| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 124/2018/0017/з |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-07-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,
“Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн иргэн Д.Э-ийн Цагаанхайрхан сумын модны үйлдвэрт 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл эрхэлж байсан ажил мэргэжлийн нэрийг “цагаалагч” гэж зөвтгөн , хөнгөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэврийг тогтоохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тухайн үед мод бэлтгэх технологи нь эхлээд модоо хөрөөдөж унагаагаад мөчирлөнө. Дараа нь 55 трактораар модоо оосорлож цагаална. Тэгээд цагаалсан модоо ЦЭ-4 трактораар ачих гэсэн дарааллаар явагддаг байсан. Д.Э нь бол унагаагаад мөчирлөсөн бартаанд байгаа модыг 55 трактораар оосорлож цагаалах ажил хийдэг байсан. Оосорлох цагаалах бол нэг л чиг үүргийн ажил байсан. Тухайн үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа гээд өдөрт сүү өгдөг байсан. Одоо Д.Э нь эмчийн хяналтанд элэгний хавдар оноштой байгаа нь тухайн үед хүнд нөхцөлд ажиллаж байснаас үүдэлтэй юм. Д.Э нь тухайн үед оосорлогч цагаалагчийн ажил хийж байтал тухайн үеийн албан тушаалтан “оосорлогч цагаалагч” гэж тушаал гаргах байтал “оосорлогч” гэж гаргаснаас болж хохирч байна. Энэ хүнтэй хамт ажиллаж байсан З.Н, Б.Х нар мэдэж байгаа болно. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хөдөлмөрийн эрүүл, аюулгүй хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 сарын 15-ны 20/06/029/01 тоот дүгнэлтийг харгалзан үзэлгүйгээр нэршил таарахгүй байна гэсэн үндэслэлээр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны 19 тоот тогтоолоор хариу өгсөн учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөлийн 1971 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 185/142 дугаар тогтоолын хавсралтанд хөдөлмөрийн хортой хүнд нөхцөлд мод оосорлогч цагаалагч орж байсан ба одоо мөрдөгдөж байгаа Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 тоот тушаалд хөдөлмөрийн хүнд нөхцөлд байгаа цагаалагчийн ажил нь тухайн үеийн оосорлогчийн ажилтай дүйцэж байх тул Д.Э-ийн хүнд ажлын байрны нэршлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэн Д.Э нь Цагаанхайрхан сумын мод боловсруулах үйлдвэрт оосорлогчоор ажиллаж байснаа сум дундын шүүхээр тогтоолгож хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ тус хэлтэст гаргасан.
Д.Э-ийн Цагаанхайрхан сумын мод боловсруулах үйлдвэрт оосорлогчоор ажиллаж байсан нөхцөл нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөлийн 1971 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 185/142 дугаар тогтоолын хавсралт 4,6 дахь мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заасан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу уг жагсаалтын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан ажил мэргэжилд хамрагдахгүй байгаа тул хүн нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй юм. Д.Э нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаа болно.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.Э гэдэг хүн нь модны үйлдвэрт ажиллаж байсан. Энэ хүний тухайн цаг үедээ хийж байсан ажил нь бол бартаанд байгаа модыг цагаан газар гаргахад буюу цагаан газар луу трактораар чирэхэд бэлэн болгох чиг үүрэгтэй мод цагаалах ажлыг хийдэг байсан. Тухайн үедээ энэ хүний ажилд томилсон тушаалыг гарахдаа “оосорлогч” гэж буруу гаргасан. Иймээс ажил мэргэжлийн нэрийн зөрүүг засуулж хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах гээд Нийгмийн даатгалын хэлтэст хандахад “оосорлогч” гэх нэр томъёо нь таарахгүй байна гээд Нийгмийн даатгалын хэлтсээс хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах боломжгүй гэж гэсэн хариу өгсөн байсан. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Д.Э нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрт “оосорлогч”-ийн ажил хийж байсан, миний эрхэлж байсан ажил хүнд нөхцөлтэй байсан учраас хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах хүсэлтийг Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн. Энэ хүн нь өөрөө л хүнд нөхцөлд ажиллаж байсан гэх боловч Нийгмийн даатгалын өнөөгийн мөрдөж байгаа хууль тогтоомж, тухайлбал нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалд “хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баталсан байгаа. Энэхүү жагсаалтанд нэр дурдсан ажил мэргэжилтэй зүйцүүлж биш нийцүүлж, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр тогтооно гэж заасан байдаг. Гэтэл тухайн “оосорлогч” гэдэг нэршил нь тухайн тушаал дээрх жагсаалтанд байхгүй байгаа учраас энэ хүсэлтийг хүлээн авч тэтгэврийг хүнд нөхцлөөр тогтоох боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн иргэн Д.Э-ийн ажлын байрны нэршлийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцохыг Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д.Э-ийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрт 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл эрхэлж байсан ажил мэргэжлийн нэрийг “цагаалагч” гэж зөвтгөн, хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөн өөрчилсөн байна.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөлийн 1971 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 185/142 дугаар тогтоолын хавсралтанд хөдөлмөрийн хортой хүнд нөхцөлд мод оосорлогч цагаалагч орж байсан ба одоо мөрдөгдөж байгаа Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 тоот тушаалд хөдөлмөрийн хүнд нөхцөлд байгаа цагаалагчийн ажил нь тухайн үеийн оосорлогчийн ажилтай дүйцэж байх тул Д.Э-ийн ажлын байрны нэрийг зөвтгөн хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцон тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтад заасан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу уг жагсаалтын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан ажил мэргэжилд хамрагдахгүй байгаа тул хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаартай шийдвэрээр Бух овогт Д.Э-ийн 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрт “оосорлогч”-оор 15 жил 9 сар 11 хоног ажиллаж байсан байдлыг тогтоожээ.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаатай тушаалын хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ.
Тус хавсралтаар баталсан жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцлийг тогтоосон хэсгийн 4-д “Мод бэлтгэлийн мастер, мод унагаагч, мөчирлөгч, цагаалагч, булхайдагч, хөрөөчин, ойчин, тракторчин, ачигч (эрүүт), уулын хүнд машин механизмын слесарь, механикч, технологийн зориулалттай хүнд даацын машины жолооч.” –оор ажиллаж байсан бол хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцохоор зохицуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Э мод цагаалах ажил хийж байсан. Тухайн үеийн ажил олгогч албан тушаалтан “ цагаалагч ” гэж тушаал гаргах байтал “оосорлогч” гэж гаргаснаас болж хохирч байгаа талаар нэхэмжлэлдээ дурджээ.
Гэрч Б.Х: “Д.Э нь Цагаанхайрхан сумын модны үйлдвэрийн уулын бригадад хөрөөдөж унагааж мөчирлөсөн модыг 22 диаметртэй, 30 метрийн урттай троссоор оосорлон бөөгнүүлж, моднуудыг бартаанаас гаргаж, уулын 55 трактороор чирэхэд бэлэн болгодог ажлыг хийдэг байсан. Уулын тракторчинаар Н ах ажиллаж байсан бөгөөд Э-ийн бөөгнүүлсэн ба бартаанаас гаргасан модыг трактораар чирч уулын бэлд буюу цагаан газар оруулж өгдөг байсан. Д.Э бол мод цагаалах ажлыг хийж байсан. Зүсмэлийн цехийн ажилчдыг үулын мод бэлтгэх ажилтай танилцуудаг байсан. Уулын мод бэлтгэх ажиллагаанууд маш хүнд . Тэр тусмаа мод цагаалах/оосорлох/ ажил маш хэцүү юм шиг санагдаж байсан. Тросс өөрөө маш хүнд жинтэй. Түүнийг уулын уруу өөд чирч үүрч явна гэдэг маш хэцүү. Тэгээд бас бартаа саадтай газруудаар явна. Үзүүрээс нь өргөхөд бараг даагдаггүй. Хүнээс нилээн тэвчээр хатуужил шаардсан ажил шиг санагдаж байсан. Нормын хувцас тэсэхгүй үнэхээр хүнд ажил хийж байсан. “Оосорлогч”, “цагаалагч” гэдэг бол үндсэндээ нэг л ажил юм. Ер нь ажил мэргэжлийн нэрний зөрүүгээс жирийн ажилчин хүн хохирох ёсгүй гэж үзэж байна. Г.Э 2, 3 удаа үйлдвэрийн аварга болж байсан. Модны үйлдвэрийн тэргүүний ажилчдын нэг байсан”,
Гэрч З.Н: “Д.Э нь Цагаанхайрхан сумын модны үйлдвэрийн уулын бригадад надтай ажиллаж байсан. Тэрээр хөрөөдөж унагааж мөчирлөсөн модыг нэг нэгээр нь том троссоор /22-ын/ оосорлож бөөгнүүлээд, бөөгнүүлсэн моднуудаа нийлүүлж троссоороо бүгдийг нь багцалж оосорлож өгдөг байсан. Өөрөөр хэлбэл нэг нэгээрээ унасан модыг бөөгнүүлж бартаа саадаас гаргаж, моднуудыг цагаан газар луу чирэхэд бэлэн болгож өгдөг байсан. Тросс лебедокд суурилагдсан байдаг. Д.Э троссоо чирээд модны доогуур оруулаад дэгээдээд /оосорлоод/ дохио өгөхөд тракторын жолооч татдаг. Д.Э-ийн оосорлож бэлдсэн моднуудыг миний бие нь 55 трактороор чирч уулын бэлд буюу цагаан газар гаргадаг /аваачдаг/ байсан. Тросс нь 22 диаметртэй 30 метр урттай. Д.Э троссоо үүрээд дэгээгээ бариад явдаг байсан. Дэгээ нь гэхэд 3 кг орчим жинтэй. Мод бэлтгэх ажил нь уулын хөрөөчин модыг унагасны дараа мөчирлөгч модоо мөчирлөөд цагаалагч /оосорлогч/ модыг бөөгнүүлж бартаа саадаас гаргаж, уулын тракторчин цагаан газар аваачдаг. Зарим тохиолдолд мөчирлөгч давхарлагдсан моднуудыг цагаан газар аваачсан хойно нь мөчирлөдөг. Ийнхүү мөчирлөсний дараа моднуудыг ачигч маазанд ачдаг. Ийм дарааллаар мод бэлтгэх ажиллагаа явагддаг байсан” гэсэн мэдүүлгүүд өгсөн байна.
Мөн түүнчлэн Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20/06/029/01 дугаартай “Хөдөлмөрийн нөхцлийн тухай” дүгнэлтээр Увс аймгийн Цагаанхайрхан сумын модны үйлдвэрийн оосорлогчийн албан тушаалын ажлын байр нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарч байна гэж үзжээ.
Я.Цн “Монгол хэлний товч тайлбар толь” бичигт “Мод цагаалах” гэдэг үгийн утгыг “модыг бартаа бэрхшээл багатай болгох буюу хялбар хөнгөн болгох” тайлбарлажээ.
Д.Э нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрийн уулын бригадад унагасан модыг 22 диаметртэй, 30 метрийн урттай троссоор оосорлон бөөгнүүлж, бөөгнүүлсэн моднуудаа нийлүүлж троссоороо бүгдийг нь багцалж оосорлон бартаанаас гаргаж, уулын 55 трактороор чирэхэд бэлэн болгодог ажлыг хийдэг байсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тэрээр модыг бартаанаас гаргах, уг моднуудыг цагаан газар аваачихад хялбар дөхөм болгох чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг байсан ба нэг үгээр хэлбэл “цагаалагч”-ийн /мод цагаалах/ ажлыг хийж гүйцэтгэж байжээ. Ажил олгогч түүний эрхэлж байсан ажил мэргэжлийн нэрийг утга агуулга, зорилгоор нь биш гүйцэтгэж байсан зөвхөн нэг чиг үүргийг нь үндэслэн “оосорлогч” гэж тодорхойлжээ.
Ажил олгогч байгууллага болох Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрийн захиргаа ажилд томилох тушаал гаргахдаа түүний ажил мэргэжлийн нэрийг ийнхүү буруу тодорхойлсон ба тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөлийн 1971 оны 11 дүгээр сарын 23-нны өдрийн 185/142 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-тай нийцүүлээгүй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 4-д “Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил мэргэжлийн нэр ажил олгогчийн буруугаас энэхүү жагсаалттай зөрчилдсөний улмаас тэтгэвэр тогтоолгох асуудлаас гарч буй гомдол маргааныг “Ажил олгогч, даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл”-өөр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудад үүрэг болгожээ.
Үүнээс үзэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл Д.Э-ийн ирүүлсэн ажил мэргэжлийн нэрний зөрүүг арилгуулж, хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулах тухай хүсэлтийг хэлэлцээд 2018 оны 04 сарын 20-ны өдрийн 19 дугаартай тогтоолоороо зөвхөн дээрх тушаалын жагсаалтанд байгаа нэршил таарахгүй байна гэж шууд үзэж шийдвэрлэх биш харин уг жагсаалтанд байгаа нэршилтэй нийцүүлэх боломжтой эсэхийг судалж, хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй болох нь харагдаж байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрт нэхэмжлэгч Д.Э-ийн 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл эрхэлж байсан ажил мэргэжлийн нэрийг “цагаалагч” гэж зөвтгөн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын хөдөлмөрийн хүнд нөхцлийн 4-д заасан ажил мэргэжлийн нэршилтэй нийцүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3-д зааснаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байх тул нэхэмжлэгч Д.Э-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн иргэн Д.Э-ийн эрхэлж байсан ажил мэргэжлийн нэрийг “цагаалагч” гэж зөвтгөн түүний хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсныг үндэслэн хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бух овогт Д.Э-ийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мод боловсруулах үйлдвэрт 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл эрхэлж байсан ажил мэргэжлийн нэрийг “цагаалагч” гэж зөвтгөн, хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохыг Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ