиво уусан. Харин би машин барьж байсан болохоор уугаагүй. Тэгээд Амартүвшингийн гэрээс 23 цаг өнгөрч байхад би Батмөнх болон Ням-Осор 2-ыг гэр гэрт нь хүргэж өгөх гээд 62 дугаар точикоос дээшээ Дэнжийн чиглэлд явсан ба “56 айл”-ын гадаа очоод би байрны зогсоол дээр машинаа байрлуулчихаад, бид 3 буусан. Ням-Осор “найзтайгаа уулзана” гээд “56 айл”-ын 2 дугаар орцруу орсон. Харин би Батмөнхтэй 56-н айлын 1 дүгээр орцны үүдэнд тамхи татаад зогсож байтал Ням-Осор гарж ирсэн. Тухайн үед Дулаанхаан тосгоны М.Н гэж ах 2 хүний хамт “56 айл”-ын гражид машин хийх гэсэн юм гээд ирж байсан юм. Тэгээд М.Н ахтай мэнд мэдсэн чинь Цацаа ах “дүү нар ахыгаа зүгээр явуулахгүй, холгох гээд байна уу” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь бид нар “Цацаа ахаа юу гэж тийм зүйл байхав дээ, та машинаа гражид хийх гэж байгаа юм уу? Бид нар бас машинаа гражид хийх гэж байна” гээд цуваад граж руу орсон. Тэгээд Цацаа ахтай хамт явсан нэг хүн нь машинаа гражид хийх гэж байхад нь би замыг нь хараад зааж өгч байтал нэг мэдсэн чинь Цацаа ах Ням-Осор 2 хоорондоо маргачихсан 56-н айлын Түмээ ах тэр 2-ыг салгаж байсан.Тэгээд тэндээсээ шууд цагдаа явсан. Тухайн үед яг юунаас болоод нэгнийгээ цохих болсныг нь мэдэхгүй байна. Магадгүй Цацаа ах орцны үүдэнд бид 3-ыг үгээр өдөөд байсан. Тэгээд тэрнээс болсон байж магадгүй. Тухайн үед М.Н ах болон хамт явсан нэг ах 2 архи уучихсан байсан. Харин машин барьж явсан нэг ах нь архи уугаагүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,

13.Гэрч Э.Батмөнхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө найз Ням-Осор, Нямбаяр, Амартүвшин бид нар 62 дугаар точикт Амартүвшингийн гэрт нь 2,5 литрийн 2 ширхэг “Сэрүүн” нэртэй пиво хувааж уучихаад Ням-Осор, Нямбаяр бид 3 миний 0948 СЭҮ улсын дугаартай цэнхэр өнгийн “портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй Дэнжрүү явсан. Амартүвшин гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд 00 цагийн орчим 56-н айлын гадаа ирээд машинаа байрны урд зогсоолд нь байрлуулчихаад Ням-Осор 56-н айлын 2 дугаар орцруу Билэгт гээд найзтайгаа уулзах гээд орсон. Харин Нямбаяр бид 2 байрны үүдэнд зогсож байтал Дулаанхаан тосгоны иргэн Цацаа ах 1 хүнтэй хамт байрны үүдэнд таарсан. Тэгээд Цацаа ахтай мэндэлчихээд байрны граж руу очтол Цацаа ах болон хамт явсан ах 2 бид нарыг хэл үгээр өдөөд зүгээр байлгахгүй байхаар нь Ням-Осор Цацаа ахын хажууд нь очоод Цацаа ахыг нүүрлүү нь нэг удаа гараараа алгадаад дахин нэг удаа цохих шиг болсон. Би тухайн үед гражид хийж байсан машины хажууд зогсож байсан юм. Манай найз Нямбаяр нь машин барина гээд пиво уугаагүй байсан ба Нямбаяр машин жолоодож ирсэн. ...Тухайн үед буюу 2019 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Цацаа ах болон хамт явсан хүмүүс нь бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин Цацаа ах бид нарыг “зүгээр явуулахгүй бацаанаанууд яагаад байгаа юм” гээд л өдөөд явуулахгүй байсан. Тэгээд Ням-Осор сүүлдээ тэсэхгүй Цацаа ахыг цохичихсон байна лээ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р ху/,

14.Гэрч Б.Э 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би М.Н гэж хүнийг танихгүй, харин 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би ээлжийн ажилтай байсан ба 00 цагийн орчим манай эмнэлгийн жижүүр сувилагч албаны утаснаас миний 99619832 гэсэн дугаарлуу залгаад “хүнд зодуулсан гээд нэг хүн ирлээ, уруулан дээр нь оёдол тавих шаардлагатай байна” гэхээр нь би ажил дээрээ иртэл М.Н гэж хүний дээд уруул нь гэмтсэн байсан. Дээд урууланд нь 4 оёдол хийж анхны тусламж узүүлээд явуулсан. Тухайн үед буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө М.Н нь дээд урууландаа оёдол хийлгэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин хамт явсан 2 хүнээс нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/,

15.Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.М.Нийн биед уруулд няцарсан шарх, хөмсөг, хамарт зулгаралт, бугалганд цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 25-26-р ху/,

16.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 21-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 28-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 27-р ху/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 23-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 37-р ху/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 38-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 52-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 51-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 53-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.Н нь 2019 оны 12 дугаар 21-нээс 2019 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтуугаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт байрлах 56 айлын орон сууцны граж дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Нтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Нын  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Р.Нт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

Шүүгдэгч Р.Нын гэмт үйлдлийн хохирогч М.Нын биед хөнгөн  хохирол, учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.

Шүүгдэгч Р.Н нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналын дагуу шүүгдэгч Р.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Р.Нын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслэн сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Р.Ныг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тугчин овогт Р.Ныг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Нын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан Р.Нт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Р.Н нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй, болохыг тус тус  дурьдсугай. 

6.Шүүгдэгч Р.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН