Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 352

 

Ш.Аюурзанын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06688 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Аюурзанын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.Сувдмаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 24 468 737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхтүвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Аюурзана

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Баяраа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Аюурзана би  2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ү.Сувдмаагийн Хаан банкны данс руу 10 000 000 төгрөг шилжүүлсэн, 2014 оны 10 дугаар сарын 21-нд 3 000 000 төгрөг нэмж зээлсэн.  Мөн  2015 оны  3 дугаар сард 10 сая төгрөгийг  Хаан банкны дансаар нь шилжүүлж  нийт 41 870 000 төгрөг зээлдүүлсэн. Сувдмаа миний дансанд 17 435 000 төгрөг, бэлнээр 2 000 000 төгрөг, нөхөр Доржоос нь 390 000 төгрөг, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдаж байхдаа 5 000 000 төгрөг, бүгд 24 825 000 төгрөг өгч, 17 045 000 төгрөг болж байна. Ү.Сувдмаагийн зээлсэн мөнгөний дүнд оногдох Төрийн банкны зээлийн хүү 3 154 417 төгрөг, Капитрон банкны зээлийн хүү 2 612 000 төгрөг, нийт 5 766 417 төгрөг болж байна. Иймд зээл  17 045 000 төгрөг, банкны зээлийн хүү 5 766 417 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны 5035067414 тоот дансаар шилжүүлж авсан 500 000 төгрөг, нийт 24 811 417 төгрөгийг  гаргуулж өнгө үү гэжээ.

 

Хариуцагч Ү.Сувдмаа шүүхэд болон шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02 дугаар сард Эрээн рүү бараанд явахдаа 23 000 000 төгрөг зээлсэн. Намайг барилга барьж байгааг Ш.Аюурзана мэдсэнээс хойш байнга 40-50 сая төгрөг эгчдээ зээлүүлчих гэж гуйдаг байсан. 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар өөрийн сайн мэдэж байгаа болон баримтаар батлагдаж байгаагаар 32 сая төгрөгийг Ш.Аюурзанад төлсөн байдаг. Гэтэл Ш.Аюурзана нь 37-42 сая төгрөг өгчих гэдэг юм. Би өөрийн данснаас шилжүүлсэн зарим мөнгөний гүйлгээний дансыг санахгүй байгаагаас 2-3 сая төгрөгийн төлөлт хасагдаагүй байгаа.  Ш.Аюурзанаас баримттайгаар 23 000 000 төгрөгийг авч  34 447 000 төгрөгийг төлсөн. Авсан мөнгө 23 000 000 төгрөг, зөрүү нь 11 447 000 төгрөг  илүү өгсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.Сувдмаагаас 11,202,320 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Аюурзанад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, Төрийн банкны зээлийн хүү 3,154,417 төгрөг, Капитрон банкны зээлийн хүү 2,612,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 13,266,417 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 14,862 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Ш.Аюурзанад буцаан олгож, хариуцагч Ү.Сувдмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 194,187 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Аюурзанад олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхтүвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Ү. Сувдмаа нь 2013 оны 09 сарын 05-ны өдрөөс 2015 оны 07 cap хүртэл хугацаанд Ш.Аюурзанаас авсан бүх зээлээ дансаар авч байсан. Дээрхи хугацаанд Ш.Аюурзанаас банкны дансаар 34 430 000 төгрөгийн зээл авсан нь банкны хуулгаар тогтоогддог. Харин  Ү.Сувдмаа нь банкны дансаар нийт 12 215 000 төгрөг, бусад дансаар болон бэлнээр нийт 17 482 680 төгрөг, бүгд 29 697 680 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 4 732 320 төгрөгний зээлийн үлдэгдэл  төлөхөөр байна. Шүүх 11 202 320 төгрөгийг гаргуулж нэхэжлэгчид олгосон нь ойлгомжгүй.  Шүүх хурал дээр Ш.Аюурзаны төрсөн дүү Ш.Гүн-Эрбэд нь гэрчээр орж Сувдмаа бид 2-ын хооронд одоо 60 000 төгрөгний үлдэгдэл тооцоо байгаа гэдгээ хэлж байсан. Гэтэл Ү.Сувдмаагийн өмнөөс ББСБ-д 2 440 000 төгрөг төлж байсан, 4 030 000 төгрөгийн зээл авч байсан гэх зэрэг 6 470 000 төгрөгийн тогтоогдоогүй тооцоог оруулж тооцсон нь буруу  гэж үзэж  байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Аюурзана нь хариуцагч Ү.Сувдаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 811 417 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлсэн мөнгөө бүрэн төлж, тооцоо дууссан гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд удаа дараагийн зээлийн гэрээний харилцаа үүсч, мөнгийг авч, буцаан төлж байсан үйл баримтад талууд маргаагүй, харин буцаан төлөх ёстой зээлийн үлдэгдэл үүргийн хэмжээ, нийт авсан зээлийн хэмжээний талаар талууд маргасан. Зээлдүүлэгч нь нийт 41 870 000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгч зээлдүүлсэн гэх нөхцөл байдлыг, хариуцагч буюу зээлдэгч нь зээлийг бүрэн төлсөн, илүү төлөлт хийсэн гэх нөхцөл байдлаа тус тус нотлох үүрэгтэй юм.

 

Хэрэгт нотлох баримтаар гаргасан Ү.Сувдмаагийн дансны хуулга, гэрч Ш.Гүн-Эрбэдийн ...8 000 000 төгрөг зээлсэн гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчээс нийт 40 900 000 төгрөгийг Ш.Аюурзана зээлдэгч Ү.Сувдмаагийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч 29 697 680  төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогджээ. Зээлдэгч Ү.Сувдмаа нь нийт 34 447 000 төгрөг төлсөн, илүү төлөлт хийсэн гэх тайлбараа баримтаар бүрэн нотлож чадаагүй тул нийт авсан, буцаан төлсөн мөнгөний зөрүү 11 202 320 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү тооцох үндэслэлгүй, мөн Ш.Аюурзаны зээлийн хүүг хариуцагч Ү.Сувдмаа хариуцан төлөх талаар талуудын хооронд тохиролцоо байхгүй тул хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс нь зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй, эрх зүйн туслалцаа авах эсэх, өмгөөлөгчид хөлс төлөх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрхийн асуудал бөгөөд хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.  

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/06688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

     Ш.ОЮУНХАНД