Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Ц.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Т овогт Ц.Т- холбогдох эрүүгийн 2005019871090 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0 эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:000000/ Т овогт Ц.Т-.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Т- 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар сургууль дотор хохирогч Ч.И- маргалдан биед нь халдаж улмаар биед хамар ясны хугарал, баруун  зовхинд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Т-  шүүх хуралдаанд: “Би өөрийн гэм буруу дээр маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

         Хавтаст хэргээс:

Хохирогч Ч.И- мөрдөн байцаалтанд: “...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хичээлийн 4 дүгээр цагийн их завсарлагаанаар 10 цагийн үед манай ангийн О- “Ч.И- чамайг нэг жижиг банди дуудаж байна” гэхээр нь гарсан чинь манай сургуулийн 12 дугаар ангийн жижигхэн банди зогсож байсан. Тэгсэн цаанаас нь 12 дугаар ангийн бүлгүүдээс 20 орчим хүүхэд гарч ирэхэд намайг дуудсан жижиг банди Л- та хоёрын хэрэг юу болсон гэхээр нь би яах гэж байгаа юм гэсэн чи ойрд давраад байна уу, ахын дүү гээд зүүн хацар руу гараараа 1 удаа алгадсан. Манай ангийн О- намайг анги руу татаад оруулсан. Тэгсэн намайг алгадсан банди гэдэс рүү жийгээд, шанаа руу 2-3 удаа цохиод ангид араас нь нөгөө хүүхдүүд нь бөөнөөрөө ...ороод ирсэн. Тэгээд нөгөө хэд нь орж ирсэн ангид байдаг камерын булан руу намайг доош нь тонгойлгоод 3-4 удаа хамар руу өвдөглөсөн” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрч С.Г- мөрдөн байцаалтанд: “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр их завсарлагаан болж байхад Р-, Д.Т, М, Ц.Т- бид нар цайны газар юм идчихээд цэвэршүүлэгчээс ус авах гээд өгсдөг шатаар явж байтал 12а ангийн Т явж байсан. Тэгээд гар бариад юм яриад зогсож байтал Ц.Т-, Ч.И-  очиж уулзлаа гээд явахаар нь дагаад хэрэгт дурлаад явсан. Тэгэхэд 12 дугаар ангийхан бас коридороор явсан хүүхдүүд гээд нэлээн олон хүүхдүүд байсан. Тэгээд Ч.И-  Ц.Т- ангийнх нь үүдэн дээр дуудаж гаргаж ирээд юм яриад байсан. Ц.Т- чи битгий давраад байгаарай гээд бид нар руу эргэж харсан чинь Ч.И-  араас нь хараасан. Тэгсэн Ц.Т- чи юу гээд байгаа юм бэ гэхэд Ч.И-  ороод ир чи гээд хараагаад Ц.Т- уурлаад Ч.И-  жийгээд тэр хоёр ноцолдоод ширээ унагасан. Тэгсэн ангийнх нь охидууд тэр хоёрыг салгаач гээд орилоод би 12а ангийн О-, ангийнхаа Д.Ц.Т-гийн хамт орж салгасан. Салгах гэсэн чинь тэр хоёрын тохой нь хойшоо саваад байхаар нь нэг их ойртоогүй. Тэгээд тэр хоёр өөрсдөө салцгаагаад бид нар ангиас нь гарсан” /хх-ийн 28-29/

 

Бичлэг бүхий дискэнд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Ч.И-  анги дотор ангийн хаалганы урд хэсэгт хаалганаас 1 метр орчим зайтай зогсох ба Ц.Т- ангийн хаалганы голд зогсож байв. Ц.Т- баруун хөлөөрөө Ч.И- ы хөлний өвдөг орчим 1 удаа өшиглөөд хоорондоо гараараа цохилцсон хэвээр ангийн баруун булан руу очив. Баруун буланд очиход Ц.Т- Ч.И- ы дагзны хэсгээс 2 гараараа доош дарсан байдалтай баруун өвдөгөөрөө 3 удаа нүүрэн тус газар нь цохиж буй дүрс байх ба дэлгэц дээр Ч.И- , Ц.Т- хоёрын дүрс харагдахгүй болов” гэсэн тэмдэглэл  /хх-ийн 18/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1918 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...Ч.Ч.И- ы биед хамар ясны хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37/

 

       Яллагдагч Ц.Т- мөрдөн байцаалтанд: “...Ч.И-  араас та нар угаасаа чадахгүй шүү дээ гээд орилсон. Тэгээд би эргэж очоод ганц хоёр үг хэлээд би түрүүлж цохиод, Ч.И-  намайг цохиод тэгээд Ч.И- ы  ангид орж зодолдсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор төрсний бүртгэлийн лавалгаа /хх-ийн 58/, сургуулийн тодоройлолт /хх-ийн 60/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 61-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Т- 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар сургууль дотор Ч.И- маргалдан биед нь халдаж улмаар биед хамар ясны хугарал, баруун  зовхинд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.Т-гийн “...Ч.И-  араас та нар угаасаа чадахгүй шүү дээ гээд орилсон. Тэгээд би эргэж очоод ганц хоёр үг хэлээд би түрүүлж цохиод, Ч.И-  намайг цохиод тэгээд Ч.И- ы  ангид орж зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, хохирогч Ч.И-ы: “...Манай ангийн О- намайг анги руу татаад оруулсан. Тэгсэн намайг алгадсан банди гэдэс рүү жийгээд, шанаа руу 2-3 удаа цохиод ангид араас нь нөгөө хүүхдүүд нь бөөнөөрөө араас анги руу ороод ирсэн. Тэгээд нөгөө хэд нь орж ирсэн ангид байдаг камерын булан руу намайг доош нь тонгойлгоод 3-4 удаа хамар руу өвдөглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч С.Г-ийн: “...Ц.Т- уурлаад Ч.И-  жийгээд тэр хоёр ноцолдоод ширээ унагасан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 28-29/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....Ц.Т- баруун хөлөөрөө Ч.И- ы хөлний өвдөг орчим 1 удаа өшиглөөд хоорондоо гараараа цохилцсон хэвээр ангийн баруун булан руу очив. Баруун буланд очиход Ц.Т- Ч.И- ы дагзны хэсгээс 2 гараараа доош дарсан байдалтай баруун өвдөгөөрөө 3 удаа нүүрэн тус газар нь цохиж буй” гэсэн тэмдэглэл  /хх-ийн 18 / шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Т- нь насанд хүрээгүй Ч.И-ы бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.   

         Улсын яллагчаас Ц.Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хохирлын тухайд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь “компьютерт томографийн оношилгооны 120.000” төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч Ц.Т- нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн данс руу хохирлын 120.000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд шинээр гаргаж хэрэгт хавсаргуулсныг шүүх үнэлж түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

          Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч Ц.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ...ялаас чөлөөлж ...болно” гэж хуульчилжээ.

 

Иймд Ц.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөхөөр шүүх шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Т овогт Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэгггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ