Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч                                           Т.Нансалмаа

Хохирогч                                                       Д.И

Нарийн бичгийн даргаар                         Ө.Энх-Амар нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овогт Д.Нд холбогдох 1931003440233 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн Д.Н РД:/МА84121601/,

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг 64 айлын орон сууцны автомашины зогсоолын орчим иргэн Д.Игийн гар цүнхийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар булааж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Д.Н 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ...Ичинхорлоо эгч гараад ирэхээр нь толгойгоо давуулаад үүрсэн байсан гар цүнхийг нь дээш давуулаад гар цүнхийг нь дээш нь татаж булааж аваад шууд ирсэн замаараа буюу байрнуудын голоор ороод Ерөнхий боловсролын сургуулийн урд талаар гараад гэрийнхээ хашаанд орж байшингийнхаа ард талд уг цүнхийг тавиад хэсэг тайвшраад эргэж хашаанаасаа гараад “Мишээл” хүнсний дэлгүүр орж ундаа, гурил, идэх зүйл аваад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирсний дараа Э ах, нөхөр хоёр  зөрөөд гарсан. Маргааш өглөө нь 6 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад булаасан цүнхээ онгойлгож харахад их рубль байхаар нь цүнхнээс мөнгөнүүдийг нь гаргаад гэрийнхээ шкафан дотор хийсэн. Тэгээд гэртээ байж байтал сэтгэл санаа айдастай нэг л түгшүүртэй байгаад байсан. Би уг мөнгийг эзэнд нь аваачиж өгнө гэж бодоод гэрээсээ гараад хилийн шалган нэвтрүүлэх боомт руу очиж Ичинхорлоо эгчтэй уулзах гэтэл, Ичинхорлоо эгч  ариун цэврийн өрөө ажиллуулдаг эгчтэй яриад завгүй байхаар нь хэсэг зогсож байгаад мөнгийг  нь авсан гэж хэлж чадалгүй буцаад гэрлүүгээ харьсан. Гэртээ харьсан ч санаа амар байж чадахгүй байсан болохоор нь би “ер нь буруугаа хүлээгээд мөнгийг нь тоо ёсоор нь буцааж өгье” гэж бодоод сумын цагдаагийн хэсэг рүү явж болсон зүйлийн талаар хэлээд цагдаа нарыг гэртээ дагуулж ирээд цүнх, цүнхэнд байсан эд зүйл, мөнгийг хүлээлгэн өгсөн. ...Буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 63-65-р ху/,

2.Шүүгдэгч Д.Нгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ... 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг өнгөрч байхад н.Э гэдэг ах маань манай гэрт ирсэн юм. Ах маань багш нарын баяраар шагнал авсан байсан тул тэрэнд нь зориулж “Соёрхол” архи авсан байсныгаа гаргаж өгч нөхөр, ах, бид 3 ууж эхэлсэн. Тэгээд гэрт идэх юм байхгүй байсан болохоор даруулга бас идэх юм авах гэж би дэлгүүр гарсан юм. Тэр үедээ би 3, 4 рүнк архи уусан байсан. Манай гэрийн тэнд 2 дэлгүүр байдаг. Нэг нь урд, нөгөө нь ард. Би эхлээд урд талын дэлгүүр рүү явах гэтэл нохой дайраад байсан тул хойд дэлгүүр рүү явсан юм. Тэгээд явж байтал Д.И эгчтэй таарсан. Д.И эгчийг ерөнхийд нь валютын ченж гэдгийг мэддэг байсан. болохоор энэ хүнд мөнгө байгаа гэж бодоод цүнхийг ч шууд булаачихсан юм. Тэгээд шууд гэртээ очиж цүнхийг нь тавьчхаад буцаж дэлгүүр ороод ундаа, еэвэн зэрэг зүйл аваад гэртээ очсон. Тэгээд гэртээ ирэхэд ах, нөхөр 2 маань зөрөөд гараад явсан юм. Тэгээд маргааш нь цүнхээ үзтэл зөндөө рубль байсан. Би  айсандаа өөрийнхөө эгчид очиж хэлээд цүнхийг нь буцааж өгөхөөр энэ эгчийг ажлынх нь тэнд зөндөө хүлээсэн. Энэ эгч өөр хүнтэй юм яриад байсан болохоор очиж чадаагүй буцсан юм. Өдөр утас руу нь залгатал холбогдохгүй байсан юм. Тэгээд айсандаа хэсгийн төлөөлөгчдөө очиж цүнх булаасан болохоо хэлсэн. Гэтэл нэг цагдаа “Энэ хэргийг чинь шалгаж байгаа болохоор ахалж байгаа цагдаад нь хэлж өгье. Чи хэргээ хүлээсэн нь сайн байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нартай хамт гэртээ очиж цүнх, мөнгийг нь гаргаж өгсөн. Тэгээд би байцаалт өгч, цагдаа нар рубль, төгрөг зэргийг тоолоод хүлээлгэж өгсөн. Намайг цагдаа дээр хэргээ хүлээх үед манай нөхөр болон ах хоёр байгаагүй. Айл руу явсан байсан. Сүүлд нь нөхөр маань гэртээ ирэхэд нь би хэрэг болсон талаар хэлээгүй юм. Гэтэл цагдаа нар намайг гэрт үлдээж нөхрийг маань авч яван мэдүүлэг авсан. Мөн цагдаа нартай цуг Д.И эгчид мөнгийг нь хүлээлгэж өгсөн. Нөхөр маань тухайн үед “юун цагдаа вэ?” гэхэд нь намайг ойлгохгүй байх гэж бодсондоо “мөнгө олсон юм” гэж хэлсэн. Тэгээд 20 гаруй хоносны дараа Сэлэнгэ аймгийн цагдаа нар залгаж дуудахад нь нөхөртөө үнэнээ хэлсэн ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Д.Игийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Тэгэхээр нь би рубль солих санаатай түцнээс гараад гэр буудал руу явах гээд 64 айлын орон сууцны урд талын тоглоомын талбайн хажуу талд зогсож байсан хар өнгийн машины хажуугаар явж байсан чинь нэг хүн бултас гээд машины цаагуур орох шиг болохоор нь сандраад тухайн үед “энэ хүний гарт орлоо доо” гэж бодоод харсан чинь улаан малгайтай юүдэнтэй цамцны малгайг өмсчихсөн 160-170 см орчим өндөртэй хүн байсан. Тэгээд би өнгөрөөд явах гэсэн чинь араас мөрөн дээгүүрээ давуулж үүрсэн байсан цүнхний оосорноос татаж аваад гүйгээд гүйчихсэн. Би ч тухайн үед шоконд ороод юм ч дуугарч чадаагүй. Тэгээд би гэр буудал руу гүйж очоод эзнийх нь утсаар цагдаа руу ярьж дуудлага өгсөн. ...Миний бие эрүүл мэндэд хохирол учраагүй. Намайг ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал байхгүй. Харин 13.750 рубль буюу 580.000 төгрөг, мөн Монгол мөнгөн дэвсгэрт 45.000 төгрөг нийт 625.000 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлоос 400.000 төгрөг авчихмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р ху/,

4.Хохирогч Д.Игийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  ...Яг үнэнийг хэлэхэд энэ хүн 2 удаа “рубль авъя” гэж утсаар ярьсан. Энэ хүний хоолой ч мөн байсан. Тэгээд энэ хүн “20,000,000 төгрөгийн рубль авъя. Бид нар гэр буудалд байна. Хоол идэж байгаа болохоор та хүрээд ир” гэсэн болохоор нь очсон юм. Би бүх мөнгөө 2 цүнхэнд бэлдээд очсон юм. Гэтэл очиж явахад 1 машины цаагуур улаан малгайтай цамцтай эрэгтэй хүн бултас гээд харагдсан юм. Тэр үед шууд л “би энэ хүний гарт орчихлоо доо” гэж бодсон. Тэгээд бодож байтал араас барьж зогсоогоод миний цүнхийг эрэгтэй хүн авсан. Энэ хүний нөхөр байсан. Араас нь энэ эмэгтэй ч хамт байсан. Цагдаа хүртэл “нөхөртэйгээ авсан байна. Та очоод шууд нөхөрт нь хэлчих” гэж байсан. Цагдаа нар их үнэн хэлсэн. Харин би айсандаа хэлээгүй юм. Цагдаа нар бол маш сайн байсан. Эд нар ах, дүүгээрээ хуйвалдсан байна. Тэр захирал бол худлаа ярьж байгаа. Миний хувьд гомдох зүйл алга. Учир нь 6,800,000 гаруй мөнгөөр хохирсон. Эд нарын булааснаас гадна үлдсэн мөнгө нь их мөнгө байсан. Тухайн үед түүнийгээ цагдаад ч үзүүлсэн. Одоо бол би айж байна. Миний 13,750 рубль алга болсон. Энэ хүн бол “цагдаа авсан байх” гэж байгаа, тэгвэл цагдаа нар аваагүй. Цагдаа бол ямар нэг зүйлийг зөв оношилдог. Ер нь бол одоо ч гэсэн өөрийнхөө ажлаа хийж байгаа учир айж л байна. Би Алтанбулагт ганцаараа амьдардаг шөнө унтаж чадахгүй байгаа. Мөн ямар нэг зүйл үнэн байх ёстой... .гэх мэдүүлэг

5.Гэрч Б.Э 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны орой 23 цаг 20 минутын орчим дээрх зочид буудалдаа амарч байтал, зочид буудлын хаалгыг хэн нэгэн хүн хүчтэй цохихоор  нь би явж очоод онгойлготол Алтанбулаг сумын хилийн шалган нэвтрүүлэх боомын орчим рублийн ченж хийдэг Жижгээ /Ичинхорлоо/ эгч “Яанаа мөнгөө дээрэмдүүлчихлээ, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлэхээр  нь би өөрийн гар утсаараа сумын цагдаа Бүрнээгийн 99498580 дугаарын утасруу утасдаж өгсөн. Удаа ч үгүй цагдаа нар ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р ху/,

6.Гэрч Э.Т 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би ирснээсээ хойш Алтанбулаг хилийн шалган нэвтрүүлэх боомтын тэр хавиар байж байсан. Орсон газар гэвэл дэлгүүрийн болон зоогийн газар байсан. Одоо байгаа зочид буудалд орохын өмнө би нэг дэлгүүрт гар утсаа цэнэглэж байхдаа хямдхан зочид буудал байгаа талаар худалдагч эгчээс асуухад, одоо миний байгаа зочид буудлыг зааж өгсөн. Тухайн буудал руу явахын өмнө би өөр нэг замын хажуу талын буудалд орж нэг ортой өрөө байгаа эсэхийг асуухад өрөө байхгүй байхаар нь гараад одоо байгаа буудалд 23 цаг өнгөрч байхад очиж 1 ортой өрөө аваад амарсан. Тухайн үед би дэлгүүрээс хоёр лааз шар айраг авсан. Тэр шар айргаа буудлын өрөөнд орсон байхдаа уусан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,

7.Гэрч Б.Эын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нансалмаа нь 4 хүүхэд, нөхөр, ээжтэйгээ хамт амьдардаг. Ер нь дундаж амьдралтай. Уг нь хувийн зан байдлын хувьд даруухан, нийтэч зантай хүүхэд байгаа юм. Надад эхлээд мөнгө олсон гэж хэлж байгаад дараа нь булаасан гэж хэлж байсан. Нансалмаагийн нөхөр нь тухайн үед надтай л хамт байсан. Ийш тийш гараагүй. Нансалмаа л ундаанд явна гээд гарсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46-р ху/,

8.Гэрч Ц.Ү 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...23 цагийн үед байхаа эхнэр Нансалмаа “дэлгүүр явж ундаа, боорцог хоёр авч ирье” гээд гараад 20-30 минутын дараа газтай ундаа, нэг ууттай стимо еэвэнтэй орж ирж байсан. Тэгээд жаахан байж байгаад би Э ахын хамт Ойлоо гэх айлд очоод 1 шил архи уучхаад шөнө бараг 1 цагийн орчим гэртээ ирж амарцгаасан. Тэгээд маргааш  нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө босоод Э ахтай хамт бас нэг айлд очоод мах идчихээд, 1 шил архи уучхаад буцаад гэртээ ирсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би тухай үедээ яг юу болсон талаар мэдээгүй. Тэгээд л цагдаа нар явсны дараа эхнэртэйгээ юу болсон талаар ярилцаж байсан чинь манай эхнэр “ченжийн мөнгө алга болчихоод намайг ирж шалгаж байгаа юм” гэж хэлэхээр нь би “чи ямар хамаатай юм” гэж хэлсэн. Манай эхнэр “би мөнгийг нь олоод цагдаа нарт буцааж өгсөн” гэж ярьж байсан. Манай эхнэр ганцаараа гэрээс гарсан. Өөр хүнтэй уулзана гэж хэлж байгаагүй. Би эхнэртэйгээ хамт амьдраад 8 жил болж байна. Манай эхнэр хамт олондоо нэр хүндтэй, гэрийхэндээ ч нэр хүндтэй сайн, ажилсаг, хүнд тусархуу л хүн юм. Яагаад тийм хэрэг хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Манай гэр бүлийн хувьд дэлгүүрт идэж уух зүйлийн өр байгаа байх. Мөн нэг дэлгүүрт 500.000 гаран мянган төгрөгний өр  байгаа. Өөрөөр бол их хэмжээний өр байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48-р ху/,

9.Гэрч С.А 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нансалмаагийн гэр бүлийн хүмүүжил гайгүй гэж бодож байна. Гэр бүлийнх нь хүмүүс ч гэсэн хүмүүжил сайтай, хүнд тусархуу залуу байдаг. Нансалмаа ч гэсэн ажилдаа зүтгэлтэй, сэтгэлтэй сайн ажилладаг, хүнд тусархуу, ер нь бол муулаад байх асуудал байхгүй. Сайн эмэгтэй байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р ху/,

10.Гэрч Б.У 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.Нгийн хувийн гэр бүлийн хүмүүжил нь гайгүй гэж боддог. Д.Н нь нийтэч ажилдаа сайн, хамт ажиллахад биетэйгээ ойлголцдог, ажилдаа зүтгэлтэй, сэтгэлтэй ажилладаг, хүнд тусархуу. Гэр бүлийх нь хүн ч гэсэн хүмүүжил сайтай, хүнд тусархуу залуу байдаг. Ер нь бол муулаад байх асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 50-р ху/,

11.Гэрч Б.Б 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..88361554 гэсэн дугаарыг байгаа эсэхийг Аймгийн Юнителийн салбараас худалдаж авсан дугаарын жагсаалтыг авбал гараад ирэх байх. Дээрх дугаарыг ямар хүн авсан талаар мэдэхгүй байна. Манай дэлгүүрт хяналтын камер байхгүй. Утасны дугаар зарсан талаарх бүртгэл ч байхгүй. Монгол хүн бараг авдаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-р ху/,

12.Гэрч Т.З 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нансалмаа нь даруу төлөв, ажилласаг, үр хүүхэд, хань ижилдээ хайр халамж сайтай эмэгтэй шиг санагддаг. Би түүнийг хэн нэгэн хүнтэй хэрүүл маргаан үүсгэж байгааг нь нэг ч удаа харж байгаагүй. Мөн ямар нэгэн хэрэг маргаанд орж байхыг нь мэдэхгүй. Хэрэг хийгээд байхаар хүн биш. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/,

13.Гэрч Л.Ө 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нансалмаа нь ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт саяхан шинэ баригдсан байрандаа амьдардаг. Нөхөр нь Алтанбулаг хилийн шалган нэвтрүүлэх боомтод галчийн ажил эрхэлдэг. Өөрөө Алтанбулаг сумын хүүхдийн цэцэрлэгт туслах багшийн ажил эрхэлдэг. Хүүхдүүд нь сургууль болон цэцэрлэгт явдаг. Тэдний амьдрал ахуйг миний хувьд дутагдаад гачигдаад байхаар зүйл багатай гэж боддог. ...гэх мэдүүлэг, /хх-ийн-р ху/,

14.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл,, /хх-ийн 03-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04-22-р ху/,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх-ийн 39-44-р ху/, мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал, /хх-ийн 66,68-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 82, 86, 93-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэртйш шалгах хуудас, /хх-ийн 95-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 106-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 107-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг 64 айлын орон сууцны автомашины зогсоолын орчим иргэн Д.Игийн гар цүнхийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар булааж авсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Д.Нг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан" гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Нгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаа, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг  ялтан Д.Нд  үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Нд анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,2,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Анчин овогт Д.Нг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан" гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Анчин овогт Д.Нг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Нд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Нд мэдэгдсүгэй..

6.Шүүгдэгч Д.Н нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй, болохыг тус тус  дурьдсугай. 

7.Шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

    

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН