Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 24

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Улсын яллагч                                          А.Энхтуяа    

    Нарийн бичгийн даргаар                       Ө.Энх-Амар нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.Эад холбогдох 1931002870218  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1980 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийг хамт, Сэлэнгэ аймаг Мандал сум 7-р баг хөгжил хотхон 25 айлын 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл,  Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 06 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, мөн тус шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт У.Э /РД:НБ80121311/

Шүүгдэгч У.Э нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Их алт” нэртэй газарт 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдан 3.176.700 төгрөгийн хохирол учруулсан гэмтхэрэгтхолбогджээ.

 

Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч У.Эын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын  25нд яллагдагчаар өгсөн:  ...Б.Сарантуяа гэх найзаасаа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр кофш, алт угаах төхөөрөмж зэргийг түрээслэн авч алт олборлох ажиллагаа хийж дуусаад мөнгө төгрөг өгөхөөр тохирсон байсан юм. Ингээд нүүдэл суудал хийж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Их алт” гэх газарт өөрийн түрээсээр авсан техник хэрэгслүүдийг ашиглан газар ухаж ашигт малтмал олборлох ажиллагаа явуулсан. Ингээд цагдаа нар хяналт шалгалтаар ирж миний алт олборлох зорилгоор ухсан байсан газрыг хэмжиж, ашигласан техник хэрэгслүүдийг битүүмжилсэн. Миний хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Их алт” гэх нэртэй газарт ашигт малтмал олборлох ямар нэгэн зөвшөөрөл, гэрээ, бичиг баримт байхгүй. ...Би  ашигт малтмал олборлохдоо ашигласан техник хэрэгслүүдийг өөрийн найз Сарантуяа гэх хүнээс түрээслэн авсан. Тухайн үед ажил гайгүй байвал 20.000.000-30.000.000 сая төгрөг өгнө гэж хэлж тохирсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 71-73-р ху/,

2.Шүүгдэгч У.Эын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ерөө сумын Бугант тосгоны “Их алт” гэдэг газар очсон юм. Өмнө нь ухсан байсан хүний газар дээр ухаж байсан. Тэгээд тэндээ 10 хонож байхад 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шалгалт ирээд битүүмжлэл хийж, үйл ажиллагааг зогсоосон. Надад тусгай зөвшөөрөл байгаагүй. Хүний ухсан газар байсан болохоор нөхөн сэргээх гэж очсон. Гэтэл зөвшөөрөл өгөөгүй. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан экскаватор нь Б.Сарантуяа гэдэг хүний эзэмшилд байдаг. Гэмт хэрэг үйлдэхдээ ковш огт ашиглаагүй. Учирсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн...  .гэв

3.Хохирогч Э.Оын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Миний хувьд иргэн У.Э нь хууль бусаар ашигт малтмал олборлосон талаар мэдэх зүйл байхгүй байна. Мэргэжлийн байгууллагын шинжээч хохирол төлбөрийг тооцож гаргасан болохоор би тухайн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23-р ху/,

4.Иргэний нэхэмжлэгч Б.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: ...У.Э манай найз байгаа юм. Ингээд экскаватор, ковш зэргийг түрээслэн авсан. Тухайн үед У.Э нь мөнгө төгрөг байхгүй байсан бөгөөд таньдаг учир өөрийн техникүүдийг түрээсээр өгсөн. У.Э нь надад хэлэхдээ “сард 20.000.000 төгрөг өгнө” гэж түрээслэн авсан боловч, удалгүй над руу утсаар ярьж ажил хийж чадсангүй. Цагдаад баригдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р ху/,

5.Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:  ...маркийн шар өнгийн экскаватор “хьюндай-2900” маркийн шар өнгийн экскаватор, “хьюндай” маркийн шар өнгийн ковш, 3 ширхэг дизель мотор зэрэг техник хэрэгсэл байгаа. эдгээрээс “хьюндай-2900” маркийн экскаватор одоогоор ажиллахгүй байгаа. Бусад нь ажиллаж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-29-р ху/,

6.Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ... Намайг анх ирэхэд одоо байгаа хүмүүс л байсан. Тухайн хүмүүс нь засвар хийгээд байж байсан. “Хьюндай-2900” маркийн экскаватор усан буу скрубер, дизель мотор зэрэг техникүүд байгаа. ...Уурхайн үйл ажиллагааг У.Э гэх хүн хариуцаж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р ху/,   

7.Гэрч Ч.У мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ...Намайг ирэх үед 5 гэр, мөн одоо байгаа техник хэрэгслүүд байсан. Намайг ирэхэд уурхайн техник хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж байсан. хэзээнээс эхлэн ажилласан талаар сайн мэдэхгүй байна. ...Уурхайд “Хьюндай-2900” маркийн экскаватор 1, ковш 1, скрубер 1, ашигт малтмал олборлох зориулалт бүхий төхөөрөмж 1, байсан. тухайн техник хэрэгслүүдийг хэний эзэмшлийнх болохыг мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/,

8.Гэрч Т.Г мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр одоо машин байрлаж байгаа алтны уурхайд ирсэн. Түүнээс хойш усан буун дээр ажилласан. ...Уурхайг Эрдэнэбат буюу Эрка ах хариуцдаг. Намайг очсон өдрөөс хойш одоо усан буу байрласан газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. Нийт 3-4 удаа усан буугаар буудаж ашигт малтмал олборлосон. Нэг удаад усан буугаар буудахдаа 12 цаг болдог. Хэчнээн хэмжээний алт гарсан талаар мэдэхгүй. Одоо уурхайд 9 хүн ажиллаж байна. Би бичиг баримтын талаар сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-36-р ху/,

9.Гэрч Х.А мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: ...У.Э гэх хүн Ерөө сумын Засаг даргатай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй. У.Э гэх хүний нэр дээр ямар нэгэн байдлаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгогдоогүй. У.Э гэх хүний хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны гуравдугаар баг нутаг “Их алт” гэх газар нь Ерөө голыг 2 гардаг, мөн энэ жил маш их үертэй байсан учраас тухайн газарт очиж хяналт шалгалт хийж чадаагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р ху/,

10.М.Г мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: ...2017 онд Сэлэнгэ аймгаас бүх газруудын эвдэгдсэн талбайг тусгай хэрэгцээнд авах зориулалттай тооллого хийсэн. Би уг тооллогонд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны “Их алт” гэх газарт байгаа эвдэгдсэн талбайг оруулж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн-40-41-р ху/,

11.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын Геологи, уул уурхайн улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18-05-038/46 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт байх “Их алт” гэдэг газар нь усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагдана.

2.Ашигт малтмал хайх, ашиглах хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь ТЭЗҮ,тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ зэрэг 30 гаруй бичиг баримтын бүрдэл бүрдүүлж байж ашиглалтын болон хайгуулын ажлыг явуулна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд АМГТГ-аас гарсан дүгнэлтийн дагуу сумын засаг даргатай гэрээ байгуулан бичил уурхайн журмын хүрээнд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж болно.

3.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт байх “Их алт” гэдэг газарт иргэн У.Э нь ашигт малтмал хайх олборлолт хийсэн газарт гол мөрний гольдирол өөрчлөгдөөгүй байна.

4.Хууль бус ажиллагаа явуулан олборлолт явуулсан газарт гол мөрний гольдирол өөрчлөгдөөгүй бөгөөд үүнээс үүдэн байгаль экологид тэнцэл алдагдсан эсэхийг экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг тооцож гаргасны дараагаар тодорхойлно.

5.Иргэн У.Эын хууль бус олборлолт ашиглалтын үйл ажиллагаанаас үүдэн голын гольдрол өөрчлөөгүй бөгөөд хууль бус ашиглалт, олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй цаашид техникийн сэргээлт хийх шаардлагатай.

6.Иргэн У.Эын Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг “Их алт” гэдэг газарт хууль бус ашиглалт явуулснаас байгаль орчинд учирсан хохирлыг дараах байдлаар тооцов.

...У.Эын хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал /546000+2547000+83700/ нийт 3176700 /гурван сая нэг зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв.

7.Байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг дээрх асуултанд гаргасан бөгөөд хууль бусаар олборлосон талбайн нөхөн сэргээлт хийхэд 2.547.000 төгрөг шаардлагатай.

8.Хууль бус олборлолтын улмаас байгаль экологид учирсан хохирол нь цаашид байгалийн тэнцэл алдагдахад бага зэрэг нөлөө үзүүлнэ.

9.Ерөө сумын нутаг “Их алт” гэх газар нь өмнө нь хууль бус олборлолтонд өртөж байсан бөгөөд маш олон тооны ухаш овоолго байдаг.

10.Ухаш овоолго бүрт экологи, эдийн засгийн үнэлгээг гаргах боломжгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 48-52-р ху/,

12.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ТХҮ/518-024 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “Hyundai Robex 2900 LC” маркийн экскаватор өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 10 сарын байдлаар 9.000.000 /есөн сая/ төгрөгний үнэтэй болохыг тогтоов.

Жич: Уг техник хэрэгсэлд үзлэг хийхэд гинж муудсан явах эд анги эвдэрсэн дэмжих ролик байхгүй, катки гацаж эргэхгүй болсон. эргэх хүрд ажиллахгүй байв.

2.5045УБ улсын дугаартай 1998 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “Hyundai HL-750” маркийн ковшийн өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 10 сарын байдлаар 7.000.000 /долоон сая/ төгрөгний үнэтэй болохыг тогтоов.

Жич: Уг техник хэрэгсэлд үзлэг хийхэд шанага солигдсон, өнгө үзэмж муутай явах эд анги дуу орсон байв.

3.Цагт 40м3 шороо угаах хүчин чадалтай алт угаах төхөөрөмжийн өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 10 сарын байдлаар 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгний үнэтэй болно.

Жич: Уг алт угаах төхөөрөмжийг гар аргаар угсарч сэргээн засварласан. ...гэх дүгнэлт, /хх-ийн 61-63-р ху/,

13.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-11-р ху/ нотлох баримт үнэлүүлэх талаар тайлбар хүргүүлэх тухай мөрдөгчийн тайлбар, /хх-ийн 12-р ху/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 13-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 14-17-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 43-44, 46-47, 60-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 48-52, 61-63-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 55, 64-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 54, 65-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 110-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 111-р ху/, бусад цагдаагийн газар хэлтэст шалгагдаж байгаа эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 76-р ху/, захиргааны шийтгэл хүлээж байсан болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 77-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 78-р ху/, шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 80-86, 87-96-р ху/, хохирол төлсөн тухай баримт, /хх-ийн 113-114-р ху/, хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч У.Э нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Их алт” нэртэй газарт 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулан хууль бусаар газрын хэвлийд халдан 3.176.700 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, хохирол төлсөн тухай баримт зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Эын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба  шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Э гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 3.176.700 төгрөгний хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.

Шүүгдэгч У.Э нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т: “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу /109.200х5=546.000 төг/, мөн хуулийн 5 дахь хэсгийн 1-т: газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу /1.273.500х2=2.547.000 төг/, мөн хуулийн 5 дахь хэсгийн 2-т: “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчинг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу /27.900х3=83.700 төг/, ба хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас байгаль экологид нийт 3.176.700 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч У.Э нь үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч У.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч У.Эыг ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2/хоёр/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч У.Эад мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эын хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “HUYNDAI ROBEX 2900 LC-9s” маркийн экскаватор, /9.000.000 төгрөгний үнэтэй/, 1998 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “HUYNDAI HL-750” маркийн ковш, /7.000.000 төгрөгний үнэтэй/   нь Б.Сарантуяагийн эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул дээрхи экскаватор, ковшийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Сарантуяад олгож, шүүгдэгч У.Эаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслүүдийн үнэ нийт 16.000.000 /арван зургаан сая/  төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй. Харин Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны “Их алт” гэх газарт битүүмжилсэн цагт 40м3  шороо угаах хүчин чадалтай алт угаах төхөөрөмжийг хураан авч улсын орлогод оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч У.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт У.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт У.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст үүрэг болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч У.Эыг ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2/хоёр/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч У.Эад мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч У.Эаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникүүдийн үнэ 16.000.000 /арван зургаан сая/  төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “HUYNDAI ROBEX 2900 LC-9s” маркийн экскаватор,1998 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “HUYNDAI HL-750” маркийн ковшуудыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Сарантуяад олгож, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны “Их алт” гэх газарт битүүмжилсэн цагт 40м3 шороо угаах хүчин чадалтай алт угаах төхөөрөмжийг хураан авч улсын орлогод оруулсугай.

6.Шүүгдэгч У.Э нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  болохыг дурьдсугай. 

7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.       

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                  С.НОЛХООСҮРЭН