Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01095

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 154/ШШ2017/00148 дугаар шийдвэр

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар магадлалтай

Б.Б-ын нэхэмжлэлтэй

И.З-д холбогдох

Барааны үнэ 7 455 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч И.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.З- эгч бид нар хоорондоо чихэр өгөөд буцаагаад мөнгөө авах байдлаар байнга харьцаж байсан. 2014 онд К.Амаржаргалд явуулсан бараанаас И.З- эгч 3 315 000 төгрөгний бараа авсан үнийг нь төлөөгүй.

Мөн надаас 100 хайрцаг 7500 кг чихэр аваад үнийг нь өгөөгүй. Чихэр чинь зарагдахгүй байна. Буцаагаад явуулъя гэхээр нь би цагаан сар болохоос өмнө явуулбал явуул гэж хэлсэн. Хугацаа хожимдуулж явуулсан тухайн чихрийн хайрцаг савлагаа нь байхгүй том уутанд хийгээд амыг нь боогоод явуулчихсан. Тэр нь замдаа ачаанд дарагдаад муудаад ирсэн хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон байсан.

Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заасан байгаа. Хүнсний барааны баталгаат хугацаа нь нэг жил хадгалах журамтай энэ нь миний буруугаас хадгалалт хугацаа алдалт гараагүй учир чихрийг буцааж авах боломжгүй. Чихрийн үнэ 2 800 000 төгрөгөө авна. Мөн тооцоо нийлээд үлдсэн 1 340 000 төгрөг байгаа үүнийг бас төлүүлж авна нийтдээ 7 455 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч И.З- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ас чихэр зээлээр худалдаж аваад зарж борлуулаад тооцоо хийдэг байсан нь үнэн. Чихрийн тооцооноос үлдэгдэл 1 340 000 төгрөгийг төлж өгнө үүнийг зөвшөөрч байна. Харин 2 800 000 төгрөгний чихрийг Б.Б- нь буцаагаад явуулчих гэхээр нь хилээс гаргаад буцаагаад Улаанбаатар хот руу ачиж явуулсан. Одоо энэ чихэр нь хотод чихрээрээ байгаа. Үүнийг нь буцааж өгнө. Харин Амараагаас авсан гэх 3 315 000 төгрөгний чихэр болон варений үнийг би төлөхгүй, хариуцахгүй. Б.Б- нь К.Амаржаргалд ачуулсан падаантай бараанаас тухайн барааг ачиж ирсэн жолооч Серик надад өгөөгүй би очиж аваагүй. Яахлаараа хүний бараанаас надад бараа салгаж өгөх юм бэ, би мэдэхгүй гэв.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 154/ШШ2017/00148 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч Б.Б-ын зээлээр худалдсан барааны үнэ 7 455 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 3 315 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч И.З-гоос 4 140 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын төлсөн 134 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.З-гоос 81 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ни өдрийн 46 дугаар магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 154/ШШ2017/00148 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч И.З-гоос худалдсан барааны үнэ 7 455 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай” гэж,

3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.З-гоос 134 230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 790 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас гаргаж шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Б-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч И.З- нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 154/ШШ2017/00148 дугаар шийдвэрээр Б.Б-ас нэхэмжилсэн 3 315 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн дагуу 4 140 000 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхээс 3 315 000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрлэснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

Давж заалдах шатны гэрч К.Амаржаргалын Б.Б-ын 100 хайрцаг чихэр, 50 хайрцаг варень авч Ховд аймгийн Булган сум руу Серен гэдэг жолоочид ачуулсан. Б.Б- нь миний захиалсан бараанаас 100 хайрцаг чихэр, 50 сагс варень илүү явуулсан байсан. Б.Б-ас асуухад И.З-д өгөх гэж утсаар хэлсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн. К.Амаржаргал нь захиалсан варениас надад100 хайрцаг чихэр, 50 сагс варень илүү явуулснаа тооцохгүй байна. Мөн К.Амаржаргал нь хичнээн нэр төрлийн хэдэн ширхэг бараа илүү авчирсан, Б.Б- нь хичнээн бараа захиалж аваад хэдэн ширхэг ямар үнэтэй бараа авчраад, хэдийд надад өгснийг хэлж мэдэхгүй байхад зөвхөн өөрөө гээд бичсэнийг үнэлж шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьж, миний шүүхэд гаргасан үнэн зөв мэдүүлэг болон бусад баримтыг шийдвэрлэхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн үед К.Серен гэх жолооч нь Булган суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг бүх худалдагч чихэр авч хилээр гаргадаг бүх барааг ачин тээвэрлэж ирдэг байсан ч хүнсний падаан бараанаас ямар ч зөвшөөрөлгүй хүнд бараа өгөх, мэдүүлэг өгсөн нь тодорхойгүй байна.

2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн К.Амаржаргалд өгсөн гэх 18 519 900 төгрөгийн барааны падаанд бичсэн гарын үсэг нь миний гарын үсэг биш байхад намайг уг 100 хайрцаг чихэр, 50 сагс варенийг авсан гэж мэдүүлж байгаа нь, мөн К.Амаржаргал нь би И.З-той яриагүй, Б.Б- И.З-той ярьсан байх” гэх мэдүүлэг нь К.Серений К.Амаржаргал утсаар ярьсан болохоор нь И.З- сум явсан гэх мэдүүлэгтэй зөрж байхад намайг авсан гэж тооцоолсон шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.Б- нь надад 2014 оны 04 дүгээр сарын 18-нд 3 315 000 төгрөгийн бараа өгсөн юм бол 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлээр өгдөг барааны тооцоо нийт 4 140 000 төгрөг болсон. Мөн үлдэгдэл 1 340 000 төгрөг байгаа гэдгээ падаандаа бичиж илрүүлэхдээ энэ өгсөн гээд байгаа барааны үнэ яагаад тооцож хасахгүй байсан. Мөн анхан шатны шүүх хурал 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болсон. Гэтэл аймгийн давж заалдах шатны шүүх нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болсон гэж бичсэн байна. Би энэ өдөр шүүх хуралд ороогүй. Давж заалдах шатны шүүх нь яагаад он сар өдрөө буруу бичсэнийг ойлгохгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна  

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч И.З- нь нэхэмжлэгч Б.Б-ас чихэр худалдаж аваад, зарж борлуулсны дараа үнийг нь төлж, тооцоо хийдэг байсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тооцоо нийлээд үлдсэн  чихрийн үлдэгдэл төлбөр 1 340 000 төгрөг, мөн хадгалалт, хайрцаг сав, боодолгүй болсон буцаан авах боломжгүй чихрийн үнэ 2 800 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сард К.Амаржаргалд явуулсан чихэрнээс илүү гарч өгсөн 100 хайрцаг чихэр, 50 хайрцаг варений үнэ 3 315 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн...” гэж тайлбарлаж,

хариуцагч И.З- “...урьд тооцооны үлдэгдэл 1 340 000 төгрөгийг зөвшөөрнө, 2 800 000 төгрөгийн чихрийг буцаагаад явуулсан боловч аваагүй тул надад байгаа харин сүүлд өгсөн гэх 100 хайрцаг чихэр, 50 хайрцаг варенийг аваагүй тул үнийг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 4 140 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянасны үндсэн дээр маргаантай харилцааг тодорхойлж, зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанаас маргаан үүссэн гэж дүгнэсэн нь үйл баримтад нийцсэн, үндэслэл бүхий болсон байх бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин худалдсан барааны төлбөрийн тооцоог үндэслэл бүхий дүгнээгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх магадлалын удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар магадлалын удиртгал хэсгийн “И.З-гийн нэхэмжлэлтэй...” гэснийг “Б.Б-ын нэхэмжлэлтэй...” гэж өөрчлөн, магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 154/ШШ2017/00148 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1., 2. дахь заалтыг нэгтгэн “1.” гэж, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч И.З-гоос 4 140 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 315 000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн “3., 4.” дэх заалтын дугаарыг “2., 3.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч И.З-гоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД