Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 33

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч                                       В.Батдэлгэр

Нарийн бичгийн даргаар                     С.Энхтайван нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт С.С холбогдох эрүүгийн 1931004670016 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн Улаанбаатар хотод 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 1-р баг, 1-р хэсэг, 024 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Монгол овогт С.С  /РД:ХЗ86030275/

Шүүгдэгч С.С нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Бүргэдэй 1 дүгээр баг 1-р хэсэг 46 тоот өөрийн гэртээ эхнэр Н.Гтэй маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутга шидэж зүүн ташааны дээд хэсэгт зүсэж, хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч С.С нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би уусан архиндаа согтож хэсэг хугацаандаа унтсан юм. Ингээд унтаж байхад манай эхнэр “хоолоо идээрэй” гэж дуудаж сэрээсэн юм. Тэгээд эхнэрийн аяганд хийж өгсөн хоолыг идэх гэтэл хөрчихсөн байхаар нь эхнэрт хандаж “халаагаад өг” гэж хэлэхэд “чи өөрөө халаагаад ид” гэж уурлаж эхэлсэн.Тэгээд бид хоёр хоол халаахаас болж маргалдаж байгаад тухайн үед гал тогооны хоолны ширээн дээр байсан хутга авч хойд өрөөнд цаашаа хараад сууж байсан эхнэр Грүү айлгах санаатай шидтэл түүний нурууны зүүн талд бөөрнийх нь харалдаа миний шидсэн хутга үзүүр хэсгээрээ онож зүссэн юм. ...Би өөрийн эхнэр Гт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Би эхнэр Гээс сайн дураараа уучлал гуйж бид хоёр эвлэрсэн бөгөөд одоо хамт амьдарч байгаа. Бидний дунд ямар нэгэн төлөх төлбөр байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49-р ху/,

2.Шүүгдэгч С.Сын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай найз Элдэв-Очир манайд ирээд 0.5 литр архи уусан. Тэр хооронд манай эхнэр хоол хийсэн байсан. Би 30 минутын дараа босоод хоолоо идэх гэтэл хоол хөрсөн байсан. Тэгээд эхнэртэйгээ маргалдаж байгаад би өөрөө хоолоо халаахаар тавьчхаад гал тогооны өрөөний ширээн дээр байсан хутгыг аваад эхнэр лүүгээ шидтэл зүүн талынх нь бөөрийг зүссэн. Тэгээд байж байтал хадам ээж орж ирээд “чи миний охиныг аллаа. Чамайг шоронд явуулна” гэж хэлэхээр нь би гэрээс гарсан...гэх мэдүүлэг.

3.Хохирогч Г.Гийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сүхбаатар миний араас тухайн үед гэрт байсан, бор шаргал өнгийн хуванцар иштэй хутга шидэж хутга нь миний нурууны зүүн талын бөөрний хэсэг газарт онож зоогдсон байгаа. Сүхбаатар намайг зодож цохисон асуудал байхгүй. Миний араас хутга шидсэн л асуудал байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/,

4.Хохирогч Г.Гийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр Сүхбаатар бид хоёр сайн дураараа учраа олж эвлэрсэн тул Сүхбаатар болон өөр хэн нэг хүнтэй холбоотой ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р ху/,

5.Гэрч М.Шийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “дүү Гийн гэрт хүрээд ир” гээд ээж Мөнгөнчимэг нь залгасан юм. Юу болсон талаар асуухад “дүүг чинь Сүхбаатар хутгалсан байна. Цагдаа дууд” гэж хэлсэн. Би цагдаа дуудаад 15 цаг өнгөрөөд дүүгийнд ирэхэд Г нь сандал дээр сууж байсан. Юу болсон талаар асуухад “Банштай цай хийж өгөхөд тэр нь хүйтэн байснаас болж муудалцсан” гэж хэлэх шиг болсон. Би сайн мэдэхгүй байна. ...Уул нь төлөв даруу зантай хүн байгаа юм. Сүхбаатар нь даанч архи уухаараа агсам согтуу тавьдаг юм шиг байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р ху/,

6.Гэрч В.Мөнгөнчимэгийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Охин удаагүй ирээд “Сүхээ ах Ганаа аниаг зодоод байх шиг байна. Ганаа эгч авраарай гээд орилоод байна” гээд ороод ирсэн юм. Би тухайн үед хувцас өмсөөд очиход гаднаасаа цоожтой байсан. Тухайн үед дотор нь Сүхбаатар, Г, 7 настай Оюун гэх хүүхдийн хамт байсан. Тухайн үед манай охин Г нь уйлчихсан “ээж Сүхбаатар намайг хутгалчихлаа, би энэний гарт үхэх юм шиг байна” гээд уйлаад байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-25-р ху/,

7.Гэрч Ц.Энхтуяагийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө Улаанбаатар хотоос гэртээ ирээд амраад хэвтэж байхад манай бэр Г хамаатны дүү /одоо би нэрийг нь мэдэхгүй байна/ манай гэрт орж ирээд “Сүхбаатар ах эхнэрээ хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би гэрээс гарч хүү Сүхбаатарын гэрт очиход Г гэртээ гал тогооны өрөөндөө байж байхаар нь Гээс болсон зүйлийн талаар асуухад “Сүхбаатар бид хоёр маргалдаж байгаад намайг хойд өрөөний сандал дээр буруу хараад сууж байхад миний араас хутга шидэж баруун талын бөөрний арын хэсэгт оносон, би цусыг нь тогтоосон” гээд надад харуулсан. Тэгээд би зүгээрээ гэж ярихаар нь “юун зүгээр гэж. Одоо эмнэлэг явж үзүүлье” гэж хэлээд тухайн дотор таксинд явж байсан нөхөр Сарангэрэлийг дуудаж түүний машинаар аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх төвд хүргэж өгч нэг оёдол тавиулж эмчилгээ хийлгэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

8.Гэрч М.Эын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 30 өглөө 09 цагийн үед Сүхбаатар надад банкны картаа өгч “найз дэлгүүр яваад ганц шил архи аваад ирээч” гэж ярихаар нь би зөвшөөрч дэлгүүр явж 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч ирж Сүхбаатар бид хоёр Гээс нууж хувааж ууж байгаад Гт баригдсан. Тэгээд Г Сүхбаатар руу “архи уулаа” гэж уурлаж тэр хоёр хэсэгхэн зуур маргалдаж байгаад больсон юм. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа дахин яг ямар асуудлаас болсныг санахгүй байна, Сүхбаатар, Г нар хоорондоо маргалдаж байгаад тухайн үед би Сүхбаатарын гэрийн хойд өрөөнд зурагт үзээд сууж байхад миний хажуугийн сандал дээр Г мөн зурагт үзээд Сүхбаатартай маргалдаад сууж байсан. Сүхбаатар гал тогооны өрөөндөө юм хийгээд л байх шиг байсан. Гэнэт Г “ёо ёо” гэж муухай хашгирч, тэнд байсан Сүхбаатарын бага охин уйлж эхэлсэн. Тэгсэн Гийн ар нуруу зүүн талын бөөрний хэсэг газраас цус гараад эхэлсэн. Мөн тэдний бор шаргал өнгийн хуванцар иштэй хутга Гийн хөлний хавьцаа шалан дээр унасан байдалтай байсан. Сүхбаатар тухайн үед гал тогооны өрөөндөө байсан. Би бодохдоо Сүхбаатарыг Г рүү хутгай шидсэн гэж ойлгосон. ...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р ху/,

9.Сэлэнгэ аймаг дахь шүүх шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Г.Гийн биед хэвлийн доод хэсэгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 32-р ху,

9.Сэлэнгэ аймаг дахь шүүх шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Хэргийн газрын үзлэгээр түр хурааж авсан хутга нь шинжилгээгээр тэнцэнэ.

2.Шинжилгээн дээрээс ирүүлсэн хутган дээрээс илрүүлж бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна.

3.Шинжилгээнд хүргүүлсэн хутганы үзүүр хэсэгт байх цус мэт зүйлийг тодорхойлох боломжгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/,

10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/,хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-08-р ху/, аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 09-11-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 12-р ху/ шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 29, 36-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 42-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 41-р ху/, захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 53-р ху/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 54-р ху/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 65,67-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 70-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 69-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, /хх-ийн 71,72-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 78-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.С нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум Бүргэдэй 1 дүгээр баг 1-р хэсэг 46 тоот өөрийн гэртээ эхнэр Н.Гтэй маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хутга шидэж зүүн ташааны дээд хэсэгт зүсэж, “хөнгөн гэмтэл учруулсан” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Сын  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Ст ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

Шүүгдэгч С.Сын гэмт үйлдлийн хохирогч Н.Гийн биед хөнгөн хохирол, учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.

Шүүгдэгч С.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналын дагуу шүүгдэгч С.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч С.Сын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн хуванцар иштэй хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол овогт С.Сыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт С.Сыг  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Сын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг ялтан С.Ст мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч С.С нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, буюу битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй, болохыг тус тус  дурьдсугай.      

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн хуванцар иштэй хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүгдэгч С.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН